Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/795

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

  2022         08         08                                   2022/ШЦТ/795

                                                                                                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Галхүү,           

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Д-ийн О холбогдох эрүүгийн 000000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Дорнод хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, ам бүл 1, ганцаараа, Дээд  боловсролтой, Мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, ......................... ажилтай, ............. дүүргийн 00 дүгээр хороо ............. .............. тоотод оршин суух хаягтай боловч одоо .......... дүүргийн ...... дугаар хороо, ...  .... тоотод түр оршин судаг гэх, урьд ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Д-гийн О  /РД:НН00000000/,

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь хохирогч П.Цын “Платин Ултима” нэртэй койны хэтэвч рүү нэвтрэх мэдээлэл болох QR кодууд, иргэний үнэмлэхийн ар өврийн зураг зэргийг өөрийн Google Drive хаяг руу хуулж улмаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны 22 тоотод байхдаа дээрх мэдээллийг ашиглан түүний цахим хэтэвч рүү нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч “Платин Ултима” койны 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд орж ирсэн хүү болох 163.203.042 төгрөгийг дээрх цаг хугацаанд 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн “Coinsbit” “Binance Holding LTD” кривтовалютын биржээр дамжуулан өөрийн Голомт банкны 0000000000000 дугаартай данс руу шилжүүлж хулгайлан их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруу хууль хэрэглээний талаар.

Шүүгдэгч ******* нь хохирогч П.Цын “Платин Ултима” нэртэй койны хэтэвч рүү нэвтрэх мэдээлэл болох QR кодууд, иргэний үнэмлэхийн ар өврийн зураг зэргийг өөрийн Google Drive хаяг руу хуулж улмаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны 22 тоотод байхдаа дээрх мэдээллийг ашиглан түүний цахим хэтэвч рүү нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч “Платин Ултима” койны 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд орж ирсэн хүү болох 163.203.042 төгрөгийг дээрх цаг хугацаанд 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн “Coinsbit” “Binance Holding LTD” кривтовалютын биржээр дамжуулан өөрийн Голомт банкны ........... дугаартай данс руу шилжүүлж хулгайлан их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******гийн “Ай фоне 7 плас” /Iphone 7 plus /маркийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн “...Сэжигтэй Одхүүгээр албаны хэрэгцээнд ашигладаг Dell G5 маркийн зөөврийн компьютер дээр Chrome веб хөтчийг нээн www.gmail.com сайтыг нээн сэжигтэн Одхүүгээр өөрийн Gmail хаягийг оруулахад mailto:[email protected] гэх хаягийг оруулсан бөгөөд тухайн Gmail рүү нэвтэрч баруун дээд буланд байрлах шар өнгийн муурны зурагтай дугуй дүрс бүхий хаягийн цэсэн дээр дарж “Manage your Google Account” цэс рүү орж “Personal info” цэс рүү орж “Contact info” хэсгийг харахад тухайн мейл хаягт [email protected] гэх цахим шуудангийн хаягийг бүртгүүлсэн байх бөгөөд утасны дугаар өөрийн ............. дугаарын утсыг бүртгүүлсэн байсныг дэлгэцний зургийг авах аргаар бэхжүүлэн авч 2 зураг авч бэхжүүлэн хавсаргав... нийт 163.203.042 төгрөгийг авсан...” гэх тэмдэглэл, хавсралт /хх-ийн 41-45/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******гийн “Ай фоне 7 плас” /Iphone 7 plus /маркийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн “...Сэжигтэн *******гээр гар утасных нь дэлгэцийн түгжээг нээлгэж үзлэгийг эхлүүлэн “Google Drive” аппликейшн ороход “.............” нэртэй фолдер байх бөгөөд тухайн фолдер руу нэвтэрэхэд “ID card”, “QR code”, “Selfie” гэх нэртэй 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үүсгэсэн 3 фолдер байх бөгөөд “ID card” нэртэй фолдерийг нээхэд хохирогч П.Цын хамаарал бүхий иргэдийн иргэдийн цхим иргэний үнэмлэхийн 13 зураг хадгалагдсан, “QR code” нэртэй фолдерийг нээхэд хохирогч П.Цын хамаарал бүхий иргэдийн нэр дээр нээсэн PLS Ultima койны нэвтрэх эрх бүхий QR кодыг агуулсан 22 зураг хадгалагдсан. “Selfie” нэртэй фолдерийг нээхэд хохирогч П.Цын хамаарал бүхий иргэдийн өөрсдийнхөө иргэний цахим үнэмлэхийг барьж авхуулсан 12 зураг хадгалагдсан байсныг дэлгэцийн зургийг авах аргаар 8 зураг, файл хэлбэрээр 11,551 КВ хэмжээтэй zip файл болгон хуулбарлан авч бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, хавсралт “PLCY” нэртэй цахим хэтэвчинд байрлах хохирогч П.Цын дансанд орж ирэх койны хүүний хуваарь буюу график 7 хуудас материалыг хүлээн авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл /хх-н 133-140/-р тал,

Мөрлөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Цын өгсөн “...Би анх 2022 оны 02 дугаар сарын 10-даар Ш-н А гээд хуурай эгч маань надад  “Платин Ултима” гэдэг койн байна. Сар болгон ашиг, хүү орж ирдэг койн байна. Чи нэг ашиглаад үзээч энэ боломж шүү гэж хэлсэн... Би 03 дугаар сарын 03-ыг хүртэл нийтдээ 8 багц койн /110 еврогийн багцаар 2 ширхэг, 1100 еврогийн багцаар 5 ширхэг, 11.000 еврогийн багцаар 1 ширхэг/ худалдан авсан... Тухайн үед Монгол мөнгөөр ойролцоогоор 120 сая орчим төгрөг шилжүүлсэн... ингээд би 8 багцтай болсон... 2022 оны 03 дугаар сарын 25-нд орж ирэх эхний 3 багцийн хүүг би өөрөө хүлээгээд авчихсан... доллар болгуулаад, Монгол мөнгө болгож авсан. Үүн дээр би хамт ажилладаг Д-н О туслалцаатайгаар авсан... 60 орчим сая төгрөг орж ирсэн... Гэтэл 04 дүгээр сарын 01-нд орж ирэх ёстой байсан 1 багцийн хүүг үл таних этгээд өөр данс руу шилжүүлээд авчихсан байсан. Тэгээд 04 дүгээр сарын 04-ний өдөр хүнд алдсан болохоо мэдсэн. Тэгээд би ... “Платин койн” ХХК-ий Монгол дахь салбарын захирал Б-той 04 дүгээр сарын 05-ны өдөр очиж уулзаад миний юмыг шалгаж үзээд “Та алдчихсан байна. Таны нууц код, бүх юмыг мэддэг хүн авна. Өөр ямарч боломжгүй ш дээ... гэж хэлсэн... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан байгаа. Одоо санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-н 75-80/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Асуух зүйл байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Ц-ын койн шилжүүлж авсан “PLCY” нэртэй цахим хэтэвчинд нь дахиад койн байгаа, тэр койны хүү гэж сар болгон USDT хэлбэрээр орж ирдэг болохыг мэдсэн учраас Ц-ын иргэний үнэмлэхийн хуулбарыг нууцаар хуулаад авчихвал дараа нь баригдахгүйгээр койны цахим хэтэвчнээс орж ирсэн хүүг нь нууцаар авъя гэж бодоод Ц-ыг өөр ажил хийж байхад нь ажлынхан компьютер дээр өөрийнхөө email хаягийг оруулан иргэний үнэмлэхийн хуулбар хадгалагдсан байсан хавтсыг тэр чигээр нь хуулбарлан авсан, мөн “PLCY” нэртэй койны цахим хэтэвч рүү Цнэвтэрч ордог QR кодыг нь email хаягаа ашиглан Google drive хаяг руу хуулбарлан авч хадгалсан. Дээрх хадгалж авсан QR кодыг өөрийнхөө утсанд уншуулан “PLCY” нэртэй цахим хэтэвч рүү орж Ц-мын койны хүү орж ирэх хуваарьт өдрүүдийг хартал ... харагдаж байсан... шунал хөдлөөд шилжүүлээд авчихвал баригдахгүй гэж буруу бодол төрж дээрх үйлдлийг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-н 105-108 дугаар тал / зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч *******гийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь хохирогч П.Цын цахим төхөөрөмж буюу компьютерт хууль бусаар халдан нэвтэрч хохирогчийн мэдээллийг хуулан авч улмаар түүний цахим хэтэвчинд байсан “PLCY” койний хүүг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Харин прокуророос шүүгдэгч *******г 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулсныг шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзсэн болно.   

Иймд, шүүгдэгч *******г цахим төхөөрөмж, компьютерт хууль бусаар нэвтэрч мэдээлэл хуулбарлан авч өмчлөх эрхэд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 03 жил, 05 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 04 жил, 08 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан бол,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад ноцтой хохирол учруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын өгөгдлийг  нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 03 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гурав. Бусад

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох тухай хүсэлтийг гаргасан бөгөөд хохирогчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх тайлбарыг гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Д-ийн О-г цахим төхөөрөмж, хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 03 /гурав/-н жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР