Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/583

 

 

 

 

 

   2022         05         31                                             2022/ШЦТ/583

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Г.Цогтмагнай;

 

Шүүгдэгч: Д.О (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

           

Шүүгдэгч Д.О: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 5, эх, эгч, түүний хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Д.О нь 2022 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө ... тоотод иргэн М.Бгийн гэрт иргэн О.Дгийн нүүрэн тус газар шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Д.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий

бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/, хохирогч О.Д /хх-ийн 19-20/, гэрч Б.Б /хх-ийн 28/, гэрч Э.Ю /хх-ийн 32/, гэрч М.Б /хх-ийн 33-35/ нарын мэдүүлэг, О.Дгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4301 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/, Д.О-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 44-46/, Д.О-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, хохирогч О.Дгийн хүсэлт /хх-ийн 49/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө ... тоотод иргэн О.Дг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч О.Дгийн /хх-ийн 19-20/: “Би 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө М.Бтай яриад гэрт нь очиход гэрт нь Э.Ю тэр 2 байсан бөгөөд бид гурав 1 шил “Экс” 0,75 литрийн архи уусан. Тэгээд байж байсан чинь н.Д гэх залуу 2 эмэгтэйн хамт орж ирсэн. Одоо мэдсэнээр Д.О, н.А нар байсан. Тэгээд тэр хэд ирээд бид хэд үргэлжлүүлэн 2 шил архи хувааж уугаад Э.Ю, Д.О нар эхнээсээ муудалцах гээд араншин нь мэдэгдээд байсан бөгөөд муудалцаж байгаад Д.О гарч яваад ...буцаж орж ирээд Э.Ютай муудалцаад улмаар миний толгой дээр ширээн дээр байсан шилэн стаканыг барьж авч хагалсан. Тэр үед би болиулаад гараас нь булааж авсан чинь хоёр дахь шилэн стакан /бакал/-г барьж аваад миний толгойн зүүн хэсэгт хагалсан. Улмаар миний нүүрний орчим зүссэн. Тэгээд зууралдаад тухайн стаканы хагархайнуудыг булааж авсан. ... Д.О өөрөө цагдаа дуудсан. ...Д.О надад гэмтэл учруулсан. Эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Юын /хх-ийн 32/: “...Би 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө найз М.Бгийн гэрт  ...байж байгаад О.Дг дуудсан юм. Тэгээд байж байхад н.Д, н.О, н.Огийн найз гээд 1 эмэгтэй ирсэн. Тэгээд тэндээ 2 шил архи хувааж уугаад байж байсан чинь н.Огийн найз гэх эмэгтэйтэй маргалдаад улмаар н.О агсам согтуу тавиад ширээн дээр байсан том, жижиг бакалыг хагалаад О.Дгийн толгой руу хагалаад О.Дгийн нүүрэн дээр зүсээд улмаар миний бас нүүр лүү шүргэсэн. Тэгээд шилийг нь булааж аваад М.Б бид хоёр луу дайраад байсан. Хальт нүүр хэсэгт зураад өнгөрсөн. Надад одоо бэртэл гэмтэл байхгүй. Шалтгаангүй согтоод агсам тавиад шууд хагалсан. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол алга байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Бгийн /хх-ийн 33-35/: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний оройн 18 цагийн үед манай гэр болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 07-20 тоотод найз Э.Ю, О.Д нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал Б.Б, түүний найз бүсгүй Д.О нар манай гэрт утсаар яриад ирсэн. Тэгээд бид нар архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээд байж байтал Д.О нь манай найз Э.Юаас их олон зүйл шалж асуугаад яагаад байгаа нь мэдэгдэхгүй Э.Юыг хэмлээд, хор шарыг нь малтаад байсан. Тэгээд тэр 2 хоорондоо муудалцаж байгаад шууд барилцаад авахаар нь О.Д бид 2 тэр хоёрыг 2 тийш нь салгаад автал Д.О ширээ дээр байсан пивоны бакал гэх аягыг аваад ширээн дээр хагалаад хагархай хэсгээр нь баруун гарын шуу хэсгийг зүссэн. Тэгэхээр нь би Д.О-г доош нь дараад гарт нь байсан бакалны хагархайг авах гээд ноцолдож байгаад авсан. Тэгээд Д.О “за за, одоо зүгээр” гээд тайвшрах шиг болохоор нь би тавьсан. Тэгтэл дахиад нэг бакалыг ширээн дээрээс аваад хагалаад О.Дгийн зүүн талын эрүүний доод хэсгийг, Э.Юын нүүрний зүүн хэсэг зэргийг зүссэн. О.Д бид хоёр Д.О-г болиулаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,

 

О.Дгийн биед “зүүн хацар, зүүн шуунд шарх” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4301 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 38-39/,

 

Д.О-гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 7-8/: “...Би 2022 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М.Бгийн гэрт н.А, Б.Б нарын хамт очиход М.Б, О.Д, Э.Ю 3 архи уусан байдалтай байсан бөгөөд бид хэд тэндээ 2 шил 0,75 литрийн “Экс” архи, 0,75 литрийн “Хараа” архи хувааж уугаад сууж байгаад Б.Б, н.А нар унтаад өгсөн байсан.  Би гарч такси олж ирээд явах гээд тэр хоёрыг сэрээх гэж байхдаа М.Б, Э.Ю нартай маргалдаад улмаар би ширээн дээр байсан бакалыг хагалсан. Тэгсэн чинь О.Д болиулах гээд орж ирсэн. Надаас бакал авах гэхээр нь би уурлаад шилээр зүссэн. Дахиад 1 удаа би бакал хагалснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа ирсэн байсан. Найз залуу, найз н.А нарыг сэрээж авч явах гээд улмаар “Э.Ю унтаад яв” гээд маргалдсан. ...Би ширээн дээр байсан бакалыг хагалаад улмаар О.Дг хагархайгаар зүссэн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг шилэн аягаар цохисныг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.О нь О.Дг шилэн аягаар цохиж хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Д.О-гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч О.Дгийн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдаг хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилэн аяганы хэлтэрхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5,

36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад байнга оршин суух газраас буюу Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 3-12 тоот хаягаас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.О зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилэн аяганы хэлтэрхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ