Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2022          09                29

                              2022/ШЦТ/86

 

 

 

 

       

 

                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х 

Улсын яллагч Г.Э 

Шүүгдэгч Д.Ш  өмгөөлөгч Ж.Б 

Шүүгдэгч Б.Д  өмгөөлөгч С.Т 

Шүүгдэгч Б.Д , Д.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  ... дүгээр баг, ......байрны ..... тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ ............................ ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш.х  овогт Б.Д  /РД: /,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-д журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн  1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Алдархаан суманд 1... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ.................. ...... ажилтай байсан, ам бүл .., эхнэр, . хүүхди.йн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн     дүгээр хороо, My town хотхоны      тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А.У  овогт Д.Ш /РД:/ нарт холбогдох эрүүгийн 2041000360303 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д  нь Д.Ш-тэй бүлэглэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Д.Ш  “иргэн Ч.П-д ашигтай шийдвэр гаргуулах, давуу байдал бий болгох” хууль бус үүргээс татгалзалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхээ урвуулан ашиглаж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын   дүгээр баг Зэвсэгт хүчний агаарын цэргийн    дугаар ангийн ажилчдын   дугаар байрны     тоотод 2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Ч.П , Б.За  нар нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ч.Па  нь Б.З-ы нуруун тус газарт 1 удаа хутгалж, хөнгөн хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй 22 дугаартай гомдлыг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/29 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэн Ч.П-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт “тогтоол гаргах” хэлбэрээр хамтран гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

шүүгдэгч Д.Ш  нь Б.Д-ой бүлэглэж, Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа Улсын ерөнхий прокурорын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/67 дугаартай тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан загвар”-ын 17 дугаар бүлгийн 17.5 дугаар хэсэгт заасан “хяналтын прокурорын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах” тухай бүрэн эрхээ урвуулан ашиглаж “ иргэн Ч.П-д ашигтай шийдвэр гаргуулах,  давуу байдал бий болгох” хууль бус үүргийг өгсний улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д  нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын   дүгээр баг Зэвсэгт хүчний агаарын цэргийн   дугаар ангийн ажилчдын    дугаар байрны   тоотод 2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Ч.П , Б.З  нуруун тус газарт 1 удаа хутгалж, хөнгөн хохирол учруулсан талаарх гомдлыг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/29 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн Ч.П  давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ П , З  нартай гомдол над дээр хуваарилагдан ирсэн. Ширэндэв прокурорыг надтай ярих үед тэр гомдол, мэдээлэл ирээгүй байсан. Аргагүй хамгаалалт байх нь уу гэж асуусан. Ингээд харьяалалын дагуу ирэхээр нь танилцаж хуулийн хүрээнд хянаж, нотолбол зохих асуудал дутуу байсан учраас 2 удаа нэмэлт ажиллагаанд буцаасан. Анх ирэхдээ шинжээчийн дүгнэлт, 3 гэрчийн мэдүүлэгтэй ирсэн, З-ы биед хөнгөн гэмтэл учирсан нь тодорхой байсан. П-ын биед тодорхой тооны гэмтэл учирсан байсан. З , П  нар нь тухайн үед гэр бүлийн асуудалтай байсан, муудалцсан, П-ыг хана мөргүүлсэн, бие рүү өшиглөсөн, хана мөргүүлсэн, үсдэж чирсэн, дэвссэн асуудал байдаг. Бид хэргийн тал бүрээс нь харж, нотлох ажиллагааг хийдэг.  Яагаад П-ын биедээ яагаад гэмтэл авах болов, бас дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан.  П-ын биед гэмтэл учирсан боловч Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтэл тогтоогдоогүй. Ингээд энэ асуудал дээр гаргасан дүгнэлт маань П-ыг З н эхлээд өшиглөсөн, хана мөргүүлсэн, үсдэж чирсэн, унахдаа гартаа таарсан хутгыг авч хутгалсан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн юм байна гэж дүгнэсэн. П-ыг би хэрэг үйлдээгүй гэж дүгнээгүй, харин өөрийн эрүүл мэндийн эсрэг  хууль бус довтолгооноос зайлсхийсэн байна гэж үзсэн. Би энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын дээд шүүхийн тогтоолыг Shuukh.mn сайтаас уншсан. Ингээд аргагүй хамгаалалт гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Би хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавьж, ажиллагаанд буцаасан, шийдвэрлэснээрээ яллагдагчаар татагдсандаа гомдолтой байна. Энэ асуудал дээр Ш  прокурор бид 2-ын ярьсан яриа байдаг, би заримыг нь санаж байна. Эвгүй гомдол байна, эхнэр нөхрийн хоорондох маргаан байна, сайн шалгаарай гэж анхааруулж хэлж байсан. Би энэ асуудлыг ерөнхий прокурор Э-т танилцуулж, орлогч ярьсан гэдгийг хэлсэн. Нууц ажиллагааны магадлагаатай танилцахад бидний хооронд болсон яриа байна лээ, өдөр тутам хийдэг ажил, холбогдогч хүмүүс хэл ам ихтэй, эсхүл маргаантай бол анхааруулж хэлэх асуудал байж л байдаг. Яллах дүгнэлт дээр Ш  прокурорыг надад үүрэг өгсөн гэж байгаа юм. Надад ямар нэг үүрэг өгөөгүй шүү дээ. Энэ яриа дотор наадхаа хэрэг үүсгэхээс татгалз, ажиллагаанд буцаа гэсэн яриа байхгүй, тийм зүйл болоогүй. П-г өөрөө яаж таньж мэддэг талаараа надад хэлээгүй, ямар учиртай болохыг ч мэдээгүй шүү дээ. Нэг өдөр намайг ерөнхий прокурор Э  дуудсан, өрөөнд нь ороход Нийслэлийн прокурорын газраас Урнаа прокурор ярьсан, чиний энэ тогтоолыг хүчингүй болгосон гэж хэлсэн гэсэн. Би гайхсан, ямар үндэслэлээр вэ гэж асуусан. Ингээд хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгосон байсан. Дараа нь С  прокурор 11.6-1-ээр тогтоол гаргасан байсан. Гэтэл энэ тогтоолууд дээр ямар үндэслэлээр аргагүй хамгаалалт гэж үзсэнийг үгүйсгэсэн үндэслэл огт байгаагүй. Гэтэл би өөрийн эрх хэмжээнд, нотлох баримтуудыг үнэлж, шийдвэр гаргасан шүү дээ. Би албан тушаалаа ашиглаагүй, хэтрүүлсэн зүйл байхгүй. Би прокурорын албан ажлаа явуулах загварын дагуу ажлаа хийсэн. Миний хувьд ийм асуудал үүснэ гэж бодоогүй учраас мэргэжлийн зөвлөлд хандаагүй, энэ миний алдаа болжээ. Ш  прокурорын зүгээс надад ямар нэгэн үүрэг өгөөгүй. Чиглэл өгсөн, намайг хууль бус үүргийг татгалзахгүйгээр гүйцэтгэсэн гэж байна. Ямар нотлох баримтанд үндэслэж байгаа юм, нууц ажиллагааны материалд ч ийм зүйл ярьсан байхгүй байгаа. Намайг Ш-тэй үгсэн тохирч, бүлэглэсэн гэж байна. Би яаж үгсэн тохирсон юм бэ? огт ойлгохгүй юм. Надад анхааруулсан, би шийдвэрээ өөрөө гаргасан шүү дээ. Дотоод итгэлээрээ гаргасан шийдвэр яагаад Ш-н үүрэг болоод, бүлэглэчихсэн болчихдог юм бэ? Авилгатай тэмцэх газрын мөрдөгч намайг хууль бус шийдвэр гаргасан гэж дүгнэж гэрчүүдээс мэдүүлэг авсан байдаг, мөрдөгч миний шийдвэрийг  хууль бус, хууль ёсны гэж дүгнэх юм уу. Би 2019 оноос хойш мөрдөнгийн прокуророор ганцаараа ажилласан, шөнийн 03-04 цаг хүртэл ажиллаж л байдаг. Өнөөдөр прокурорын байгууллагад 6 жил зүтгэсний шагнал нь энэ юм байна л даа. Харамсалтай байна, шүүгчийн шийдвэрийг хүндэлнэ” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Ш  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Завхан аймгийн шүүхэд шүүгчийн туслах албан тушаалаас ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед тахрын алба гэж байдаггүй ба шүүхэд 24 цаг байдаг жижүүр байдаг байсан. Ч  гэж хүн тухайн үед шүүгчийн туслахаар намайг ажилд ороход жижүүр хийдэг байсан. Ийм харилцаа холбооноос нэгнээ таньдаг. Түүнээс ах дүү, төрөл садангийн холбоо байхгүй. Гомдол мэдээлэл Д-д хуваарилагдсан гэж хэлсэн. Нөхрөөс нь үүдэлтэй асуудал болсон юм шиг зүйл яриад байна лээ, чи сайн анхаарч шалгахгүй юу гэж хэлсэн. Шүүх рүү шилжүүлэхдээ хурдан, түргэн шийдээд шилжүүлэхгүй юу, миний мэдээлэл авч байгаа ойлголт нь нөхрийн асуудал бас Зөрчлийн тухай хуульд хамаарч магадгүй юм байна гэдгийг л ярьсан.  Гомдол мэдээлэл яасан юм бол гэж асуусан болохоос заавал ингэ, тэг гэсэн зүйл хэлээгүй. Хэрэв тийм байсан бол шийдвэр гарах үедээ надад хэлэх байсан байх, таны хэлсний дагуу хаагаад шийдчихлээ шүү гээд ярих байсан. Тэгтэл тийм зүйл ч хэрэгт байхгүй байна. Хяналтын явцад 2 удаа ярьсан яриа байна. Хэрэв би тийм үр дүнг л хүсээд байсан юм бол ямарваа нэгэн яриа үүсэх байсан байх. Тухайн үед хэргийн материалд юу авагдсан эсэх талаар мэдэхгүй, дахин гэрчүүдийг асуу, мэдүүлгийг өөрчил гэсэн зүйл байхгүй. Ажил хэргийн улмаас янз бүрийн асуудал яригддаг л юм. Өөр бусад ганц энэ хэрэг ч биш, Замын-Үүд суманд шалгагдаж байгаа хохирогч, холбогдогч нарын асуудлаар аймгийн, сумын прокурорууд уулзаж л байдаг. Тэр болгон дээр барьж аваад, чи тэгсэн юм байна, тэгэнгүүт нь тэгээд шийдвэрлэчихсэн байна гэдэг зүйлийг яриад байх нь утгагүй хэрэг. Би хуульч хүнийхээ хувьд бодоход Д-г үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж бодохгүй байна. Аргагүй хамгаалалтын шинж нь тэр шүү дээ. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан уу байсан, гэхдээ гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал шүү дээ. Хэргийн материалтай танилцахад бөөрний ар хэсэгт хутгалагдсан байдаг. Зүгээр зогсож байгаа хүний араас нь эргүүлж хутгалах боломжгүй, тэгэхээр ямар байдалд байсан нь тодорхой харагдаж байгаа юм. П-ын ярьж байгаа зүйлс үнэн зөв байна гэж харагдахаар л юм байна лээ. Дээр нь гараад үсдээд, чирээд байсан хүнд хутганы чиглэл тэгж л очно. Тухайн үедээ хэргийн материалыг харахад З  үндэслэлгүй худлаа мэдүүлэг өгөөд байгаа нь гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг, хоёрдугаарт шинжээчийн дүгнэлтэд П-ын биед учирсан гэмтэл нь тухайн цаг үед үүссэн гэдгийг бичсэн байсан. Яах вэ гэмтлийн зэрэгт хамаарахгүй байж болно. Тэгэхээр дан ганц хохирогчийн мэдүүлэг 100 хувь үнэн зөв гэхэд учир дутагдалтай байгаа юм л даа. Хяналтын прокурорын гаргасан шийдвэрийг хэн зөв, буруу гэж дэнсэлж шүүгээд байгаа юм бэ? Авлигатай тэмцэх газрын мөрдөгч болон хяналтын прокурор буруу шийдвэр гаргасан гэж үзэх боломжтой юу гэдэг асуудал байна. Аймгийн прокурорын газраас  2021 оны 5 дугаар сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын  шийдвэрийн  хуульзүйн үндэслэлийг  шалгах тухай удирдамж батлагдаж, шалгасан. Гэтэл тэр шалгалтаар Д-г хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзсэн зүйл байдаггүй. Ерөнхий прокурорын хувьд хэргийн оролцогчийн гомдлыг дагуу хянах, шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ байдаг. Д-н гаргасан шийдвэрт хэн этгээд гомдол гаргаагүй байдаг ба ямар үндлэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэргээс харагддагүй. П-ын асуудал 01 дүгээр сарын 18-ны өдөр үүсээд, даалгавар өгөхөөс өмнө 02 дугаар сарын 22-ны өдөр шийдэгдээд дуусчихсан байгаа юм. Тэгэхээр энэ хооронд авагдсан нууц ажиллагааны материал хууль бус гэж үзэж байна. Прокурорын зөвшөөрөлгүй явагдсан байна. Өөр хэрэг дээр нууц ажиллагаа явуулахдаа прокурорын зөвшөөрлөөр явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа тухайн хэрэг дээр нотлох баримт болдог. Өөр хэрэгт гүйцэтгэх ажлын мэдээлэлд хамаарна шүү дээ. Миний хувьд хэрэг нээхээс татгалз, шийдвэрээ танилцуулаарай, ийм шийдвэр гарга гэж дарамт шахалт үзүүлж, хөндлөнгөөс нөлөөлсөн, хууль бус үүрэг өгсөн зүйл огт байхгүй” гэсэн мэдүүлэг

 

Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн даалгавар  /1-р хх-ийн 158/

 

Дорноговь аймгийн прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын  шийдвэрийн  хуульзүйн үндэслэлийг  шалгах тухай удирдамж /3-р хх-ийн 23/

 

            Ч.П-д холбогдох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 196/

 

            Ч.П-ын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 206/

 

            Э.О-ын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 207/

 

            О.А-н 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 209-210/

 

            Ч.П-д холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /3хх-ийн 228/

 

2021 оны 01 сарын 28-ны өдрийн “ гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгуулахаар  буцаах” тухай прокурорын тогтоол /3хх-ийн 229/

 

Ч.П-ын биед гэмтэл учирсаныг тогтоосон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04/30 тоот шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 236-237/

 

Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /4-р хх-ийн 3/

 

2021 оны 02 сарын 11-ний өдрийн 5/04 тоот Ч.П-д холбогдох хэрэгт “ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт бүртгэлт хийлгэхээр буцаах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 4-5/

 

2021оны 02 сарын 22-ны өдрийн 5/29 тоот Ч.П-д холбогдох хэрэгт “ Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол / 4хх-ийн 7-8/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “ Ч.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /4-р хх-ийн 193-195/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 5/29 дугаартай” хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай тогтоол  /4-р хх-ийн 196-198/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/02 дугаартай “ хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан  прокурорын  тогтоол”-ыг хүчингүй болгосон тогтоол /5-р хх-ийн 18-19/

 

Гэрч Ж.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би тухайн үед жижүүрт гарч байсан эсэхийг мэдэхгүй байна, жижүүрээс л алсын дуудлаганд яваарай гээд дуудлаганд очиж ажилласан. Дуудлаганд жолоочоор ахлагч М.Д , шинжээчээр ахмад Та  бид очиж ажилласан. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хохирогч З-тай уулзаж чадаагүй бөгөөд бид нарыг очихоос өмнө аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн байсан. Улмаар миний бие хэрэг учрал болсон газарт хэргийн газрын үзлэг явуулсан Заяасайханы эхнэр П-тай уулзаж гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн үед байсан цэргийн ангид ажилладаг 2, 3 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан, нэрсийг нь мартчихсан байна. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хийгдсэн хэргийн газрын үзлэгээр хутга хураагдсан, мөн Заяасайхан гэх хүнийг түүний эхнэр П  нь зүүн бөөрөнд нь хутгалсан нөхцөл байдал тогтоогдсон. Бүгдээрээ л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж ярьж байсан. Тэгээд шалтгааны хувьд хардалтын улмаас маргаан гарсан гэж ярьж байсан. Нөхөр За  нь олон хоног гэртээ хариагүй байсан тэгээд авах гээд очиход гэртээ харихгүй гээд маргаан үүссэн гэж П  ярьж байсан. Замын-Үүд суманд ирээд З  нь аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан тул тэнд нь шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоолгосон. Гэмтлийн зэргийг нь одоо мартчихсан байна. Улмаар гомдол, мэдээллийн үндсэн хугацаанд буюу 5 хоногийн хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай харъяа прокурорын газарт саналаа гаргасан. Хяналтын прокурор хэн байсан болохыг мэдэхгүй байна. Тэгээд миний хувьд тухайн үед ээлжийн амралтаа авч таараад гомдлыг ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д-д хэсгийн дарга Батцогтын шийдвэрээр шилжүүлсэн. Хэргийн хувьд ажиллагаа хийх зүйл байхгүй тодорхой хэрэг байсан тул саналаа өгсөн. Тухайн үед Дөлбадрах хошуучид шилжүүлэхдээ хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн болон эд мөрийн баримт болох хутганы хамт шилжүүлсэн. Би гэрчүүдийн нэрийг нь мэдэхгүй байна гэрчийн мэдүүлгээр, мөн П-ын өөрийнх нь мэдүүлгээр, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Түүний биед үзлэг хийгээгүй бөгөөд биеийн ил харагдах хэсгээр гэмтэл шарх нүдэнд бол харагдаагүй. Тухайн үед П  гэрчээр мэдүүлэг авах үед дээр дурдсан гэмтэл огт учраагүй байсан бөгөөд хэрэв ил харагдах хэсгээр нь гэмтэл учирсан бол би шинжээч томилох байсан нүүрэн дээр илт харагдах гэмтлүүд байна шүүдээ. Ил харагдах гэмтэл байгаагүй учраас шинжээч томилоогүй юм. Гэрчээр мэдүүлэхдээ хүртэл гэмтэл шарх учраагүй талаар хэлж байсан. Би одоо үүнийг мартчихаад байна. Хажууд нь байсан гэрчүүд юу гэж хэлж байсан болохыг мартчихсан байна. Тухайн үедээ мэдээгүй шууд л саналаа гаргасан одоо ч гэсэн хяналтын прокурор нь хэн байсан болохыг мэдэхгүй байна. Тухайн үедээ ээлжийн амралтаа аваад явчихсан болохоор тодруулаагүй юм. Тодорхой хэрэг шийдэгдчихсэн байлгүй л гэж бодсон юм. Надад хэн нэгэн албан тушаалтнаас хууль бусаар нөлөөлсөн зүйл байхгүй. Би хяналтын прокурор хэн болохыг нь ч мэдээгүй юм. Хутганд шинжилгээ хийлгээгүй бөгөөд хохирогч, холбогдогч гэрчүүд бүгд л мэдүүлгээр хутгыг зааж энэ хутгаар хутгалсан талаар хэлж байсан. Хэргийн газрын үзлэгийн явцад П  өөрөө хутгаа зааж өгч улмаар хураан авч байсан. Хутган дээр ямар нэгэн маргаан гараагүй учир шинжээч томилоогүй. Би ээлжийн амралтаа авахдаа ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д  хүлээлгэн өгсөн. Би одоо мэдэхгүй байна. Хэргийг нь яаж шийдвэрлэгдсэн эсэхийг ч мэдэхгүй явна” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 17-18/

 

            Гэрч Э.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба манай хэсгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д  нь гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлээд ээлжийн амралтаа авч таарсан юм. Тэгээд амарсан хойно нь хэрэг нь над дээр цохолттой ирсэн юм би одоо санахдаа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан санагдаж байна. Намайг гомдлыг хүлээн авахад гомдол мэдээлэлд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаан ирүүлсэн байсан. Гомдлыг ирүүлэхдээ хяналтын прокурор Д  прокурорын даалгавартай ирүүлсэн байсан ба даалгаврын заалтад заагдсан Заяасайхан нартай хамт байсан гэх Отгонбаатар билүү Улаанбадрах сумаас дуудан ирүүлж мэдүүлэг авсан, П  гэмтлийн зэрэг тогтоолгох зорилгоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан, П-с өөрийнхөө зургийг өгснийг хэрэгт хавсаргасан. Мөн З, П нараас гэрчээр дахин мэдүүлэг авсан зэрэг ажиллагаа хийж гүйцэтгээд яллагдагчаар татах саналтай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр прокурорын хяналтад шилжүүлсэн. Хяналтын прокурор Д хүлээн авч хянаад гомдлыг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм, буцаасан хэргийг 2021 оны 02 сарын 13, 14-ний үеэр хүлээн аваад 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол үйлдэж прокурорт хэргийг өгсөн юм. Тэгээд тухайн өдрөө П , З  нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулаад тэмдэглэлийн төслийг ажлын компьютер дээр бичээд хэрэг нээгдээд ирсэн хойно хэвлэж гаргаад хэрэгт хавсаргая гэсэн боловч хэргийг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн учир тэмдэглэлээ хэвлэж гаргаагүй төслийг нь бичээд орхичихсон юм. Уг нь прокурорын даалгаварт мэдүүлэг шалгах ажиллагаа явуулах талаар заалттай байсан юм. Прокурорын даалгавар нь 22 дугаартай байсан. Надад хувь нь байхгүй 22 дугаартай даалгавар байсан. Гэрч П-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр явуулсан санагдаж байна. Замын-Үүдийн хуучин эмнэлгийн байранд шинжээч ахлагч Г.Б , З , П  нарыг оролцуулсан боловч тэмдэглэл үйлдээгүй төсөл бичээд гаргаагүй орхичихсон юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар П  нь өөрийн нөхөр З-ны зүүн талын бөөр хэсэгт 1 удаа хутгалж гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл хяналтын прокурорын зүгээс яагаад татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэхгүй байна. Миний хувьд прокурорын гаргасан шийдвэртэй танилцаагүй байгаа юм. П-с гэрчээр дахин мэдүүлэг авах үед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл нүдэнд харагдаагүй. Тухайн үед надад өөрийнхөө биеийг гар утсаар авсан зургийг хавсаргаж өгч байсан. Тэр зургийг үндэслэн шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Д хошууч ээлжийн амралтаа авахдаа гомдол мэдээллийг нь татах саналтай шилжүүлсэн гээд эд мөрийн баримт болох 1 ширхэг хутгыг надад хүлээлгэж өгснийг эд мөрийн баримт хадгалах өрөөнд шилжүүлэн хадгалж байгаа юм. Одоо эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байна” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 24-25/

 

            Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дээрх гомдол мэдээлэл шалгагдсан талаар би мэдэж байна дээрх гомдлыг 2 удаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай шилжүүлснийг хяналтын прокурор Д хүлээн авч хянаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцаасан энэ талаар манай мөрдөгч нар танилцуулж байсан. Би яллагдагчаар татах саналтай танилцаж гарын үсэг зурахад үндэслэл бол тогтоогдсон гэж үзэхээр байсан. Гэтэл 2 удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан бөгөөд гомдлын хугацаа дуусч хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол үйлдэж, миний бие танилцаж гарын үсэг зураад прокурорт хүргүүлсэн. Тэгээд дээрх гомдол мэдээллийн шийдвэрлэлтийг оруулах зорилгоор ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д  тодруулахад “Гомдлыг хяналтын прокурор нь хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн” талаар танилцуулсан учир бүртгэлд прокуророос татгалзсан талаар оруулсан. Миний бие гомдол мэдээлэлд авагдсан баримтуудтай танилцахад гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр нь нөхрийгөө хутгалж гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдсон гэж үзэхээр байсан тийм ч учраас гомдол, мэдээллийн шатанд шууд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай шилжүүлж байсан. Миний хувьд хяналтын прокурор ямар үндэслэлээр хаасан талаар мэдэхгүй байна, тогтоолыг нь авч хараагүй юм. Миний хувьд яллагдагчаар татах үндэслэлтэй л харагдаж байсан. Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Д  нь 2021.02.01-ний өдрөөс ээлжийн амралт эдэлж эхлэсэн учир мөрдөгчийн ажил ачааллыг харгалзан Д  шилжүүлсэн. Гомдлын мөрдөн шалгах ажиллагааны явцад амаар зааварчилга өгч байсан, улмаар Д ч гэсэн 5 хоногийн дотор яллагдагчаар татах санал гаргасан. Тэгээд өөрөө ээлжийн амралтаа аваад явчихсан хойгуур Д д өгсөн. Тэгэхдээ нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаачихсан байсан ба тодорхой шалтгаан нөхцлийг заасан зүйл байхгүй, яагаад буцчив дахиад татах санал гаргах талаар Д  чиглэл өгсөн ба тухай бүрт гомдолтой танилцаж мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байсан. Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Д  нь мэдүүлэг шалгах ажиллагаа хийнэ гэж танилцуулж байсан боловч яг хийсэн эсэхийг нь би мэдэхгүй байна. Энэ талаар ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Д  дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар үүрэг чиглэл өгье” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 39-40/

 

            Гэрч Б.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 01 дүгээр сарын 17-ны оройн 22 цаг өнгөрч байх үед цэргийн ангийн ажилчдын байранд хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирсэн юм, дуудлага мэдээллийн дагуу очиход хэрэг болсон гэх газарт З  гэх эрэгтэй нуруун тус газартаа хутгалуулсан байдалтай сууж байсан. Хажууд нь О , А , П , цэргийн ангийн дарга Э , ангийн захирагчийн орлогч М  нар байсан. Тэгээд миний бие хохирогчийг аваад эмнэлэг дээр хүргэж өгчихөөд буцаад хэргийн газарт очсон. Хэргийн газарт байсан хүмүүсээс О  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч согтолтын хувьд гайгүй байсан. А, П  хоёрыг аваад эмнэлэг дээр ирээд З-ны биеийг асуух гэж ороход нилээн тааруу муужирж унаад байсан тул аймгийн эрүүл мэндийн төв рүү хүргүүлэхээр болсон. Би ч гэсэн Замын-Үүдийн сум дундын цагдаагийн хэлтэст дээрх дуудлага мэдээллийг өгсөн юм. Улмаар Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. Тухайн үед З  хэлэхдээ П-с салаад 7 хоног болчихсон юм байна лээ тэгээд түүний он жав А  нь архи уухаар Заяасайханы гэрт очиход Заяасайхан байхгүй харин эхнэр П  байсан бөгөөд түүнтэй хамт архи уусан юм байна лээ тэгээд З,  А-г ирээд ав гэж хэлээд улмаар З  нь А-г ирж авсан юм байна лээ. Тэгээд О-ын гэрт О , А , З  нар ороод архи уусан юм байна лээ. Тэгтэл араас нь П  орж ирээд З-тай маргалдсан юм байна лээ тэгээд П-ыг гар гээд хөөгөөд байсан юм шиг байна лээ тэгээд маргалдаж байхдаа л П  нь З-ыг хутгалчихсан гэж За  надад хэлсэн. Тэгэхээр П  нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас З-ыг хутгалчихсан юм шиг байна лээ.  П-ын биед ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан. П  нь зүв зүгээр л харагдаж байсан. П-тай нээх олон юм яриагүй ямар ч байсан би хутгалсан гэж хэлж байсан. Хэргийн газарт хутгалсан хутга нь хүртэл цус болчихсон байж байна. Тухайн үед З-ыг П  нь цохиод байхаар нь түлхсэн гэсэн тэгээд хутга бариад дайраад байсан гэсэн тэгээд О, А  хоёрт наадахаа холдуул гээд байхад холдуулахгүй байсан гэнэтхэн л хутгалчихсан гэж ярьцгааж байсан. П  ч гэсэн зодуулж цохиулсан талаар огт хэлээгүй бөгөөд А-г бол юугаа ч мэдэхгүй согтчихсон байсан гэж ярьж байсан. З-ны хэлж байснаар П  нь өөрөө орж ирээд л гар гээд байхад гарахгүй агсам тавиад байсан гэж ярьж байсан. О р бас хэлэхдээ сүртэй зодоон цохион болоод байсан зүйл байхгүй хоорондоо маргалдаад л байсан гэж хэлж байсан. Энэ хэрэг явдал болсноос хойш нилээн хэдэн хоногийн дараа 03 дугаар сард санагдаж байна П-тай суманд таараад нөгөө асуудал юу болсон талаар асуухад хуулийн цоорхой гэж байдаг шдээ гээд хэлж байсан би ч тухайн үед тоогоогүй тийм үү гээд л өнгөрсөн. Тухайн үед хэрэг явдал хэрхэн яаж шийдэгдсэн болохыг би асууж тодруулаагүй юм. З-ы ярьж байгаагаар П-ын ах нь аймгийн ерөнхий прокурорын орлогч Ш  гэж хүн байдаг аймагт орж ирэхээр байнга тэдний гэрт очдог гэж ярьж байсан харин яг ямар ах дүү болохыг нь Заяасайхан нь өөрөө ч мэддэггүй юм байна лээ” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 42-43/

 

            Гэрч О.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Заяасайхан П-ыг чи энд юу хийж яваа юм гар гээд байх шиг байсан, би ч нилээн больчихсон сүүмийгээд орон дээр суугаагаараа унтах маягтай сууж байхад тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд жоохон зүүрмэглэх шиг болоод гэнэт сэрэхэд За  нь хашгираад намайг хутгалчихлаа гэж хэлж байсан. ... Би одоо сайн санахгүй байна, ямар ч байсан хоорондоо маргалдаад л байсан З  нь П-г чи юу хийж байгаа юм гараач гээд байсан, харин П  нь би чиний гэрт байгаа юу гээд л байсан. Тухайн үед З  нь П-ыг гэрээс гар гээд түлхээд байх шиг байсан....” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 45-46/

 

Гэрч Б.З  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... П  орж ирчихээд намайг хүмүүстэй юм яриулахгүй, хэрүүл өдөөд байхаар нь А-ийг авч гараад бид хоёр ярилцаж байгаад орж ирээд суусан. П  нь А-д намайг муулаад янз бүрээр яриад байхаар нь би П-ын сууж байсан орны урд очоод чи зүгээр гар, яв гээд баруун гарын бугуйнаас нь баруун гараараа таттал хойшоо болоод хяраад, биеэ чангалаад байхаар нь гарыг нь тавьчихсан чинь хөлөн доор нь байсан “ягаан цэцгэн хээтэй том цагаан өнгийн хутга”-г шүүрч аваад босоод ирэхээр нь би хана руу хажуу талаараа бултаж, өөрийгөө хамгаалах маягтай зогстол миний зүүн талын бөөрний харалдаа хэсэгт хутгаар хатгаад буцаагаад авахад миний нуруунаас цус гоожиж эхэлсэн. Тэгээд надаас цус гарсан чинь П  хутгаа хаячихаад хараад зогсоод байсан. Гэтэл О шууд гараад явахаар нь би араас нь цагдаа дуудаад хэрэггүй шүү гэхэд сонсоогүй юм шиг л явчихсан. ..Тэр өдөр би эрүүл шахуу байсан болохоор П-ыг цохиж, зодсон асуудал байхгүй. Харин орон дээр сууж байхад нь баруун гараараа түүний баруун гарын бугуйн хэсгээс барьж байгаад арагшаа биеэ чангалаад хярахаар нь тавьсанаас өөр зүйл байхгүй. Намайг П-ыг зодоогүй гэдгийг О  мэдэж байгаа. А  согтуу байсан болохоор харсан эсэхийг мэдэхгүй байна. Би П-ын хоёр хөлийн доор нь өдөр бид хоёрын мах идэж байсан хутга байсныг харчихаад чи тэр хутгыг авчих гэж О  хутгалахаас өмнө хэлсэн боловч О хутгыг авах гээд тонгойход П  хутган дээр нэг хөлөөрөө гишгичихээд өгөөгүй...  Надад ярихдаа аавынх нь хуурай дүү Дорноговь аймгийн Прокурорын газрын орлогч прокурор хийдэг гэж ярьж байсан. Хэрэг гарсаны дараа намайг энд эмнэлэгт хэвтэж байхад аавтайгаа хамт өмнө нь ганцаараа ирж уулзаж байсан. П-ын аав нь манай аавд манай дүү аймгийн прокурорын орлогч даргаар ажилладаг. Хэрэв гомдол, саналгүй гэхгүй бол танай хүүхдийг буруутгана ухааны юм ярьсан гэж аав хэлж байсан. П  цагдаад мэдүүлэг өгөхдөө аргагүй хамгаалалт болж биеэ хамгаалсан, дээрээс нь З  худлаа үндэслэлгүй мэдүүлэг өгч намайг гүтгэсэн байсан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 48-49/

 

Гэрч Э.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З  П-г чи гэртээ харь, чамтай маргалдмааргүй байна гээд хөөсөн. П  гарахгүй зууралдаад байсан бөгөөд ингэж зууралдаж байхдаа З  П  2 давхралдаад газар унасан. П  газраас босож ирээд орны хажуу талд чанасан махтай саванд байсан улаан өнгийн иштэй хутгыг аваад Заяасайханы нуруу тус газар нь нэг удаа хутгаараа дүрсэн. Би П-ыг хутга авч байгааг харсан боловч З-ыг хатгахаас өмнө хутгыг авч салгаж чадаагүй. Ингээд П-ын хутгыг нь аваад эргээд Заяасайханыг харахад нурууны ар хэсгийн доод хэсгээс цус гарч байсан. Ингээд би гэрээс гарч анги руу явж цагдаад дуудлага өгсөн. ...Би 2 удаа мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар өөрийн харсан зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Манай гэрт ямар ч зодоон болоогүй. П-ыг З  зодож цохьсон үсдэж хана мөргүүлсэн асуудал болоогүй. Харин зууралдаж байгаад хамт унасан. ...Би огт архи уугаагүй эрүүл байсан. Тэнд байсан хүмүүсээс А  нилээн согтуу, З өдөр нь намайг гэртээ ирэхэд архи уусан байдалтай байсан боловч орой П-ыг ирэх үед бараг эрүүл болсон байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 52-54/

 

Гэрч Б.Ч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Нөхөр З-д зодуулсан асуудлаар шалгагдаж би өөрийн биеэр очиж уулзсан. Би Ч.П-с энэ асуудлыг сонсоод Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очиж уулзаж байсан. Гэхдээ би Замын-Үүд бол ороогүй харин Сайншандаар дайрч явсан. Миний хувьд Улаанбадрах суманд очиж хүргэн З-ыг эргэж биечлэн уулзсан, мөн П-ын 1 ой гарантай хүүхдийг авч ирсэн. Тэгээд охиныхоо сэтгэл санааг нь засаж ярилцаад л буцаад ирсэн. Ч.П-ын хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн талаар надад мэдэх зүйл алга. Дууссан л гэж хэлсэн. Завхан аймгийн гаралтай Ширэндэв гэх хүнийг зүс танина. Завхан аймгийн гаралтай хүн учраас таньж мэднэ. Б.Д-г таньж мэдэхгүй, Ширэндэвийг бол дээр дурьдсанчлан зүс танина. Төрөл садан ах дүүгийн харьцаа холбоо байхгүй. Дээрх хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд би охин Ч.П-ын байгаа газар очихоор явсан. Тэгээд Сайншанд дээр очиж утсаар ярьж Д.Ш-тэй биеэр уулзаад зам заалгаад тэгээд цаашаагаа явсан.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 63/

 

            Гэрч Ч.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн шөнө манай нөхөр З-ны найз А гээд залуу манай гэрт архи бариад орж ирсэн юм. Тухайн үед би ганцаараа байсан ба манай нөхрийг асуугаад байсан, тэр үед нөхөр бид хоёр тусдаа амьдарч байсан юм. Тэгээд дуудаад өгөөч гээд байхаар нь би З-ыг дуудахад ирж найз А-гээ аваад явсан. Тэгээд би унтах гэж байхад А  нь манайд дээл хувцас, мотоциклийн түлхүүр зэргээ орхичихсон байсан юм. Тэгэхээр нь тэрийг нь аваачиж өгөх гээд О-ын гэрт ороод матрасан дээр сууж байсан юм тэгсэн чинь Заяасайхан хүрч ирээд миний цээж рүү өшиглөсөн, тэгээд амьсгалж чадахгүй дотор муухайраад байсан ба босоод ирэхэд үсдэж аваад хана мөргүүлсэн, тэгээд би гарах гэтэл намайг дахиад үсдээд авсан, тэгээд би газар унахдаа гараараа тэмтрээд аяга авах гэтэл миний гаран дээр гишгэсэн тэгэхээр нь дахиад нөгөө гараараа тэмтэрч байгаад хутга бариад авсан ба хутгаараа З-ы бөөрний хэсэг руу хатгачихсан юм. Тийм л үйл явдал болсон. Б.З-ы зүүн талын бөөрний хэсэгт 1 удаа хутгалсан. Энэ асуудал нь Замын-Үүдийн Цагдаагийн хэлтэст шалгагдсан ба прокурорт хүртэл шилжсэн ба хуулийн дагуу шийдэгдэнэ гэж байсан. Тэгээд намайг биеэ хамгаалсан гэж үзсэн гэсэн. О, З , А  гурав найзууд шүүдээ бид хоёрыг зууралдаж байхад яагаад салгаж болоогүй юм. О  буруу мэдүүлэг өгсөн байна. Намайг зодоод байсан тул би мултарч гарч чадаагүй юм. Д.Ш  нь манай Завхан аймгийн шүүхэд ажилладаг байсан ба манай аав Ч  нь таньдаг юм байна лээ. Манай аав Ч  Дорноговь аймагт ирж Ш-тэй утсаар ярьж зөвлөгөө авч байсан юм. Миний энэ асуудлын талаар л зөвлөгөө авсан байсан. Түүнээс ах дүү, төрөл садангийн хамаарал байхгүй. Би өөрөө утсаар ярьж, уулзаж, зөвлөгөө авч байгаагүй. Манай аав бол харин энэ талаар Ш-с зөвлөгөө авч байсан. Би нэг удаа залгаж асууж байсан удаа байгаа, тэгэхэд хуулийн дагуу шийдэх байх би мэдэхгүй байна гэж хэлсэн.Аав Ч  Завхан аймгаас надтай уулзаж, манай хүүхдийг авч явахаар ирсэн, тэгэхдээ Ш-тэй утсаар ярьж байсан, түүнээс биш уулзаагүй” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 67-68/

           

            Шүүгдэгч Д.Ш  нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /4хх-ийн 245/

 

            Өмгөөлөгч С.Т -с шүүх хуралдаанд гаргасан, Shuukh.mn сайтаас татаж авсан гэх Улсын Дээд Шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаартай тогтоол зэргийг талууд шинжлэн судалж, дээрх нотлох баримтуудыг үндэслэн мэтгэлцэв.

 

            Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг  үндэслэн гэм буруугийн талаар дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Д  нь “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын     дүгээр баг, Зэвсэгт хүчний агаарын цэргийн    дугаар ангийн  ажилчдын     дугаар байрны    тоотод 2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.П  нь Б.З-ы нуруун тус газарт хутгалж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгаж, мөрдөгчөөс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэнийг нэмэлт ажилллагаанд буцаасны дараа 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/29 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн  тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан”,

 

Шүүгдэгч Д.Ш  нь Б.Д-той дээрх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар руу шилжүүлсэний дараа гомдол мэдээллийг шалгах талаар санал солилцон, утсаар ярьсан /шүүх хуралдаанд шүүгдэгч нарын мэдүүлгээр/ үйл баримт болжээ.

 

Дээрх үйл баримтанд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Д.Ш  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр  зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус, тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хуульзүйн үндэслэлгүй байна. Учир нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1-д “мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна, мөн зүйлийн 2-т “хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно” гэж хуульчилжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар эхлээд шүүгдэгч нарын талаар ямар гомдол мэдээлэлд үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байгааг тодорхойлон мөрдөгч тогтоол гарган, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх бөгөөд үүний дараа мөрдөн шалгах ажиллагааг явуулах эрх, үүрэг үүсэхээр байна.

 

Гэтэл шүүгдэгч Б.Д, Д.Ш  нарын үйлдэл холбогдлыг шалгахдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн, дугаар авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа нь хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

2.Улсын яллагчийн зүгээс хэргийн хамт ирсэн нууц ажиллагааны магадлагааг яллах талын нотлох баримт гэж үзсэн бөгөөд тэрээр хэрэгт авагдсан нотлох баримт, нууц ажиллагааны магадлагаа нь хоорондоо уялдаа холбоотой, тэдний хооронд ярьсан яриагаар хэрэг тогтоогддог гэж мэтгэлцсэн. Шүүх нууц ажиллагааны магадлагаагаар хийгдсэн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзлээ. Тодруулбал:

 

Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “ харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох” ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж болно” гэж зааснаар мөрдөгч нь прокуророос хуульд зааснаар олгосон зөвшөөрлийн дагуу дээрх ажиллагааг явуулах, нотлох баримт цуглуулахаар,

 

мөн хуулийн 26.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хууль тогтоомжоор олгосон бүрэн  эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох, зөвшөөрөл олгохоос татгалзах, тухайн үйл ажиллагааны хугацааг сунгах, зогсоох” эрхтэйгээр хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

 

Гэтэл улсын яллагчийн зүгээс нотлох баримтаар үнэлсэн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай нууц ажиллагааны магадлагаагаар авагдсан ажиллагааг мөрдөгч нь прокурорын хэзээ олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ямар үндэслэлээр явуулсан ажиллагаа болох нь хэрэгт тодорхойгүй байх ба энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Н  зөвшөөрсөн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тухай мөрдөгдөгчийн даалгавраас  /1-р хх-ийн 158/ өөрөөр зөвшөөрөл олгосон нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д , Д.Ш  нарт чиглэгдсэн нууц ажиллагаа явуулах зөвшөөрлийг прокурор хэзээ олгосон, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан ямар үндэслэл байсан, ямар хугацааны дотор явуулах зөвшөөрөл олгосон, мөрдөгч олгосон хугацааны дотор уг ажиллагааг явуулсан эсэх, прокурор олгосон зөвшөөрлийнхөө хугацааг сунгасан, ямар үндэслэлээр уг ажиллагааг зогсоосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь мөрдөн шалгах нууц ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, нотлох баримт цуглуулсан гэж үзэхгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан агуулгаар мөрдөн шалгах ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалжийг нууцлах боловч тус ажиллагааг явуулах шийдвэр болон  түүний үр дүнг ил болгосон байх учиртай байхад мөрдөгч нууц ажиллагааны үр дүнг бичиж, прокуророор баталгаажуулан хэрэгт тусгаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Гэтэл дээрх нууц ажиллагааны магадлагаагаар хийгдсэн ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдээгүй байх тул мөн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

 

Улсын яллагч, өмгөөлөгч нарын зүгээс 08 дугаартай нууц ажиллагааны магадлагааг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах талаар санал гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5-д “ хэрэгт тусгагдаагүй баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн  хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно гэж заасан үндэслэлээр шинжлэн судлаагүй болно.

 

3.Шүүгдэгч Б.Д-г “ мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/29 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэн...тогтоол гаргасан гэж үзсэн байна.

 

Шүүгдэгч Б.Д  нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүчингүй болгосон /4-р хх-ийн 7-8/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолоор шүүгдэгч Б.Д-н гаргасан “ хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан  прокурорын  тогтоол”-ыг хүчингүй болгосон /5-р хх-ийн 18-19/ байна.

 

Дээрх цаг хугацааны хооронд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн прокурорын газраас “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын  шийдвэрийн  хуульзүйн үндэслэлийг  шалгах тухай удирдамж батлагдаж, уг ажиллагааг явуулсан байх /3-р хх-ийн 23/ ба шалгалтаар шүүгдэгч Б.Д-г хуульзүйн үндэслэлгүй шийдэр гаргасан гэж үзсэн шийдвэр гараагүй байна.

 

Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “ дээд шатны прокурор прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлыг хянан  шийдвэрлэх, хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох,  өөрчлөх, буцаан авах эрхтэй” гэж заасан эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байх боловч Замын Үүд дэх сум дундын прокурорын газар нь хэзээ батлагдсан, ямар удирдамж, чиглэлийн дагуу ямар хяналт, шалгалтыг явуулсан, эсхүл тухайн хэрэг нээхээс татгалзсан гомдол, мэдээллийг дээд шатны прокурорын байгууллагаас хянаж, танилцсаны үндсэн дээр шүүгдэгч Б.Д-н гаргасан шийдэрийг хүчингүй болгосон эсэх нь хэрэгт тодорхойгүй байна.

 

4.Прокуророос шүүгдэгч Б.Д-г “ Д.Ширэндэвийн “иргэн Ч.П  ашигтай шийдвэр гаргуулах, давуу байдал бий болгох “ хууль бус үүргээс татгалзахгүйгээр..., шүүгдэгч Д.Ш-г дээрх үйлдэлд “ Б.Д-д хууль бус үүрэг” өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч Б.Ш-г шүүгдэгч Б.Д  ямар хууль бус үүрэг өгсөн гэж үзсэн, шүүгдэгч Б.Д  нь ямар хууль бус үүргээс татгалзаагүй гэдгийг тодорхойлоогүй байна.

 

Улсын яллагчийн зүгээс “08 дугаартай нууц ажиллагааны магадлагаанд хэргийн талаар авагдсан тул яллах дүгнэлтэд хэзээ, хаана, ямар үйл явдал болсоныг дүгнэх боломжгүй” гэж мэтгэлцэх боловч тухайн нууц ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байхыг хуульд зааснаас өөрөөр үйл баримтын дүгнэлт хийхэд саад болохгүй байна.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Ш  нь Б.Д  “ гомдол мэдээллийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалз, Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтын нөхцөл байдлыг бий болго, шийдвэр гаргахынхаа өмнө болон дараа нь танилцуулах талаар болон бусад байдлаар Прокурорын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “ прокурорын шийдэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно” гэж зааснаар хууль бус үүрэг өгсөн,

 

шүүгдэгч Б.Д  нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн 2.3.11 дэх хэсэгт заасан “ мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа  хэргийг аль нэг талд ашигтай шийдэрлэх талаар  бусдад урьдчилан амлалт өгөхгүй байх” гэснийг зөрчиж, хууль бус үүргээс татгалзахгүйгээр иргэн Ч.П-д ашигтай байдал бий болгохоор хэн нэг этгээдэд урьдчилан амлалт өгсөн нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг шалгахдаа нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, тэднийг албан тушаалын байдлаа холбогдох хууль тогтоомж, дүрэмд заасныг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахаар шйидвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Д.Ш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр  зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус, тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Б.Д, Д.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

3. Цагаатгах тогтоол  уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д, Д.Ш нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, Б.Д, Д.Ш, тэдний өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД