Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2403

 

                               

 

 

 

                                       

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02403                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д  холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 37,750,000 /гучин долоон сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.А нь “Б” ХХК-тай 2017 оны 10 сарын 09-ний өдөр “Экскаватор түрээслэх тухай гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Хьюндэй К-480 маркийн экскаваторыг 6 сарын хугацаатай түрээслэх, хариуцагч нь түрээсийн төлбөрт сар бүр 45,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцон 2017 оны 10 сарын 07-ны өдөр экскаваторыг “Мөрөн Транс” ХХК-иар тээвэрлүүлэн түрээслэгчийн нэрлэсэн газарт тээвэрлэн очсон. “Экскаватор түрээслэх тухай гэрээ”-ний 2.5-д заасны дагуу эхний сарын төлбөрийг 2 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон ба түрээслэгч нь 20,0 сая төгрөг төлж, үлдэгдэл 25,0 сая төгрөг төлөөгүй. Мөн гэрээний 2.6-д заасан экскаваторыг ажлын талбайд очих зардлын 50 хувийг хариуцагч төлөх үүрэг хүлээжээ. “Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ ийнхүү зөрчсөний улмаас Н.А “Экскаватор түрээслэх тухай гэрээ”-нээс татгалзаж, 2017 оны 11 сарын 25-ны өдөр экскаватороо эргүүлэн авч, Улаанбаатарт авчирсан. Гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тохиолдолд экскаваторыг буцаан авчрах зардлыг түрээслэгч төлөхөөр гэрээний 3.13-т заажээ. Түүнчлэн гэрээний 2.9-д “түрээслэгч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3% алдангийг түрээслүүлэгчид төлнө” гэж тохиролцсон. 2017 оны 11 сарын 10-ний өдрөөс эхлэн мэдэгдэл хүргүүлэх хүртэл нийт 102 хоногийн алданги нь 7,650,000 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 318.1, “Экскаватор түрээслэх тухай гэрээ”-ний 2.5, 2.6, 2.9, 3.13-т заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 25,000,000, экскаваторыг ажлын талбайд очих зардлын 50 хувь 2,750,000, экскаватор буцаан авчрах зардал 2,350,000, алданги 7,650,000, нийт 37,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зохигчийн хооронд 2017 оны 10 сарын 09-ний өдөр байгуулагдсан “Экскватор түрээслэх тухай гэрээ”-ий 2.1-д түрээсийн төлбөрт сард 45,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь гэрээний 2.5-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлж эхний сарын төлбөрийн урьдчилгаа төлбөрт 20,0 сая төгрөг төлсөн. “Баатар Номун” ХХК нь гэрээний дагуу экскваторыг 2017 оны 10 сарын 11-ээс эхлэн 2018 оны 10 сарын 27-ний өдөр хүртэл нийт 13 өдөр ашигласан нь Ажил гүйцэтгэлийн журнал, тухайн ажлын талбайд ажилласан инженер, ажитнууудын мэдүүлэг баримтаар нотлогддог. Гэрээний 1.5, 2.4, 2.8-д хариуцагчаас экскваторыг 13 өдөр ашигласны төлбөрийг тооцвол 1 өдөрт 1,500,000 төгрөг буюу нийт 19,500,000 төгрөг болж байгаа ч хариуцагч нь нэхэмжлэгчид 500,000 төгрөг илүү төлсөн. Гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байх хугацаанд нэхэмжлэгч нь санаачлагаар гэрээнээс татгалзаж, экскваторыг талбайгаас авч явснаасшалтгаалан хариуцагч нь түүнийг 13 өдрөөс илүү хугацаанд ашиглаагүй тул нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээний харилцаа үргэлжилж байх хугацаанд хариуцагчийн зүгээс аливаа байдлаар гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь, шударгаар гүйцэтгэж байсан ба харин нэхэмжлэгчээс томилсон экскаваторыг хариуцсан ажилтнууд ажлаа орхиж явах, ажлаас хоцрох, техникээс түлш хулгайлах гэх мэт зөрчлийг удаа дараа гаргаж, хариуцагчийн үйл ажиллагаанд багагүй хохирол учруулсан. Мөн нэхэмжлэгчийг экскаваторын өмчлөгч гэх ч өнөөдрийг хүртэл түүнийг өмчлөгч болохыг тогтоосон ганц ч гэрчилгээ, баримт бичигтэй хариуцагч танилцаагүй учраас нэхэмжлэгчийг экскаваторын өмчлөгч мөн эсэх, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд хүртэл эргэлзэж байна. Гэрээний хугацаанд нэхэмжлэгчээс өөрийн санаачилгаар гэрээг цуцалж харилцааг дуусгавар болгосноор түрээслэгч эксковаторыг тохиролцсон хугацаанд ашиглаж чадаагүй. Гэрээ хэвийн үргэлжилсэн тохиолдолд гэрээний 2.6-д заасан техникийг ажлын талбайд очих зардлын 50 хувийг төлөх үндэслэлтэй байсан. Нэхэмжлэгч нь өөрийн санаачлагаар гэрээг цуцалж дуусгавар болгосон учир техникийг ажлын талбайд очих зардлын 50 хувийг түрээслэгч хариуцахгүй тул Иргэний хуулийн 318.1-д зааснаар гэрээний зүйлийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхтэй холбоотой зардлыг зөвхөн түрээслүүлэгч нь өөрөө хариуцах үүрэгтэй байна. Эксковаторын ажлын талбайд очих зардлын 50 хувь болох 2,750,000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний 3.13-т “гэрээнд заасан хугацаанаас нь өмнө гэрээг түрээслэгч нь түрээслүүлэгчийн буруутай үйлдлээс эс хамааранцуцлах болсон тохиолдолд буцах тээврийнхөлсийг төлнө” гэж тохиролцсоны дагуу хариуцагч нь түрээсийн гэрээг  цуцалсан тохиолдолд л техникийн буцах тээврийн хөлсийг хариуцах үүрэгтэй. “Баатар Номун” ХХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй, харин Н.А нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, эксковаторыг авч явсан тул холбогдох тээврийн зардал 2,350,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй. “Баатар Номун” ХХК нь гэрээний 2.5-д заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь шударгаар, зохих ёсоор биелүүлж, 20,0 сая төгрөг төлж, түрээсийн төлбөрт тохирсон хэмжээнд ашигласан тул ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрт шаардаж буй 25,0 сая төгрөгөөс тооцож буй алданги 7,650,000 төгрөгийг хариуцан төлөх үүрэггүй. Иймд нэхэмжлэгч өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн 37,750,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн экскаватор түрээслэх гэрээ, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухайд “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн нэгдсэн архиваас 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр авсан дэлгэрэнгүй лавлагаагаар Г.Пагамдулам экскаватор түрээслэх гэрээ байгуулсан этгээд нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээгүй томилогдоогүй этгээд болох нь тогтоогдсон. Гэрээ байгуулах үеийг харахад н.Эрдэнэбаатар нь уг компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлагыг эрх хэрэгжүүлэгч байсан. Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийсэн гэж үзэж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар хуулийн дагуу  байх ёстой. Итгэмжлэл Г.Пагамдуламд олгогдоогүй учраас хуулийн дагуу тухайн этгээдэд эрх хэмжээ байгаа эсэхийг шалгахад лавлагаагаар байхгүй байсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна. Мөн хуулийн 83.8-т гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Г.Пагамдулам гүйцэтгэх захирлын эрх хэмжээ бүхий гэрээ байгуулан ажилласан зүйл байхгүй. Нөгөө төлөөс Н.А нь экскаватор түрээслэх гэрээний дагуу  түрээсийн зүйл болох экскаваторын өмчлөгч гэж шаардлага гаргаж түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу үүсч байгаа гэж үзэж байна. Монгол улсын авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж заасан. Экскаватор нь хэний эзэмшил, өмчлөл болох нь тодорхойгүй, арлын дугаар бичигдээгүй байдаг. Сүүлд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр арлын дугаарыг гаргаж өгсөн. Арлын дугаарыг Авто тээврийн үндэсний төвөөс шүүлгэж үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл нь бүртгэгдээгүй гэсэн лавлагаа гарч ирсэн. Нөгөө талаас Н.Агийн нэр дээр зөвхөн тоёота маркийн авто машин бүртгэлтэй гэсэн лавлагаа ирүүлсэн. Ингэснээр Н.А нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхгүй этгээд байна. Шаардах эрхээ Н.Ад шилжүүлсэн гэрээ байгуулсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Тийм учраас шаардах эрхгүй байна. Талууд аль аль нь хэлцэл байгуулах эрхгүй хэрнээ хэлцэл байгуулсан гэж үзсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. Мөн хуулийн 56.5-т зааснаар Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсэн үр дагавар үүсэх ёстой. Түүнээс гэрээнээс ямар нэг үр дагавар үүсдэггүй.Гэрээний дагуу ямар нэг шаардах эрх үүсэхгүй. Нэгэнт зохигчид гэрээний дагуу үүрэг үүсээгүй, шаардах эрх үүсээгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, харилцан ашигласан болон төлсөн төлбөрийг харилцан тооцуулж, асуудлыг дуусгавар болгох үндэслэлтэй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зохигчийн хооронд 2017 оны 10 сарын 09-ний өдөр “Эксковатор түрээслэх тухай гэрээ”-ний 2.1-д сард 45,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон эхний сарын төлбөрийн урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн. Хариуцагч нь гэрээний дагуу экскваторыг нийт 13 өдөр ашигласны төлбөр өдөрт 1,500,000 төгрөг буюу нийт 19,500,000 төгрөг болж байгаа нь түрээсийн төлбөрт 500,000 төгрөг илүү төлсөн тул нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч үндэслэлгүй гэрээг цуцалж, шүүхэд хандсанаас хариуцагч хууль зүйн зөвлөгөө авах зайлшгүй бөгөөд төлөвлөгдөөгүй зардлыг гаргаж, хууль зүйн үйлчилгээний хөлсөнд 4,152,500 төгрөгийг төлснөө нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь экскаваторыг 2017 оны 10 сарын 07-ны өдөр хүргүүлсэн, хариуцагч нь 2017 оны 11 сарын 10-ны өдөр төлбөрөө төлөөгүй учир 2017 оны 11 сарын 25-ны өдөр, гэрээнээс татгалзаж, экскаваторыг эгүүлэн татсан тухайгаа нэхэмжлэлд дурдаж, баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, хариу тайлбарт дурдаад байгаа 13 өдөр нөхцөл байдал нь бодит байдлыг илт гуйвуулсан тайлбар бөгөөд гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүйгээс гэрээний 5.1-т заасны дагуу гэрээг цуцалж, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн. Хариуцагч нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө зохих журмыг дагуу төлсөн бол шүүхэд маргаан үүсэхгүй байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.А нь “Б” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 37,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь илүү төлсөн 500,000 төгрөгийг хууль зүйн үйлчилгээ үзүүлсний төлбөр 4,152,500 төгрөгийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагч гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй тул гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр, алданги, эксковаторыг тээвэрлэхэд гарсан зардлын хамт гаргуулна гэж, хариуцагч нь гэрээ цуцлагдсан тул төлөх үндэслэлгүй, төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан, түрээсийн эд хөрөнгийн өмчлөгч биш тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргалаа.

 

Н.А нь “Б” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Экскаватор түрээслэх гэрээ”-г байгуулж, түрээслүүлэгч нь экскаваторыг 6 сарын хугацаагаар “Б” ХХК-д түрээслэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 45,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан ба дээрх гэрээг нэг талаас иргэн Н.А нөгөө талаас хариуцагчийг төлөөлж Г.Пагмадулам гарын үсэг зурж, “Б” ХХК-ийн тамга дарагдсан байна.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ, 68 дугаар зүйлийн 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх  нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэжээ.

 

Н.А нь “Б” ХХК-ийг төлөөлөн Г.Пагмадуламтай хэлцэл хийж байгаагаа мэдэж байсан, Г.Пагмадулам нь хариуцагчийг төлөөлөх эрхтэйгээ мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн тул түрээсийн гэрээний үр дагавар “Б” ХХК-д үүсэх юм.

 

Нөгөө талаар “Б” ХХК нь маргаан бүхий гэрээний 2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн Голомт банк дахь 1605100208 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг “эксковаторын түрээс” агуулгатай шилжүүлсэн, “Б” ХХК-д хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа “И эл би партнерс” ХХН-өөс 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлийн хариуд гэрээ байгуулагдаагүй талаар маргаагүй, гэрээний дагуу төлбөр төлөгдсөн талаар тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн томилсон төлөөлөгч нь энэхүү тайлбарыг дэмжиж хариу тайлбар гаргасан зэрэг үйл баримтуудаар Г.Пагмадуламын Н.Атай байгуулсан “Эксковатор түрээслэх тухай гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргийг, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Түрээслүүлэгч Н.А нь Хьюндэй К-480 маркийн экскаваторыг түрээслэгч “Б” ХХК-д үйл ажиллагаа явуулахад нь зориулж, Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхай хүртэл хүргэж өгсөн буюу хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлэхийг нэхэмжлэгч зөрчсөн, экскаваторын эзэмшигч, өмчлөгч биш тул Иргэний хуулийн 106.2-т заасан эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхгүй этгээд гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Н.Агаас Гаалийн хилээр экскаватор гинжит Нyundai R-480LC-9 маркийн,  HHIHHQBO1CB0000114 арлын дугаартай барааг нэвтрүүлэхээр мэдүүлсэн байх тул эзэмших эрхтэй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106.2-т зааснаар шаардлага гаргаагүй, харин эд хөрөнгө түрээслүүлсний хөлсийг шаардахад заавал өмчлөгч байхыг шаардахгүй юм.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т хөлслөгч буюу хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байх тул байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад 3 сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Талууд гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг 3 сарын турш төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх үүсэх юм.

 

Тухайн тохиолдолд түрээсийн гэрээг байгуулснаас хойш эхний сарын түрээсийн үлдэгдэл төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлөх үүргээ түрээслэгч биелүүлээгүйгээс түрээслүүлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 288.2.3-т заасныг зөрчжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хохирол болох экскаваторыг ачиж ирэх зардлын 50 хувь, буцаан ачих зардлын 50 хувь, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс мэдэгдэл хүргүүлэх хүртэлх хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй юм.

 

Хариуцагч нь гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтад экскаваторыг байлгасан, энэ хугацаанд ашиглаагүй гэж тайлбарлах ч эд хөрөнгийн доголдолтойгоор ашиглаагүй эсхүл нэхэмжлэгчийн буруугаас ашиглаагүй, эсхүл өөр бусад хүчин зүйлээс шалтгаалан ашиглаагүй алин болохыг тодорхойлоогүй буюу хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

Талууд гэрээний 2.9 дэх заалтаар түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3% алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон анз тохиролцсон нь Иргэний хуулийн 232.6-д заасанд нийцжээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр түрээсийн үлдэгдэл төлбөрт 25,000,000 төгрөг, төлбөр төлөх байсан өдрөөс гэрээг цуцлах өдрийг хүртэл /2017.11.10-2017.11.25/ нийт 14 хоногийн хугацааны алдангид /25,000,000х0,3%/ 75,000 төгрөгөөр тооцож, /75,000х14/ 1,050,000 төгрөгийн хамт, нийт 26,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 11,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь түрээсийн төлбөрт 500,000 төгрөг илүү төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагаа дэмжиж, харин хууль зүйн үйлчилгээний хөлсөнд 4,152,500 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байг шаардлагаа басгасгасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагчийн экскаваторыг ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийг 13 хоног экскаваторыг ашигласнаар 500,000 төгрөг илүү төлсөн гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 346,700 төгрөг болон хариуцагчаас хураамжид төлсөн 90,514 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,050,000 /хорин зургаан сая тавин мянга/ төгрөг гаргуулан, Ад  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,700,000 төгрөгийг болон 500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 346,700 төгрөг болон хариуцагчаас хураамжид төлсөн 90,514 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ