Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/617

 

 

 

 

 

­

 

 

   2022        06          08                                     2022/ШЦТ/617

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;

 

Хохирогч: Б.М;

 

Шүүгдэгч: Э.З;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.С;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Шүүгдэгч Э.З: Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмисст мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар бүгд 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 223 дугаар зүйлийн 223.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ялын  хугацаа дуусаж суллагдсан,  

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 cap 12 хоногийн хорих ялаар тогтоож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ДШМ/780 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж суллагдсан.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Э.З нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны авто зогсоол дээр байсан иргэн Б.Мгийн цэнхэр өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Э.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М мэдүүлэхдээ: “Машины доод эд анги эвдэрсэн учир 645.000 төгрөгөөр янзлуулсан бөгөөд уг баримтыг гаргаж өгсөн. Э.З нь манай байгууллагад хүргэлтийн жолоочоор ажилладаг байсан бөгөөд миний эзэмшлийн цэнхэр өнгийн “Приус-20” маркийн машинаар хоол хүргэдэг байсан. Амарч байх өдрөө машинаас цэнэглэгчээ авмаар байна гэж хэлээд орой 18 цагийн үед зөвшөөрөлгүй авч явсан. Тухайн өдөр авч явсныг нь мэдээд 23:00 цагийн үед цагдаад дуудлага өгсөн. Мөн фейсбүүк грүппт машинаа хайж энэ хүн аваад явчихлаа гэж зар тавьсан. Зарын дагуу 2 хоногийн дараа над руу хүн залгаж “таны машин шинэ 100 айлын зогсоол дээр байна” гэж хэлсэн. Очоод харахад баруун урд талын дугуй хагарчихсан байсан бөгөөд тэр даруйд нь цагдаа дуудсан. Доод эд анги нь өндөр бордюр давсны улмаас эвдэрсэн байсан. Дугуйг нь Э.З-гийн ах нь авчирч өгсөн. Доод эд ангийг янзлуулсан. Оношилгоонд үзүүлэхэд яндангийн шүүлтүүрийг нь авчихсан байна гэж хэлсэн. Миний машиныг зөвшөөрөлгүй авч яваад 3-4 хоног алга болсон...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.М /хх-ийн 7/, гэрч О.Я /хх-ийн 13/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-18/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 20-22/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24/, Э.З-гийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-50, 64-69, 73-85/, Э.З-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 53/, Э.З-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 63, 70/, хохирлын баримт /хх-ийн 118/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.З нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны авто зогсоол дээр байсан иргэн Б.Мгийн цэнхэр өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Мгийн /хх-ийн 7/: “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Э.З гэдэг залуу манай ресторанд цагийн ажилтнаар хоол хүргэгчээр ажилд орсон. Э.З хүргэлт хийхдээ миний цэнхэр өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг унадаг байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн үед манай ажил дээр ирээд ариун цэврийн өрөө орчихоод “машинаас чинь цэнэглэгчээ аваадахъя” гээд миний машины түлхүүрийг аваад гарсан. Тэгээд Э.З миний машины түлхүүрийг оруулж ирж өгөхгүй болохоор нь 30, 40 минутын дараа гарч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны автомашины зогсоол дээр тавьсан байсан машинаа шалгатал миний машиныг зөвшөөрөлгүй унаад явчихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Ягийн /хх-ийн 13/: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг орчим зүс таних Э.З гэх залуу цэнхэр өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ирээд ““ худалдааны төвийн автомашины зогсоол дээр оруулж ирээд 2, 3 хоног тавиулчихъя гээд тавьсан...” гэх мэдүүлгээр,

 

Э.З-гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 53/: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг  болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-18/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 20-22/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Э.З-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн машиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Э.З нь Б.Мгийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр авч явсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Э.З-гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэг  нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.З нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 cap 12 хоногийн хорих ялаар тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ДШМ/... дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ.

 

Шүүгдэгч Э.З 2 жил 4 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 жил 1 сар 16 хоногийг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Э.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон нөхөн төлөгдөөгүй хохирол, төлбөр болох машины эд анги засуулсан 645.000 төгрөгийг шүүгдэгч Э.З-гоос гаргуулж хохирогч Б.Мд олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Б.М нь цаашид автомашины эвдрэл гэмтлийг засварлуулахад гарсан зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 128 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасах, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-г 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.З-д энэ тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ДШМ/... дугаартай магадлалаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 16 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сар 16 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З энэ хэрэгтээ 128 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор  тооцож эдлэх ялаас хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.З О... аймгийн Б... сумын нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглож, зорчих үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.З-гоос 645.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгож, хохирогч нь цаашид автомашины эвдрэл гэмтлийг засварлуулахад гарсан зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

8. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ