Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/784

 

           

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч Э.Э түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э  овогт Э б ын Э баярт холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оын 07 дүгээр сарын 24-ны өдөр У..  хотод төрсөн, эрэгтэй, .. настай, дээд  боловсролтой, багш-орчуулагч мэргэжилтэй, “А-” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар ...  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э  овогт Э б ын Э баяр  /РД:...  /,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч Э.Э баярт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбааарын талбайн уулзварын орчим иргэн Н.Ц той “машин мөргөсөн” шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь биед уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбааарын талбайн урд талын зам дээр зүүн эргэх гээд явж байтал миний авто тээврийн ард талаас мөргөчихсөн. Би нотлох баримт бүрдүүлэх гэж утсаараа бичлэг хийгээд очтол хажуудаа жоохон хүүхэдтэй, согтуу байсан. Ц гэх хүн надад мөнгө өгөх гэж тохиролцох гэж оролдсон. Би 500.000 төгрөгөөр тохиролцох гэсэн боловч над руу уурлаж миний шилбэ рүү өшиглөсөн. Ц гэх хүн нь их ууртай, хараал хэлээд орилж байсан бөгөөд миний утсыг аваад шидчихсэн. Ц гэх хүн миний утсыг авч шидчихээд над руу цохих гэж дайрахад нь би хоёр гарыг нь бариад түлхсэн. Уулзвар байсан зохицуулагч зам ачаалалтай байсан болохоор ирэх гэж удсан бөгөөд ирээд биднийг салгаад цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Ц гэх хүн цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж байсан болохоор гавласан бөгөөд гавлахдаа тухайн цагдаа нар шкаф мөргүүлчихсэн. Мөргүүлсний дараа нь Ц гэх хүний духан дээр шалбарчихсан байсан. Харин маргааш нь Ц гэх хүн цагдаад өргөдөл гаргасан байсан ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Цагаатгах байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг тэгш цуглуулаагүй байна. Хохирогч нь өөрөө хуульч, өмгөөлөгч хүн байдаг ба хууль сануулсан баримтад үнэн зөв мэдүүлэг өгнө гэж гарын үсэг зурсан байдаг. Хохирогчийн мэдүүлэг нь зөрүүтэй байдаг бөгөөд “тухайн духны гэмтэл нь цагдаа нар учруулсан байх магадлалтай” гэж мэдүүлсэн байдаг. Хохирогчийн мэдүүлэг нь эргэлзээтэй болж байгаа, хохирогчид арга хэмжээ авсан талаар тодорхойгүй байна. Шинжээчийн дүгнэлт нь үнэхээр эргэлзээтэй байдаг. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй байж, яагаад заавал уруулын хэсэг нь гэмтлийн зэрэгт оруулж байгаа нь тодорхойгүй, эргэлзээтэй байгаагийн шинж юм. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх гэсэн нөхцөл байдал байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Э баярт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар  дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн уулзварын орчим иргэн Н.Ц той “машин мөргөсөн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь биед уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ц  мэдүүлэхдээ “...Э баяр гэх хүн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  Сүхбаатар  дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхб ын талбайн урд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад ......  УНЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёото акуа маркийн тээврийн хэрэгслийг өөрийнхөө машинаар мөргөсөн. Тэгээд би гараад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Э баяртай учраа олъё гэж бодоод байж байтал Э баяр нь “500.000 төгрөг өг” гэсэн. Тэгээд би үгүй гэж хэлээд байж байтал манай бага охин гарч ирээд уйлахаар нь би “чи манай охиныг уйлууллаа” гэж хэлээд охиноо машин дотроо суулгах гэж байтал тухайн хүн нь миний уруул хэсэг рүү баруун гараараа цохисон...тухайн үед би охинтойгоо цуг явж байсан охиноо гадагш гаргаж дүүдээ өгөх гэж гадагш гарахад миний араас 2 цагдаа гарч ирээд гавлаад өрөөндөө оруулах гээд явж байхад нь доошоо харсан байсан болохоор шүүгээний хаалга мөргөсөн санагдаж байна тэгэхэд миний дух зулгарсан байх магадлалтай гэхдээ замын цагдаа нар албаар цохиж зодсон зүйл байхгүй... миний мөргөсөн машины жолооч намайг цохих үед уруулд гэмтэл үүссэн. Цохиулаад доош болохдоо би өөрийнхөө машины хаалга хэсгийг мөргөсөн гэхдээ тэр хүний цохилтод миний уруулд үүссэн гэмтэл учирсан юм. Би товч тодорхой бүгдийг санаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21-22/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11469 дугаартай “...1.Н.Ц ын биед духанд зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-н 37-38/-р тал,  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн өгсөн “... духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-н 39/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Ц гэх хүн нь согтуу байсан бөгөөд цагдаагийн албан хаагч гавалсан байхад шкаф мөргөөд дух нь язарсан...” гэх тайлбарыг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчийн мэдүүлэг нь зөрүүтэй, эргэлзээтэй, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг цагдаагийн албан хаагч учруулсан байх магадлалтай...” талаар тус тус тайлбарлаж маргасан нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э баярын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Н.Ц  гэх хүн намайг зодох гэж дайрсан. Тийм учраас би хариу үйлдэлд үзүүлж гарыг нь түлхэж холдуулсан энэ үед үүссэн байж магадгүй...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ц ын өгсөн “...Машин мөргөлдөөд Э баяртай учраа ольё гэж бодоод уулзтал намайг 500.000 төгрөг өг гэж хэлсэн. Би үгүй гэж хэлээд охиноо машинд суулгах гэж байхад тухайн хүн миний уруул хэсэг рүү баруун гараараа цохисон. Би цохиулаад доошоо тонгойх үед толгой хэсгээрээ юм мөргөсөн...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э баярын гэрчээр өгсөн “...Тухайн хүн /Цогт/ нь миний шилбэ рүү өшиглөж байгаад намайг цохих гээд над руу дайрахаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор хариу үйлдэл үзүүлээд хойшоо ухрахдаа гараа тэр хүний өөдөөс савчихсан юм. Тэгэхэд нүүр хавьд нь цохисон байх...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Хар өнгийн малгайтай масктай хүн эрэгтэй хүний гар хөдлөх дүрс харагдах бөгөөд энэ үед бичлэг хийж байсан хүн ёоё ёоё гэж орилох ба энэ үед бичлэг хийж байсан төхөөрөмжийг халаас мэт зүйл рүү хийх ба харанхуйд дүрс нь харагдахгүй хүмүүсийн яриа сонсогдох бөгөөд эрэгтэй хүн яаж байгаа юм бэ гэх үед өөр нэг эрэгтэй хүн чи муу пизда минь намайг шааж байгаа юм уу гэхэд дүрс нь харагдахгүй эрэгтэй хүн чи муу намайг эхэлж цохиж байгаа биз дээ гэж хэлэх ба энэ үед өөр нэг эрэгтэй хүн чи муу миний охины хажууд цохилоо гэж хоорондоо маргалдсан...” талаарх тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан хохирогч Н.Ц ын эрүүл мэндэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг Э.Э учруулсан эсэхийг тогтоосон болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №11469 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Ц ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Э.Э баярын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Э.Э нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Ц ын нүүрэн нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Э.Э болон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга нарын тайлбарт дурдагдсан хохирогчийн эрүүл мэндэд цагдаагийн албан хаагчид учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдвал зохино.  

Иймд, шүүгдэгч Э.Э баярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Э.Э баярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Хуульд заасан хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг гаргасан бол шүүгдэгч Э.Э зүгээс өмгөөлөгчийнхөө саналыг дэмжсэн болно.

   Шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч Э.Э ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Хохирогч Н.Ц од шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...Хөдөө ажлаар явж байна, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э  овогт Э.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.  

4. Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э баярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР