Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 61

 

А.А-д холбогдох,

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0201/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч              Л.Цуурай

Нарийн бичгийн дарга                Б.Мандуул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолтой А-гийн А-д холбогдох 1918001560204 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 сарын сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Б- овогт А-гийн А-.

Шүүгдэгч А.А- нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян-Идэр” худалдааны төвийн урд иргэн А.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт А-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч А.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан торгох ял 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сард 75.000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч А.А-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг анхааруулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.д зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хохирогч А.Н-д 275.000 төгрөгийг гэм буруугийн шүүх хуралдаан завсарлах хугацаанд нөхөн төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах гомдолдоо:

А.А-г бусдыг биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцон 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн ял шийтгэлийн хувьд тохирсон гэж үзнэ.

Гэвч шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үедээ хохирогчид 275.000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүх дүгнэж үзэхдээ 135.000 төгрөгийг хохирогчийн томографикаар харуулсан төлбөр, 140.000 төгрөгийг эм тариа авсны төлбөр гэж тооцсон юм. Үүнийг холбогдогч А.А- шүүх хуралдаан завсарлах явцад төлсөн билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.т зааснаар “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2.т “шүүх, прокурор мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх”, мөн энэ зүйлийн 3.д “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримтыг харьцуулах,.... нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, 140.000 төгрөгийн баримт нь эмчийн зайлшгүй, ямар гэмтэл бэртэл өвчинд уухаар авсан, юунд уудаг, хэрэглэдэг эм тариа болох нь тодорхойгүй. 140.000 төгрөг бага хэмжээний мөнгө ч гэлээ, баримт хууль ёсны эх сурвалжтай байх ёстой гэж үзэн гомдолтой байна.

Иймд хохирлоос 140.000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:

Анхан шатны шүүх хохирол гаргуулах асуудлыг дүгнэхдээ алдаа гаргасан. 140.000 төгрөг их хэмжээний мөнгө биш ч гэлээ багахан хэмжээний тархи хөдлөхөд хэрэглэх эм тарианд ихдэх мөнгө. Мөн 140.000 төгрөгийн эм тариаг авахдаа ямар нэгэн эмчийн бичиг зөвшөөрөлгүйгээр авсан. Эдгээр эм тариаг хэрэглэх шаардлагатай талаар нотолсон нотлох баримт байхгүй тул шүүх хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтэндээ:

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн ямар эм тариа хэрэглэсэн талаар дэлгэрэнгүй судалсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч А.А-г 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Идэр” худалдааны төвийн урд иргэн А.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд түүний үйлдсэн хэргийн шинж байдал, түүний гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сард 75.000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ. 

            Шүүгдэгч А.А-гийн дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.03.04-ний өдрийн 217 дугаар дүгнэлт, амбулаториар эмчлүүлэгсдийн картын хуулбар, “Саран-Элит” клиникийн эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн оношлогооны хуудас, компьютер томографийн бичлэг хийлгэсэн баримт бичлэг, эмийн сангаас эм тариа авсан баримт, хохирогч А.Н-гийн мэдүүлэг, гэрч М.Ө-, Ц.О- нарын мэдүүлгүүд,  шүүгдэгчийн өөрийнх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

            Түүнчлэн хохирогч А.Н- нь А.А-д зодуулж биедээ гэмтэл авсны улмаас эмийн сангаас эм тариа авч хэрэглэсэн нь баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн хохиролтой холбоотой баримтуудын үндэслэл, тогтоогдсон хэмжээний байдлыг харгалзан тооцоог зөв хийж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн гаргасан...140.000 төгрөгийн баримт нь ямар гэмтэл бэртэл өвчинд уухаар авсан юунд уудаг, хэрэглэдэг эм тариа болох нь тодорхойгүй. Энэ нь бага хэмжээний мөнгө ч гэлээ баримт хууль ёсны эх сурвалжтай байх ёстой тул хохирлоос 140.000 төгрөгийг хасаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Л.Цуурайгийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                                   Ц.ТУЯА

                                                                                                                    Ц.АМАРЖАРГАЛ