Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2024/0228/З |
Дугаар | 221/МА2024/0510 |
Огноо | 2024-07-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2024/0510
Б.Ү-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/385 дугаар захирамжаар У.Б-д өмчлүүлсэн 414 м.кв газрын 34 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ү, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2024/0288/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ү-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/385 дугаар захирамжаар У.Б-д өмчлүүлсэн 414 м.кв газрын 34 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан иргэн Б.Ү-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/385 дугаар захирамжаар У.Б-д өмчлүүлсэн 414 м.кв газрын 34 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Анх Баянзүрх дүүргийн Засаг дарга Газар эзэмшүүлэх эрх олгох тухай 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаартай захирамжаар хавсралтад нэр дурдагдсан иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгосон. Уг хавсралтын 409-д У.Б, газрын байршил нь Сургуулийн 461 гэж заасан байдаг.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2005 оны 537 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 414 м.кв 5465064 төгрөгийн үнэтэй газрыг У.Б-д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Улмаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр У.Б, Д.П, Б.Ц нарт Баянзүрх дүүргийн 10 хорооны Сургуулийн 1461 тоо нутаг дэвсгэрт 18652310528710 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 414 м.в газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204003792 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/385 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтаар өмчилсөн газрынх нь бүртгэлд өөрчлөлт орсон иргэдийн жагсаалтын 37-д У.Б-г бүртгэж, эхнэр Д.П, охин Б.Ц нарыг хассан. Үүнийг нийслэлийн Улсын бүртгэлийн газар байршил, нэгж талбарын дугаарыг өөрчлөлгүйгээр 414 м.кв талбайтайгаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн.
У.Б-н өмчлөлийн 414 м.кв талбай нь хэний ч газартай давхцаагүй 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш давхцаагүй явж ирсэн бөгөөд одоо ч давхцаагүй байгаа.
Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/478 дугаартай захирамжаар Б.М-с П.Г-д, улмаар П.Г-с Б.Ү руу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/333 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар шилжүүлсэн байдаг.
П.Г, Б.Ү нар бол гэр бүлийн хүмүүс бөгөөд тухайн маргаж буй газар нь гуравдагч этгээд болох У.Б-н газартай давхцаагүй мөн У.Б нь тэдний эрхийг зөрчөөгүй.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д эхлээд газар өмчлөх, дараа нь газар эзэмших, түүний дараа газар ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж зааж өгсөн болохоос биш урваа хамааралтай гэж зааж өгөөгүй.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж зааж өгсөн болохоос газар эзэмшихийн талаар зааж өгөөгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Ү-аас “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/385 дугаар захирамжаар У.Б-д өмчлүүлсэн 414 м.кв газрын 34 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байгаа бөгөөд анхан шатны шүүх “... Б.Үд эзэмшүүлсэн газар руу орох, гарах орц, гарцыг хааж У.Б-д газар өмчлүүлсэн болох нь нотлогдож байна, ... хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийх буюу нотлох баримтыг цуглуулах, нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судлах, хээрийн судалгаа хийж хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох үүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжаар гуравдагч этгээд У.Б-д “Сургуулийн 1461” байршилд газар эзэмших эрх олгосон бөгөөд нийслэлийн Засаг даргын 2005 оны 115 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 414 м.кв, 5465054 төгрөгийн үнэтэй газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн. Улмаар маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/385 дугаар захирамжаар уг өмчилсөн газрыг бүртгэлд орсон өөрчлөлтийг оруулж баталгаажуулсан байна.
Харин нэхэмжлэгч Б.Ү-н эзэмшлийн газрын хувьд анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/343 дугаар захирамжаар иргэн Б.М-д эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/478 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг иргэн П.Г-д шилжүүлсэн, улмаар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/333 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Гуравдугаар хэсэг, Сургуулийн 1331 тоот хаягт байрлах 338 м.кв газрыг иргэн П.Г-с нэхэмжлэгч Б.Ү газар эзэмших эрхийг тус тус шилжүүлэн авчээ.
Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/949 дүгээр албан бичгээс үзэхэд дээр дурдсан нэхэмжлэгч Б.Ү-н эзэмшлийн газар болон гуравдагч этгээд У.Б-н өмчлөлийн газрууд нь өөр хоорондоо аливаа байдлаар давхацсан зүйлгүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Б.Ү болон гуравдагч этгээд У.Б нарын хувьд газар эзэмших, өмчлөх эрхийг хуульд заасны журмын дагуу олж авсан байх боловч гуравдагч этгээд У.Б захирамжид дурдсан 414 м.кв газрыг бүрэн хэмжээгээр хашаалсан тохиолдолд нэхэмжлэгч Б.Ү өөрийн эзэмшлийн газар руу орж, гарах орц, гарцгүй буюу газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, төрөөс Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4-д “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” зарчмыг баримтлах бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд шүүхээс захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч Б.Ү-н орц гарц хаагуур, ямар байдлаар байхыг тодорхойлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
Харин захиргааны байгууллага нь нэгж талбар бүрийн орц, гарцыг шийдвэрлэсэн зохих төлөвлөлтийн дагуу газрыг хүн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн төлөвлөлтгүйгээр газар эзэмшүүлж, өмчлүүлэх шийдвэр гаргасан байгаа энэ тохиолдолд захиргааны байгууллага нөхцөл байдлыг судлан тодруулсны үндсэн дээр хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн орц, гарцны асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байх тул дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-д тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/385 дугаар захирамжийн У.Б-д өмчлүүлсэн 414 м.кв газрын 34 м.кв газарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/385 дугаар захирамжийн У.Б-д өмчлүүлсэн 414 м.кв газрын 34 м.кв газарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН