Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 115

 

 

                                                              Монгол Улсын нэрийн өмнөөс

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Т.Ганжаргал, Д.Отгонхүү тэдний өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Б.Галбаатар түүний өмгөөлөгч Т.Энхболд нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Төмөрбаатарын Ганжаргал, Халх овогт Дэлгэрцогтын Отгонхүү, Бэргэд овогт Баатарчулууны Галбаатар нарт холбогдох эрүүгийн 201611000100 дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдрах, Хэрлэн сумын 8-р баг дан байрны 10-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 20-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 10 сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн групптэй, ЖБ96062916 регистрийн дугаартай, Бүргэд овогт Төмөрбаатарын Ганжаргал.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1991 оны 12 сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт амьдрах, Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 13-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,

бие эрүүл, ЖЙ91121634 регистрийн дугаартай, Халх овогт Дэлгэрцогтын Отгонхүү.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт амьдрах, Хэрлэн сумын 8-р баг Баяннуурын 4-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 20-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 10 сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ЖЯ91121838 регистрийн дугаартай, Бэргэд овогт Баатарчулууны Галбаатар.

Шүүгдэгч Т.Ганжаргал нь урьдчилан үгсэн тохиролцож Д.Энхтүвшин Д.Отгонхүү нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Баруун-Өлзийт гэх газраас 2015 оны 11 сарын 13-ны өдөр Д.Наранчимэгийн 1 тооны үнээг Даюун-150 маркийн 38-66 ДОЗ улсын дугаартай мотоциклыг хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1200000 төгрөгийн хохирол,

Урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Д.Энхтүвшинтэй бүлэглэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Гурван нуур гэх газраас 2015 оны 12 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Б.Шажинбат, Г.Хангалхулан нарын 2 тооны адууг хулгайлж Б.Шажинбатад 1000000 төгрөгийн, Г.Хангалхуланд 1500000 төгрөгийн хохирол учруулсан,

Урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Д.Энхтүвшин, Д.Отгонхүү нартай бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг Зүүн дөрөө гэх газраас  2016 оны 02 сарын  14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө  "Дорнод гурил" ХХК-ний 1 тооны үхэр, 1 тооны адуу, Б.Хишигжаргалын 1 тооны үхэр, эмээл суран хазаар, суран бугуйл зэргийг Тоёота марк-2 маркийн 67-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлан авч "Дорнод гурил" ХХК-д 2300000 төгрөгийн иргэн Б.Хишигжаргалд 1690000 төгрөгийн хохирол, бусдад бага бус хэмжээний буюу нийт 7690000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Отгонхүү нь урьдчилан үгсэн тохиролцож Б.Ганжаргал Д.Энхтүвшин нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Баруун-Өлзийт гэх газраас 2015 оны 11 сарын 13-ны өдөр Д.Наранчимэгийн 1 тооны үнээг Даюун-150 маркийн 38-66 ДОЗ улсын дугаартай мотоциклыг хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1200000 төгрөгийн хохирол,

Урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Б.Галбаатар, Д.Энхтүвшин нартай  бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын  8 дугаар баг Цантын хүр гэх газраас 2016 оны 02 сарын 03-ны өдөр Б.Энхбаярын хязаалан насны 1 тооны үхрийг Найни маркийн улсын дугааргүй мотоцикл хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус  хэмжээний буюу 1000000 төгрөгийн хохирол,

Урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Б.Ганжаргал, Д.Энхтүвшин нартай бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг Зүүн дөрөө гэх газраас 2016 оны 02 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө  "Дорнод гурил" ХХК-ний 1 тооны үхэр, 1 тооны адуу, Б.Хишигжаргалын 1 тооны үхэр, эмээл суран хазаар, суран бугуйл зэргийг Тоёота марк-2 маркийн 67-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлан авч "Дорнод гурил" ХХК-д 2300000 төгрөгийн иргэн Б.Хишигжаргалд 1690000 төгрөг,  бусдад бага бус хэмжээний буюу нийт 6190000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Галбаатар нь урьдчилан үгсэн тохиролцож Д.Отгонхүү Д.Энхтүвшин нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Цантын хүр гэх газраас 2016 оны 02 сарын 03-ны өдөр Б.Энхбаярын хязаалан насны 1 тооны үхрийг Найни маркийн улсын дугааргүй мотоцикл хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Т.Ганжаргал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Д.Отгонхүү шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.Галбаатар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй байхгүй гэв.

Бичгийн баримтанд:

-    Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

-    Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/

-    Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/

-    Хохирогчийн төлөөлөгч О.Баярбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 81-82/

-    Хохирогч Б.Бат-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 88-90/

-    Хохирогч Д.Наранчимэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 92-94/

-    Гэрч А.Нарангэрэлийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 104-105/

-    Гэрч Ч.Алтан-Одыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 106-107/

-    Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт /хх-ийн 144-146/

-    Сэжигтнээр Б.Галбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 164-165/

-    Гэрч Ичинхорлоог байцаасан тэмдэглэл /хх-ийн 119/

-    Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, халамжийн дэвтэр /Шинээр өгсөн баримт/

-    Малын үнэлгээ /хх-ийн 95, 99/

-    Баянтүмэн сумын үнийн комиссын үнэлгээ /хх-ийн 91/

-    Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 87, 82-83/

-    Цагаан-Овоо сумын малын үнэлгээ /хх-ийн 86/

-    Хохирол төлсөн баримт /хх-ийн 39, 45 2 дугаар хавтас/

-    Мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 40/

-    Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 38/

-    Хохирол төлсөн баримтууд болон, орлогын мэдүүлгүүд /хх-ийн 34-37/

-    Сэжигтнээр Б.Галбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 164-165/ болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Ганжаргал нь урьдчилан үгсэн тохиролцож Д.Энхтүвшин Д.Отгонхүү нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Баруун-Өлзийт гэх газраас 2015 оны 11 сарын 13-ны өдөр Д.Наранчимэгийн 1 тооны үнээг Даюун-150 маркийн 38-66 ДОЗ улсын дугаартай мотоциклыг хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1200000 төгрөгийн хохирол, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Д.Энхтүвшинтэй бүлэглэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Гурван нуур гэх газраас 2015 оны 12 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Б.Шажинбат, Г.Хангалхулан нарын 2 тооны адууг хулгайлж Б.Шажинбатад 1000000 төгрөгийн, Г.Хангалхуланд 1500000 төгрөгийн хохирол учруулсан, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Д.Энхтүвшин, Д.Отгонхүү нартай бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг Зүүн дөрөө гэх газраас  2016 оны 02 сарын  14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө  "Дорнод гурил" ХХК-ний 1 тооны үхэр, 1 тооны адуу, Б.Хишигжаргалын 1 тооны үхэр, эмээл суран хазаар, суран бугуйл зэргийг Тоёота марк-2 маркийн 67-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлан авч "Дорнод гурил" ХХК-д 2300000 төгрөгийн иргэн Б.Хишигжаргалд 1690000 төгрөгийн хохирол, бусдад бага бус хэмжээний буюу нийт 7690000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Отгонхүү нь урьдчилан үгсэн тохиролцож Б.Ганжаргал Д.Энхтүвшин нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Баруун-Өлзийт гэх газраас 2015 оны 11 сарын 13-ны өдөр Д.Наранчимэгийн 1 тооны үнээг Даюун-150 маркийн 38-66 ДОЗ улсын дугаартай мотоциклыг хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1200000 төгрөгийн хохирол, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Б.Галбаатар, Д.Энхтүвшин нартай  бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын  8 дугаар баг Цантын хүр гэх газраас 2016 оны 02 сарын 03-ны өдөр Б.Энхбаярын хязаалан насны 1 тооны үхрийг Найни маркийн улсын дугааргүй мотоцикл хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус  хэмжээний буюу 1000000 төгрөгийн хохирол, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Б.Ганжаргал, Д.Энхтүвшин нартай бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг Зүүн дөрөө гэх газраас 2016 оны 02 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө  "Дорнод гурил" ХХК-ний 1 тооны үхэр, 1 тооны адуу, Б.Хишигжаргалын 1 тооны үхэр, эмээл суран хазаар, суран бугуйл зэргийг Тоёота марк-2 маркийн 67-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлан авч "Дорнод гурил" ХХК-д 2300000 төгрөгийн иргэн Б.Хишигжаргалд 1690000 төгрөг,  бусдад бага бус хэмжээний буюу нийт 6190000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Галбаатар нь урьдчилан үгсэн тохиролцож Д.Отгонхүү Д.Энхтүвшин нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Цантын хүр гэх газраас 2016 оны 02 сарын 03-ны өдөр Б.Энхбаярын хязаалан насны 1 тооны үхрийг Найни маркийн улсын дугааргүй мотоцикл хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна. Үүнд:

Шүүгдэгч Т.Ганжаргал, Д.Отгонхүү, Б.Галбаатар нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Наранчимэг, Б.Энхбаяр, Б.Шажинбат, Г.Хангалхулан, Б.Хишигжаргал, хохирогч байгууллагын төлөөлөгч О.Баярбаатар, гэрч Р.Тогмид, Д.Энх-Ариун, Н.Эрдэнэбат нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ   мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ  зэрэг болно.

Шүүгдэгч Т.Ганжаргал, Д.Отгонхүү нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Галбаатарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм хэрэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах  үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч Т.Ганжаргал, Б.Галбаатар нар нь Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 20-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж 2015 оны 10 сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд тэдний ялтай байдал нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгогдсон тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч нар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлэн чин санаанаас гэмшиж байгаа байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд дээрх хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Т.Ганжаргалын эрүүл мэндийн байдал /хөдөлмөр чадвар алдалтыг 60 хувиар тогтоолгосон/-ыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар тогтов. Мөн шүүгдэгч нарын эд хөрөнгийн болон амьдралын нөхцлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Б.Галбаатарын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн "Naini" маркийн улсын дугааргүй 190000 төгрөгөөр үнэлэгдсэн мотоциклыг хурааж мөн шүүгдэгч Т.Ганжаргалаас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн "Toyota Mark-II" маркийн 67-87 Дор улсын дугаартай тээврийн хэрэгслийн /Д.Энх-Ариуны нэр дээр бүртгэлтэй/ үнэ болох 1500000 төгрөгийг гаргуулж тус тус төрийн өмчлөлд шилжүүлэн, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Галбаатарын өмгөөлөгч Т.Энхболд нь шүүх хуралдааны шүүмжлэлд "Шүүгдэгч Б.Галбаатар нь Д.Отгонхүү, Д.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хулгай хийгээгүй, харин хулгай хийсэн гэдгийг мэдсэн атлаа зохих байгууллагад мэдэгдээгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 болгон өөрчилж, хөөн хэлэлцэх дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэж мэтгэлцэв.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Галбаатар 2016 оны 03 сарын 11-ний өдөр сэжигтнээр байцаагдахдаа "… Талийгаач Энхтүвшин миний гар утас руу залгаад хоёулаа уулзья, манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд очиход ганцаараа байсан бөгөөд одоо ганц л удаа туслаад өгчих, цагаан сар болох гээд үнэхээр хэцүү байна …гээд уйлан дуугараад гуйгаад байсан учир зөвшөөрч Төмөр зам руу манай гэр рүү явж миний мотоциклыг аваад Нисэх буудлын зүүн урагшаа явсан. 28 өнгөрөөд явж байсан чинь голын урд талд 20 орчим тооны үхэр бургасны захад байсан чинь талийгаач Энхтүвшин намайг хүн харж бай гэж хэлээд уяа аваад тэр үхэр рүү ганцаараа явсан. …Бид хоёр 22 цагийн орчимд Отгонхүүгийн гэр рүү очсон. Бид гурав Отгонхүүгийн марк-2 машинтай үхрээ нуусан газарт очсон. …" гэж, шүүгдэгч Д.Отгонхүү 2016 оны 03 сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаагдахдаа  "…2016 оны 02 сарын 03-ны өдрийн 20-21 цагийн орчимд шиг санаж байна. Намайг гэртээ байхад Галбаатар, талийгаач Энхтүвшин хоёр ирээд Нисэхийн хажуу талд байдаг голын бургасанд нэг тооны үхэр хүлээд тавьчихсан байгаа хамт очоод авья гэж хэлсэн. Тэгээд  миний машинд 40.000 төгрөгний бензин хийгээд уг газарт нь очиход бургасанд урд талын хоёр хөлийг нь хүлээд хэвтүүлчихсэн байсан бөгөөд талийгаач Энхтүвшин, Галбаатар хоёр бургаснаас хөөгөөд баруун зүгт голоос холдуулсан. …Галбаатар манай гэрт хоноод …явсан." гэж тус тус мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Б.Галбаатар нь урьдчилан үгсэн тохиролцож хулгайн хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ганжаргалын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн "Toyota Mark-II" маркийн 67-87 Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрч Д.Энх-Ариуны нэр дээр бүртгэлтэй, мөн  шүүгдэгч Т.Ганжаргал, Д.Отгонхүү нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн "Dayun-150"  маркийн 38-86 Доз улсын дугаартай мотоцикл нь гэрч Н.Эрдэнэбатын эзэмшлийнх болох нь Д.Энх-Ариун, Н.Эрдэнбат нарын мэдүүлэг Дорнод аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн 41 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байх тул Дорнод аймгийн ЦГ-ын ХБМБТ-ийн мөрдөн байцаагч Э.Амартайваны 2016 оны 03 сарын 22, 03 сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч нарт буцаан олгох  нь зүйтэй байна. Харин шүүгдгч Б.Галбаатар нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн "Naini" маркийн улсын дугааргүй мотоциклыг хэрэглэсэн талаар мэдүүлсэн тул уг мотоциклыг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан байх тул Д.Отгонхүүгийн эзэмшлээс Г-0614010586 дугаарт бүртгэгдсэн Хэрлэн сумын 5-р баг Цэгцэрийн 23-р гудамж 03 тоотын 700 м2 талбай бүхий газар битүүмжилсэн, мөн Т.Ганжаргалын эзэмшлээс Хэрлэн сумын 8-р баг Ганзамын 1-р гудамж 02 тоотын 700 м2 талбай бүхий газар битүүмжилсэн,  Б.Галбаатарын эзэмшлээс хоёр хаалгатай хөргөгч, 32 инчийн BSB  нэртэй LCD  зурагт битүүмжилсэн Дорнод аймгийн ЦГ-ын ХБМБТ-ийн мөрдөн байцаагч  Э.Амартайваны 2016 оны 03 сарын 23,  3 сарын 28,  04 сарын 22-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болговол зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч хавсаргасан "Мал, мах түүхий эдийн гарал үүсэл"-ийн 1414295, 1414299, 1414237 1414282, 1414283, 1414298, 1414300 дугаартай 7 ширхэг гэрчилгээнүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй.

Хохирогч байгууллагын төлөөлөгч О.Баярбаатар нь  Д.Энхтүвшин /нас барсан/ гэгчид ногдох гэм хорын хохирлын үлдэгдлийг түүнтэй хамтарч хулгай хийсэн шүүгдэгч Д.Отгонхүү, Т.Ганжаргал нараас нэхэмжилнэ гэх боловч  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан тул төлбөрийн үлдэгдэл 432000 төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлэхийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаануудыг буцаан олгох нь зүйтэй юм. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294,  297, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бүргэд овогт Төмөрбаатарын Ганжаргал, Халх овогт Дэлгэрцогтын Отгонхүү нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан шүүгдэгч Бэргэд овогт Баатарчулууны Галбаатарыг бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганжаргалын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 05 /тав/ сарын хорих, шүүгдэгч Д.Отгонхүүгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих, шүүгдэгч Б.Галбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ганжаргалд оногдуулсан 2 жил 05 сарын, Д.Отгонхүүд оногдуулсан 2 жилийн, Б.Галбаатарт оногдуулсан 2 жил 01 сарын хорих ялуудыг тэнсэж, тус тусын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ялтан Б.Галбаатарын эзэмшлийн "Naini" маркийн улсын дугааргүй, 190000 төгрөгөөр үнэлэгдсэн мотоциклыг хурааж, мөн ялтан Д.Отгонхүүгээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн "Тоyota Mark-II" маркийн 67-87 ДОР тээврийн хэрэгслийн үнэ болох 1500000 төгрөгийг гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэн тус тус улсын орлого болгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар "Дорнод гурил" ХХК-ийн гэм хорын хохирлын үлдэгдэлд  нэхэмжилсэн 432000 /дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг ялтан Д.Отгонхүү, Т.Ганжаргал нараар төлүүлэхийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Гэрч Д.Энх-Ариуны "Toyota Mark-II" маркийн 67-87 Дор улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорнод аймгийн ЦГ-ын ХБМБТ-ийн мөрдөн байцаагч Э.Амартайваны 2016 оны 03 сарын 22-ны өдрийн, мөн гэрч Н.Эрдэнэбатын эзэмшлээс "Dayun-150" маркийн 38-86 Доз улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Энх-Ариун, Н.Эрдэнэбат нарт буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Отгонхүүгийн эзэмшлээс Г-0614010586 дугаарт бүртгэгдсэн Хэрлэн сумын 5-р баг Цэгцэрийн 23-р гудамж 03 тоотын 700 м2 талбай бүхий газар битүүмжилсэн, мөн ялтан Т.Ганжаргалын эзэмшлээс Хэрлэн сумын 8-р баг Ганзамын 1-р гудамж 02 тоотын 700 м2 талбай бүхий газар битүүмжилсэн, ялтан Б.Галбаатарын эзэмшлээс хоёр хаалгатай хөргөгч, 32 инчийн BSB  нэртэй LCD  зурагт битүүмжилсэн Дорнод аймгийн ЦГ-ын ХБМБТ-ийн мөрдөн байцаагч  Э.Амартайваны 2016 оны 03 сарын 23,  3 сарын 28,  04 сарын 22-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, ялтан Б.Галбаатарын эзэмшлээс БНХАУ-д үйлдвэрлэсэн "Naini" маркийн улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Ялтан Т.Ганжаргал, Д.Отгонхүү, Б.Галбаатар нар нь цагдан хоригдоогүй төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргасан "Мал, мах түүхий эдийн гарал үүсэл"-ийн 1414295, 1414299, 1414237 1414282, 1414283, 1414298, 1414300 дугаартай 7 ширхэг гэрчилгээнүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

9. Энэ хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Т.Ганжаргал, Д.Отгонхүү Б.Галбаатар нарын иргэний үнэмлэхийн лавлагаануудыг буцаан олгосугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.Ганжаргал, Д.Отгонхүү, Б.Галбаатар нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзсан хугацааг 2016 оны 11 сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан тэдний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ж.ДОЛГОРМАА