Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0459

 

 

 

 

 

  2021            07           06                                    128/ШШ2021/0459

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “ТБХ” ХХК,

Хариуцагч: Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч,

Гомдлын шаардлага: “Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д*******, хариуцагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хариуцагчийн тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасан.

Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д Захиргааны ерөнхий хуулийн 92-94 зүгээр зүйл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу Монгол банкны Ерөнхийлөгч бөгөөд Улсын ерөнхий байцаагчид 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 04/147 албан тоотоор гомдол гаргасан боловч бидэнд хуульд заасан 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй бөгөөд хариу өгөх хугацаа сунгасан талаар мэдэгдээгүй болно.

Тус шийтгэлийн хуудсаар манайх холбогдох зохистой харьцааны шалгуур үзүүлэлт хангаагүй гэсэн үндэслэлээр 50,000 нэгжээр торгох шийтгэлийг оногдуулсан.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааны шаардлага тавигдаж эхэлсэн бүхий л хугацаанд банк хоорондын болон Төв банкнаас авах овернайт зээлээрх мөнгөн хөрөнгө нь санхүүгийн хэрэгсэлд тооцогдож, харьцаа үзүүлэлтэд эергээр нөлөөлж ирсэн. Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээс хойш 2020 оны 11 дүгээр сар дуустал хугацаанд зохицуулалтын өөрчлөлт ороогүй байсан бөгөөд Монгол банк санхүүгийн хэрэгсэлд тавих хязгаарлалтыг нэмэгдүүлж, нэмэлт тохируулгыг тайлагналд тусгах байдлаар нийт банкны салбарт томоохон үр нөлөөлөл бий болгох өөрчлөлтийг журамд тусгасан тохиолдолд холбогдох мэдээллээр хангах, журмыг тайлбарлах, бүртгэл тайлагналын бодлогод холбогдох шинэчлэлтийг тусгах хугацааг олголгүйгээр, гэнэт тохируулга хийж хасах байдлаар Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг багаар тайлагнах чиглэл өгсөн.

Улмаар 2021 оны 01 дүгээр сарын тайлангийн хариугаар “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын 3 дугаар зүйлийн 3.4.3-д заасныг үндэслэн тохируулга хийхэд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж ажиллаагүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар бидэнд мэдэгдсэн.

Уг журмын 3.4.3-д “Гэрээний үндсэн дээр хугацаа, хүүгийн хэмжээг тохироогүй захиран зарцуулах эрх нь шилжин ирээгүй түргэн борлогдох хөрөнгийг хасах” гэж заасан боловч банк хоорондын овернайт зээл нь ерөнхий гэрээний үндсэн дээр хийгддэг бөгөөд хугацаа, хүүгийн хэмжээг харилцан тохиролцдог. Мөн банк хоорондын овернайт зээлийн мөнгөн хөрөнгийг дахин овернайт зээл, хадгаламжаар байршуулах боломжтой байдаг тул “захиран зарцуулах эрх нь шилжин ирээгүй” гэх зохицуулалтад хамаарахгүй байна. Иймд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гомдол гаргагчийг 2020 оны 06 дугаар сараас эхлэн хариуцаж ажиллаж эхэлсэн. Тус банканд 2020 оны 11 дүгээр сарын тайлангийн хариу албан бичгээр ирүүлэх үүрэг хүлээсэн байгаа. Тус банкны түргэн гүйцэтгэх чадвар харьцангуй сул байна. Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих журмын 3 дугаар зүйлийн 3.4.3-д заасны дагуу, банк хоорондын овернайт зээлийг түргэн гүйцэтгэх борлогдох актив хөрөнгөөс хасаж тооцон 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А-6/1435 тоот албан бичгээр тайлангийн хариу хүргүүлж байсан.

Мөн энэ өдрийн тайлангийн хариу бичигт Банкны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтын дагуу төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулахад чиглэсэн тогтворжуулах төлөвлөгөө  боловсруулан ТУЗ-аар батлуулан 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлэхийг мэдэгдсэн. Мөн 2020 оны 12 дугаар сарын тайлангийн хариу бичигт журмын 3.4.3 дахь заалтын дагуу төлбөр түргэн төлөгдөх чадварын бодит үзүүлэлт хэд байгааг тооцож харуулсан байгаа.  Төлбөр түргэн төлөгдөх чадвараас овернайт зээлийг хасаж тооцож байгаа вэ гэхээр Монгол банкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан  нягтлан бодох үйлдлийн багц материалын 4.1б-т мөнгөн хөрөнгө нь касс, ай ти эм, 3 сар хүртэлх хугацаатай Монгол банканд байршуулсан харилцах хадгаламж, дотоодын банк санхүүгийн байгууллагад байршуулсан хугацаагүй хадгаламж, овернайт зээлээс бүрдэнэ гэж зааж өгсөн байдаг.

Энэ овернайт зээлээс бүрдэнэ гэдэг нь зээлдүүлэгч талыг хэлж байгаа. Зээл олгосон зээлээ мөнгөн хөрөнгөд тооцоод төлбөр түргэн борлогдох активд оруулж тооцоод явах боломжтой. Зээлдэгч тал нь авсан мөнгийг захиран зарцуулах үүрэг нь үүсээгүй гэдэг үндэслэлээр тус журмын 3.4.3 дахь заалтын дагуу төлбөр түргэн гүйцэтгэх тайланд тохируулга хийх ёстой байсан. Энэ тохируулгыг хийгээгүй. Иймд манай зүгээс зохистой харилцаа алдагдсан гэж үзсэн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н-н 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

            Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монгол банкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх” гэж, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар баталсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 3.2-т “энэ журмын 3.1-д тусгасан зохистой харьцааны доод хэмжээ 25 хувь байна”, мөн тус Ерөнхийлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А-90 дүгээр тушаалаар тус журамд түр өөрчлөлт оруулж, “зохистой харьцааны доод хэмжээ 20 хувь байна” гээд хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл холбогдох тушаалуудаар сунгажээ.

            Гомдол гаргагчаас “овернайт зээлийг буруу тодорхойлсон” гэж, хариуцагчаас “зохистой харьцааны доод хэмжээг алдагдуулсан, удаа дараа анхааруулсан” гэж тус тус маргажээ.

            Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 11 дүгээр сарын сарын 27-ны өдрийн А-294/340 дүгээр тушаалаар баталсан “Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн батлах тухай”-ын 4.1-д “банк хоорондын клирингийн гүйлгээг хааж, дараагийн ажлын өдрийн клирингийн гүйлгээ нээх хүртэл хугацаагаар олгож байгаа зээлийг овернайт зээл гэнэ” гэж тодорхойлжээ.

            Гомдол гаргагчаас 2021 оны 01 дүгээр сарын  31-ний өдөр хүснэгтээр ирүүлсэн банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны тайлангийн хүснэгтийн В-д “төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа 15.9 хувь” гэжээ.

            Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчил гаргасанд тооцож, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцжээ.

            Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эрсдэлийг бууруулах зорилгоор хууль тогтоомжийн хүрээнд холбогдох журмыг баталж, эдийн цагийн нөхцөл байдалтай уялдуулж тодорхой өөрчлөлтүүдийг оруулж байсан байх бөгөөд гомдол гаргагчаас дээрх журам болон тушаалаар өөрчлөлт оруулан тогтоосон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаанаас доогуур тайланг ирүүлсэн нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байна.

            Нөгөөтэйгүүр Монгол банкны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А-6/1435, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-6/51, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А-6/182 тоот албан бичгүүдээр гомдол гаргагчийн зохистой харьцаа алдагдах эрсдэлтэй байгаа талаар сануулж байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “ТБХ” ХХК-ийн гомдолтой, Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч холбогдох “Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н-ийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ