| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2022/0395/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/486 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/486
2019 02 15 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.М,
Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул ноён овогт Ч.О холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 12 дугаар сарын 20-ний өдөр Төв аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Хувийн бригадтай хамтарч барилга дээр армотур зангиддаг ажил хийдэг, ам бүл 4. нөхөр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, С. овогт Ч.О,
Шүүгдэгч Ч.О нь 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 07 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17-ийн уулзвараас Дарь-Эхийн замтай холбосон шинэ замд Mitsubishi Colt маркийн 00-00 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 14 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан/”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.Уыг мөргөж, улмаар амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.О мэдүүлэхдээ: 2021 оны 12 дугаар сарын 10-нд 7 цаг 10 минутад 00-00 дугаартай машинаар гэрээсээ гарсан. 49 дүгээр сургуулийн харалдаа хүүгээ буулгаад 17-оос доошоо 19 дарь эхийн замаар уруудаж байсан ба тухайн үед түгжрэл ихтэй байсан. Нэгдүгээр эгнээгээр 45 км/ц-ийн хурдтай явж байсан. Тэгээд явган хүний анхааруулгын тэмдэг байсан бөгөөд би тэгээд хурдаа хассан. Машин их байсан учраас нэгдүгээр эгнээгээр явж байсан. Нэг дүгээр эгнээгээр явж байхад гэнэт л шилэн дээр пис гээд юм уначихсан. Би бодохдоо дээрээс шонгийн мод унчихав уу? гэж бодсон. Тэгээд би машинаа зогсоогоод харахад машины ард хүн хэвтэж байсан. Гүйж очоод байж байсан чинь хажуунаас хүн ирээд ахын дуу хөдөлгөж болохгүй гэхээр нь би утсаа өгөөд түргэн дуудаж өгөөч гэж гуйсан. Тэгээд хохирогчийн гарыг нь бариад толгойг нь түшиж, тэгээд цагдаа, түргэн ирээд аваад явсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: Бид нарт хэцүү байгаа ба хүнээ алдсан. Манай ээжид бүр хэцүү байгаа. Би ээжийгээ төлөөлж бичсэн зүйлийг уншиж өгье. Бид талийгаачтай ойрын хугацаанд уулзая гэж бодож байсан. Гэхдээ автомашины осол гаргасан хүн эмэгтэй хүн гэж бодож байсан. Тэгээд ирээд уулзах байх гэж бодож байсан. Манай О ах талийгаачийн үхлийн шалтгааны талаар хэлэхэд тэрийг сонсон шоконд орж, сэтгэл үймрээд зүрхээр хатгаж хэцүү байсан ба тэр үед осол гаргасан хүн байна гэж надад холбоо барьсан. Би тэр үед зүрхний тайвшруулах эм аваад хүрээд ирээч гэхэд за гэж хэлээд тэр өдөр ирээгүй. Энэ хүн үнэн, зөв мэдээлэл өгсөнд эргэлзэж би унах гээд байна гэж хэлэхэд “за” гэж хэлээд алга болсон хүн. Оршуулгын үеэр нөхөр, ах гээд 3 хүн ирж 500.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш нөхөр нь 2-3 удаа ирсэн. Хүний амь нас хохироочихоод юу ч бодохгүй, санаа зовсон шинжгүй байгаад нь маш их гомдолтой байна. Одоо талийгаачийн хүүхэд нь 16 нас хүрсэн. Тэр хүүхэд бүтэн өнчин үлдэж байгаа ба түүнд маш их санаа зовж байна. Иймд оршуулгын мөнгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.О нь 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 07 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17-ийн уулзвараас Дарь-Эхийн замтай холбосон шинэ замд Mitsubishi Colt маркийн 00-00 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 14 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан/”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.У-ыг мөргөж, улмаар биед “биед хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, нугас тасрал, баруун 2,3,4- р хавирганы шууд хугарал, баруун уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун, зүүн хөлийн өвдөгний үений мултрал, зулайн хуйх, баруун өвдөгт шарх, баруун чих, доод уруулд зулгаралт, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Зам тээврийн ослын дуудлаганы лавлагааны хуудас /хх-ийн 03-04 тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургиин үзүүлэлт /хх-ийн 10-14 тал/,
- Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн осол болсон өдрийн өмнөх орой нь гэрт нь орох үедээ уулзсан. Тухайн үед гэр бүлийн хүрээнд ярьдаг ойр зуурын зүйл яриад гарсан. Тэрнээс хойш уулзаагүй, тухайн осол болсон өдрийн өглөө нь би 07 цагийн үед босоод 07 цаг 30 минутын үед намайг хүн ирж авна гэсэн болохоор би ажилдаа гарах үедээ байшин луу нь харсан чинь байшингийнх нь гэрэл асаалттай байсан тэгээд унаатай явах юм чинь аваад явчихдаг юм билүү гэж бодсоноо хашааны хаалга руу харсан чинь хаалга нээлттэй дэлгээтэй байсан тэгэхээр нь би эгч У-г ажилдаа явчихсан юм байна гэж бодоод гэртээ орж цүнх малгай энэ тэрээ өмсөөд ажил руугаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байхад 11 цаг өнгөрч байхад талийгаач У-ын сайн найз болох Ж эгч залгаад миний дүү хаана байгаан бэ чи хурдан замын цагдаа дээр хүрээд ир У эгч нь ямар нэгэн юм болсон юм шиг байна гэж их сандарсан байдалтай ярьсан тэгэхээр нь би тань руу хэн залгаж хэлсэн юм бэ гээд залгасан хүнийх нь дугаарыг авч ярьсан. Тэгсэн чинь нэг эрэгтэй хүн аваад чам руу зураг явуулая чиний таньдаг хүн эсэхийг нь хараад өг 17-н замд эзэнгүй цогцос бүртгэгдсэн юм гээд над руу зураг явуулсан тэгээд харсан талийгаачийн өмсдөг ноосон цамц, ороолт нь мөн байсан. Тэгээд буцаад нөгөө хүн рүүгээ яриад мөн байна ах гэж хэлээд хаана очих вэ ах гэсэн чинь төв замын цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирээд зам тээврийн осол болсон тухай мэдсэн. ...Гомдолтой байна, оршуулгын зардалд зарцуулагдсан хүүхдийнх нь насанд хүрэх хүртэлх тэтгэмжийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-28-30 тал/, дахин мэдүүлэхдээ ...жолоочийн зүгээс одоогийн байдлаар 500.000 төгрөг өгсөн. Цаашид талийгаач эгчийн минь хүүхдийг насанд хүрэх хүртэлх үеийн амжиргааны зардал, буяны ажилд гарсан нийт зардлыг нэхэмжилж байна. ...жолооч эмэгтэйн хувьд их хариуцлагагүй, хүн чанаргүй хандаж байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
- Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдрийн өглөө бие засаад 00-д сууж байхал ертөнцийн зүгээр хашааны урд талын замд автомашин ямар нэгэн юм мөргөх шиг чимээ гарсан. Тэрүед би машин хоорондоо мөргөлдчихөв үү, эсхүл юм мөргөчихөв үү гэж бодоод гэртээ орсон. ...хашаанаасаа гараад харсан. ...манай хашааны зүүн урд талын зам цахилгаан засварын газрын хойд талд замын зорчих хэсэг дээр хүн хэвтэж байсан, тэгээд даавуугаар бүтээчихсэн боловч маск нь харагдаж байсн тэгэхээр нь би хүүхэд сургуульдаа явж байгаад дайруулчихсан юм болов уу гэж бодсон. ...Тэгсэн нь өглөө манай хашааны урд талд мөргүүлсэн байсан хүн манай охин байсныг мэдсэн. ...Би өглөө 05 цагт боссон. Би ер нь эрт босдог хүн байгаа юм. 00-д бие засах үед 07 цаг өнгөрч байсан байх гэгээ дөнгөж орж байсан үе. ...Өглөөд ихэнхдээ 07 цаг өнгөрөөгөөд ажилдаа явдаг байсан. Ерөнхийдөө автобусаар явдаг байсан. Гэрээсээ баруун тийшээ яваад 17-н автобусны буудлаас суудаг байсан байх гэж боддог. Миний бие тааруу даралтны өвчтэй тул би бага охин Түвшинтогтоог хууль ёсны төлөөлөгчөөр оруулахыг зөвшөөрсөн, манай өвгөн хөл муутай тул охин Т бүх ажиллагаанд бид нарыг иөлөөлж оролцох болно, би туйлын их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
- Шинжээч Ч.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ойрын гэрлийн тусгал стандартын шаардлагатай хангахгүй эвдрэл гэмтэлтэй байсан. ...Хойд буферын дунд хэсэгтээ хагарсан, замаск хагарсан, будаг нь халзарсан, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлагатай хангахгүй гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байсан. ...Ойрын гэрлийн тусгалын хүч стандартаар 10000 канделиас багагүй байх ёстой. Тухайн тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн хүч зүүн талдаа 1800 кандель, баруун талдаа 6800 кандель байгаа нь тухайн осолд жолоочийн үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боломжтой. ...Гэрлийн тусгалын нэг цэг дээрх төвлөрийг тодорхойлдог. Тухайн автомашины цайр, гэрлийн гадна талын бохирдлоос гэрлийн хүч муудсан, стандартын шаардлага хангахгүй болсон байсан. ...Тухайн тээврийн хэрэгсэл дээр тогтоогоогүй ер нь техникийн хяналтын үзлэгээр тодорхойлох боломжгүй. ...Гэрлийн тусгалын хүчинд ослын мөргөлтийн доргилт нөлөөлөхгүй ээ. ...Хол ойрын гэрэл нь асаж байсан, мөн шилжүүлж болж байсан. Холын гэрэл нь стандартын шаардлага хангаж байсан. ...Харанхуй, бүрий үед жолоочид харагдах байдал мууучирмэдэх боломжтой. ...Би 2021 оны 12дугаар сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлтэд ажпын ачааллаас болоод алдаатай бичсэн байна. Ойрын гэрлийн хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн осолд жолоочийн үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №62 дүгнэлт:
1. Талийгаач Э.У-ын биед “хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, нугас тасрал, баруун 2,3,4- р хавирганы шууд хугарал, баруун уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун, зүүн хөлийн өвдөгний үений мултрал, зулайн хуйх, баруун өвдөгт шарх, баруун чих, доод уруулд зулгаралт, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 3.5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх хүзүүний нугалмын бүрэн мултрал, нугас тасарсны улмаас нас баржээ.
4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчих тогтоогдсонгүй.
6. Талийгаачид 2021.12.09-ны өдрийн 10:05 цагийн үед цогцосны анхны үзлэг хийхэд нас бараад 2-3 цаг болсон байжээ.
7.Талийгаач нь АВО системээр 0 /I/ бүлгийн цустай байжээ.
8. 9. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй гэх /хх-ийн 57-60 тал/,
- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ “Баянгол техикийн хяналтын үзлэгийн төв”-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112- 115 тал/,
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын пүгнэлтийн хуудас /хх-ийн 117 тал/,
- 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 119 дугаартай мөрдөгчийн магадлагаа:
1. “Mitsubishi Colt маркийн 00-00 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгзэр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, “12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Э-гийн У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэх /хх-ийн 20-21 тал/,
- Яллагдагч Ч.Оын №...- дугаартай “В” ангиллын №...- дугаартай жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 137 тал/ зэрэг шүүгдэгчийн энэ шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Жолоочийн эрхийн үнэмлэх /хх-ийн 137 тал/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 138 тал/,
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 139 тал/,
- Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 140 тал/,
- Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт: Улаанбаатар хот Чингэлтэй 13-р хороо, сургуулийн 26 гудамж 494б тоот /хх-ийн 141 тал/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 142 тал/,
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135 тал/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.О нь 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 07 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17-ийн уулзвараас Дарь-Эхийн замтай холбосон шинэ замд Mitsubishi Colt маркийн 00-00 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 14 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан/”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.У-ыг мөргөж, улмаар биед “биед хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, нугас тасрал, баруун 2,3,4- р хавирганы шууд хугарал, баруун уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун, зүүн хөлийн өвдөгний үений мултрал, зулайн хуйх, баруун өвдөгт шарх, баруун чих, доод уруулд зулгаралт, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий гэмтэл учруулж 1 хүний амь нас хохирсон, Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан талаар шинжээч дүгнэсэн гэх үйл баримт тогтоогджээ.
Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойсон байдаг.
Шүүгдэгч Ч.О нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Ч.О-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Тээврийн прокурорын газраас Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч Ч.О-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ч.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас явган зорчигч Э.У-ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т нь хохиролд 15.218.495 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ч.О нь хохирогч талд буяны ажилд 500.000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-гийн ... тоот дансанд 15.250.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хохирогчийн өмгөөлөгчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулахаар заасан бөгөөд мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заажээ. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор” заасан байна. Төлбөрийн чадваргүй хохирогчид улсын өмгөөлөгч томилсон тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байх бөгөөд төлбөрийн чадвартай хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, иргэд хоорондын сайн дурын, чөлөөт сонголтын үндсэн дээр хийгддэг хэлцэл байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ингэхдээ улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчийн буруутай үйлдлээс болсон байдлыг харгалзан прокуророос оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялыг хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ч.О нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдэж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Ч.О-ын В ангиллын ...- дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул ноён овогт Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдэж байна
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Ч.О-ын В ангиллын ...- дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ