Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2389

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/02389

            Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  тоотод байрлах “Ш”ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Анома, 72 дугаар байрны 16 тоотод оршин суух Ц овогт Д-ын Б /РД: /,

        Хариуцагч: Дархан-Уул аймгийн тоотод оршин суух Т овогт Ч-ийн Б /РД:/ нарт холбогдох,

        “Ш”ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрөл болон татварын актуудаар тавигдсан татварын өр 13.711.180 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв /ШТЭҮД:0801/, хариуцагч Д.Бгийн төлөөлөгч Г.Буянбадрал, хариуцагч Ч.Б гийн төлөөлөгч Ч.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

         Нэхэмжлэгч “Ш”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Иргэн М.О нь 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс “Ш”ХХК-ийг Ч.Б, Д.Б нараас хууль журмын дагуу шилжүүлэн авсан юм. Компанийг шилжүүлэн авахдаа бид 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталгаа бичиж, нотариатаар батлуулсан. Энэ баталгаанд бичихдээ “Ш”ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнөх хугацаанд гарсан төлбөр тооцоо, борлуулалт, худалдан авалт, тайлан баланс, татвар, санхүүгийн байгууллагатай холбогдох тооцоог тухайн компанийн захирал, удирдлагууд хариуцах болно, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших хугацааны тооцоог дараагийн эрх хүлээн авагч М.О хариуцна гэж бичиж баталгаажуулсан юм. Гэтэл Ч.Б , Д.Б нарын “Ш”ХХК-ийг хариуцаж байсан тэр үеийн татварын өр нь М.О намайг тус компанийг шилжүүлэн авах үеэс хойш гарч ирсэн. Үүнд: 1. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 232922 тоот актаар 93551900 төгрөгийн зөрчилд ногдуулсан 5.854.000 төгрөгийн нөхөн татвар, 2.753.100 төгрөгийн торгууль, 434700 төгрөгийн алданги, 15000 төгрөгийн хүү, нийт 9.056.800 төгрөгийн төлбөр тавигдсан болно. 2. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 230013746 тоот татварын хяналт шалгалтын актаар тус компанийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустлах хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 276364.40 төгрөгийн нөхөн татварын 829090.90 төгрөгийн торгууль, 1061653.60 төгрөгийн алданги, нийт 4.654.380 төгрөгийн төлбөр тавигдсан болно. Дээрх төлбөрүүдийг нэн даруй төлж барагдуулахыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс манай “Ш”ХХК-д шардлага тавьж байгаа юм. Энэ төлбөрүүд нь Ч.Б , Д.Б нарын компани хариуцаж байсан үеийн төлбөрүүд учир энэ хоёр хүнээр төлүүлэх үндэслэлтэй. Иймд Ч.Баасансзрэн, Д.Б нараас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 232922 тоот актаар тавигдсан 9.056.800 төгрөг, 230013746 тоот актаар тавигдсан 4.654.380.90 төгрөг, нийт 13.711.181 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харин Ч.Б , Д.Б нар нь тус компанийг шилжүүлэн өгөх үедээ компанийн барилга угсралтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгнө гэсэн боловч өгөөгүй учир “Ш”ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрлийг гаргуулахаар шаардсан боловч энэхүү шаардлагаасаа татгалзаж байна гэв.

            Хариуцагч Д.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Д.Б би 2007-2012 онуудад тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч, 2012-2013 онуудад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн өмчлөх эрхийг Сэлэнгэ аймгийн иргэн М.Оад тодорхой нөхцөл тохирсны үндсэн дээр шилжүүлэн өгөх ажлыг гардан зохион байгуулсан болно. Иймд би тухайн үед цалинтай ажилтан байсан бөгөөд компанийн өмнөөс төлбөр хариуцах эрх бүхий этгээд биш болно. М.Отай тухайн үед үйлдсэн бичиг баримтад дурдсанчлан би компанитай холбоотой өр авлагыг ил тод танилцуулж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 232922 тоот актыг эх хувиар нь гардуулж, уг актаар тавигдсан 9.056.800 төгрөгийн торгуулийг М.О компанийг худалдан авах төлбөрт оруулан тооцож гэрээ хийхээр тохиролцож, үйл ажиллагаагаа саадгүй явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор гэрээ хийж төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээс өмнө хувь эзэмшигч *******, Ш  нараас бэлэглэлийн гэрээгээр тус бүрийн эзэмшдэг 10 хувийг шилжүүлэн өгсөн болно. Иймд уг нэхэмжлэхэд дурдагдсан 9.056.800 төгрөгийг “Ш”ХХК-ийн өмнөх удирдлагууд хариуцахгүй болно. Уг нэхэмжлэхэд дурдагдсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 230013746 актаар тавигдсан 465480.90 төгрөгийн төлбөртэй асуудалтай холбоотой асуудлыг би анх удаа сонсож байгаа бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буюу компаний өмчлөх эрхийг шилжүүлснээс хойш хийгдсэн ажил байх тул би үүнийг баталгаажуулсан гарын үсэг зурах боломж нөхцөлгүй бөгөөд баталгаажуулж байгаагүй болно гэжээ.

            Хариуцагчийн Д.Бгийн төлөөлөгч Г.Буянбадрал шүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Анх 2007 онд Ч.Бнь “Ш”ХХК-ийг үүсгэн байгуулж,  Ч.Бнь 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан. 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ч.Бнь  өөрийн эзэмшиж байсан  компанийн 100 хувийн хувьцаанаас 60 хувийн хувьцааг Д.Бд худалдсан ба 30 хувийн хувьцаагаас Б.Ш , В.*******, Б.******* нарт тус бүрт 10 хувийн хувьцааг бэлэглэж, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус бүрт нь хийж компанийн хувьцаа эзэмшигчид 5 болж өөрчлөгдсөн. 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.Б миний бие Ч.Б д  өөрийн эзэмшдэг  60 хувийн хувьцаагаа худалдаж, эрх шилжүүлэх гэрээ байгуулан түүнд компанийн 60 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөн.:  Үүнээс хойш компанийг  М.Оад худалдах хүртэлх хугацаанд хувьцаа эзэшигчдэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй ба  тухайн үед Ч.Б70 хувийн, Б.Ш , В.*******, Б.******* нар тус бүр 10 хувийн  хувьцааг эзэмшиж байсан ба хариуцагч Д.Б нь компанид ямар  нэгэн хувьцаа эзэмшдэггүй, компанийн хувьцаа эзэмшигдийн олгосон эрхийн дагуу гэрээ байгуулан компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тухайн үед компанийн жинхэнэ эзэд болох хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр компанийг Миеэ овогтой Оад худалдахаар болж, уг ажлыг зохион байгуулахыг гүйцэтгэх захирал болох Д.Б надад хариуцуулсан. Миний бие компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй боловч компанийн өмнөөс хариуцлага хүлээх, компанийн ашиг орлогоос хувь хүртэх, компанид учирсан хохирол, алдагдлыг хариуцах эрх бүхий этгээд биш, эдгээр нь зөвхөн компанийн жинхэнэ эзэд болох хувьцаа эзэмшигчид байх тул баталгаан дээр гарын үсэг зурахдаа компанийн нийт хувьцааны 70 хувийн хувьцааг  эзэмшигч Ч.Б гийн хамт гарын үсэг зурсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж зааснар компанийн хувьцаа эзэмшигчид  компанийн өр төлбөрийг хариуцна. Дээрх баталгаан дээр гарын үсэг зурсан нь  хэрэв компанийг М.Оад шилжүүлэхээс  өмнөх хугацаанд гарсан төлбөр тооцоо, борлуулалт, худалдан авалт, тайлан баланс, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоот баримт бичгүүд болон банк, татвар, санхүүгийн байгууллагатай холбогдох тооцоог компанид хувьцаа эзэмшигчдээр нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлагаар хангах үүргийг хүлээхээр зурсан. Д.Б нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, компанийг  М.Оад  худалдах ажлыг зохион байгуулж байсны хувьд  2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  232922 дугаартай татварын  улсын байцаагчийн актыг  компанийн эрхийг  М.Оад шилжүүлэхээс өмнө  шударгаар түүнд энэхүү татварын асуудлыг  мэдэгдсэн. Түүнд татварын актыг танилцуулсан болох нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “ШХХК-ийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч буй Миеэ овогтой Оад тус компанийн гүйцэтгэх захирал Д.Бгаас бичиг баримт болон албан тушаал, эрх үүргээ хүлээлгэн өгсөн баримт”-д тусгагдсан: “Ч.Б гийн зөвшөөрлөөр  компанийн баримт бичгүүдийг  М.Оад хавсралт№1-ээр хүлээлгэн өгөв.  Гүйцэтгэх захирал  Д.Б нь М.Оад компанийн болон  бусад  хууль тогтоомжид заасан эрх, үүргийн дагуу компанийн өглөг, авлага, үйл ажиллагааны  талаар үнэн бодит мэдээллийг нээлттэй өгч танилцуулсныг талууд хүлээн зөвшөөрч байна” гэж тусгасан болон уг баримтын №1 дугаартай хавсралтын 15-д “Хан-Уул дүүргийн татварын шалгалт хийсэн тухай акт 2013.10.30-ны 5 хуудас” гэж тэмдэглэгдсэн байгаагаас харж болно. Татварын улсын байцаагчийн №232922 дугаартай актаар манай компанид  9.056.800 төгрөгийн татварын төлбөр тавигдсан байсан ба тухайн үед компанийн хувьцаа эзэмшигчдэд болон  дээр дурдсанчлан компанийг худалдан авах гэж байсан М.Оад мөн адил дээрх  төлбөрийг мэдэгдсэн. Ингээд дээрх төлбөрийг  компанийг худалдан авах үнэд оруулан  тооцуулаач гэж тохиролцсон ба энэ тохиролцооны дагуу компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ш  нь өөрийн хувьцаагаа М.Оад бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулан шилжүүлэн өгч, Ч.Бнь компанийг М.Оад  худалдсаныхаа дараа Б.Ш т хувьцааных нь үнэ болох 10.000.000 төгрөгийг  төлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл М.О нь компанийг худалдан авахдаа дээрх татварын  улсын байцаагчийн актаар төлөхөөр шийдвэрлэсэн 9.056.800 төгрөгийн төлбөрийг  мэдэж байсан ба энэ төлбөрийг өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Мөн ШХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу М.О  компанийг худалдан авч, өөрт нь  эрх шилжсэнээс хойш 2 жил 5 сарын дараа дээрх акттай холбоотой нэхэмжлэлтийг шүүхэд гаргаж байгаа нь М.О нь компанийн хувьцаа эзэмшигчидтэй тохирсноо зөрчиж, хуурамч тайлбарыг шүүхэд гаргасан байна гэж Д.Б үзэж байна. Компанийн хувьцаа эзэмшигч асан Б.******* нь 2013 оны 11 дүгээр сард буюу  компанийг М.Оад худалдах үед М.Отай харилцан тохиролцож, өөрийн эзэмшдэг  10 хувийн хувьцааг 10.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож, өөрийн хувьцаагаа  бэлэглэлийн болон  эрх шилжүүлэх гэрээ байгуулан М.Оад шилжүүлсэн боловч М.О нь одоог хүртэл хувьцааны үнийг төлөөгүй талаар Д.Б надад мэдэгдсэн. Мөн компанийн хувьцаа эзэмшигч асан В.******* нь Б.Ш той адил  байдлаар Ч.Б , М.О нартай тохиролцож өөрийн хувьцаагаа  М.Оад  бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байдаг. Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №230013746 дугаартай акт  нь “Ш”ХХК-ийн  2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх  хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, дээрх  төлбөрийг компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн.  Миний бие Д.Б нь өөрийн эзэмшиж байсан  “Ш”ХХК-ийн 60 хувийн хувьцаагаа 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ч.Б д  эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэнг өгсөн ба  2012 оны  татварын тайлан гаргах үед  компанийн жинхэнэ өмчлөгч буюу хувьцаа эзэмшигч байгаагүй,  зөвхөн хувьцаа эзэмшигчидтэй  байгуулсан гэрээний дагуу тус компанийн гүйцэтгэх захирлаар  ажиллаж байсан. Ч.Бболон Д.Б нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан баталгаатай төсөөтэй болон ямар нэгэн компанийн  өр төлбөрийг хариуцах талаар албан баримт байхгүй. Иймд дээрх төлбөрийг хариуцах этгээд нь Д.Б  биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Ч.Б гийн төлөөлөгч Ч.Булгантамир шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: “Ш”ХХК-ийг М.Оад хүлээлгэж өгөхөөс өмнө татварын өр төлбөрийг Б.Ш ын 10 хувийн хувьцаагаар төлье гэж тохиролцсон “Ш”ХХК-ийн тамга тэмдэг бүхий хувьцаа эзэмшигчдийн хэлцэл хэрэгт байсаар байхад нэхэмжлэл гаргах үндэслэлгүй байна. Энэхүү нэхэмжилж байгаа мөнгө татварын мөнгө байгаа. Тэгэхээр Ч.Б2015 онд батлагдсан Татварын өршөөлийн хуульд хамруулах боломжтой байсан. Иймд энэхүү татварын өрийг хэн төлөх талаар өмнө нь талууд тохиолцсон байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

      Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

        Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч “Ш”ХХК-ийн захирал М.Оад боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Нэхэмжлэгч “Ш” нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ч.Б , Д.Б нарт холбогдуулан “Ш”ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрөл болон татварын актуудаар тавигдсан татварын өр 13.711.180 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ш”ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрлийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, татварын актуудаар тавигдсан татварын өр 13.711.180 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзлээ.     

            Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харьдцаг, 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гадаад, дотоод худалдаа, барилгын модон хийц, бэлдэц, модон эдлэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлал чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан, 5142997 тоот регистрийн дугаартай “Ш”ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 4 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд компанийн 70 хувийн хувьцааг Ч.Б , 10 хувийн хувьцааг Б.Ш , 10 хувийн хувьцааг В.*******, 10 хувийн хувьцааг Б.******* нар тус бүр эзэмшиж  байсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон лавлагаагаар нотлогдож байна. /хх-3, 80

            2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Б.*******аас бусад гишүүд болох В.*******, Б.Ш , Ч.Бнарыг хувьцаа эзэмшигчээс чөлөөлөн, компанийн 90 хувийн хувьцааг М.Оын эзэмшилд  хувьцаа худалдах болон бэлэглэх гэрээгээр шилжүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-93/

            Үүний дагуу М.О нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ш , В.******* нартай бэлэглэлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ч.Б тэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, тэдний эзэмшлийн “Ш”ХХК-ийн 90 хувийн хувьцааг шилжүүлэн авсныг 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр “Ш”ХХК-ийн 90 хувийн хувьцааг эзэмшигч болж, мөн тус өдрөөс хойш “Ш”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. /хх-3, 73-74, 77-78, 81-83, 88-91/

            Дээрх компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон бэлэглэлийн гэрээ нь  талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.       

            “Ш”ХХК-ийн хувьцааг худалдсан Ч.Бболон тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Б, компанийн хувьцааг худалдан авсан М.О нар 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “баталгаа” гэх баримт үйлдэж, “Ш”ХХК-ийг худалдах, худалдан авах явцад 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнөх хугацаанд гарсан төлбөр тооцоо, борлуулалт, худалдан авалт, тайлан баланс, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, баримт бичгүүд болон банк, татвар, санхүгийн байгууллагатай холбогдох тооцоог тухайн компанийн захирал, удирдлагууд хариуцах болно, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших хугацааны тооцоог дараагийн эрх хүлээн авагч М.О хариуцна” гэж тохиролцсон байна. /хх-16-18/

            Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 232922 тоот актаар “Ш”ХХК-д 5.854.000 төгрөгийн нөхөн татвар, 2.753.100 төгрөгийн торгууль, 434.700 төгрөгийн алданги, 15000 төгрөгийн хүү ногдуулж, нийт 9.056.800 төгрөг төлүүлэхээр, мөн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 230013746 тоот актаар “Ш”ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2.763.636.40 төгрөгийн нөхөн татвар, 829.090.30 төгрөгийн торгууль, 1.061.653.60 төгрөгийн алданги ногдуулж, нийт 4.654.380 төгрөгийг төлүүлэхээр тус тус шийлвэрлэжээ. /хх-6-10, 14-15, 94/

            Нэхэмжлэгч “Ш”ХХК нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №232922 тоот актаар тавигдсан 9.056.800 төгрөгийн төлбөр, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №230013746 тоот актаар тавигдсан 4.654.381 төгрөгийн төлбөр, нийт 13.711.181 төгрөгийн төлбөр нь дээрх баталгаанд заасан 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнөх хугацааны өр төлбөр учир компанийн эрхийг шилжүүлсэн Ч.Б , Д.Б нараас татварын өр 11.711.181 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Д.Б нь тухайн үед “Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаагүй бөгөөд зөвхөн хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учир компанийн өр төлбөрийг хариуцахгүй гэсэн үндэслэлээр, хариуцагч Ч.БМ.О нь хувьцаа эзэмшигч Б.Ш ын эзэмшлийн 10 хувийн хувьцааг шилжүүлэн авсны оронд компанийн татварын өглөг 9.056.800 төгрөгийг өөрөө хариуцан төлөхөөр тохиролцсон тул дээрх татварын өр, төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагч нарын татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь тухайн үед “Ш”ХХК-ийн гүйцэгэх захирлаар ажиллаж байсан хариуцагч Д.Бгийн хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компанид хохирол учирсан болох нь тогтоогдохгүй, татварын улсын байцаагчийн актаар компанид нийт 11.711.181 төгрөгийн татварын өр, төлбөр тавигдсаныг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бгаас нэхэмжилсэн нь Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

            Хариуцагч Д.Б нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Ш”ХХК-ийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч буй М.Оад бичиг баримт болон албан тушаал, эрх үүргээ хүлээлгэн өгөхдөө 9.056.800 төгрөгийн татварын төлбөр ногдуулсан Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 232922 тоот акт болон түүний хавсралтууд бүхий 5 хуудас баримтыг хүлээлгэн өгсөн, 4.654.381 төгрөгийн татварын төлбөр ногдуулсан 230013746 тоот акт нь албан тушаал, эрх үүргээ хүлээлгэж өгсөнөөс хойш 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн байх тул түүнийг Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.3-т заасан мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. /хх-19, 69-70/

            Түүнчлэн хариуцагч Д.Б нь “Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш бөгөөд “Ш”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь татварын өр төлбөрийг хариуцах үндэслэл болохгүй.

            Хариуцагч Ч.Бнь “Ш”ХХК-ийн хувьцааны 70 хувийг эзэмшиж байсан учир өөрийн мэдлийн хувьцааг шилжүүлэн өгөхдөө 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнөх хугацааны “төлбөр тооцоо, борлуулалт, худалдан авалт, тайлан баланс, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, банк, татвар, санхүүгийн байгууллагатай холбогдох тооцоо”-г өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцахаар “баталгаа” гаргасан нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасантай нийцэж байна.

            Нэхэмжлэгч Ш”ХХК-ийн гүйцэтгэх захирал М.О нь компанийн 90 хувийн хувьцааг шилжүүлэн авахдаа компанийн 20 хувьцааг эзэмшигч Б.Ш , В.******* нараас шилжүүлэн авахдаа компанийн татварын актын төлбөр болох 9.056.800 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь холбогдох баримтаар тогтоогдохгүй байна.

            Хэдийгээр иргэн Б.Ш , В.******* нар нь энэ талаар бичгээр тайлбар гаргасан боловч энэхүү баримтууд нь нотариатаар гэрчлэгдээгүй, тухай этгээдүүд гэрчлэн мэдүүлээгүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. /хх-71, 75,110/

            Хариуцагч Ч.Б гээс гаргаж өгсөн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцэл гэх баримт нь зөвхөн “Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Б , Б.Ш , В.******* нарын хооронд хийгдсэнээс бус компанийг хувьцааг шилжүүлэн авсан М.Отай хийгдээгүй, хувьцаа худалдан авсны төлбөрт компанийн татварын өр 9.056.800 төгрөгийг төлнө гэсэн зөвшөөрөл байхгүй, энэ тухай хувьцаа худалдах, худалдан авах болох бэлэглэх гэрээнд тусгагдаагүй байна. /хх-108/

            Мөн М.Оын  “Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ш , В.******* нартай 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан  бэлэглэлийн гэрээнд  уг компанийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж байгаа талаар дурдсан байгаа нь хариу төлбөр шаардаагүй болохыг нотолж байна.

            Иймд хариуцагч Ч.Б гийн М.О нь хувьцаа эзэмшигч Б.Ш ын эзэмшлийн 10 хувийн хувьцааг шилжүүлэн авсны оронд компанийн татварын өглөг 9.056.800 төгрөгийг өөрөө хариуцан төлөхөөр тохиролцсон гэх татгалзал үндэслэлгүй байна.

            “Ш”ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч байсан Ч.Бнь компанийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнөх хугацааны аливаа төлбөр тооцоог хариуцахаар компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлэн авч буй этгээд болох М.Оад баталгаа гаргасан нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг  худалдан авагчид  биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

            Маргааны зүйл болсон татварын өр төлбөр нь талуудын тохиролцсон 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнөх хугацааны өр төлбөр байх тул  компани нь өмнөх хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.

            Иймд “Ш”ХХК-нд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс ногдуулсан татварын өр болох 13.711.181 төгрөгийг хариуцагч Ч.Б гээс гаргуулж нэхэмжлэгч “Ш”ХХК-нд олгох нь хуульд нийцэх ба хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Мөн нэхэмжлэгч “Ш”ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Ч.Б , Д.Б нараас “Ш”ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрлийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж  226.506 төгрөгийг хариуцагч Ч.Б гээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 260.3, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Ч.Б гээс 13.711.181 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш”ХХК-нд олгон, мөн зүйл хэсэгт заасан үндэслэлгүй тул Д.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ш”ХХК нь хариуцагч Ч.Б , Д.Б нараас “Ш”ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрлийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 226.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б гээс улсын тэмдэгтийн хураамжинд 226.506 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш”ХХК-нд олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР