Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/428

 

 

 

   2019          02        15                                                                            

 

 

 

2022          04             22                                2022/ШЦТ/428

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Хэргийн индекс: .../Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Шагдар,

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б. овогт А.Мд холбогдох ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.. аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын менежих мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 төрсөн ахын хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт А.М, /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь үргэлжилсэн үйлдпээр 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр инстэграм цахим хэрэгсэлд “...- ” гэх нэртэй хаягаар хохирогч Д.Н-ээс“Айфоне 12 про” загварын гар утасны захиалга аван бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 1.850.000 төгрөгийг “Хаан” банкны ...- дугаартай дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Кориа оне /когеа фоне/ гэсэн нэрээр инстаграм цахим хуудсанд “20 хувийн хямдралтай төрөл бүрийн утасны захиалга гэсэн” хуурамч зар байршуулан улмаар зарын дагуу Төв аймгийн Алтанбулаг сумаас холбогдсон иргэн Б.Н-ийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “Хаан” банкны ...- дугаартай дансаар 1.100.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэлд “Amarsanaa Handaa” гэсэн цахим хаягаар “гар утас худалдана” гэсэн хуурамч зар байршуулан улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хохирогч П.А-ийг зарын дагуу холбогдон ярихад “Айфоне 11” загварын гар утас худалдана хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “Хаан” банкны ...- дугаарын дансаар 1.180.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулан нийт 3 хүнд 4.130.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Шүүгдэгч А.М нь үргэлжилсэн үйлдпээр 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр инстэграм цахим хэрэгсэлд “...- ” гэх нэртэй хаягаар хохирогч Д.Н-ээс“Айфоне 12 про” загварын гар утасны захиалга аван бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 1.850.000 төгрөгийг “Хаан” банкны ...- дугаартай дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч Д.Н-ийн “2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим “Инстаграм” цахим хаяг дээр “...- ” гэх хаягруу өөрийн “Davaanamnamceceg" гэх инстраграм цахим хаягаар Айфоне 12 маркийн гар утас байна уу гэж харилцсан. Тухайн үед надруу хариу мессэжээр байгаа гэж Korea Айфоне гэх хаягтай хэрэглэгч бичсэн. Тэгэхээр нь загвар өнгөө сонгоод хэлсэн. Тэгсэн чинь байгаа гэсэн Тэгээд би хэсэг бодож сууж байгаад авах тухай чат бичсэн чатны утга нь надад одоогоор мөнгө алга урьдчилгаа ядаж 150.000 төгрөг шилжүүлчих үү та захиалаад өгөх үү гэхэд болно гээд надаас иргэний үнэмлэхний тодорхойлолт болон оршин суугаа газрын тодорхойлолт нэхсэн. Таньд итгэхгүй байгаа учраас энэ 2 тодорхойлолтыг авсан. Тэгээд маргааш нь бичээд мөнгө чинь орсон байна гэхэд би гар утсаа ядаж үзэж болох уу гэхэд очихоороо үзээд аваарай гэсэн. Тэгээд дараа нь ямарч байсан гар утас Монголд буух үед 750,000 төгрөг шилжүүлнэ шүү гэсэн. Үлдэгдэл мөнгийг дараа боломжтой үедээ өгч болно гэсэн. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр банкнаас зээл аваад 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 12-3 хоногийн дотор гар утас чинь очих юм байна шүү гэж хэлж байсан. Тэгээд 15-ны өдөр гар утас чинь очиж байгаа шүү гэсэн ба дараа нь би 18-ны өдөр гар утас чинь хил дээр хүлээгдээд байна гэсэн. Дараа нь намайг 20-ны өдөр блок хийгээд алга болсон байсан. Тэгээд миний бие залилуулсан гэж мэдсэн. ...- -aac холбогдож байна нэрээ хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-н 28-29 тал/

Яллагдагч А.М-гийн “Хаан” банкны данс хуулга /хх-н 31-34, 40-48 тал/

Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 49-50 тал/

мөнгө шилжүүлсэн баримтууд /хх-н 18-19 тал/

Мессэжээр харилцаж байсан баримтууд /хх-н 20-23 тал/

Яллагдагч А.М-гийн “Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Би Фэйсбүүк болон Инстеграмаар гар утас захиалга авна гэж өөрийн танихгүй 3 хүнрүү чат бичсэн. Би тухайн үед өөрийн хуурамч Фэйсбүүк, акаунт нээгээд захиалга авна гэж, уг 3 хүнрүү мессенжер чат бичсэн. Тэгээд А гэсэн фэсбүүк хаягтай хүнээс 1,180,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар шилжүүлэн авсан. Дараагийн 2 хүнээс инстеграмаар захиалга авна гэж нэг хүнээс нь урьдчилгаа 150.000 төгрөг аваад, дараа нь 1,700,000 төгрөгийн өөрийн Хаанбанкны дансаар авсан. Өөр нэг хүнээс 1,100,000 төгрөг өөрийн Хны дансаар шилжүүлэн авсан. Би тухайн хүмүүсийг танихгүй, одоо угхүмуүсийн нэрийг нь мэдэхгүй байна. Уг 3 хүнээс утас захиалга авна гэж чат бичиж, уг хүмүүсээс өөрийн Хны 57008868667 гэсэн дансаар мөнгө авсан ...хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан” гэх мэдуүлэг/хх-н 10/ зэрэг болно.

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Кориа оне /когеа фоне/ гэсэн нэрээр инстаграм цахим хуудсанд “20 хувийн хямдралтай төрөл бүрийн утасны захиалга гэсэн” хуурамч зар байршуулан улмаар зарын дагуу Төв аймгийн Алтанбулаг сумаас холбогдсон иргэн Б.Н-ийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “Хаан” банкны ...- дугаартай дансаар 1.100.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч Б.Н-ний “...би 2022 оны 01 дугээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Аптанбулаг суманд байх үедээ “Инстаграм” харж байгаад “Кориа фоне” /Korea phone/ гэсэн нэртэй хүний стори дээрээс 20 хувийн хямдралтай төрөл бүрийн утасны захиалга гэсэн пост хараад тухайн хаяг руу өөрийн “N” гэсэн инстаграм хаягнаасаа “Самсунг эс-20 загварын гар утас сонирхож байна хэдэн төгрөгний үнэтэй вэ?” гэсэн чинь 1.100.000 гэж хэлсэн. Би уг гар утсыгхудалдаж авахаар болоод маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хны М нэртэй ...- гэсэн данс руу 1.100.000 төгрөгийг өөрийн Хны 5431023181 гэсэн данснаас шилжүүлсэн. Би 2022 оны 02 дүгээр сарын 19-ний өдөр “Кориа фоне” /Korea phone/ нэртэй инстаграм руу чат бичих гэсэн чинь хаяг нь устсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 68-69 тал/

Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 80 тал/

Хохирогч Б.Н эзэмшигчтэй 5431023181 /хх-н 73-79 тал/

Яллагдагч А.М эзэмшигчтэй ...- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 86 тал/

Яллагдагч А.М-гийн “Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нандин- эрдэнэ гэх иргэнтэй цахимаар холбогдож “Айфоне 11" загварын гар утсыг 1.100.000 төгрөгөөр худалдна гэж худал хэлээд өөрийн “Хаан” банкны ...- гэсэн дуансаар авсан нь үнэнхувийн хэрэцээндээ зарцуулаад дууссан” гэх мэдүүлэг /хх-н 60 тал/ зэрэг болно.

 

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэлд “Amarsanaa Handaa” гэсэн цахим хаягаар “гар утас худалдана” гэсэн хуурамч зар байршуулан улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хохирогч П.А-ийг зарын дагуу холбогдон ярихад “Айфоне 11” загварын гар утас худалдана хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “Хаан” банкны ...- дугаарын дансаар 1.180.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулан нийт 3 хүнд 4.130.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч П.А-ийн “...2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр феисбүүк дээр гар утас авна зарна гэсэн постны доор Айфон 11 худалдаж авна гэх утгатай сэтгэгдэл үлдээсэн юм. Тэгтэл А.Х гэсэн цахим хаягнаас над руу чат ирээд Айфон 11 загварын хар өнгийн гар утасны зураг явуулаад 1.180.000 төгрөг гэж явуулсан. Тэгээд би өөр өнгө байгаа юу гэж асуухад байгаа гээд над руу дахин гар утаснуудын зураг явуулсан юм. Тэгээд би 2,3 хоногоод холбогдоё гэж хэлээд дахин холбоо бариагүй юм. Тэгээд 03 дугаар сарын 02-ний өдөр 11 цагийн орчимд над руу тус цахим хаягнаас чат бичээд гар утсаа авах хэвээрээ байгаа гэх мэт утгатай чат ирүүлсэн юм. Тэгээд би захиалахаар болоод өнгө, загвар, марк зэрэгээ ярилцсан. Тэгээд төлбөрөө яаж хийх вэ гэж асуухаар нь бүтэн хийнэ гэж хэлсэн. Тэгээд над руу чатаар Х-ны 5041272380 дугаарын дансыг явуулахаар нь би тус данс руу өөрийн Х-ны 5286128053 дугаартай данснаас 1.180.000 төгрөгийг 96199620 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд төд удалгүй над руу тус данснаас шилжүүлсэн мөнгө минь буцаагдсан байсан учир юу болсон талаар асуухад ээлжийн амралтаа маргааш авч байгаа учир өөр данс руу хийчих гээд Хны ...- дугаартай М гэх эзэмшигчтэй дансыг явуулахаар нь би 1.180.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 03 сарын 06-ний өдөр миний харьцсан цахим хэрэглэгч хуурамч байсан ба намайг блоклочихсон” гэх мэдүүлэг /хх-н 100 тал/

 Мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 103-104 тал/

 Мессэнжэрээр харилцсан баримтууд /хх-н 105-108 тал/

 Яллагдагч А.М-гийн “Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А гэх иргэнтэй цахимаар холбогдож Айфоне 11 загварын гар утсыг 1.180.000 төгрөгөөр худалдана гэж худал хэлээд өөрийн Х-ны ...- гэсэн дансаар авсан нь үнэн. ...хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан” гэх мэдүүлэг/хх-н 96 тал/

 Хохирлын мөнгө төлсөн баримтууд /хх-н 121-123 тал/ болон энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч А.М нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч А.М-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нт 1.850.000 төгрөг, Б.Нд 1.100.000 төгрөг, П.Аэд 1.180.000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Шүүгдэгч А.М нь хохирогч Д.Н-т 1.850.000 төгрөг, Б.Нд 1.100.000 төгрөг, П.А-эд 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, залиулсан мөнгөө буцаан авсан талаарх хүсэлт хавтаст хэргийн 89, 90 талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч А.М-д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийг торгох ял  оногдуулъя гэснийг, шүүгдэгч нь “ хөнгөн ял оногдуулаач” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч А.М-гийн хохирогч Д.Н, Б.Н, П.А нарыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурч залилсан үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг нь өрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч нарт хохирол учруулсан байдал, хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б. овогт А.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.Мг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.А