Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/757

 

 

 

 

 

  2022         07          22                                  2022/ШЦТ/757

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Хохирогч А.М түүний өмгөөлөгч А.Туул,

Шүүгдэгч Д.Д түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

Гэрч Д.М, Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Дд холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 19... оны 05 дүгээр сарын 03-ны өдөр Д... аймгийн Х... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хамгаалалтын ажилтан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /,

           2. Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны урд талын зам дээр жолооч Л.Хтай үүссэн маргааны явцад, тухайн газраас зугтаж байхдаа маргааныг салгахаар ирсэн хохирогч А.Мын баруун хөл рүү нь өшиглөж биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун шагайн гадна хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би ажлынхантайгаа хамт явж байгаад явган хүний гарцаар гарах гэж байхад нэг машин их хурдтай явж байгаад зогссон. Манай ажлын нэг залуу уг машиныг өшиглөсөн. Гэтэл нэг залуу бууж ирээд маргаан болсон. Тэгээд би тэднийг салгах гэж байсан. Удалгүй зөндөө олон такси хүрч ирээд жолооч нар нь гарч ирээд зодох гэсэн. Би зугтаж байгаад бүдэрч унасан. Тэр үед намайг барьж авсан. Миний унасан газар хохирогч М бас унаад газар сууж байсан. Би бол Мыг өшиглөж унагаагаагүй. Үүнийг харсан гэрч байгаа. Тэр үед бид согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Тэгээд цагдаа нар ирж миний согтолтын зэргийг тогтоохгүйгээр  хорьсон...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Дд хууль зүйн үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш зохих зөвлөгөө өгч тайлбарлаж байсан. Гэтэл миний үйлчлүүлэгч эхнээсээ би энэ хэргийг үйлдээгүй гэсэн. Иймд гэм буруутай маргаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хөлийн шагай хэсэгт шалбарсан байдаг. Д мэдүүлэхдээ намайг зугтаж байхад М боржуур дээр унаад газар сууж байсан гэдэг. Хохирогч зүүн зүг зугтсан гэдэг. Харин гэрч нар баруун зүг рүү гүйсэн гэж байгаа. Унаагүй миний урд ямар ч хүн байгаагүй гэдэг. Би шүүхийн шатнаас энэ хэрэгт өмгөөлөгчөөр орсон. Бодит байдлыг нүдээрээ харсан 2-3 гэрч байдаг. Яагаад тэр гэрч нараас мэдүүлэг аваагүй юм бэ. Тийм учраас энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа төлбөр нотлогдохгүй байна. Компаниас нь орлогын талаар баримт гаргаж өгсөн ч дансны хуулганд 1.700.000-2.000.000 төгрөгийн орлого харагдахгүй байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.М мэдүүлэхдээ “...Тухайн үед 03 цагийн үед манай нэг жолооч над руу залгаад намайг зодоод байна гэж хэлсэн. Би ойр байсан тул эхэлж очсон. Тэгээд зам дээр аваараа асаагаад зогсож байсан. Би бүгдийг байж бай цагдаа ирнэ гэхэд эргээд харахад Д миний ард зогсож байгаад намайг өшиглөсөн. Тэгээд би эмнэлэгт очсон...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч А.Туул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр Дгийн гэм буруу нотлогдож байна. Хохирогч сахрын өвчтэй, хагалгаанд орох гэхэд булчингийн зангирал байсан тул энэ зангирлыг тавихаар хагалгаа хийнэ гээд 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Хохирогч гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал нь улсаас, ажлаас, ах дүү нараас нь төлсөн. Ажилгүй байх үеийн цалингаа нэхэмжилж байгааг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Хагалгаанд орсон ч зарим яс нь эдгэрээгүй, одоо цаг агаар муудахад өвддөг. Д гэм буруугаа хүлээхгүй байгаа нь зохимжгүй байна. Түүний цалинг 4 сараар бодсон 6.800.000 төгрөгийг эхний ээлжид гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал, шүүгдэгч Д.Д нь 2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны урд талын зам дээр жолооч Л.Хтай үүссэн маргааны явцад, тухайн газраас зугтаж байхдаа маргааныг салгахаар ирсэн хохирогч А.Мын баруун хөл рүү нь өшиглөж биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун шагайн гадна хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Мын өгсөн  “... 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуудлагын жолоочоор ажиллаж байсан, тухайн үед манай нэг жолоочоос Монгол Улсын Их сургуулийн ойролцоо хүмүүст зодуулж байна гэх дуудлага ирсэн. Тэгээд би өөр нэг жолоочийн хамтаар очиход дуудлага өгсөн жолоочийн машин замын голд аваараа татаад зогссон байсан. Замын хойд талд буюу Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны урд манай жолооч газар унасан, орилсон, хэдэн хүн тойроод зогсож байсан ба намайг очиход тухайн залуучууд гүйгээд явсан. Хоёр залууг зогсоох гээд чадаагүй, эргээд хартал миний араас нэг залуу ирж байхаар нь би “багадаа ирж байгаа, хүлээж бай” гэж хэлээд гараа алдлаад зогссон чинь миний хөлийн дотор тал руу өшиглөсөн. Тэгээд би суугаад үлдсэн. Э тэр залуугийн араас гүйгээд явсан. Миний хөл рүү махлаг шар царайтай, 172-175 см орчим өндөртэй залуу өшиглөсөн, тухайн залууг цагдаа нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Хгийн өгсөн “...Тухайн үед миний унаж явсан 00-00 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын гуперийг өшиглөснөөс болж тэр хүмүүстэй маргалдсан. Тухайн асуудал шөнийн 3 цагийн орчим болсон, би бригадын хүмүүсээ дуудсан. М ахын хөл рүү тэнд байсан өндөр, махлаг, шар залуу өшиглөхийг манай бригадын 2-3 хүн харсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эы өгсөн “...Намайг машинаас буугаад очсон чинь урдаас нэг бүдүүн залуу ирсэн. Намайг шаардлага тавихад миний цээж хэсэг рүү түлхчхээд зугтсан. М мөн урдуур нь хаагаад зогсож байгаад гэнэт газар унасан бөгөөд нөгөө бүдүүн залуу цааш гүйж байгаад замын боржурт тээглээд унасан. Тэгээд гүйж очоод тухайн залууг барьж авсан. М дээр очиход хөл хугарчихсан байна гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мын өгсөн “...Г, Д.Д, Эрдэнэбаяр, Э, Абямба нарын хамт зам хөндлөн гарч байхад манай хэдийн нэг нь машиныг гараараа цохисон юм шиг байна лээ. Тэрнээс болж таксины жолоочтой маргалдсан, хаанаас ч юм нэлээн олон таксины жолооч гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4429 дугаартай “...А.Мын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун шагайн гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Дгийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогчийг би цохиогүй, миний тээглэж унасан газарт М бас тээглэж унасан...” гэх тайлбарыг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаагийн зүгээс мөн дээрх үндэслэлээр маргасан ч энэ нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Мын өгсөн “...Намайг өшиглөсөн хүн нь махлаг шар царайтай 172-175 см өндөр нөгөө хэдийгээ бодвол махлах хүн байсан бөгөөд тэр залуу миний хөлийг өшиглөсөн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирэхэд манай жолооч нар бусад залуучуудыг нь гаргасан байсан бөгөөд харин миний хөлийг өшиглөсөн гэх хүнийг эрүүлжүүлнэ гээд аваад үлдсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Хгын өгсөн “...Тухайн залуучуудтай маргалдаад би явуулахгүй гээд байж байтал ногоон өнгийн хувцастай тарган залуу намайг хавсарч унагаад миний толгой руу өшиглөсөн. Удалгүй УБ кабын жолооч нар ирэхэд нөгөө хүмүүс зугтаасан бөгөөд надад туслахаар ирсэн залуучууд араас нь хөөтөл намайг цохидог тарган залуу Мын ахын хөл рүү өшиглөхөд М ах унасан...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эы өгсөн “...Тухайн үед би дээрх залуучуудад хандан яагаад хүн зодоод байгаа юм бэ гэсэн шаардлага тавихад нэг залуу миний цээж рүү түлхээд зугтаасан. Тэгээд М буюу манай жолооч дахин урд нь хаах гээд орсон чинь М гэнэт унасан бөгөөд бүдүүн залуу цаашаа гүйж байгаад замын боржур тээглээд унасан...” гэх мэдүүлэг зэргээр тус тус үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ...” гэж,

Мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй...” гэж тус тус заасан бол,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэр бүхий гэрч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хууль сануулж авсан дээрх мэдүүлгүүдийг үгүйсгэх, няцаах үйл баримт тогтоогдохгүй байна.

Нөгөөтээгүүр хэдийгээр шүүгдэгч Д.Дашням нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Би хохирогчийг өшиглөөгүй...” гэж удаа дараа мэдүүлсэн ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” юм.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон гагцхүү хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар мэдүүлэгт үндэслэсэн болохыг дурдвал зохино.

Мөн гэмтлийн зэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн ангиллаар тогтоох бөгөөд дараах үндсэн шалгуур шинжээр гэмтлийн зэргийг тогтооно. Үүнд,

           -Амь насанд аюултай эсэх;

           -Эрүүл мэндийн байдлыг сарниулсан хугацаа;

           -Гэмтлээс үүссэн үлдэц уршиг байгаа эсэх;

        -Хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг үндсэн шалгууруудаар гэмтлийн зэргийг тогтоодог.

            Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

     -Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.

Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмтэл нь учирсан үедээ хүний амь насанд аюулгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай ч нөгөөтээгүүр тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулах буюу, эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулдаг.

Шүүгдэгч Д.Д нь хохирогч А.Мын эрүүл мэндэд биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун шагайн гадна хэсэгт зулгаралт бүхий гэмтлийг учруулсан байх бөгөөд энэ нь хохирогчийн хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-35 хувь алдагдуулсан хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дгийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч Д.Дг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон бөгөөд одоогоор төрийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байна. Эхнэр нь саяхан төрсөн ардаа 4 хүн тэжээдэг тул торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр шийтгэж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү ...” гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Камер байхгүй юм чинь та нар яаж нотлох юм гэж утсаар ярьж байсан бичлэг байгаа. Хохирогчийн хувьд амьжиргааны баталгаа алдагдсан. Ажил хийх боломжгүй болгож 4 сарын хугацаанд олох байсан төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Төрийн байгууллагад ажилладаг хүн тул ёс зүйтэй байх хэрэгтэй...”  гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.  

 

Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.  

Гурав. Бусад асуудлаар.

Хохирогч А.М нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд тооцон шүүгдэгч Д.Дгээс нийт 20.044.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн бодит хохирлыг нөхөн төлүүлэхдээ зөвхөн үнэн зөв баримтад тулгуурлаж байх учиртай бөгөөд харин ирээдүйд бий болох хохирлыг урьдчилан тооцоолж мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй юм.

 Өөрөөр хэлбэл хэдийгээр шүүгдэгч Д.Дгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч А.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх тогтоосон ч тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид хэчнээн төгрөгийн бодит хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд, хохирогч А.Маас гаргасан 20.044.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д.Дг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай этгээд болох Д.Дгээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Д.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 400 /Дөрвөн зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР