Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/427

 

2022         04             22                                     2022/ШЦТ/427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: ...

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Н,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Б,

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимэдсүрэн овогтой О.Э-ад холбогдох эрүүгийн “2....” дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19. ..оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй,... настай, дээд боловсролтой, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг , урьд ял шийтгэлгүй Чимэдсүрэн овогтой О.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О.Э нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ...- тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.М “гэрээс гаргаж архи уулгасангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохих, хэвлий хэсгээс гараараа базан мушгиж татах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2012 оны 09 дүгээр сарын 19- ний өдөр танилцаж 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж хамтран амьдарч 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулж, дундаасаа 3 хүүхэдтэй болж одоог хүртэл хамт амьдарч байгаа. Манай нөхөр Э нь сүүлийн нэг жилийн хугацаанд архи ихээр ууж, ааш зан нь эрс өөрчлөгдсөн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажлынхаа хүмүүстэй ажлынхаа хүмүүстэй цэргийн баяр тэмдэглэж байгаад 18 цагийн орчимд намайг дуудаж би 11 хорооллоос нөхрөө очиж аваад Жи Хотелын Солонгос хоолны газарт хоол идэж 3 пиво аваад үүнээсээ нэгийг нь уучихаад гэртээ хамт орсон бөгөөд 1 цаг орчим байж байснаа гэнэт найз залгаад байна гарч машиндаа архи уулаа гэж хэлж машины түлхүүр авах гэхээр нь би яах юм бэ гэртээ унтчихаа гэж хэлэхэд уурлаж гарах гээд байсан учир би гэрийн хаалгыг дотроос нь түгжээд бага хүүтэйгээ орондоо ортол нөхөр орж ирээд зуун талын бөөр хэсгээс гараараа 10 орчим минут базаж "-чи муу намайг гаргахгүй байж чадна гэж бодсон уу, нохой шиг хорьж чадна гэж бодсон уу" гэж хэлсэн бөгөөд би арай гэж гарыг тавиулсан бөгөөд баруун хацар руу надтай ноцолдож байгаад цохисон. Тухайн үед манай гэрт хүүхдүүд болон нөхрөөс гадна манай ээж О /99030806/ хонож байсан. Нөхөр миний хацар болон бөөр хэсэгт гэмтэл учруулсны дараа ээж орж ирж мэдсэн ба цагдаагийн байгууллагад би өөрөө хандсан. Тухайн хэрэг болохоос нэг сарын өмнө надтай согтуу байхдаа маргалдаж намайг алгадсан, тэр үед нь уучлаад цагдаагийн байгууллагад хандаагүй. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/

Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүргэн орон дээрээ хэвтсэн манай охин М бөөрний хэсгээ бариад тэр хэсэг нь улаан эрээн болсон байсан тэгээд надад ээжээ энийг хардаа миний нүүр хэсэгт цохиод эндээс базаад татчихлаа гээд нөхрийгөө зааж байсан. Тэгэхээр нь би юу болж байгаа юм бэ яагаад миний охиныг зовоогоод байгаа юм бэ 3 хүүхдийг чинь гаргаж өгөөд өсгөж байна болоо юм биш үү гэсэн чинь нөгөө тийшээ хараад орон дээр үг хэлэхгүй дуугүй байгаад байсан...” мэдүүлэг /ХХ-ийн 8 тал/

Хүний биед хийсэн шуүх эмнэлгийн 4524 дугаартай шинжилгээний дүгнэлт “...Б.М-ийн биед хэвлийд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт. зүүн хацар, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/

Яллагдагч О.Э-ын мэдүүлэг /ХХ-ийн 30-31 тал/ болон энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 тал/
  • Шүүгдэгч О.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 тал /,
  • Шүүгдэгч О.Э-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт: Улаанбаатар Сүхбаатар 6р хороо залуучуудын өргөн чөлөө гудамж 2-р байр 18 тоот /хх-ийн 37 тал /,
  • Шүүгдэгч О.Э-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 тал/,
  • Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 38 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч О.Э нь хохирогч Б.М-ийн биед хэвлийд зөөлөн эдийн няцрал, цусхуралт, зулгаралт. зүүн хацар, баруун гуянд цус хуралт бүхий хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч О.Э-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Б.М нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн хариуг өгсөн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хохирогчийн хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч О.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын прокуророос шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасныг шүүгдэгч зөвшөөрсөн тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Э  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чимэдсүрэн овогтой О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч О.Э-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.Азжаргал