Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/805

 

   2022         08         10                                  2022/ШЦТ/805

                                                                                                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Галхүү,           

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ө.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн Г-т холбогдох эрүүгийн ...  дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, ам бүл 1, ганцаараа, Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо ......... 00-000 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  “..... ХХК-д жолооч ажилтай, хэрэг хариуцах чадвартай, Урьд

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэж хянан харгалзсан,  Б овогт Б-н Г /РД:НН00000000/

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь “ажил амжуулаад эргүүлээд өгье” хэмээн зохиомол байдал үүсгэж, бодит байдлыг нуух замаар Н.Мыг хуурч түүний өмчлөлийн 00-00 УБР улсын дугаартай 7.245.140 төгрөгийн үнэ бүхий Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гаднаас авч явж бусдад бэлэн мөнгөний барьцаанд тавьж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй... “ гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.О... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй...” гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруу болон хууль хэрэглээний талаар.

Шүүгдэгч ******* нь “ажил амжуулаад эргүүлээд өгье” хэмээн зохиомол байдал үүсгэж, бодит байдлыг нуух замаар Н.Мыг хуурч түүний өмчлөлийн ....- улсын дугаартай 7.245.140 төгрөгийн үнэ бүхий Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гаднаас авч явж бусдад бэлэн мөнгөний барьцаанд тавьж залилсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н:.М-ын өгсөн “...Тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр найз болох Г залгаад машинаа түр өгч байгаач би нэг хужаатай ажил хөөцөлдөж байгаад орой авчраад өгье гэж хэлсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1дүгээр байрны буюу манай гэрийн гадаа ирээд надаас Тоёота кровн загварын машиныг аваад явсан юм. Тэгээд  оройн залгаад ажил амжсангүй, маргааш авчраад өгье  гэж хэлсэн ба дахиж утсаа авахаа болчихсон тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дэслэгч Ц.М-ын хамт очиж Монелд нэг айлын хашаанд мөнгөнд үлдээсэн байхад нь олж авсан юм.  Тухайн хүнд 3.000.000 төгрөгийн барьцаанд үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.-гийн өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би 13 дугаар хороололд байдаг гэртээ байж байтал үл таних залуу ирээд барьцаанд машин тавимаар байна гэнэ мөнгөтэй бол авчхаач 5 хоногийн дараа буцааж авъя гэсэн. Тэгэхээр нь би тухайн машиныг авч үлдсэн. Тухайн үед Хаан банкны Ганхуяг гэх хүний данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 60-61/-р тал,

Хөрөнгийн үнэлгээний компанийн “...Тоёота кровн загварын 7.245.140 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 30/-р тал,

 Хаан банкин дахь *******ийн 00000000000 дугаартай дансны хуулга /хх-ийн 64-65/-р тал зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч *******ийн тухайд анхнаасаа залилан мэхлэх гэсэн идэвхтэй үйлдэл гаргаж ажил амжуулаад эргүүлээд өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийн тээврийн хэрэгслийг авч улмаар барьцаалан зээлдүүлэх газарт бэлэн мөнгөний барьцаанд тавьж  залилсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч *******ийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд, шүүгдэгч *******ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэг хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч *******ийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан бол,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Залилах гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч *******ийн хувийн байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх талаар хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Гурав. Бусад

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүхийн шатанд нөхөн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР