Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2712

 

 

 

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2018/02712

 

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Т банк/-ийн,

Хариуцагч: Ю.Ц/,

Хариуцагч: Б.М/ нарт холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 55.557.182 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, алдагдалд оруулсан 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатй иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Ю.Ц, хариуцагч Б.М, хариуцагч нарын өмгөөлөгч З.А/ /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТБ ххк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.М, Ю.Ц нар нь "Төрийн банк" ХХК-д зээл олгох хүсэлт гаргасны дагуу Орон сууцны зээлийн хорооны 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 66.08 шийдвэрийн дагуу 52.000.000 төгрөгний зээлийг сарын 1,35 хувь, жилийн 16.20 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.27 хувь, жилийн 3.24 хувийн хүүтэй зээлийг 180 сарын хугацаатай зээл олгогдсон. 3ээлдэгч нар нь зээл, зээлийн хүүг сар бүрийн 05-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээж зээлийн эргэн төлөлтийн хуваарыг хүлээн зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 19 дүгээр байрны 02 тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг /Ү2201004798/ үүргийн гүйцэтгэлд барьцаалж зээл авсан. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн зөрчил гаргаж 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээл хаах үлдэгдэл 55.557.182 төгрөгийн үлдэгдэлтэй болж компанийг хохироосоор байна. Иймд зээлдэгч Б.М, Ю.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 42.549.215 төгрөг, зээлийн хүү 12.904.124 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103.843 төгрөг, нийт 55.557.182 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн зээлдэгч нарын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээл олгох хүсэлт гаргасан байдгийг банк хүлээн авч зээлийн хороо хуралдаж 52.000.000 төгрөгийн зээлийн олгосон байдаг. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр төлж байсан боловч хүндэтгэн үзэх нөхцлөөр зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Тийм учраас 2018 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд үндсэн зээл 42.549.215 төгрөг, хүү 12.904.124 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 304.843 төгрөг нийт 55.557.182 төгрөгийн хариуцагч нараас гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар өгөхдөө зээл авсан талаараа маргахгүй гэсэн байгаа. Зээл авсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт бодогдоод явж байдаг. Бичгээр гаргаж өгсөн хариу тайлбар дээр нэхэмжлэлийн шаардлагатай маргасан зүйл байдаггүй гэв.

Хариуцагч Ю.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь бидний төлсөн мөнгө нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгөн дүнг бодоод үзэхээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид хамт очиж нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй уулзахад 13.800.000 төгрөгийг төлчих гэхдээ та хоёрын нэр дээр 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй өөр хүний нэр дээр гарах боломжтой гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал нь бидний хуулийн мэдлэггүйг далимдуулж байгаад гомдолтой байна гэв.

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа. Зээлийн гэрээний үүргээс 14.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Үндсэн зээлийг 35.000.000 төгрөг гэж хариуцагч талаас үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагадаа хэдэн оны хэдэн сараас эхэлсэн зээлийн зөрчил үүссэн талаар тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхлээд надад болохгүй гэж хэлсэн. Дараа нь уулзахад 13.800.000 төгрөгийг төлчих тэгэх юм бол 8 хувийн зээлд хамруулах боломжтой гэж хэлсэн боловч дараа нь боломжгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 13.800.000 төгрөгийг авч байвал энэ хүмүүс надад хамаагүй гэсэн байдлаар хандаж байгаа гэв.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М би 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкнаас 52.000.000 төгрөг сарын 1.35 хувийн хүүтэй, үндсэн хүүг 3 жил тутамд тухайн үед банкинд мөрдөгдөж байгаа орон сууцны зээлийн хүүгээр шинэчлэн тогтоож, гэрээг шинэчилж байх болзолтой зээлийн гэрээ хийсэн. Б.М би 2014 он хүртэл зээлийн хүү хугацааг нэг ч удаа хоцроохгүй төлж байсан. 2014 оны 2 сард миний эхнэр хамтран зээлдэгч Цэрэндолгорын бие муудаж, хорт хавдар тусч маш өндөр эмчилгээний зардал шаардлагатай болсон мөн Мөнхбат би автын осолд орж тархины хүнд хагалгаанд орж амь нас аюултай байдалд орсон эмчилгээнд орсон удаан хугацаанд ухаан орохгүй эмчлүүлж байсан, тухайн нөхцөл байдалд миний хүү Америкийн Нэгдсэн улсад сурч байсан сургуулиа орхиж Монголд ирж бид 2-ын эмчилгээг хийлгүүлэн мөн банкны өрөө төлдөг байсан одоог хүртэл төлсөөр байгаа. Гэтэл Төрийн банк нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй тодруулбал зээлийн гэрээний 2.1.9-д заасан 3 жил тутам солих үүрэгтэй, үүргээ биелүүлээгүйн улмаас бид 2012 оноос мөрдөгдөж эхэлсэн орон сууцны зээл 0,8% болсоор байхад банк гэрээндээ өөрчлөлт оруулахгүй байсны улмаас бид хуучин өндөр хүүтэй мөнгө төлж, тухайн үед Төрийн банк 2012 оноос эхлэн орон сууцны 0.8 хувийн хүүнд шилжсэн байсан боловч зээлийн гэрээндээ өөрчлөлт хийхгүй байсны улмаас 2012 оны 11 дүгээр сарын 0З-нд Төрийн банк орон сууцны зээлийг 0.8%-ийн хүүтэй болгосон одоог хүртэл сар бүр 51.000.000 төгрөгний 1.35%-ийн хүү 702.000 төгрөг, 0,8 хувийн хүү 408.000 төгрөг зөрүү 294.000 төгрөг, 2012 оны 11 сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 5 жилд 60 сард 17.640.000 төгрөгний алдагдалд орсон байна. Намайг алдагдалд оруулсан 5.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ. Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анх гэрээ хийхэд удахгүй 8 хувийн зээлд хамрагдах боломжтой гэж хэлсэн. Хэрэв 8 хувийн зээлд хамтрагдсан бол бид 5.000.000 төгрөгийг хэмнэх байсан. Нэхэмжлэгч тал нь удаа дараа 8 хувийн зээлд хамруулах боломжтой гэж хэлсэн боловч хамруулаагүй. Иймд нэхэмжлэгч талаас 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ТБ ххк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Мын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан. Энэ сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын буруугаас болж 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болсон тийм учраас 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэдэг нэхэмжлэл байсан. Уг сөрөг нэхэмжлэлд хариу тайлбараа өгсөн байгаа. Сөрөг нэхэмжлэлд дурьдагдсан шаардлага нь зээлийн хэмжээ нь 200.000.000 төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараас дээш үнийн дүнтэй орон сууцны зээлд л хамаарах учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тб нь хариуцагч Ю.Ц, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55.557.182 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь ТБ ххк-д холбогдуулан орон сууцны 8 хувийн зээлд хамруулаагүйгээс алдагдалд оруулсан 5.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 369 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-гээр хариуцагч нар нь 52.000.000 төгрөгийг сарын 1,35 хувь, жилийн 16,2 хувийн хүүтэйгээр 180/15 жилийн/ сарын хугацаатайгаар ТБ ххк-иас зээлж авсан байна. Уг 369 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрийн 369 дугаартай барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 19 дүгээр байрны 02 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-2201004798 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаанд бариулжээ./ХХ-ийн 4-11 дүгээр хуудас/

Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд барьцаа хөрөнгийг бүртгүүлсэн байх бөгөөд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 , 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээнүүд байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, хугацаандаа төлбөрөө төлөхгүй зөрчил гаргасан байгаа тул зээлийн гэрээнээс татгалзаж, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны үндсэн зээлийн төлбөрт 42.549.215 төгрөг, хүү 12.904.124 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103.843 төгрөг, нийт 55.557.182 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарладаг.

Хариуцагч Ю.Ц, Б.М нар нь өвчний болон гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас эрүүл мэндийн байдлаас болж зээлийн эргэн төлөлт саатсан, цаашид төлөгдөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө, банктай эвлэрэн цаашид үргэлжлүүлэн төлөх боломж олгож өгнө үү гээд 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарыг дуустал тус зээлийн гэрээний үүрэгт 50.060.000 төгрөг төлсөн, төлөөгүй хугацааны зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 13.800.000 төгрөгийн үндсэн зээл хүүгийн үлдэгдэлтэй байгаа энэ үүргээ 2019 оны 03 дугаар сараас биелүүлэх боломжтой болно, хугацаа олгуулах хүсэлттэй байна гээд зээлийн гэрээний үүргийг 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл, 2018 оны 6 дугаар сараас хойш төлөлт хийж чадаагүй, одоо үлдэгдэл 13.800.000 төгрөгийг хүү маань ажилд орсон тул төлөөд зээлийн гэрээгээ хэвийн ангилалд оруулж төлөлт хийх боломжтой, мөн банкинд хандаж орон сууцны 0,8 хувийн хүүтэй зээл олгуулах хүсэлтийг гаргасан боловч банк шийдвэрлэхгүй байгаа гэх тайлбарыг гаргаж, гэрээ цуцлах талаар мэдэгдэж байгаагүй гэрээг цуцлах болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусахаар хариуцагч нар гэрээний хугацаанд нийт 139.068.997,48 төгрөгийг 2026 он хүртэл төлөхөөр байна.

Төрийн банк нь Ю.Ц, Б.М нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа 2018 оны 09 дүгээр сарын байдлаар зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн зөрчил гаргасан гэх боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн зөрчсөн, хэдий хугацааны ямар хэмжээний зөрчил гаргасан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаас өөр тооцоолол гаргаж өгөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.2.2, 1.3.10-т зааснаар зээлдэгч хавсралт №1-д заасан гэрээг цуцлах ноцтой зөрчилд хариуцагч нарын гаргасан зөрчил хамаарах эсэх нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл болох эсэх нь тогтоогдоогүй. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 42.549.215 төгрөг төлөгдөөгүй гэх боловч уг тооцоолол зээлийн эргэн төлөлтийн графикаас харвал 41.832.656,55 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү төлөхөөр харагддаг атал 55.453.339 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол тодорхойгүй байх тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагчийн татгалзалд дурьдсан тус орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 50.060.000 төгрөг төлөгдсөн, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 13.800.000 төгрөгийн үндсэн зээл, үндсэн хүүгийн үлдэгдэлтэй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нар зээлийн зөрчил гаргасны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэх үндэслэлийг тайлбарлах боловч түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлан, үр дагаварыг шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нар орон сууц худалдан авах зорилгоор тус банкнаас зээл авч, зориулалтын дагуу ашиглаж, гэрээний нийт хугацаанд 139.068.997,48 төгрөгийг төлж дуусгах үүрэг банкны өмнө хүлээсэн байх ба эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэх зээл, хүүгийн төлбөр 13.800.000 төгрөгийг нийт үүрэгтэй харьцуулахад 9,9 хувь болж байна. 2018 оны 09 сарын байдлаар төлөгдсөн байх үүрэг 41.832.656,55 төгрөгтэй харьцуулахад 100 хувь буюу илүү төлөлттэй 50.060.000 төгрөг бүрэн төлөгдсөн, 2026 онд ирээдүйд төлж дуусах байдлаар 35 хувь биелүүлээгүй гэж үзэж болохоор байна. Тиймээс шүүх энэ тохиолдолд хариуцагч нар гэрээний үүргийг 2018 оны 09 дүгээр сарын байдлаар зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-д заасантай нийцэхгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээ цуцлах, татгалзах талаар мэдэгдэл хүргүүлээгүй, үүрэг гүйцэтгэх талаар шаардаж байсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзах болон татгалзсантай холбоотойгоор шаардлага гаргах эрхтэй ч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан журам баримтлаагүй нь уг шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч тал нь уг хэтэрсэн хугацааны хариуцагч нарын хүлээх үүргийг нотлоогүй тул шүүх энэ хэмжээг тооцон гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар Ю.Ц, Б.М нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55.557.182 төгрөг гаргуулах тухай ТБ ххк-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дагалдах үүрэг буюу барьцааны гэрээний үүрэг үүсэхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Б.М нь ТБ ххк-д холбогдуулан орон сууцны 8 хувийн зээлд хамруулаагүй, хувьсах хүүг өөрчлөөгүйгээс алдагдалд оруулсан 5.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч Б.М нь уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 369 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.9-д заасан үүргээ банк биелүүлээгүй үндэслэлээр алдагдалд оруулсан гэж үзэж нэхэмжилсэн.

Тус гэрээний 2.1.9-д Энэ гэрээний 2.1.1-д заасан зээлийн хэмжээ нь 200.000.000 төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараас дээш үнийн дүнтэй орон сууцны зээл нь хувьсах хүүтэй байх бөгөөд 2.1.2-д заасан зээлийн үндсэн хүүг 3 жил тутамд тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны зээлийн хүүгээр шинэчлэн тогтооно гэж заажээ.

Хариуцагч Б.М уг заалтыг баримталж зээлийн хүүг өөрчлөөгүйгээс 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд 5.000.000 төгрөгийн алдагдалд оруулсан гэж тайлбар гаргадаг боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэрхэн алдагдалд орсон нь тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9-д заасан тохиолдол бий болоогүй байх ба хүүг хувьсан өөрчлүүлэх эрх хариуцагчийн зээлдэн авсан үнийн дүнд хамаарахгүй, зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх үүргийг ТБ ххк нь зээлдэгч Б.Мын өмнө үүрэг хүлээгээгүй байна.

Хариуцагч Б.М нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй ч 5.000.000 төгрөгөөр хохирсон болох нь тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б.Мын ТБ ххк-д холбогдох алдагдалд оруулсан 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 505.940 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан ТБ ххк-ийн хариуцагч Ю.Ц, Б.М нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55.557.182 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мын нэхэмжлэгч ТБ ххк-иас алдагдалд оруулсан 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ТБ ххк-иас урьдчилан төлсөн 505.940 төгрөг, хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАЯРМАА