| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2019/0228/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 63
Ч.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0228/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Батсүх
Нарийн бичгийн дарга Б.Мандуул нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолтой, Ч-ын О-д холбогдох, 1918002710228 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Ч-ын О-
Шүүгдэгч Ч.О- нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатараас- Дархан чиглэлийн төв засмал зам дээр 1877 УНМ улсын дугаартай, “Тоуота Аllion” маркийн машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж өөрийн 7 настай охин О.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт Ч-ын О-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.т зааснаар шүүгдэгч Ч.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5.т зааснаар шүүгдэгч Ч.О-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ч.О- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2., 3.т зааснаар шүүгдэгч Ч.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 661852 дугаартай үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх,
Шүүгдэгч Ч.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1., 186 дугаар зүйлийн 186.1., 189 дүгээр зүйлийн 189.1.т тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.8., 1.9.т зааснаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Ч.О-ийн эзэмшлийн 1877 УНМ улсын дугаартай “Тоуоtа Аllion” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, 02326750 дугаартай 1877 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Ч.О-д буцаан олгох,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шүүгдэгч Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:
Шүүгдэгч Ч.О-ийн хувьд болгоомжгүй буюу зам тээврийн хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, хэргийн улмаас өөрийн төрсөн охин О.Х-ын биед хүнд гэмтэл учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ч.О- нь өөрөө эд материалын хувьд хохирсон, сэтгэл санааны хувьд хүнд хэцүү байгаа, боловсролын салбарт олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа ба одоо цэцэрлэгийн багшаар ажилладаг.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д заасныг журамлан хорих ялаас чөлөөлж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн үйлдэл тогтоогдсон., үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв., анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.О-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ч.О- нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатараас- Дархан чиглэлийн төв засмал зам дээр 1877 УНМ улсын дугаартай, “Тоуота Аllion” маркийн машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж өөрийн 7 настай охин О.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Ч.О-ийн дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Ослын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг тодорхойлсон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.04.09-ний өдрийн 315 дугаар дүгнэлт, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан авто техникийн шинжээчийн 2019.04.09-ний өдрийн 016 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнх нь болон насанд хүрээгүй хохирогч О.Х-ын мэдүүлэг, гэрч Ч.Буянтогтохын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.т заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, түүнийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн хэргийн шинж байдал, гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан ...шүүгдэгч Ч.О-ийн хувьд болгоомжгүй буюу зам тээврийн хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, хэргийн улмаас өөрийн төрсөн охин О.Х-ын биед хүнд гэмтэл учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.., тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д заасныг журамлан хорих ялаас чөлөөлж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэрийг гаргаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР