Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 111/2018/0034/З |
Дугаар | 221/МА2024/0483 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0483
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч М.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаар “Ажил эхлүүлэхгүй байх” тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр “Газар чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгуулах, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, “А” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар
Хэргийн индекс: 111/2018/0034/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаар “Ажил эхлүүлэхгүй байх” тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр “Газар чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгуулах, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, “А” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаар “Ажил эхлүүлэхгүй байх” тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр “Газар чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгож, “А” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “А” ХХК-ийн гаргасан “Хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж тус тус шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн үндсэн шаардлагуудыг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Хариуцагчид холбогдуулан Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажил эхлүүлэхгүй байх” тухай албан бичгийг шүүх захиргааны акт гэж буруу ойлгожээ.
Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Газар чөлөөлөх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэн “А” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргаж байгааг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.18-д “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гаргасан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н-ийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны 06/6779 дугаартай албан бичигт ...”А” ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн тухай мэдээлэл тус яамны архивын мэдээллийн санд байхгүй байдаг. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуульд тухайн Төсөл хэрэгжүүлэгчийн нэр дээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагдсан байна гэж заасан байдаг.
“А” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах шийдвэрийн хувьд:
Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална гэж заасан байдаг.
“А” ХХК-иас Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргад хандан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 106/2018 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 131/2018 тоот албан бичгүүдээр ашигт малтмал ашиглалтын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ байгуулах талаар хүсэлт ирүүлсэн бөгөөд Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “А” ХХК-д хандаж, ...тус компанийн эзэмшиж буй лицензийн талбай нь Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 тоот тогтоолоор батлагдсан аймгийн тусгай хамгаалалттай газарт хамрагдаж байна. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар “А” компанитай газар эзэмших эрхийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох нь хуульд нийцэхгүй байгааг шүүх буруугаар ойлгожээ.
Хэт нэг талыг барьж нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан Баянхонгор аймгийн Зас сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Газар чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүхээс лицензийн талбайд кемп байршсан мэтээр ойлгож, талбайн гадна энгийн газар ашиглах харилцаа үүссэн байхад ашигт малтмал ашиглах хүсэлттэй андуурч хэрэглэх ёсгүй Ашигт малтмалын тухай хуулийг баримталжээ.
Эдгээрээс гадна анхан шатны шүүх захиргааны шийдвэрийг өөрийн санаачилгаар нэмж, дэлгэрүүлэн, баримтлаагүй хуулийн зүйл заалтыг оруулж Захиргааны үйл ажиллагааг буруутган тайлбарласан, мөн хөндлөнгийн байр сууринаас хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарт дурдсан үндэслэлийг дүгнэж чадаагүй, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С “А” ХХК-ийн хамт олонтой нийлж лицензийн талбайд шинжээч томилолгүй өөрийн биеэр очиж үзлэг хийж, шүүх хуралдааны даргалагч шүүгчээр оролцож, хариуцагчийг өмгөөлөгч авах боломжоор хангалгүй шүүгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан.
Түүнчлэн нэхэмжлэгч тал элдэв хүсэлтээр шүүх хуралдааныг 13 удаа хойшлуулсан атлаа хариуцагч талаас шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй болон өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо илэрхийлж байхад өмгөөлөгчөөр хангагдах эрхийг хязгаарласан болохыг дурдах нь зүйтэй.
Мөн шүүхээс хариуцагчийн өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаж өгөөгүй. Уг шүүх хуралд дангаар оролцсон тухайн үеийн Засаг дарга Т.Н өөрийгөө эрх зүйч мэргэжилтэй гэж мэдүүлсэн ч энэ нь түүнийг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах шаардлагагүй этгээд гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэрт дурдсанчлан Т.Н шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгөө оролцох хүсэл сонирхолтой байсан нь өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх гэсэн хүсэл зоригийн нь илрэл байжээ. Гэтэл шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн өөрөө өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасныг илт зөрчиж, тэр үед хариуцагч Заг сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.Н-д эрх зүйн туслалцаа авч, өмгөөлөгчөөрөө эрх ашгаа хамгаалуулах эрхийг нь хангаж өгөөгүй.
Мөн Засаг дарга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагүй тул өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хамт, эсхүл шинээр өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцохоо илэрхийлсээр байхад шүүх хариуцагчаас шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа мэтээр дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд ирэхгүй гэдгийг Засаг дарга Т.Н мэдээгүй бөгөөд хамт оролцох хүсэлтэй байсаар байхад шүүхээс оролцохгүй гэдгийг мэдэж байсан мэтээр дүгнэсэн нь буруу байна. Энэ талаар мэдэгдсэн бол шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч авч, хамт шүүх хуралдаанд оролцох байсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хангаагүйгээс хариуцагч талын эрх ашгийг зөрчсөн илт хууль бус шийдвэр гаргасан байна. Энэ нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны олон алдаа гаргасныг харуулж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, тэрчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаатай тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “А” ХХК-иас “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаар “Ажил эхлүүлэхгүй байх” тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр “Газар чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгуулах, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, “А” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
Анхан шатны шүүхээс “... Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон бүх харилцааг ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан, энэ нарийвчилсан хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн ашиглалтын үйл ажиллагааг сумын Засаг дарга зогсоох талаар бүрэн эрхийг зааж өгөөгүй, ... ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх, үйл ажиллагааг явуулахгүй байх, зогсоох тухай эрх хэмжээг хуулиар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгожээ. Харин хариуцагч болох Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга нь өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд эрх мэдлээ хэтрүүлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох “А” ХХК-ийн үйл ажиллагааг явуулахгүй байх тухай шийдвэрлэсэн гаргасан нь буруу, ... Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд: ... “Ц” ХХК-ийг “А” ХХК болгосон өөр хуулийн этгээд болсон гэж үзэхгүй бөгөөд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэж үзэх боломжгүй, заавал “А” ХХК гэсэн нэрээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэхгүй, ... Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар “Аймгийн тусгай хэрэгцээнд авах” тухай тогтоол гарсан байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар уг тогтоолыг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, ... дээрх газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан гэж үзэх боломжгүй, ... “А” ХХК-ийг эрх бүхий байгууллагад хэлэлгүй мэдэгдээгүй, зөвшөөрөлгүйгээр уурхайн кемпээ байгуулсан гэж үзэх боломжгүй, ... “А” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 106/2018, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 131 дүгээр албан бичгүүдээр газар эзэмших хүсэлтийг гаргасан хэдий ч хүсэлтийг шийдвэрлээгүй байна, ... “А” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16 дахь хэсэг зааснаар хүлээн авч газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрээ байгуулах нь зүйтэй байжээ, ... 100 000 000 төгрөгийн хохирлыг ... хуулийн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээрээс үүссэн хохирол” гэж дүгнэн нэхэмжлэгчийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тодруулбал, “А” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар “... Ашиглалтын хайгуул хийж байгаа бөгөөд хайгуулын ажлын төлөвлөгөө болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө байхгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.3 “Төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө” гэсэн заалт, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн асуудлыг тодорхой болгоогүй байгаа нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэсэн заалтыг, Усны дүгнэлт байхгүй, ус ашиглах гэрээ байгуулаагүй нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 “хоногт 100 шоо метрээс их ус ашиглах, эрчим хүч усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 50-100 шоо метр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоо метр хүртэлх ус ашиглуулах хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана” гэсэн заалтыг, Газар, ус ашиглах гэрээ байгуулаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана:”, 35.3.7 “Газар, ус ашиглах тухай гэрээ” гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчил дутагдал илэрч Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05-04-014 дугаар актаар “А” ХХК-ийн 1 эксковатор, 2 ковш, Өрмийн машины үйл ажиллагааг түр зогсоож, лац тавьсан, мөн Баянхонгор аймгийн Заг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05-04-341 дүгээр актаар тус компанийн эксковатор 2, хово 10, юмкос 1 үйл ажиллагааг түр зогсоож, лац тавьсан болох нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий Баянхонгор аймгийн Засаг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаар албан бичгээр гагцхүү холбогдох дээд шатны байгууллагуудын хариу шийдвэр иртэл Байгаль орчны улсын байцаагчийн тавьсан лацыг хөдөлгөж үйл ажиллагаа явуулахгүй байх талаар нэхэмжлэгч компанид уламжилжээ.
Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан этгээдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг.
Гэтэл нэхэмжлэгч компанийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг шууд зогсоосон үр дагаврыг үүсгэсэн гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр уг албан бичигтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудын хувьд дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд Баянхонгор аймгийн Заг сумын “Их булаг” нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгчээс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 106/2018, 2018 оны 11 дүгээр сарын 27-н өдрийн 121/2018 дугаар албан бичгүүдээр ашигт малтмал ашиглалтын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, газар эзэмших гэрээ байгуулах тухай хүсэлт гаргасан байх ба хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “... эзэмшиж буй лицензийн талбай нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 тоот “Аймгийн тусгай хамгаалалтай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор баталсан аймгийн тусгай хамгаалалттай газарт хамрагдаж байна. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар танай компанид газар эзэмших эрхийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох нь хуульд нийцэхгүй” талаарх хариу хүргүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ”, 35.3-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана”, 35.3.7-д “газар, ус ашиглах тухай гэрээ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь газар ашиглах зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээдийн аливаа шийдвэргүй, газар ашиглах гэрээ байгуулалгүйгээр, тусгай зөвшөөрлийн талбай болон уг талбайд хамааралгүй хэсэг газарт кемп байгуулсан болох нь тогтоогдсон байна.
Нэгэнт нэхэмжлэгч компани нь дээр дурдсанаар газар ашиглах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулалгүйгээр ийнхүү үйл ажиллагаа явуулсан байгаа энэ тохиолдолд “А” ХХК-ийг албадан нүүлгэсэн хариуцагчийн шийдвэр нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.3-д “хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар”, н/-д “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж тус тус заасанд нийцжээ.
Иймд нэгэнт Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамж хууль зөрчөөгүй байх тул уг актын улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол гэх 100 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах талаарх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
Нөгөөтээгүүр, хариуцагч сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын в/-д заасны дагуу “хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах” эрхтэй бөгөөд мөн зүйлийн 29.1.6-ын а-д зааснаар хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, 29.2-т зааснаар эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргадаг.
Гэтэл нэхэмжлэгч компанийн ашиглах гэрээ байгуулах хүсэлт гаргасан газар нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар тогтоолоор аймгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож буй энэ тохиолдолд сумын Засаг даргын нэхэмжлэгч компанитай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал нь дээр дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006/ хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байх тул хууль бус гэж дүгнэх, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.
Түүнчлэн хариуцагчаас гаргасан “Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаагүй” гэх гомдлын тухайд, анх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээс хойш 4 жил гаруйн хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжтой байсан ч энэхүү эрхээ эдэлж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй атлаа анхан шатны шүүх эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Мөн хариуцагчийн “Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С “А” ХХК-ийн хамт олонтой нийлж, лицензийн талбайд шинжээч томилолгүй өөрийн биеэр очиж үзлэг хийж, шүүх хуралдааны даргалагч шүүгчээр оролцож, ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэх гомдлын хувьд, анхан шатны шүүх нотлох баримт цуглуулж, маргаан бүхий газарт үзлэг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасантай нийцсэн байх төдийгүй хуралдаан даргалагчаар томилогдсон шүүгч нь хууль болон тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүх бүрэлдэхүүнд томилогдон ажилласныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “н”, 29.1.6-ын “а”, 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, “А” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 тоот “Ажил эхлүүлэхгүй байх тухай“ шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН