Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 186

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,     

Улсын яллагч Б.Уранчимэг,

Шүүгдэгч Ц.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Г.Баттогтох ҮД:/2132/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Ц.Ариунзаяад холбогдох эрүүгийн 201625031309 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Цэнд-Аюушийн Ариунзаяа: Монгол улсын иргэн, 1994 оны 09 сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн сэтгүүлчийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 41 дүгээр байр, 21 тоотод оршин суудаг, /Сүхбаатар дүүргийн 15 хороо 23 байрны 09 тоотод оршин суух хаягтай/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй РД: /УШ94092360/

 

Шүүгдэгч Ц.Ариунзаяа /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 06 сарын 10-наас 2016 оны 06 сарын 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Замбала” төвийн гаднах талбайд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Сүхбаатарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ариунзаяагаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "..тухайн өдөр Болор-Эрдэнэ бид 2 караокед орж дуулж байтал Ариунтуяа намайг авахаар ирсэн. Тэгээд бид 3 караокеноос гараад зам дагуу алхаж байтал нэг машин зогсоод бид гурвын цуг явж байгааг мэдэлгүй, явах уу гээд Болор-Эрдэнээс асуухад би явахгүй ахаа гэж хэлтэл “чамаас асуугаагүй байна, арын чинь авгайгаас асууж байна” гэснээс болоод маргалдсан. Тэр жолооч намайг “нохой, янхан” гэх зэргээр хараасан. Тэгэхээр нь машины хажуугаар нь өнгөрөхдөө хөлөөрөө хүрчихсэн чинь бууж ирээд намайг түлхээд хэрэлдсэн. Тэгтэл хажуугаар явж байсан 2 залуу та ээж, эгчтэй л хүн байлгүй болиоч гэтэл нэг залууг нь цохиод авсан тэгээд хоорондоо зууралдаад авахаар нь салгах гэж байтал караокеноос 2 залуу гарч ирээд Ариунтуяа, Болор-Эрдэнэ нарыг түлхээд унагаачихсан. Тэгээд цагдаа нар ирээд Ариунтуяа, Болор-Эрдэнэ бид гурвыг авч явах гээд машинд суу гээд байхаар нь бид 3 зодуулчихаад байхад яахаараа бид гурвыг авч явдаг юм, суухгүй гэтэл учир зүггүй машиндаа чирээд суулгасан, тэгэхээр нь та нар болиоч гээд цагдаа нартай зууралдсан.Тэгээд эрүүлжүүлэх байран дээр очиод оруулах гэхээр нь бид гурав яагаад эрүүлжүүлэх байранд орох ёстой юм гээд орохгүй гээд байхад чирээд оруулчихсан юм. Тэгээд эрүүлжүүлэх байранд хоносон. Эхлээд жижиг алаг машинтай ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 цагдаа нь бид нарыг машиндаа суухыг шаардсан тэгэхээр нь бид нарт хохирол учруулсан хүмүүсээ суулга, дараа нь бид нар сууна гэж хэлээд байж байтал том алаг машинтай цагдаа нар ирээд машинд шууд чирээд суулгачихсан. Эрүүлжүүлэх байранд очоод согтолт хэмждэг багажаар хэмжих гэхээр нь хошуугаа соль, шинэ хошуу хийвэл үлээнэ гэж хэлсэн, учир нь тэр нь ямар нэг өвчтэй хүн үлээчихсэн байвал яах юм гэж бодсон. Тэр үед эмэгтэй хүмүүс зодуулчихаад байхад үнэн зөвийг олохгүйгээр бид гурвыг шууд эрүүлжүүлэхэд хийсэнд эсэргүүцэж, хаалгыг нь гараараа савчихсан юм. Миний хувьд Ариунтуяа, Болор-Эрдэнэ нарыг машинд чирч оруулахдаа газар унагасан тул боль гэж хэлээд болиулах гээд толгойруу нь цохьсон, түүнээс өшиглөөгүй.. гэсэн мэдүүлэг /хх 73/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хэрэг гардаг өдөр 21 цагийн үед Болор-Эрдэнэ цуг таксины жолоочтой муудалцаад зогсож байтал цагдаагийн машин ирээд бид гурвыг хүч хэрэглэж авч явах гэсэн. Бид тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад бид гурвыг авч явлаа гээд цагдаагийн албан хаагчтай маргалдсан. Би цагдаагийн албан хаагчид хэлсэн зүйл бол хамт маргалдаад байсан хүмүүсийг яагаад авч явахгүй байгаа юм бэ гэж л хэлсэн. Цагдаа нар Ариунтуяа, Болор-Эрдэнэ нарыг шууд үснээс нь чирээд машинд суулгасан. Сүхбаатар намайг машинд оруулаад шууд гавласан. Сүхбаатар миний дүү Ариунтуяаг үснээс нь чирээд шууд машинд оруулсан. Цагдаагийн албан хаагчийг би зодсон зүйл огт байхгүй. Хохирогч Сүхбаатарыг хэн өшиглөсныг би мэдэхгүй. Машиныг нь “Аригу” клубийн гадаа 3 залуу байсан тэр залуучууд хонхойлгосон байх, маргааш нь би гэртээ харихад миний бие нилэнхүйдээ хөхөрч гэмтэл учирсан гар хавдсан байсан. Би цагдаад хохирсон талаар хэлтэл, цагдаа нартай орооцолдоод хэрэггүй гэж хэлэхээр нь би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Энэ асуудал болсноос хойш 10 хоногийн дараа цагдаагаас над руу залгасан. Би очтол хохирогч Сүхбаатарт гэмтэл учруулсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт үзүүлсэн. Хохирогчийн биед хумсаар маажсан зүйл огт байхгүй. Би өөрийн гэм бурууг ойлгож байгаа гэсэн мэдүүлэг.

Хохирогч М.Сүхбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Тухайн өдөр би тус хэлтсийн саатуулах байранд холбоочин цагдаагаар ажиллаж байсан юм. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Замбала төвийн гадна согтуу хүн танхайраад байна гэсэн дуудлагын дагуу хайрхан 112 чиглэлийн авто эргүүл очсон бөгөөд дийлдэхгүй байна гээд нэмэлтээр Эрүүлжүүлэх байранд ажиллаж байсан Эрдэнэцогт, Баянбат бид гурвыг очиход гурван эмэгтэй орилж, хашгирсан байдалтай таксины жолооч гэх залуутай муудалцаж, дэслэгч Лхагвасүрэн лүү та нар зодсон хүнээ олсонгүй гээд уурлаад байсан ба тэгээд ойр орчимд олон хүн цугласан байсан тул тэр гурван эмэгтэйг машинд суух шаардлага тавьсан чинь /сүүлд нэрийг нь мэдсэн / Ариунзаяа гэх эмэгтэй битгий солиор машинд суухгүй, чадахгүй гэх зэргээр эсэргүүцсэн тэгэхээр нь машинд хүчээр оруулсан юм. Тэгтэл та нар яахаараа эмэгтэй хүнд гар хүрдэг юм гээд дайрч хувцаснаас татаж, хөл рүү өшиглөж, толгойруу алгадан муу өвгөн минь маргааш чамайг ажилгүй болгоно гэх зэргээр дайраад байсан тул Ариунзаяагийн гарыг ард нь гавлаад Төмөр замын эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Ариунзаяа, Ариунтуяа, Болор-Эрдэнэ нар эрүүлжүүлэх байранд ороод эмчид нь үзүүлээгүй, тавьсан шаардлыг нь биелүүлээгүй, эсэргүүцэн орилж хашгираад байсан ба тэнд байхад нь цагдаа Эрдэнэцогт утсан дээрээ бичлэг хийсэн байх. Болор-Эрдэнэ, Ариунтуяа нар нь яг эсэргүүцээд байсан юм байхгүй согтуудаа ойлгохгүй байх шиг байсан ба харин Ариунзаяа гэгч нь эсэргүүцэж, нөгөө хоёрыгоо бичлэг хий, эд нар юу юм гээд намайг өшиглөж, мөн цохьж гэмтэл учруулсан. Миний гуя орчимд хэд хэдэн удаа тийрч өшиглөсөн, мөн цээжрүү 2-3 удаа тийрч өшиглөсөн, машинд байсан албан хаагчид болон Ариунтуяа, Болор-Эрдэнэ нар харсан. Миний биед учирсан гэмтлийг Ариунзаяа гэдэг эмэгтэй ганцаараа учруулсан. Би гав хэрэглэх зорилгоор Ариунзаяагийн биед хүрсэн ба түүнээс эрх чөлөөнд нь халдаж, түүнийг зодож, гэмтээсэн зүйл байхгүй надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй. гэсэн мэдүүлэг /хх 22-23/

 

Гэрч П.Эрдэнэцогтоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..би тухайн шөнө Саатуулах байранд холбоочин цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 24 цаг 50 минутын орчим хайрхан 10 аас " хайрхан 112 дуудлаганд очсон хүмүүс дийлдэхгүй зодолдоод байна, нэмэлтээр очоод согтуу танхайрсан хүмүүсийг нь саатуул" гэж үүрэг өгсний дагуу жолооч Ц.Баянбат, ахлах ахлагч М.Сүхбаатар нарын хамтаар дуудлага өгсөн газар болох "Замбала" төвийн гадаа очиход гурван эмэгтэй дэд ахлах ахлагч Хасбаатрын тал талаас нь зуурсан байдалтай байсан ба юу болсон талаар асуухад машинд суулгах гэсэн боловч суухгүй, урдаас цохьж аваад дийлдэхгүй байна. Анх дуудлаганд очсон офицер дэслэгч Лхагвасүрэн энэ гурван эмэгтэйг Төмөр замын саатуулах руу аваад яв гэсэн юм. Тэгэхээр нь саатуулахын машинд суухыг шаардахад орилоод, цүнхээрээ савчиж цохиод байсан тул нэг нэгээр нь хоёр талаас нь сугадаж оруулаад хамгийн сүүлд Ариунзаяаг оруулахад цагдаагийн албан хаагч Сүхбаатрын хэвлийн тус газар нь өшиглөж мөн нүүр лүү нь алгадсан тэгээд Сүхбаатар бид хоёр гарнаас нь доош дарж барин гарыг нь гавлаад  Төмөр замын саатуулах байранд очсон ба байр луу оруулахад мөн орилж хашгичин шаардлага биелүүлэхгүй, Сүхбаатарыг өшиглөсөн. Саатуулах байр луу машинаар 1 минут орчим давхиад оччихсон учир нь ойрхон байсан тул тэгээд байр луу оруулаад гавыг нь тайлахад мөн хэдэн хэдэн удаа өшиглөсөн.,..Болор-Эрдэнийн согтолтыг хэмжихэд 2 бүхэлтэй гарсан нөгөө хоёр нь үлээхгүй орилж байгаад нэг үлээхдээ үлээж чадаагүй.. гэсэн мэдүүлэг /хх 24-25/

Гэрч А.Анххуягаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "Би 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Приус-11 маркын 70-79 УНГ улсын дугаартай автомашинаар таксинд явж байхад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замбала дэлгүүрийн хажуу талын Ви караокены гадаа машинтайгаа такси авах хүн хайгаад зогсож байхад хажуухан талд 3 эмэгтэй зогсож байхаар нь “такси авах уу” гэж асуухад нүдний шилтэй 20 орчим насны шар үстэй санагдаж байна. Тэр эмэгтэй “такси авахгүй” гэхээр нь би “тантай яриагүй байна, ард талд чинь зогсож байгаа эмэгтэйгээс асууж байна” гэхэд “явахгүй гэж хэлээд байна” гэснээ ууж байсан ундаагаа над руу шидчихээр нь “яаж байгаа юм” гэхэд “яадаг юм” гээд над руу уурлаад байхаар нь би буугаад очсон. Тэр эмэгтэй нар руу дайраад байсан тэгснээ “зайл” гээд миний машины зөв талын хаалга руу өшиглөсөн ба тэр хэсэг нь хонхойчихсон тэгэхээр нь “чи яахаараа машин өшиглөдөг юм болиоч” гээд маргалдаад байж байхад цаанаас нь 2 залуу гарч ирээд намайг зодох гээд байгаа юм шиг дайраад байсан. Ингээд би өөрийн дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Дуудлагаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс нэг эмэгтэй, нэг эрэгтэй 2 цагдаа ирсэн боловч маргааныг шийдвэрлэж чадахгүй байсан тэгтэл хоёр гурван цагдаа нэмж ирээд тэдгээрийг Цагдаагийн машинд суулгах гэтэл нөгөө гурван эмэгтэй суухгүй гээд эсэргүүцэл үзүүлээд байсан ба тэгж байгаад нэг юм суулгаад явсан. Тэгээд би машиныхаа хонхойсон хэсгийг гараараа түлхтэл буцаад хуучин хэвэндээ орчихсон, засаж янзлуулахаар зүйл болоогүй. /хх 28-29/ 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хйисэн акт №8174: Сүхбаатарын биед цээж, баруун, зүүн шуу, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгний цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 35/

 

Сэжигтэн Б.Ариунтуяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 23 цагийн орчимд манай нагац эгч Ариунзаяа над руу утсаар яриад би жаахан уучихсан байна намайг ирээд авчих гэж ярьсан тэгээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Женекс зочид буудлын замын эсрэг талын караокед сууж байсан ба намайг ирэхэд 6 ширхэг хоосон пивоны шил байсан тэгээд 5 орчим минутын дараа караокеноос гарцгаасан. Би гадаа утсаар ярьж явж байгаад зам руу харахад Ариунзаяа эгч нэг таксины жолоочтой хэрэлдчихсэн зогсож байсан. Тэгтэл 2 залуу ирээд Ариунзаяа эгчийг өмөөрөөд таксины жолоочтой маргалдсан тэгтэл таксины жолооч нэгийг нь цохьчихсон тэгтэл Болор-Эрдэнэ, Ариунзаяа хоёр салгах гээд зууралдаж байтал караокеноос гарч ирсэн залуучууд бид хэдийг ийш тийш нь түлхэж унагаад, Ариунзаяа эгчийг өмөөрсөн 2 залуутай зодолдоод байсан би утсаар ярьж байсан болохоор маргаан юунаас болсныг мэдээгүй. Болор-Эрдэнэ эгч цагдаа руу залгаж дуудлага өгтөл цагдаа нар ирээд бид гурвыг авч явах гээд байхаар нь бид нарыг зодсон хүмүүсийг авч явбал явна гээд хэлтэл цагдаа нар бид гурвыг хүчээр машинд суулгаж авч явсан гэсэн мэдүүлэг. /хх 62-65/

 

Сэжигтэн Э.Болор-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 06 сарын 10-ны өдөр өөрийн найз Ариунзаяатай уулзаад Женекс зочид буудлын эсрэг талын караокед орж пиво уусан. Тэгээд караокенаас гараад такси барих гээд Замбала төвийн тэнд зогсож байтал нэг таксины жолооч явах уу гээд зогссон тэгтэл Ариунзаяа явахгүй гэж хэлтэл “чамтай яриагүй байна ард талын чинь авгайтай ярьж байна” гэж хэлтэл Ариунзаяа “та яахаараа манай найзыг авгай гэдэг юм” гээд маргалдсан, тэр залуу Ариунзаяаг хэл амаар доромжлоод байсан тул хажуугаар нь өнгөрсөн 20 гаруй насны 2 залуу та эмэгтэй хүн ингэж болохгүй ш дээ адилхан ээж, эгчтэй байж гэж хэлтэл нүүр лүү нь алгадаж аваад барьцалдсан. Тэгтэл бид нар салгах гээд бужигналдаж байтал караокенаас 2-3 залуу гарч ирээд бид нарын дундуур орж, бид нарын хувцаснаас татаж ийш тийшээ болгосон ба тэгэхэд би зам дээр 2-3 удаа унахад хөл шалбарсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба тэрний дараа би шоконд ороод уйлаад байж байтал цагдаа нар ирээд зөвхөн манай найзуудыг авч явах гээд байсан ба тэгээд миний хувьд юу болсон талаар тайлбарлах гээд уйлаад гуйгаад байхад шууд машиндаа хүчээр оруулсан, би согтууг хэмждэг багажийг үлээхэд 2 бүхэл гаран гарсан, Ариунзаяа, Ариунтуяа нар үлээгээгүй, Ариунзаяа таксины жолоочтой маргалдаж байгаад машины арын хаалганы орчимд өшиглөчихсөн. тухайн үед эмэгтэй цагдаа ирсэн бөгөөд түүнтэй ярилцаж учир байдлаа хэлсэн, сүүлд нэмж цагдаа нар ирсэн ба бид нарыг машинд шууд суулгасан. Тэр үед Ариунзаяа л хэрүүл маргаан хийгээд эсэргүүцээд байсан. Тухайн үед Сүхбаатар гээд жижиг биетэй цагдаатай Ариунзаяа л зууралдаад ноцолдоод байсан гэсэн мэдүүлэг /хх 67-68/

 

Шүүгдэгч Ц.Ариунзаяагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 76/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн ¹9047 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41/, хорооны тодорхойлолт, /хх 84/, захиргааны арга хэмжээний лавлагаанууд /хх 87-90/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Ариунзаяа нь 2016 оны 06 сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн найз Э.Болор-Эрдэнэ, Б.Ариунтуяа нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Замбала” төвийн гаднах талбайд бусадтай маргалдаж, дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагийг биелүүлээгүй байна. Мөн нэмэлт дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч, ахлах ахлагч буюу хохирогч М.Сүхбаатарын “цагдаагийн хэлтэс дээр очиж хэрүүл маргааныг шийдвэрлье” гэсэн хууль ёсны шаардлагийг биелүүлээгүй бөгөөд авто машинд суухгүй гэж эсэргүүцсэн байна.  Түүнийг хохирогч М.Сүхбаатар албаны автомашиндаа хүчээр суулган эрүүлжүүлэх байранд хүргэжээ.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Сүхбаатарын биед цээж, баруун, зүүн шуу, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгний цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож, энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэл боловч үүнийг шүүгдэгч Ц.Ариунзаяа учруулсан болохыг мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогоогүй байна. Хэдийгээр хохирогч М.Сүхбаатар нь “миний зүүн гуя, цээжинд хэд хэдэн удаа өшиглсөн” гэж мэдүүлэх боловч бусад нотлох баримтаар энэ нь нотлогдоогүй, хохирогч тухайн өдөр хэдэн дуудлаганд явж, өөр хэн нэгэнтэй барьцалдаж, зууралдсан эсэх, автомашинд суухгүй гэж хүч хэрэглэн эсэргүүцэж байгаа шүүгдэгчийг хохирогч М.Сүхбаатар авто машинд хүчээр суулгаж байгаа үйлдэл нь тухайн харилцааг зохицуулсан дүрэм, журмын дагуу явагдсан эсэхийг шалгаж тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг шүүгдэгч Ц.Ариунзаяа учруулсан гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал үүсч байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасанчлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байх тул прокуророос шүүгдэгч Ц.Ариунзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэж, түүнийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Ариунзаяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си ди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Боржигин овогт Цэнд-Аюушийн Ариунзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Цэнд-Аюушийн Ариунзаяаг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ариунзаяаг 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ариунзаяад оногдуулсан 260 цагийн албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Ариунзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР