Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/758

 

   

                                                                                                                          

  2022         07          22                                    2022/ШЦТ/758                                                                                                                                                                                        

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Хохирогч С.М,  

Шүүгдэгч Э.М түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.. овогт Э.М-т холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 22-ны өдөр У.. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт .......тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .........../,

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” нэртэй үйлчилгээний газарт хохирогч С.Мгийн хамт үйлчлүүлж байхдаа түүний хүсэлтийн дагуу мобайл банкны нууц дугаарыг сольж өгөн мэдээллийг олж аван улмаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны орой мобайл банкны эзэмшигч С.Мд мэдэгдэхгүйгээр нууцаар түүний данснаас удаа дараагийн үйлдлээр мөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй...” гэжээ.

Хохирогч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Данснаасаа мөнгөө алдаад Мт холбогдсон сарын дараа утсаа салгаад холбоогүй болсон. Хохирлыг төлж барагдуулсан...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.М нь 2021 оын 10 дугаар сарын 15-ны орой Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” нэртэй үйлчилгээний газарт хохирогч С.Мгийн хамт үйлчлүүлж байхдаа түүний хүсэлтийн дагуу мобайл банкны нууц дугаарыг сольж өгөн мэдээллийг олж аван улмаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны орой мобайл банкны эзэмшигч С.Мд мэдэгдэхгүйгээр нууцаар түүний данснаас удаа дараагийн үйлдлээр мөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Мгийн өгсөн “...Би 2021 оны 9 дугаар сард танилцаж байсан Э.М нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэрийн бие муу байна, яаралтай 3 сая төгрөг зээлээч гэж хэлэхээр нь тус өдрөө 3,000,000 төгрөг зээлдүүлсэн. Тус өдрийн орой нь Э.М нь баярласнаа илэрхийлнэ гээд намайг дуудаж уулзсан. “Г” ресторанд уулзаж хэдэн шил пиво ууцгаасан, тухайн үед миний Хаан банкны мобайл банк код нь буруу хийгдээд блоклогдхоор нь Маас блок яаж гаргадгийг нь асуухад надад блокийн гаргаж шинэ нууц үг зохиож өгсөн, ингээд бид 2 салцгаасан. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 16-ны орой миний данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 8,500,000 төгрөг гадаад данс руу гараад явсан байсан, энийг би харчхаад миний мобайл банкны нууц үгийг сольж өгсөн М руу залгаад яаж байгаа чинь энэ вэ гэж асуухад “ахаа би икс бейт сайтад бооцоо тавьчихлаа, уучлаарай, удахгүй мөнгийг чинь эргүүлээд өсгөж өгнө” гэж утсаар ярьсан. Энэ явдлаас хойш утсаа салгаад алга болсон. Надад нийт 11,500,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй, хохирол барагдуулсан зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 23/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Мгийн өгсөн “...Миний Хаан банкны интернэт банк блоглогдчихоор нь Маас яаж гаргадгийг нь асуухад миний блокийг гаргаад надад шинээр нууц үг зохиож өгсөн. Гэтэл маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 8.500.000 төгрөг гарсан байсан. Ингээд би миний нууц үгийг сольж өгсөн М руу залгаад яаж байгаа чинь энэ вэ гэхэд “ахаа би  Икс бет сайтад бооцоо тавьчихлаа уучлаарай удахгүй мөнгийг чинь эргүүлж өгнө” гэж яриад түүнээс хойш утсаа салгаад алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Мгийн Хаан банкны деспозит дансны хуулга /хх-ийн 13-15/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Э.М нь тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч Э.Мыг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог.

Шүүгдэгч Э.Мын тухайд дээр дурдагдсанчлан бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч Э.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор шүүхийн хэлэлцүүлэгт “...Зүйлчлэл болон гэм буруутай маргахгүй бөгөөд хохирлын 8.5 сая төгрөгийг төлж барагдуулсан. Өмнө нь зээлсэн 3 сая төгрөгийг төлсөн. Иймд хохирол төлж барагдуулсан. Шүүгдэгч анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Хувийн байдлын хувьд сүрьеэгийн гаралтай менингитийн өвчний улмаас 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү. үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзаж, хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш хэмжээгээр алдсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү  ...” гэх саналыг тус тус гаргасан бол хохирогч болон шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар “...Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь “...Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг...”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах...”-г тус тус сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад

Шүүгдэгч Э.М нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч С.Мд учирсан 8.500.000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч . Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт хорих ял оногдуулахгүйгээр  01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт “...Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь “...Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг...”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах...”-г тус тус сануулсугай.

5. Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР