Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2469

 

я                                                                   

 

                                                                                        

      

 

 

 

 

2018 оны 11 сарын 05 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02469                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б холбогдох,

Нэр төр алдар хүндэд халдаж, тараасан мэдээллүүдийг залруулах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэж, уучлал гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.                                               

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд УИH-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Б.Хыг томилох асуудал хэлэлцэх үед Л.Б түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан. Үүнд: “...Гэхдээ энд болоод амиа алдсан 2 хүнээс хэн уучлалт гуйх юм бэ, ар гэрээс нь хэн уучлалт гуйх юм бэ. Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Цогтсайханыг маш хүнд өвчтэй хөдлөх чадваргүй байхад нь “тэгвэл чамайг шоронд хийнэ шүү” гэж айлгаад чирж аваачиж, хүүхдүүдээр нь чирж аваачиж байцаалт авсан. Тэгээд би энд Хүний эрхийн хороон дээр асууж байсан. Яагаад та нар /4 давхарт байцаагч нь байрлачихдаг/ хүний хөлийг нь шат, шат мөргүүлэн дээш нь аваачиж байцаалт авсан /баруун гараараа дүрсэлж хэлэв/. Нэр дэвшигчийн ажиллаж байсан байгууллага шалгасан “...БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан генерал Борбаатарыг мөн ажлаа хийж байхад нь дуудаж авч ирээд өчнөөн сар, жилээр тамласаар байгаад тэр хүн үнэхээр бие нь муудаад, тэсээгүй”, “Бусдын захиалгаар зохиомол хэрэг үүсгэдэг”. Түүний энэхүү мэдээлэл хийсэн зорилгыг мэдэхгүй ч иргэний нэр хүндийг ямар ч баримт нотолгоогүй гутаахаар оролдсон зохисгүй үйлдэл байна. Нэр төр бол хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан “халдашгүй чөлөөтэй байх” эрхийн баталгаа. Хүний нэр төрийг доромжилж болохгүй. Хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх нь Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрийн журамт үүрэг билээ. Гэтэл Л.Б нь Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг үл хүндэтгэн, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, гүтгэж, доромжилж олон нийтэд Б.Хыг үндэслэлгүйгээр, зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг, эрүү шүүлт тулгах замаар хэрэг хүлээлгэдэг, хилс хэрэгт унагаадаг, зохиомол хэрэг үүсгэдэг, бусдын үхэлд шууд буруутгаж гүтгэлээ. Л.Б нь энэхүү асуудалтай холбоотой УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр ярьсан дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 21.2, 21.9, 497.1, 511.1, 511.2-т заасныг үндэслэн Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: УИХ-ын гишүүн Л.Бын 2017 оны 11 сарын 15-ны өдрийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хэлсэн ярьсан зүйл нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу өөрийн байр сууриа илэрхийлсэн, аль нэг хүний нэр зааж гүтгээгүй, түүний өмнө нь удирдлагад нь ажиллаж байсан АТГ-ын явуулж ирсэн буруутай үйл ажиллагаа нь хүний эрх эрх чөлөөг боогдуулж, хүнлэг бус ажилласан гэдгийг шүүмжилж хэлсэн нь ямар нэгэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл биш юм. Хурал дээр тухайлан Б.Хыг шууд буруутгаж, нэрийг нь дурдсан 1 ч үг хэлээгүйг анхаарна уу. Хэлсэн ярьсан зүйлийг агуулгаар нь авч үзвэл Б.Х АТГ-ыг удирдаж байхад хүний эрх зөрчсөн зөрчил байсан гэдгийг л шүүмжлэн хэлсэн. Ажил хэргийг шүүмжлэх, ажлын зөрчил зөрөлдөөн бол аль ч нийгэмд байсаар ирсэн цаашид ч байх асуудал. Үүнийг хэрвээ хууль зөрчсөн гэж үзвэл бид өнөөдөр Үндсэн хуулиас авахуулаад бүх хуулиа өөрчлөхөд хүрнэ. УИХ-ын гишүүн Л.Б тус хурал дээр огт болоогүй юмыг болсон болгож, АТГ-ын хийгээгүй үйлдлийг хийсэн болгож яриагүй. Болсон үнэн бодит зүйлийг хэлсэн. Хийгээгүй хэргийн төлөө хэдэн жилээр шалгуулж эцэст нь хэрэгсэхгүй болгогдсон, ингэж шалгуулах явцдаа бие мах бодь, сэтгэл санааны хүнд байдалд орж амь нас, ажил амьдралаараа хохирсон улс цөөнгүй байгаагийн жишээнд БХЯ, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад дээрх хэрэгт шалгуулж байхдаа нас барсан Борбаатар, Цогтсайхан нарыг нэр заан хэлсэн. Тухайн хүмүүсийн холбогдон байцаагдаж байсан хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Тэдгээр хүмүүс төрд зүтгэж байсан, гавьяатай байсан, хүнд өвчтэй байсан. Тиймээс нэр дэвшигчийн ажиллаж байсан байгууллага, ажиллаж байсан үед нь шалгасан” учраас “амиа алдсан хүмүүсээс хэн уучлалт гуйх юм. Ар гэрээс нь хэн уучлалт гуйх юм” гэж асуусан. Энэ бүгдийг бид хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримттайгаар тавих болно. Монгол хүний үгээ хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийлэх эрхийн асуудлыг доорх хууль тогтоомжуудаар тусгайлан хуульчилж өгсөн. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлэг Хүний эрх, эрх чөлөө, 16.16-р зүйл “ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, эрхтэй. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1.11-д ”УИХ-ын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар гишүүн үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байна. “Нэр дэвшигчийн ажиллаж байсан байгууллага шалгасан, ажиллаж байсан нь” гэж зориуд онцлон хэлсэн нь гишүүн Л.Б АТГ байгууллагын тухай ярьж байсан. Дээрх ярьсан зүйлийн эх сурвалж нь ГТХЭГ-ын дарга асан Д.Амарсайхан мөрдөн шалгагдаж хоригдож байх хугацаандаа нас барсан, Дархан-уул аймагт хоригдож байсан 50 настай хоригдож байх хугацаандаа нас барсан хэрэг гарсантай холбоотойгоор УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хороо хуралдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих ангиудад хүний эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл сонсгол хийсэн байна. Тус хурал дээр гишүүн Л.Б “Гэхдээ та нар Үндсэн хуулийнхаа язгуур эрх, ашиг, амьд явах эрхийг хүндэтгээд байцаан шийтгэх ажиллагаагаа өөрчилж болохгүй юу?, Би маш сайн санаж байна. Хэвтрийн хүнийг АТГ-ын нэг комиссар осан байгаа юм. Би хэвтэрт байна гэж хэлээд байхад дуудсаар байгаад 2 талаас нь дамнаад аваачихад дөрвөн давхрын 1 өрөөнд байцаалт авсан. Тэгээд “орон тооны хэтрэлт” гэх мэт юм асууж байна гэнэ. Бид ийм айдсын төлөө яваагүй” гэж ярьсан байна. Гишүүн Л.Б “би Хүний эрхийн хороон дээр асууж байсан” гэж яриагаа эхэлдэг нь ийм учиртай юм. Энэ бол Б.Хын тухай ярьсан зүйл ерөөсөө байгаагүй гэдгийг энэ яриа нотолно. Дээрх зүйлүүдийг хуралд хэлсэн ярьсныг нэхэмжлэгч өөр дээрээ маш эмзгээр хүлээн авч Л.Б гишүүнийг эргүүлэн дайрч гүтгэснийг хүн бүхэн мэднэ. Нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлдээ Б.Хыг бусдын захиалгаар зохиомол хэрэг үүсгэдэг гэж хэлснээр бичсэн байна. Хурал дээр тийм үг өгүүлбэр ерөөсөө хэлээгүй. Зохиомол хэрэг байгаа талаар нийгэмд хүмүүс ярьж байна. Төрийн ордонд болсон нээлттэй сонсгол дээр иргэд энэ талаар тодорхой хэлж ярьсан. Ийм зүйлийг Л.Б анх удаа хэлж яриад байгаа зүйл биш юм. Тиймээс тэр зохиомол хэрэг гэж байж Бог юм уу. Захиалагч гэж байдаг бол тэр нь хэн юм бэ, илрүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Харин Б.Х зохиомол хэрэг үүсгэдэг гэж хэлээгүй. Энэ бол цэвэр гүтгэлгийн чанартай зүйл байна гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Л.Б тухайн хурал дээр Б.Х гэдэг хүний тухай яриагүй. АТГ-ын үйл ажиллагааны тухай ярьсан. Ярьсан зүйл үнэн байсан. Гүтгэх гэдэг бол санаатайгаар, зорилготойгоор, тухайн хүний нэр төрийг унагахаар зориуд халддаг хэрэг бөгөөд болоогүй юмыг болсон болгож, хийгээгүй зүйлийг хийсэн болгож илт худал мэдээлэл тараахыг гүтгэх гэдэг эрх зүйн тайлбар байгаа. Доромжлол гэдэг бол ёс суртахууны хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжилалд харшилсан бүдүүлэг, таагүй байдлаар хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдэл гэдэг хуулийн тайлбартай. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Б тухайн хурал дээр Б.Х гэдэг хүний талаар яриагүй. Б.Хыг тийм хэрэг хийсэн гэж хэлээгүй, бүдүүлэг үг хараал урсгаж доромжилсонгүй. Тиймээс Б.Хыг гүтгэсэн, доромжилсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ бүхэн бүгд ор үндэслэлгүй зүйл бөгөөд Б.Хыг шууд буруутгаж гүтгэсэн зүйлгүй гэдгийг хариуцлагатайгаар албан ёсоор илэрхийлж байна. Харин тус АТГ-ын үйл ажиллагааг шүүмжилснийг Б.Х өөр дээрээ маш хүчтэйгээр хүлээж авсан нь гишүүн Л.Бын нэр төрд халдах үндэслэл болсон гэж үзэж байна. Энэ байдлаас дүгнэхэд УИХ-ын гишүүн Л.Б нь Б.Хын нэр төрд халдаагүй, харин Б.Х нь гишүүн Л.Бын нэр хүнд, алдар хүндэд халдаж гүтгэж, доромжилсон үйлдэл гаргасныг дээрх хууль зүйн тайлбар болон болсон явдлаас дүгнэж болохоор байна. Иймээс Б.Хын гаргасан нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйхыг Л.Бод даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид шүүх хурал болох хүртэл нотлох баримтуудыг гаргаж өгөх болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                 

Б.Х нь Л.Бод холбогдуулан нэр төр алдар хүндэд халдаж, тараасан мэдээллүүдийг залруулах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэх уучлал хүсэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ГХЯ-ы ТНБД Цогтсайханыг маш хүнд өвчтэй хөдлөх чадваргүй байхад нь айлгаад хүүхдүүдээр нь чирж аваачин байцаалт авсан, БХЯ-ны ТНБД генерал Борбаатарыг ажлаа хийж байхад нь дуудаж авч ирээд өчнөөн сар, жилээр тамласаар байгаад тэр хүн үнэхээр бие нь муудаад, тэсээгүй, бусдын захиалгаар зохиомол хэрэг үүсгэдэг гэсэн мэдээлэл нь иргэний нэр хүндэд ямар ч баримт нотолгоогүй халдсан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу өөрийн байр сууриа илэрхийлсэн, аль нэг хүний нэр зааж гүтгээгүй, түүний өмнө нь удирдлагад нь ажиллаж байсан АТГ-ын явуулж ирсэн буруутай үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг боогдуулж, хүнлэг бус ажилласан гэдгийг шүүмжилж хэлсэн нь ямар нэгэн хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй, тухайлан Б.Хыг шууд буруутгаж, нэрийг нь дурдсан 1 ч үг хэлээгүй гэж маргалаа. 

 

Улсын их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Б.Хыг Бүгд найрамдах Солонгос улсад Монгол Улсыг төлөөлөн суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэхээр гишүүдийн 69.2 хувиар баталж, ажлын хэсгээс нэр дэвшигчийн талаар Улсын их хуралтай зөвшилцөхөөр танилцуулж, хэлэлцэн шийдвэрлүүлэхийг хүссэн байна.

 

Тус хуралдаан нээлттэй явагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар болон нэр дэвшигчээс асуух асуулт, үг хэлэх гишүүдийн нэрсийг авч, Улсын их хурлын гишүүн Л.Б үг хэлжээ.

 

Тэрээр “хэрэг нь олон жил шалгагдаад тэр нь зохиомол хэрэг, цагаадаад өнгөрсөн, хохирсон хүмүүс нь хохирлоо төлүүлээд дууссан, гэхдээ энд болоод амиа алдсан 2 хүнээс хэн уучлалт гуйх юм, ар гэрээс нь хэн уучлалт гуйх юм. Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Цогтсайханыг маш хүнд өвчтэй хөдлөх чадваргүй байхад нь “тэгвэл чамайг шоронд хийнэ шүү” гэж айлгаад хүүхдүүдээр нь чирж аваачиж байцаалт авсан. Нэр дэвшигчийн ажиллаж байсан байгууллага шалгасан БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан генерал Борбаатарыг ажлаа хийж байхад нь дуудаж авч ирээд өчнөөн сар, жилээр тамласаар байгаад тэр хүн үнэхээр бие нь муудаад, тэсээгүй, бусдын захиалгаар зохиомол хэрэг үүсгэдэг” гэж мэдээлсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байна.

 

Нэр төр гэдэг нь тухайн хүний буюу нэхэмжлэгчийн хувийн болон ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар өгч буй үнэлэмжийг ойлгох бөгөөд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг хариуцагч нь зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь тухайн хуралдаан нээлттэй явагдаж, нэхэмжлэгчийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дээрх мэдээллийг тараасан, хэрэгт Б.Хын гэм бурууг тогтоосон баримт авагдаагүй байна.

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т гишүүн Байнгын хороонд заавал харьяалагдах,  7.1.9-д гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах,  7.1.11-д ”УИХ-ын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар гишүүн үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй гэж заасан байна.

 

Тухайн хуралдаанаар Б.Хыг БНСУ-д Монгол улсаас суух элчин сайдаар томилогдохоор нэр дэвших тухай асуудлыг хэлэлцэхэд Л.Б нь саналаа хэлсэн, тухайлан “нэр дэвшигч Б.Хын хувьд” гэж хэлсэн нь тухайн нэр дэвшигчийн талаар хэлж буй мэдээлэл гэж ойлгох тул түүнийг нэр зааж гүтгээгүй, Б.Хыг шууд буруутгаж, нэрийг нь дурдаагүй талаархи хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.24-т гишүүн чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх үүрэгтэй юм.

 

Иймд Б.Хын талаар нэр төрийг гутаасан мэдээ тараасан болох нь нэхэмжлэл, үзлэгийн тэмдэглэл, байнгын хорооны хуралдааны тэмдэглэл зэргийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 511 дүгээр зүйлийн 511.1, 497 дугаар зүйлийн 497.1-д иргэний нэр, нэр төр, хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг болон эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг арилгах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Бусдын нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан явдал нь хариуцлага хүлээх үндэслэл болох бөгөөд гутаасан мэдээ тараасан Л.Б нь Б.Хын талаархи мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул уг мэдээний эсрэг няцаалт хийхийг хариуцагчид үүрэг болгосноор нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээн тогтоох юм.

 

Иймд хариуцагч нь тухайн хэлэлцэж буй асуудлын талаар санал гаргахдаа гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй байхад “ГХЯ-ны ТНБД Цогтсайханыг маш хүнд өвчтэй хөдлөх чадваргүй байхад нь айлгаад хүүхдүүдээр нь чирж аваачин байцаалт авсан, БХЯ-ны ТНБД генерал Борбаатарыг ажлаа хийж байхад нь дуудаж авч ирээд өчнөөн сар, жилээр тамласаар байгаад тэр хүн үнэхээр бие нь муудаад, тэсээгүй, бусдын захиалгаар зохиомол хэрэг үүсгэдэг” гэж мэдээлснээр нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан буруутай байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Тус шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Г.Урантогост товыг мэдэгдэхэд очиж амжихгүй талаар энэ өдөр мэдэгдсэн, дахин сонгогдсон Б.Дайриймаа нь ирээгүйгээс нэхэмжлэгч тал иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүй талаар тайлбар гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х нэр төр, алдар хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг хариуцагч Б даалгасугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

                

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                           Ж.СЭМЖИД

 

                                                                             Д.ХУЛАН