Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/413

 

  

 

 

 

 

 

2022         04             18                            2022/ШЦТ/413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0383

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархад овогт Бандийн Алтанхуяг холбогдох эрүүгийн “2209001580526” дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дархад овогт Бандийн Алтанхуяг,

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.А нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 17-677 тоотод байх гэртээ эхнэр Б.Х-тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хоёр бугалга, баруун шуу, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Б.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 14:00 цагийн үед нөхөр Б.А-тай маргалдсан. Өмнө нь нөхөр Б.А нь гэр бүлээс гадуур харилцаатай байж байхад нь би үйлдэл дээр нь бариад тэрнээс болж маргаан үүссэн. Би нөхөр Б.А-ийг гэрээсээ хөөсөн. Тэгтэл Б.А нь миний зүүн талын хацар руу гараараа 1 удаа алгадсан. Намайг хэл амаар доромжпоод байсан. Миний үснээс дарж байгаад нуруу руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр би уртасгагчаар хоолойгоо боогоод “Үхнэ” гэхэд намайг болиулаад утасны цэнэглэгчээр миний нуруу руу цохисон. Би Б.А-ийг “Утсаа өгчих. Би ээж, эгч хоёрын нэгэнтэй нь ярих гэсэн юм” гэхэд утсаа өгөөгүй. Би өөрийн гар утсаа эвдсэн байсан. Тэгээд халааснаас нь гар утсыг нь авах гэж ноцолдсон. Тэгтэл миний зүүн гарын бугалгаас хазсан. Баруун гарын бугалга болон шууг нөхөр Б.А хазсан. Тэгээд нөхөр гараад явахаар нь би дэлгүүрээс найз Н.У-рүү яриад найз Н.У ирэхээр нь ээжийнхээ гэрт очиж байгаад цагдаа дуудсан. 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2019 онд гэрлэлтээ батлуулсан дундаасаа 6 хүүхэдтэй. Тийм зүйл болж байгаагүй. Би нүүр болон нурууг нь маажсан. Нөхрийн дүү Н.Г манай 3 жоохон хүүхдүүд байсан. Хэсгийн байцаагч “Хамгаалах байранд очих уу” гэхээр нь би “Очихгүй” гэж хэлсэн. Манай нөхөр Б.А учруулсан. Хэвлийд учирсан гэмтлийг би хутгаар өөрийгөө “Бүлнэ” гээд учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Б-гийн 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн:

1. Б.Х-ы биед хоёр бугалга, баруун шуу, хэвлий, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн 731 дугаар дүгнэлт хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас,

5. Шинжээч эмч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Хэвлийгээс бусад гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Яллагдагч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би хүлээн зөвшөөрч байна. Надад асуух зүйл байхгүй... холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05 тал/ болон энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: Улаанбаатар Чингэлтэй 165-р хороо Согоотын 91 гудамж 1360 тоот /хх-ийн 45 тал/
  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/ зэрэг баримтууд болно.
  • Шүүгдэгч Б.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47 тал /,
  • Шүүгдэгч Б.А-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 тал/,
  • Шүүгдэгч Б.А-ийн нэр дээрх тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-ийн 49 тал/
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 48 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.А нь Б.Х-ы эрүүл мэндэд нь хоёр бугалга, баруун шуу, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Б.Х нь шүүгдэгчээс “Б.А-ийн учруулсан гэмтэл гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн хариуг өгсөн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хохирогчийн хүсэлт /хх-ийн 64 тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархад овогт Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.А-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЗЖАРГАЛ