Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/881

 

 

 

 

 

 

  2022          09        13                                  2022/ШЦТ/881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга О.Нямгэрэл,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Хохирогч Б.Г түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн,

Шинжээч эмч Б.Ганцэнгэл,

Гэрч М.О, Г.Ц, Б.С, Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Х овогт А-гийн А-т холбогдох эрүүгийн “...” дугаартай  хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Дорнод аймагт  төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт .............. дүүргийн 00 дугаар  хороо 00 байрны 000 тоотод оршин суудаг, Урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 00-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгуулж байсан, Х овгийн А-гийн А /РД:НН00000000/,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо ...-ны гадна Б.Гтай үл ялих зүйлээс болж маргалдан түүний зүүн хөл рүү өшиглөж өвдөгний чагтан холбоосны тасрал гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “...2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би хүүхдүүдээ хараад гэртээ байж байтал манай дүү уулзъя гэхээр нь хороололд очиж пиво уусан,маш их цастай, шуургатай байсан ба хөл хорио суларсан. Тухайн өдөр яг гэрээс гарах гээд байж байхад манай орцны тэнд хар делика маркийн машинтай хэсэг залуус архи уугаад нэлээн орилж, чарласан дуу шуутай байсан би хажуугаар нь гараад явсан. Буцаад гэртээ ирэхэд таксины бэлэн мөнгө байхгүй болохоор нь хайраа чамд бэлэн мөнгө байна уу гээд мөнгө гаргаж ирэх хооронд манай тэнд ууж байсан нөхөдүүд (би урьд нь царай төрхийг нь харж байгаагүй) хайраа майраа гээд хөгширчхөөд ямар нялуун пизда нар вэ? гээд намайг үг хэлээр доромжилсон. Нэг нь ирээд шууд мөрлөөд, цаанаас учир зүггүй олон хүмүүс ирээд намайг газар унагаагаад тэгээд зодоон болсон. Миний сууж ирсэн такси, эдний машин хоёр ойрхон байсан. Эдгээр хүмүүс нэлээн согтолттой байсан болохоор манай дүү О  намайг зодолдуулахгүй  гээд хорьж байсан. О дүү машинаас гарч ирэх  хооронд л намайг маш олуулаа бүлэглэж зодсон. Тухайн зодооноос хойш 23 хоногийн дараа миний хамар битүүрээд, хамрын таславч далийсан. Хүнд хэлбэрийн Ковид тусаад, уушги 40 хувийн гэмтэлтэй гэж оношлогдоод, эдгэсний дараа 10 дугаар сард хагалгаанд орсон гэв. Тэгээд манай байрны доор грашид манай эхнэр, ажлын 2 залуу, бас 1 үйлчлүүлэгч юм хийгээд байж байсан. Энэ хүмүүс та нар болиоч ээ гээд гарч ирээд эдгээр хүмүүсийг зогсоосон. Тэр үед би бас арсалдаад, хэрэлдээд, нэг нэгээрээ зодолдох уу гэсэн. Манай дүү бол намайг машины дунд хориод л байж байсан. Би хайраа цагдаа дуудаарай гэсэн чинь эхнэр бичлэг хийж байгаад, манай ажилтны утсаар цагдаа дуудсан.  Би жилийн өмнө хохирогчоор цагдаад хандсан байтал бүр жилийн дараа намайг яллагдагчаар татчихаад байна. зодоон асар богино хугацаанд болж өнгөрсөн болохоор надад хүний хөл, гар хугалж, хүн зодоод байх цаг байгаагүй. Тэгээд 10 хэдэн хоногийн дараа миний хамар бөглөрөөд 1 тийшээ харахаар шууд битүүрч эхэлсэн. Намайг 10 дугаар хорооны цагдаа дуудаад энэ  хүмүүс гомдолтой гэж байна, та гомдолтой юу гэхэд би ч гэсэн гомдолтой гээд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэрнээс хойш яг сарын дараа миний хамар маш их битүүрч, амьсгалахад хүндрэлтэй болоод, унтаж чадахааргүй зовуурилж эхэлсэн. Хамрынхаа зургийг авхуултал хамрын таславч мурийсан байна, хагалгаанд  орох шаардлагатай гэсэн. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүнд хэлбэрийн ковид тусаад цэргийн коспиталд хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Ковид туссан бол 3 сарын дараа л хагалгаанд орж болдог гэхээр нь 11 дүгээр сард хагалгаанд орсон. Цагдаагийн газраас дуудахгүй болохоор нь энэ асуудал намжсан байх гээд тоогоогүй гэв. Тэгтэл 2021 оны 04 дүгээр сард цагдаагийн газраас намайг яллагдагчаар татсан гэж мэдэгдэхэд би их гайхсан ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн мэдүүлэхдээ “... Хохирогч болон хэсэг хүмүүс байрны гадна дуу хөгжим чангаар тавьж, архидан согтуурч, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан нь гэрчийн мэдүүлэг, А-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог. Хохирогч үүнийг үгүйсгэдэг ч ийм үйл явдал болоогүй гэдгийг баттай нотолсон зүйл байхгүй. Тухайн үед хотхоны манаач, гэрч Н, Д нараар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч нар гэх хөндлөнгийн гэрчүүд болсон явдлыг тодорхой мэдүүлэх байсан. Эдгээр хүмүүсээс яагаад мэдүүлэг аваагүй юм бэ? Хэрэгт ач холбогдол өгөх гэрчүүдээс огт мэдүүлэг аваагүй атлаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад зөвхөн Ц л мэдүүлэг авдаг. Хохирогчийн эхний мэдүүлэг дээр арай өндөр нь намайг өшиглөсөн гэдэг. Гэрч О шүүгдэгч А өндөр. Тэгвэл О өшиглөсөн юм биш үү? Мөн шүүгдэгч хохирогчийг огт танихгүй байхад хохирогч шүүгдэгчийг яаж мэдээд, хаанаас нэрийг нь олж мэдсэн юм. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй байна. Хэргийг бүдгэрүүлж байна. Үл ялих зүйлийг хэн гаргасан юм бэ? Үл ялих зүйл гэдгийг тогтоогоогүй. Хохирогч архидан согтуурч, үг хэлээр доромжилж энэ маргаан үүсэх шалтгааныг өөрөө бий болгосон. Урьд нь лам байсан, хүнийг гэмт хэрэгт холбогдуулахыг хүсдэггүй зэргээр цайлган хүн шиг мэдүүлэг өгдөг боловч хүнийг хайраа гэж дуудсаных нь төлөө хүнийг өдөөн хатгаж, энэ маргааныг эхлүүлэх шаардлага байсан юм уу? Гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөлөө тогтоож чадаагүй. Цагдаа ирэхэд эдгээр хүмүүс гомдолгүй гэсэн байдаг. Үнэхээр хүн гэмтсэн юм бол яагаад цагдаад гомдол саналгүй гэж хэлж байгаа юм. Гэрчийн мэдүүлгүүд наана цаана байж болно учир нь эдгээр хүмүүсээс жилийн дараа мэдүүлэг авч байгаа. Хүн нэг хэлснээ дараа нь яг тэр чигээр нь хэлэх боломжгүй. Гэрч О эхний мэдүүлэг дээрээ хоёр машины голд хашаад зогссон тухай мэдүүлсээр байгаа. Хохирогч шүүгдэгч хоёрын биеийн харьцааг харахад А энэ өндөр хүний нэг хөлийг нь барьсан чигтээ зүүн хөлийг нь өшиглөх боломжгүй бөгөөд өөрөө  явганаас унаж гэмтсэн гэж мэдүүлсэн. Хоёр машины голоос гүйж ирээд өшиглөсөн үйл баримтыг Ц-с өөр харсан хүн байхгүй. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч А хохирогч  Г-г гэмтээсэн гэдэг нь эргэлзээгүй тогтоогдохгүй байна. Хуульд шүүгдэгчид эргэлзээтэй байдал үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г мэдүүлэхдээ “...2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цас орсон хэдий ч хүн унаад шөрмөсөө таслах хэмжээний их цас ороогүй. Бямба гариг байсан болохоор зуслан дээр  байж байтал хөл хорио суларсан болохоор ажлын хүмүүс одоо эхлэх ажлаа яръя гэхээр нь  манай 2 дүү намайг ирж аваад замаараа Л (найз) руу залгаад чи хаана байна уулзъя гэсэн чинь гэртээ байна гэхээр нь Л-ыг гэрээс нь аваад ажил дээр 19 цаг орчимд ирсэн. Би дүү нартайгаа болон ажилчидтайгаа нийлж архи уудаггүй болохоор Л бид хоёроос бусад нь согтууруулах ундаа хэрэглээгүй Байрны гадаа машинд хөгжим тавьсан, архидан согтуурсан үйл явдал болоогүй. А манай байрны 5 давхарт амьдардаг, би 4 давхарт нь оффис түрээслээд 5 жил болж байна. 23 цагийн орчимд ажил тараад Л бид 2 байрны зүүн талд зогсож байтал А чи юу гэнэ ээ, яасан гэнэ ээ гээд над руу дайраад хүрээд ирэхээр нь чамайг яадаг юм гээд би заамдаж авсан, хэсэг зодоон болсон. Л-ыг энэ хүнтэй хамт явж байсан залуу куртик дотор нь 2 гарыг нь хийгээд, тонгойлгоод өшиглөсөн. Энэ үеэр машинд байсан ажлын залуус гарч ирээд боль гээд салгасан. Хамт явж байсан залуу Аыг машины голд хашаад зогсоосон.  А та нар ямар олуулаа юм бэ? би бүгдийг чинь хутгална аа гээд орилохоор нь чи чаддаг юм бол хутгал гэсэн чинь өөдөөс гүйж ирсэн. Би өшиглөсөн боловч оноогүй, харин миний хөлийг барьж аваад, зүүн хөл хүү өшиглөсөн. миний хөл нугараад босох ямар ч боломжгүй болсон. Ажлын залуу, дүү 2 наадах чинь хутгалчихлаа шүү дээ гээд миний өмдний зүүн талыг ураад, шалгасан чинь цус гараагүй байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд ясны хугарал байхгүй байна та нарийн мэргэжлийн эмчид үзүүл гээд өвчин намдаах тариа хийгээд, гипсдээд явуулсан гэв. Хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа Грандмед эмнэлэгт үзүүлээд, зүүн өвдөгний чагтан холбоос тасарсан гэж оношлогдсон, хагалгаанд орсон. А мөнгө авах гэж худлаа мэдүүлэх ямар ч шаардлага байхгүй ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр мэдүүлэхдээ “... Хохирогч нэг байранд амьдарч, өдөрт 2-3 таардаг учраас хараад хэн цохисныг эргэлзээгүйгээр заасан. Үүнийг гэрч Б, С нар гэрчилдэг. Тухайлбал  гэрч С-гын зодоон дууссаны дараа гэртээ орох гэж байхад хөл эвгүй болчихлоо гээд орилохыг сонссон, Оыг таксинд суулгачхаад, нөхрөө гэрт нь оруулсны дараа хөл гэмтсэн асуудал гарсан гэх мэдүүлэг. Мөрдөн байцаалтын явцад өгсөн уг мэдүүлэг үнэнтэй нийцэж байгаа ба  одоо өгч байгаа мэдүүлэг нь эрс зөрж байна. Шүүгдэгч нь хохирогчийн үений хэсэгт жийж унагасан гэж гэрчүүд мэдүүлдэг. Энэ хэрэг гарснаас бүтэн сарын дараа А хамар гэмтсэн тухайгаа ярьдаг. Шинжээчийн сая мэдүүлснээр гэмтэл авсан бол тэр дороо мэдэгдэх ёстой. Хавтаст хэргийн 148 дугаар хуудсанд Оын хамрын гэмтлийн зураг авагдсан. Түүний хамарт тодорхой хүч үйлчилсэн учраас хавдаж, хөхөрсөн. Шүүгдэгч 06 дугаар сарын 23-ны өдөр эмчид үзүүлээд 08 дугаар сарын 05-ны өдөр буюу бүтэн 3 сарын дараа мөрдөгчид мэдэгдсэн. Хагалгаа хийлгэсэн гэж ярьж байгаа ч хэн хэдний өдөр хагалгаа хийсэн нь тодорхойгүй. Гэтэл шүүгдэгч мэдүүлэхдээ миний хамрыг цохисон хүн өөр хүн байсан гээд энэ хэрэгт ямар ч хамааралгүй асуудал юм. Хавтаст хэргийн 151 дугаар хуудсанд би явганаас унаад хөлөө гэмтээсэн гэж хэлсэн нь хохирогч шүүхээр шийдвэрлэгдэх хэмжээний том асуудал үүсчихлээ гэдгийг мэдээгүй. Хохирогч Г урьд нь лам хүн байсан  бөгөөд хүний муу үзэх, хүнийг гэмт хэрэгт оруулчихъя гэсэн санаа байдаггүй учраас тухайн үедээ эмчдээ худлаа хэлсэн. Шүүгдэгчийн гэм буруутай болох нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний баримт болон эмчийн дүгнэлт зэргээр эргэлзээгүй тогтоогдож байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.  

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо ...-ны гадна Б.Гтай үл ялих зүйлээс болж маргалдан түүний зүүн хөл рүү өшиглөж өвдөгний чагтан холбоосны тасрал гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. Үүнд,    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гийн өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа гарч яваад ажлынхаа үүдэнд согтуу хүмүүстэй муудалцсан. Би ч гэсэн тодорхой хэмжээгээр архи уусан байсан. Тэгээд ажлаас гарч явтал юу гээд байгаа юм гээд хоорондоо барилцаад авсан. Муудалцаж байгаад 2 талд зогсож байтал нөгөө А гэх хүн би та нарыг бүгдийг хутгална гээд орилж байгаад шууд над руу гүйгээд ирсэн. Гүйгээд ирэхээр нь биеэ хамгаалах гээд хөшиглөхөд миний баруун хөлийг барьж аваад дээш өргөж байгаад миний зүүн хөл рүү жийгээд унагачихсан. Би шууд арагшаа нугараад унасан. Тэр дороо гэмтэл ороод үзүүлэхэд ясны хугарал байхгүй гээд гипсдээд явуулсан. Тэгж байгаад хэд хоногийн дараа хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/-р тал,   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г. Б-н өгсөн “... Төд удалгүй хүмүүс орилоод бужигнаад эхэлсэн тэгэхээр нь очоод юу болов гээд салгах гэтэл Г ах хөл гээд газарт унасан...тэр маргалдаж байсан залуу өшиглөсөн тэр зүүн өвдөг орчим нь өшиглөх шиг болсон яг бол хараагүй. Хөл гээд газарт унахаар нь яасан бэ гээд асуутал сая өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэр залуу салгах гээд байхаар улам орилоод дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/-р тал,  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.С-гын өгсөн “...тэгж байгаад зодоон дууссан хойно бид нар гэр лүүгээ орох гэж байхад нэг залуу хөл эвгүй болчихлоо гээд орилсон. Нэг намхан залуу хажуугаас нь сугадаад машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 70/-р тал,  

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Аийн өгсөн “...нөгөө залууг хоёр машины голд хашаад зогсож байсан бид нар наана Л ахыг босгоод хувцас хунарыг нь гөвөөд байж байтал нөгөө хоёр эрэгтэй, эмэгтэй агсраад байсан эрэгтэйгээ алдаад нөгөө залуу нь бид нар луу гүйж ирээд Г ахыг цохих гээд гараараа далайгаад орсон тэгтэл Г ах хөлөөрөө хамгаалаад өөдөөс нь жийгээд өргөсөн тэгтэл нөгөө хөлөөс нь барьж аваад хөлийн өвдөгний үе рүү нь гараараа цохих шиг болсон. Тэгтэл Г ах шууд газарт унаад хөл, хөл гээд орилоод байсан...баруун хөлөөрөө жийгээд нөгөө хөл рүү нь цохих шиг болсон. Би бол тухайн үедээ гараараа цохичихлоо гэж харсан. Тэгээд Г ах газарт хэвтээд хөл нь шууд татаж эхэлсэн...миний харснаар бол хөлөөрөө өшиглөөд барьсан хөлөн дээр нь гараараа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 75-76/-р тал,

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ц-ын өгсөн "...захирал Б.Г жолооч Лтай юм ярих гээд байрны зүүн талд очоод юм яриад зогсож байсан. Тэр үед манай талбайн даамал А болон захирлын дүү А-д нар машинд юм яриад сууж байсан. Гэнэт машинд байсан хоёр машинаасаа буугаад бид нар луу урд зодоон болоод байна гээд орилохоор нь бид гурав гүйгээд очтол Гийг газарт унагаачихсан жолооч Л-ын цамцыг нь толгойгоор нь давуулаад барьчихсан 2 залуу зодолдож байсан. Тэгэхээр нь би захиралтай зодолдож байсан залууг нь тэвэрч аваад салгачхаад жолоочийг бас зодож байсан залууг бас салгасан. Салгаад байж байтал захирлыг зодож байсан залуу орилоод дайраад та нар яаж байна аа гээд орилоод байсан...тэгээд байж байтал захирал руу орилоод байсан залуу захирал руу дайраад ирэхээр нь захирал баруун хөлөөрөө тэр залуугийн цээж рүү өшиглөсөн чинь тэр залуу захирлын баруун хөлийг барьж байгаад үлдсэн зүүн өвдөг рүү нь жийгээд унагаасан. Тэгээд захирал босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн хүний биед хийсэн №5430 дугаартай “...Б.Гийн биед зүүн өвдөгний чагтан холбоосны тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 84-85/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч *******ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хохирогчийн цохиж, зодсон үйлдэл гаргаагүй, харин би өөрөө зодуулаад миний хамар гэмтсэн талаар мөн “...эхнэрээ хайраа гэж дуудахад хөгширчхөөд ямар нялуун пизда нар вэ...” гэж хэлснээс болж тухайн маргаан үүссэн талаар тус тус тайлбар гаргаж маргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн хэрэг маргаан гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, хохирогч нь байрны гадаа машинд чанга дуу тавьж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бөгөөд энэ талаарх хэрэгт ач холбогдол бүхий гэрч нараас тайлбар мэдүүлэг аваагүй талаар, мөн дуудлага, мэдээллээр ирсэн цагдаагийн албан хаагчид яагаад гомдолгүй гэж хэлэх болсон талаар, мөн шүүгдэгч болон хохирогчийн биеийн харилцааг харахад А нь хохирогчийг өшиглөх боломжгүй...” талаар тус тус тайлбар гаргаж маргажээ.

1.Шүүгдэгч *******ын зүгээс тухайн зодооны улмаас миний хамар гэмтсэн гэж тайлбарлаж байгаа боловч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 201 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 4712 дугаартай дүгнэлтээр *******ын эрүүл мэндэд учирсан баруун тохой, баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* болоод хохирогч Б.Г нарын хэн алинд нь шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байх бөгөөд тухайн дүгнэлтээр *******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэгт хамаарах хэмжээний гэмтэл учраагүй болох нь тогтоогдсон, нөгөөтээгүүр тухайн шинжээчийн дүгнэлтийг хуулийн дагуу оролцогч нарт танилцуулсантай холбогдуулан хэн нэгнээс гомдол, хүсэлт гаргаагүй байна.

2. Шүүгдэгч *******ын зүгээс би хэн нэгнийг цохиж, өшиглөсөн үйлдэл гаргаагүй гэх тайлбарыг гаргасан боловч энэ нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гийн өгсөн “...Муудалцаж байгаад 2 талд зогсож байтал А гэх хүн “Би та нарыг бүгдийг чинь хутгална” гээд орилж байгаад шууд над руу гүйгээд ирэхээр нь би биеэ хамгаалах зорилгоор өөдөөс нь өшиглөтөл миний баруун хөлийг барьж байгаад зүүн хөл рүү жийгээд унагаачихсан...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Б-ын өгсөн “...Төд удалгүй хүмүүс орилоод бужигнаад эхлэхээр нь яваад очтол Г хөл гээд газарт унасан. Гтай маргалдаж байсан залуу зүүн өвдөг орчим нь өшиглөчих шиг болсон. Би юу болсон бэ гэхэд сая өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэр өшиглөсөн залууг салгах гэж оролдох тусам улам орилоод дайраад байсан...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.С-ын өгсөн “...Зодоон дууссан хойно бид нар гэр рүүгээ орох гэж байхад наг залуу хөл эвгүй болчихлоо гэж орилсон бөгөөд нэг намхан залуу хажуугаас нь сугадаад машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.А-ийн өгсөн “...нөгөө залууг хоёр машины голд хашаад зогсож байсан бид нар наанаЛ- ид ахыг босгоод хувцас хунарыг нь гөвөөд байж байтал нөгөө хоёр эрэгтэй, эмэгтэй агсраад байсан эрэгтэйгээ алдаад нөгөө залуу нь бид нар луу гүйж ирээд Г ахыг цохих гээд гараараа далайгаад орсон тэгтэл Г ах хөлөөрөө хамгаалаад өөдөөс нь жийгээд өргөсөн тэгтэл нөгөө хөлөөс нь барьж аваад хөлийн өвдөгний үе рүү нь гараараа цохих шиг болсон. Тэгтэл Г ах шууд газарт унаад хөл, хөл гээд орилоод байсан...баруун хөлөөрөө жийгээд нөгөө хөл рүү нь цохих шиг болсон. Би бол тухайн үедээ гараараа цохичихлоо гэж харсан...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ц-ын өгсөн “...Гэнэт машинд байсан хоёр машинаасаа буугаад бид нар луу урд зодоон болоод байна гээд орилохоор нь бид гурав гүйгээд очтол Гийг газарт унагаачихсан жолооч Л-ын цамцыг нь толгойгоор нь давуулаад барьчихсан 2 залуу зодолдож байсан. Тэгэхээр нь би захиралтай зодолдож байсан залууг нь тэвэрч аваад салгачхаад жолоочийг бас зодож байсан залууг бас салгасан. Салгаад байж байтал захирлыг зодож байсан залуу орилоод дайраад та нар яаж байна аа гээд орилоод байсан...тэгээд байж байтал захирал руу орилоод байсан залуу захирал руу дайраад ирэхээр нь захирал баруун хөлөөрөө тэр залуугийн цээж рүү өшиглөсөн чинь тэр залуу захирлын баруун хөлийг барьж байгаад үлдсэн зүүн өвдөг рүү нь жийгээд унагаасан. Тэгээд захирал босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байхын зэрэгцээ шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ...” гэж,

Мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй...” гэж тус тус заасан бол,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэр бүхий гэрч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хууль сануулж авсан дээрх мэдүүлгүүдийг үгүйсгэх, няцаах үйл баримт тогтоогдохгүй байна.

Нөгөөтээгүүр хэдийгээр шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Би хохирогчийг өшиглөөгүй...” гэж удаа дараа мэдүүлсэн ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” юм.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон гагцхүү хавтас хэрэгт авагдсан ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудад үндэслэсэн болохыг дурдвал зохино.

3. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хэл амаар доромжилсон...” гэх тайлбарыг гаргасан.

Хохирогч Б.Гийн зүгээс шүүгдэгч *******ыг “...эхнэрээ хайраа...” гэж дуудахад нь ямар нялуун пизда вэ гэх зэргээр хэл амаар доромжилсон гэж ******* болон гэрч М.Солонго нар тайлбарлаж байх хэдий ч энэ нь өөр бусад гэрчийн мэдүүлэг болон хэргийн бусад үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

4. Хүмүүс хоорондын харилцааны зүй зохистой байдал нь нийгмийн хэв журам байдаг бөгөөд хэдий хохирогч хэл амаар доромжилж тухайн маргааныг эхлүүлсэн гэж шүүгдэгч *******ын зүгээс тайлбарлаж байгаа боловч түүний зүгээс маргааныг туйлд нь хүргэлгүйгээр буюу бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр зөрчлийн шинжтэй үйлдлийг нь зохих байгууллагад дуудлага, мэдээлэл, гомдол гаргах замаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл бусдыг үл хүндэтгэж, хэл амаар доромжлох, хэрүүл маргаан үүсгэх зэрэг нь Зөрчлийн тухай хуульд зааснаар танхайрах зөрчилд хамаарах бөгөөд энэ тохиолдолд хэрүүл маргаан үүсгэлгүйгээр зохих байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх учиртай.

Нийгмийн хэв журмын зарим тохиолдлыг төрөөс хуулиар, дүрэм журмаар тогтоодог бол харилцааны энгийн зүйлсийг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулж байдаг.

Өөрөөр хэлбэл хүнтэй мэндлэх болоод маргаан үүсгэлгүйгээр харилцах зэрэг нь нийтээр дагаж мөрдвөл зохих ёс суртахууны наад захын хэм хэмжээ мөн бөгөөд харин ёс бус үг хэллэг хэрэглэх болон бусдыг хэл амаар доромжлох нэр хүнд эрх чөлөөнд нь халдах зэргийг хуулиар хориглосон байдаг бөгөөд шүүгдэгч ******* болон хохирогч Б.Г нарын зүгээс цаашид нийтээр дагаж, мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг өөрсдийн амьдралд хэвшил болговол зохино.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн тул улсын яллагчийн санал болгосноос бага хэмжээний торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй, шүүгдэгчийн зүгээс “...Манай хадам ээж хорт хавдартай, санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа тул хуульд заасан бага хэмжээгээр торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.  

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, дүгнэлт, өмгөөлөгч нарын зэргийг судалж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.  

Гурав. Бусад асуудлаар.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт 7.049.893 төгрөгийн бодит хохирол учирсанд тооцож, шүүгдэгч *******аас нийт 7.049.893 төгрөгийг  гаргуулж, хохирогч Б.Гт олгож, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт А-ны Аыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 400 /Дөрвөн зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас нийт 7.049.893 төгрөгийг гаргуулж, хохирогч Д овогт Б-ын Г /РД:НН00000000/-д олгосугай.

  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР