| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0719/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/808 |
| Огноо | 2022-08-12 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/808
2022 08 12 2022/ШЦТ/808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Д.Даваадорж,
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Болорцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б..овогт Г.. С.. холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар .......... дүүргийн 00 дүгээр хороо, Дэнжийн 0-00 тоотод оршин суудаг гэх боловч иргэний үнэмлэхийн лавлагаагаар Б дүүргийн 00 дугаар хороо, Дунд дарь эх 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Г-ын С-д /РД:НН00000000/,
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С- ” төвийн 7 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Г-” /Good/ нэртэй ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын үнэлгээчнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж тус байгууллагын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгөөс 8.380.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болорцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний зүгээс *******ыг албан тушаалын байдлаа ашиглаж гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэмт хэргийн хувьд нэг удаагийн үйлдлээр хохирол учруулсан байдаг бөгөөд маргааш өглөө нь захирал руугаа залгаж гэм буруугаа хүлээсэн байдаг. Миний үйлчлүүлэгч нь бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан. Иймд, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Гэм буруу болон хууль хэрэглээний талаар.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь тухайн барьцаалан зээлдүүлэх газарт албан ёсны гэрээгээр буюу үндсэн ажилтнаар ажилладаггүй, ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байхгүй байгаа зэргээс харвал шүүгдэгч *******ыг албан тушаалтан гэж үзэх боломжгүй байна.
Итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс өөрийн өмчийн хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулан тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр ажиллаж байгаа тохиолдолд албан тушаалтан гэж үзэх боломжтой юм.
Иймд, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С- ” төвийн 7 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Г-” /G./ нэртэй ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын үнэлгээчнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус байгууллагын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгөөс 8.380.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, хувьдаа завшсан болох нь:
Их чанга ас” ХХК-ийн барьцаат зээлийн газраас Ба овогтой О-д зээл гаргасан тухай зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 7-8/-р тал,
”Их чанга ас” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрэм /хх-ийн 10-16/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-ийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.О гэдэг хүний .”..............” ХХК-ийн 60 хувийн эзэмшигчээр тус компанийн гүйцэтгэх захирал болж одоог хүртэл ажиллаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” гэх нэртэй дэлгүүрт “Г-” нэртэй ломбардыг нээж ажиллуулж байгаад тус ломбардын салбарыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С- ” төвийн 7 дугаар давхарт 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлээд Г-ын С-ыг ломбардын үнэлгээчнээр ажиллуулж байсан юм. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* нь компанийн мөнгөнөөс 8.380.000 төгрөгийг хүмүүс тус ломбардад эд зүйл тавьсан мэтээр баримт үйлдэж хувьдаа завшсан байхыг олж илрүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал /
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны орой өөрийн ажиллуулдаг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “С- ” төвийн 7 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Г-” нэртэй ломбарддаа очиж бэлэн мөнгөө тоолсон. Тоолох үед бэлнээр 2.000.000 төгрөг дутаж байсан юм. Тэгээд энэ талаар ажилтан С-оос асуухад тэрээр “...манай найз “Айфоне-12 про макс” загварын гар утсаа тавина гэхээр нь би урьдчилаад мөнгө өгсөн юм...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад өгсөн ба түүнд хандаж орой надад авчирсан гар утас болон барьцаа авсан хүнийг видео колл хийж харуулаарай” гэж хэлсэн. Тэгтэл 00 цаг 30 минутын үед С над руу видео коллоор залгаж О гэх кино театрт менежер ажилтай 88......- утасны дугаартай залууг харуулж “гар утсаа барьцаалж байна” гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь дүү болох Хулгана гэх дүүгээ явуулж “бэлэн мөнгийг нь тоолоод, авсан барьцааг нь бас шалгаарай гэж хэлсэн. Манай дүү очиж шалгатал бэлнээр 5.000.000 төгрөг дутуу байна. “Айфоне-12 про макс” утас нь байхгүй байна, 700.000 төгрөгөөр тавьсан монетон бөгж байхгүй байна” гэж хэлсэн. Тухайн байхгүй байгаа эд зүйлсийг О гэх залуугийн нэр дээр хуурамчаар үүсгээд эд зүйлс ч байхгүй, мөнгө ч байхгүй байсан. Тэгээд би С руу залгаад “чи мөнгө хулгайлсан байна, би одоо цагдаад өгнө” гэхэд тэрээр “ахаа битгий цагдаад өгөөрөй, би 2 хоногийн дараа мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд миний гар утсыг блоклосон байсан. ...Миний байгууллагад 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 28-35/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С- ” төвийн 7 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Г-” нэртэй ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын үнэлгээчнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдөр өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж тус байгууллагын итгэмжлэн харьцуулсан эд хөрөнгөөс 8.380.000 төгрөгийг бэлнээр авсан. ...Тус мөнгийг бүгдийг нь ломбардаас бэлнээр авсан ба ямар нэгэн дансаар авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/-р тал,
Барьцаат зээл гаргасан гэх мөнгөн дүнгийн бичвэртэй баримтууд /хх-ийн 8,45/-р тал,
”........................” ХХК-ийн барьцаат зээлийн худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээний хуулбар /хх-ийн 46-51/-р тал,
Хохирогч, шүүгдэгч нарын хоорондоо харилцсан мессежний хуулбар /хх-ийн 52-53/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Э-ны өгсөн “...Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С- ” төвийн 7 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Г-” нэртэй ломбардад 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үнэлгээний мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна. Намайг ажилд орох үед Г-ын С-д гэж нөгөө ээлжийн үнэлгээний ажилтан байсан. Тус ажилтан нь надаас сарын өмнө ажилд орсон байсан. Түүнтэй би нэг нэг өдрөөр ээлжилж ажилд гардаг байсан. 2022 оны 05 дугаар сарын 23-ны 12 цагт ажил руугаа ороод тооллого хийж үзэхэд бэлэн 5.480.000 төгрөг дутуу байсан. С нь тухайн үед над руу “ би дуудлагаар барьцаа авч байгаа, байгууллагын мөнгөнөөс 5.000.000 төгрөг дутуу байгаа шүү, захирал асуух юм бол данс тооцоо яг таарч байгаа гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариу бичээгүй ба хэрэв тэр өдөр ирэх юм бол захиралд хэлэхгүй , ирэхгүй удах юм бол захиралд хэлнэ гэж бодож байсан. Тус өдөр 14 цагийн үед манай байгууллагын 2 нягтлан ирж данс,тооцоо болон барьцаа мөнгийг шалгаж үзэхэд данснаас 5.480.000 төгрөг, барьцаа хөрөнгөөс алтан ээмэг 1 ширхэг, . “Айфоне-12 про макс” загварын гар утас 1 ширхэг дутуу байсан. Үүнийг нягталж үзэхэд хуурамч зээл үүсгэж С-д нь өөрөө мөнгө авч завшсан байсан нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.М-гийн өгсөн “...Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С- ” төвийн 7 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Г-” нэртэй ломбардад 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үнэлгээний мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Өмнө тус газарт хаяа ирж цагийн ажил эрхэлж үнэлгээ гаргадаг байсан. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бэлэн мөнгө болон барьцааг тулгаж үзэхэд бэлэн мөнгөнөөс 5:480.000 төгрөг дутаж байсан. Барьцааг тулгахад алтан ээмэг 1 ширхэг, . “Айфоне-12 про макс” загварын гар утас 1 ширхэг байхгүй байсан бөгөөд тус барьцааг хуурамч зээл үүсгэж бэлэн мөнгө 2.900.000 төгрөг авсан байсан. Ээмгийг 700.000 төгрөг, гар утсыг 2.200.000 төгрөгөөр бодож үнэлсэн байсан. Энэ талаар мэдээд захирал Б-д хэлээд шалгуулахад нөгөө ээлжийн Г-ын С-д гэж үнэлгээний ажилтан хувьдаа завшсан байсан нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч *******ын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байгааг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь “Г-” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар үнэлгээчнээр ажиллаж байхдаа тухайн байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг дур мэдэн завшиж хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсан, эрүүл мэндийн шалтгаантай, нялх хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж хуульд заасан хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч *******ын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан бол,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч *******-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч *******-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч *******ын хувийн байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх талаар хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
Гурав. Бусад
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг “...Албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж...” ирүүлснийг “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Г-ын С-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-од 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /Хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-од шүүхээс оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаа/-н сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР