Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 03197

 

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/03197

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: М.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 17,508,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.А гэдэг хүнтэй Баянзүрх дүүргийн тойргийн нотариат орж, 7,700,000 төгрөгийг хүүгүй, нэг сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож мөнгийг шилжүүлсэн. Нотариат дээр мөнгөө бэлнээр хүлээлгэж өгсөн. Тухайн үед Б.А надад зузаан материал үзүүлээд эгч нь маш их өрийн дарамтанд орчихлоо, би маш сайн ажил хийдэг, гоо сайханы салон ажиллуулдаг, манай орлого өдөртөө 1,000,000 гаруй төгрөг ордог. Би мөнгө хүүлэгч нар руу өдөр болгон 300,000, 400,000 төгрөг шилжүүлдэг, би маш хэцүү санхүүгийн дарамтаас л гарчихвал болох гээд байна. Чи надад ганцхан сарын хугацаатай мөнгө зээлээч гэж хэлэхээр нь надад хүүхдээ цэцэрлэг сургуульд нь зөөх машины мөнгө цуглуулж байсан тул тэр мөнгөө танд нэгхэн сарын хугацаатай зээлдүүлж байна. Өвөл болохоор хүүхдүүдээ нааш, цааш нь зөөгөөд маш хүндрэлтэй. Та нэг сарын хугацаанд өгөх юм чинь би таныг бодоод энэ хугацаанд такси унаагаар явъя. Та яг нэг сарын дараа өгөөрэй гэж хэлэхэд Б.А за гэж хэлээд бид хоёр тохиролцсон. Тохиролцохдоо надад график үзүүлээд би сүүлийн хэдэн сарын турш энэ графикийн дагуу 90 хувийн хүү төлөөд явж байсан. Тийм учраас чиний 7,700,000 төгрөгийг төлөхөд эгчийнх нь хувьд ямар ч асуудалгүй. Би чамд өдөр өдөрт нь мөнгөө өгөөд явна гэж хэлээд графикийн дагуу төлөх саналыг өөрөө гаргасан. Би чамд ийм мөнгийг тэдний дотор шилжүүлнэ гэж нотариат дээр ярилцаад өгсөн. Мөн анхнаасаа надад бизнесийнхээ хөлийг олчихсон, байнгын үйлчлүүлэгч их байдаг. 12 сар болж байна. Энэ үед оргил ашигтай үе байдаг болохоор ганцхан надад боломж олгооч гэж хэлээд миний итгэлийг олж авсан. Би нэг сарын хугацаатай юм чинь энэ хүнд мөнгө зээлье, тус болоё гэсний үүднээс энэ мөнгийг шилжүүлсэн. Мөнгө авсныхаа дараа 2, 3 удаа мөнгө шилжүүлээд таг алга болсон. Мөнгө авъя гэж хэлэхээр өөдөөс хүүхэд өвчтэй байна, надад ажил олдохгүй байна, талхны ч мөнгө алга гэж зовлон бэрхшээл тоочиж хугацаа авсаар эцэс сүүлдээ утсаа ч авахаа болиод, миний дугаарыг блоклоод алга болсон. Тухайн хүний нөхцөл байдлыг харахаар хөдөлмөрийн чадвартай, нас биед хүрсэн 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Энэ нас биед хүрсэн 3 хүн миний мөнгийг төлье гэвэл нэг жилийн хугацаанд увуулж, цувуулаад ч болов төлөх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Би өөрт нь ч гэсэн зөндөө боломж олгож байсан. Би өөрт нь та энэ мөнгийг өөрийнхөө боломжоор бага багаар ч гэсэн төл. Бүр болохгүй бол өдөр, өдөрт 5,000, 10,000 төгрөг ч байсан хамаагүй төл гэж хэлсэн. Энэ хүн амьдрал ахуй нь болохгүй байгаа юм байна. Боломж олдвол төлөх байх гээд хүлээцтэй хандаж байсан. Гэтэл сүүлдээ тэр байдал нь ч байхгүй болж, албатай юм шиг надад хэцүү байна гэж над руу уурладаг болсон. Иймд зээлдүүлсэн 7,700,000 төгрөг, 280 хоногийн хүү, алданги 10,213,000 төгрөг нийт 17,508,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа алданги хуульд заасны дагуу нэхэмжлэх ёстой гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Хариуцагч надад 2017 оны 10 сарын 30-нд 300,000 төгрөг, 2017 оны 12 сарын 04-нд 40,000 төгрөг он гарснаас хойш 5 удаа 10,000 төгрөг, 15,000 төгрөг гэсээр нийт 65,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс нийт 405,000 төгрөг төлсөн. Үүнийг үндсэн зээлээс хасч зээл 7,295,000 төгрөг, хууль болон гэрээнд заасны дагуу алданги 0,5 хувиар 280 хоногт тооцож үзэхэд алданги 3,647,500 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас 10,942,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр хариуцагч Б.Агаас 17,508,000 төгрөг нэхэмжилснээс алдангийн үнийн дүнг багасгаж 10,942,000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээ хийснийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээгээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, 7,700,000 төгрөгийг зээлсэн гэж байгаа боловч 7,700,000 төгрөгийг хүлээлгэж өгч, авсан баримт хэрэгт байдаггүй. Хариуцагчийн албан ёсоор тайлбар байхгүй учир энэ баримтыг гаргуулъя гэж хүсэлт гаргасан боловч шүүх хангасангүй. Энэ зээлийг авснаас хойш 405,000 төгрөгийг төлсөн гэж байгаа. Үүнийг төлсөн баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчийн хэлснээр явж байгаа. Тиймээс энэ нь эргэлзээтэй юм. Сандал, ширээ өгсөн, энэ үнийн дүнгээ хасуулах ёстой гэж хариуцагч ярьж байсан боловч сандал, ширээг үнэлж тооцсон баримт байхгүй байна. Нэхэмжлэгч сандал, ширээ хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээн дээр 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай зээлсэн гэсэн мөртлөө нэг сарын хугацаатай хүүгүй байх боловч зээлийг эргэн төлөлтийн дараахь хэлбэрээр гүйцэтгэхийг харилцан тохиролцсон болно гэж байна. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 100,000 төгрөг, 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 25-ны өдөр хүртэл 320,000 төгрөг, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэж бичсэн боловч хэдний өдөр хүртэл яаж тооцсоноо бичээгүй. 7,700,000 төгрөг болж байгаа юм уу? хэд болж байгаа нь ойлгомжгүй гэж үзэж байна. Иймд нотлох баримтыг гаргуулж байж нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,508,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд багасгаж, зээл 7,295,000 төгрөг, алданги 3,647,500 төгрөг нийт 10,942,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.С, хариуцагч Б.А нар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7,700,000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд гэрээг 1 сарын хугацаатай, 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Талууд зээлийн гэрээг өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ...зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч 7,700,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээл өгсөн, төлсөн талаар баримтгүй, зээлийн төлбөрт хариуцагч нь нэхэмжлэгчид ширээ, сандал өгсөн. Эдгээр нь ямар үнэтэй нь тодорхойгүй гэж тайлбарласан ч нэхэмжлэгч ...зээлийн төлбөрт бус бэлэг болгон өгсөн. Авахгүй гээд байхад авчирсан. Тиймээс буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан. Талуудын гаргасан тайлбараас үзэхэд ширээ, сандал зэргийг зээлийн төлбөрт үнэ тохирон өгсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Зээлдэгч гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан хэдий ч хариуцагч зээл төлснөө нотолж чадаагүй тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу зээлийн төлбөрийн үлдэгдэл 7,295,000 төгрөг, алданги 3,647,500 төгрөг нийт 10,942,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээнэ.

 

Иймд хариуцагч Б.Агаас 10,942,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Сд олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч хариуцна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Агаас 10,942,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Сд болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч М.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас 190,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  АРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.АЗБАЯР