Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/812

 

 

 

 

 

 

  2022         08         12                                  2022/ШЦТ/812

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогч Ц.Э

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Хөвгүүд овогт Дашзэвэгийн Дашхүүд холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт .......... дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Д-ийн Э /РД:НН00000000/,

           2. Холбогдсон хэргийн талаар

           Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С-” рестораны гадна Ц.Эын эрх чөлөөнд халдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун хоншоорын хөндийн урд хана, духны сэртэн, баруун ухархайн дотор ба доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2 найзтайгаа хамт хоол идэж 3 шил пиво уусан бөгөөд шөнийн 01:00 цагийн үед гарахад Б гэх залуутай таарсан бөгөөд хоорондоо маргалдаж байгаад эвлэрч явах гэж байхад Б гэх залуу намайг алгадаад авсан. Би тухайн үед ганцаараа үлдчихсэн байсан болохоор зодуулах гэж байна гэж айгаад Ц.Эын нүүр рүү нь цохичихсон. Би уучлалт гуйгаад эмнэлэг явах гэтэл машиндаа суугаа өөр тийшээ явчихсан...” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохирогч Ц.Э найз нь миний үйлчлүүлэгчийг цохиогүй бол ийм асуудал гарахгүй байсан гэж үзэж байсан. Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөөс төлж барагдуулсан, хохирогч татгалзсан учраас эмнэлэгт үзүүлж чадаагүй, хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлоос 1.600.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Хохирогч өмнө нь хамрын таславчийн хагалгаанд орж байсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ хэрэг нь шөнийн 01:00 цагт гарсан хэрэг бөгөөд камерын бичлэгт хохирогчийн унаж байгаа нь харагдаагүй ...” гэжээ.

           Хохирогч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой найзуудтайгаа хоол идэж, халуун сакей уусан. Хоолны газраас гарахад манай доод ангийн залуу танимхайраад байсан. Нэг залуу нь намайг зогсож байхад “пээдгэр залуу байна” гэж хэлээд цохиод авсан. Би уучлалт гуйгаад байж байхад ******* намайг ирээд цохичихсон...” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С-” рестораны гадна Ц.Эын эрх чөлөөнд халдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун хоншоорын хөндийн урд хана, духны сэртэн, баруун ухархайн дотор ба доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Эын өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С-” гэдэг нэртэй япон хоолны газар руу найз Б, Б, нарын хамт ороод хоол унд идчихээд 03 дугаар сарын 19-ны өдрийн шөнийн 01 цагийн орчим тухайн газраас гарч байхад 3 эрэгтэй, 1 эмэгтэй, хүнтэй таарсан. Тэгээд гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь нүдний шилтэй бүдүүн залуу намайг гараараа 2 удаа миний баруун, зүүг шанаа руу цохисон. Тэр үед би гайхаад цохиж байгаа юм бэ гэсэн чинь пээдэлзээд яриа чинь таалагдахгүй байна гэхээр нь тийм юм байхгүй уучлаарай гээд гар бариад салсан. Тэгэхдээ тухайн залууг намайг цохиход над гэмтэл учраагүй. Тэгээд намайг халаасандаа гараа хийгээд зогсож байсан чинь хажуу талаас нүдний шилтэй бүдүүн залуутай хамт явж байсан туранхай залуу шууд миний хамар, баруун нүдний ухархайн газар тус газар намайг гэнэдүүлж 1 удаа цохиж хамар хугалж, нүдний ухархайн доод хэсэг хугарч цөмлөсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16,18/-р тал,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ө-ийн өгсөн “...Тэгээд тухайн газраас гарсан чинь Бтай хамт байсан нэг залуу манай найз Я рүү агсраад байхаар нь би тэр хоёрыг салгаж байсан чинь зүс таних Э над руу дайраад хэл амаар доромжлоод манай эхнэрийг бүдүүн гээд байхаар нь чи дээд анги байхаараа доромжлоод байгаа юм уу больчхооч гэсэн чинь үргэлжлүүлээд маргалдсан. Тэгээд би гартаа барьж явсан хавтсаараа цээж рүү нь түлхсэн чинь газарт унасан. Тэгээд босож ирэхээр нь би уучлалт гуйгаад бид 2 эвлэрээд салаад такси барихаар зогсож байсан. Тэгтэл манай найз Э хашаанаас гүйж гарч ирээд эд нар намайг зодох гээд байна гэж дуудахаар нь очиход зүс таних Эын хамраас цус гарчихсан салфетикаар арчаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/-р тал,

            Шинжээч Ч.Э-ын мэдүүлэг /хх-ийн 65-66/-р тал,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаартай “...Ц.Эын биед баруун хоншоорын хөндийн урд хана, духны сэртэн, баруун ухархайн дотор ба доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,хамар хүзүү, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-26/-р тал,

             Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл / хавтаст хэргийн 9-10/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Мөн гэмтлийн зэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн ангиллаар тогтоох бөгөөд дараах үндсэн шалгуур шинжээр гэмтлийн зэргийг тогтооно. Үүнд,

           -Амь насанд аюултай эсэх;

           -Эрүүл мэндийн байдлыг сарниулсан хугацаа;

           -Гэмтлээс үүссэн үлдэц уршиг байгаа эсэх;

        -Хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг үндсэн шалгууруудаар гэмтлийн зэргийг тогтоодог.

            Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

     -Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.

Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмтэл нь учирсан үедээ хүний амь насанд аюулгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай ч нөгөөтээгүүр тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулах буюу, эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулдаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Эын эрүүл мэндэд баруун хоншоорын хөндийн урд хана, духны сэртэн, баруун ухархайн дотор ба доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,хамар хүзүү, өвдөгт зулгаралт бүхий гэмтлийг учруулсан байх бөгөөд энэ нь хохирогчийн хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-35 хувь алдагдуулсан хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Хохирогчийн эрүүл мэндэд миний цохилтын улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэж бодохгүй байна. Хохирогч өмнө нь хамартаа гэмтэл авч байсан байх. Намайг эхэлж алгадаагүй бол ийм хэрэг гарахгүй байсан...” гэх тайлбарыг гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад хохирогч Ц.Э нь өмнө нь хамартаа гэмтэл авч байсан талаарх холбогдох баримт авагдаагүй, харин шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсныг Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүгдэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгчийн зүгээс “...Намайг эхэлж алгадаагүй бол ийм хэрэг гарахгүй...” гэх тайлбарыг гаргасан.

Хэрэг учрал болсон гэх өдөр шүүгдэгч *******ыг хохирогч Ц.Э нь алгадаагүй, түүнтэй аливаа хэлбэрээр маргаж, хүнлэг бус харьцаагүй болох нь тогтоогдсон тул тухайн тайлбарт холбогдуулан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Нөгөөтээгүүр шүүгдэгч *******ын тухайн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугийн талаар аливаа хэлбэрээр мараагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Тус зүйл хэсэгт заасан хамгийн багаар буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Хохирогч Ц.Эын зүгээс шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон нийт 2.015.276 төгрөгийг нэхэмжилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн бодит хохирлыг нөхөн төлүүлэхдээ зөвхөн үнэн зөв баримтад тулгуурлаж байх учиртай бөгөөд харин ирээдүйд бий болох хохирлыг урьдчилан тооцоолж мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй юм.

Хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас харахад хохирогч Ц.Эад бодитоор 2.015.276 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл тухайн баримтуудаас зөвхөн эмийн төлбөр болоод эмчилгээ хийлгэсэн тухай баримтууд нь 2.015.276 төгрөг болж байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид шүүхийн шатанд 1.600.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас үлдэх 415.276 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Эад олгож,  хохирогч Ц.Э нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай этгээд болох *******аас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Д-гийн Эыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас нийт 415.276 /Дөрвөн зуун арван таван мянга, хоёр зуун далан зургаа-/н төгрөгийг гаргуулж, хохирогч Т овогт Ц Э /РД:НН00000000/-д олгож, хохирогч Ц.Э нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

  5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР