Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/769

 

          

 

 

   2022        07          29                                    2022/ШЦТ/769

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Н-чимэг

Улсын яллагч Э.Булганчимэг,

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш. Бд холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 07 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ..........оотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................../,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ш.Б нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” худалдааны төвийн зогсоол дээр машинаас буухгүй гэж маргалдаж таксигаар үйлчилсэн О.Эгийн зүүн гарын бугалгын хэсэг рүү 2-3 удаа цохиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ш.Б нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н-” худалдааны төвийн зогсоол дээр машинаас буухгүй гэж маргалдаж таксигаар үйлчилсэн О.Эгийн зүүн гарын бугалгын хэсэг рүү 2-3 удаа цохиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Эгийн өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед ардын эрх гэж ярьдаг газар 3 эмэгтэй такси барих гээд зогсож байсан. Тэгээд “хаашаа явах юм” гэж асуутал “32-ын тойрог дөхүүлээд өгөхөд болно” гэсэн. Би нөхрөө авахаар цайз явж байсан болохоор замаараа дөхүүлээд өгч болох юм байна гэж бодоод авсан ба тэр 3 хүний нэг нь нэлээд согтуу байсан гэтэл эрүүл хоёр нь согтуу хүнээ миний машинд суулгачхаад яваад өгсөн. Согтуу хүн миний машинд суунгуутаа л намайг харааж зүхээд эхэлсэн “би таныг хүргэж өгч чадахгүй юм байна та буугаад өөр машинд суучих” гэтэл “за за эгч нь ахин асуудал гаргахгүй эгчийгээ хүргээд өгчих” гэж хэлсэн, тэгээд “толгой өвдөөд байна” гээд орилоод байсан. Тэгээд би “32-ын гэрлэн дохиогоор зүүн гар тийш эргээд явлаа, та ингээд буучих” гэтэл тэр эгч “миний гэр энд ойрхон Н-гийн энд байгаа хүргээд өгчхөөч” гэх хэлэхээр нь би “за” гээд чигээрээ яваад Н-гийн урд очиход “надад аймар гоё байна аа” гэж орилоод гэрээ зааж өгөхгүй байсан. Тэгээд “чигээрээ яв” гэхээр нь шороон замаар хэсэг явсан гэтэл гэрээ зааж өгөхгүй намайг харааж зүхээд байхаар нь би “та буучих, би явах хэрэгтэй байна” гэх хэлтэл “чи буруу газар ирсэн байна, буцаад Н- дээр оч” гэхээр нь буцаад Н- дээр очтол буухгүй байсан. “Одоо буучих, би явмаар байна” гэхэд миний зүүн гарын бугалга хэсэг рүү 2-3 удаа цохиод явсан “яаж байгаа юм бэ” гэхэд миний үснээс зулгаагаад угзарч татаад байсан, би салгаад зугтааж машинаасаа өөрөө буугаад цагдаад дуудлага өгсөн.Цагдаа ирэх хүртэл би машиндаа суугаагүй, цагдаа ирээд тухайн хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 8066 дугаартай “...О.Эгийн биед зүүн зулайн хуйханд зулгаралт, үс халцралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Бгийн өгсөн “...Сонгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний ярьсан бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч Ш.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ш.Б нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР