Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0736/Э |
Дугаар | 2022/ШЦТ/771 |
Огноо | 2022-07-29 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/771
2022 07 29 2022/ШЦТ/771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.О холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан-Уул суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо ... худалдааны төвд хувиараа үс засдаг үсчин ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ......../,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо ...- худалдааны төвийн В1 давхарт буюу ажлын байран дээрээ үсээ засуулахаар ирсэн иргэн буюу үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчээ хамт ажилладаг Л.Нтай булаацалдан маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим ................ буюу ажлын байран дээрээ үсээ засуулахаар ирсэн иргэн буюу үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчээ хамт ажилладаг Л.Нтай булаацалдан маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Нын өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед манай ажил болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо ...- худалдааны төвийн В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг үсчинд хамт ажилладаг Г гэх эмэгтэй хүний үс засаж байсан. Намайг зааланд зүгээр сууж байхад гаднаас нэг охин орж ирээд “үсээ будуулъя” гэхэд би “аан за ийшээ суучих миний дүү” гэсэн чинь Г үйлчилж байсан хүнээ “түр босчих, миний дүү” гээд үсийг нь засаж дуусгалгүй босгочхоод надаар үсээ будуулах гэж байсан охиныг “наашаа суу” гээд суулгасан. Тэгэхээр нь би “та одоо болиоч ээ, үйлчлүүлэгчээрээ дарааллаараа авъя л даа” гэсэн чинь “мал, шээс минь чамд хамаагүй” гээд миний тэр охинд үзүүлж байсан каталогийг булааж аваад над руу цээжээрээ түлхээд, шахаад байхаар нь би 2 гараараа цээж рүү нь зөөлөн түлхсэн чинь шууд зүүн хөлөөрөө намайг өшиглөөд шалан дээр унагаасан. Газар унангуут шууд үснээс зулгааж байгаад шалны плитаг 2 удаа мөргүүлсэн, тэгээд гараараа миний нуруу руу 3-4 удаа цохичхоод үснээс зулгаагаад байхаар нь би гараараа тавиулаад гараад зугтаасан. Тэгээд нэг давхрын хүнсний дэлгүүрийн худалдагч Тунгалаг эгч дээр очоод “би зодуулчихлаа” гэтэл “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан, цагдаа ирэх хүртэл би айгаад доошоо буугаагүй. Миний зүүн өвдөг зулгарч шалбарсан, зүүн талын тохой өвчтэй, далны гол хэсэгт өвчтэй, хөндүүртэй, мөн үсдэж шал мөргүүлсэн болохоор толгойн хуйх болон дух, ар дагз өвдөж байгаа. Дух хөхөрч хавдсан, чигчий хурууны хумс унасан. Цуг ажилладаг үсчин болох Ж.А болон Ж.Аийн хамаатан болох 2 эмэгтэй байсан, мөн үйлчлүүлж байсан 2 эмэгтэй байсан. Салгасан хүн байхгүй, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Аийн өгсөн “...Тухайн өдөр манай хамаатны 2 хүн манай ажил дээр ирээд үсээ засуулсан. Би нэгэнд нь хими хийж байгаад дүүгийнх нь үсийг тайрч амжихгүй болохоор нь хамт ажилладаг эгч болох О эгчийг “та манай хамаатны дүүгийн үсийг тайраад өгөөч” гээд гуйгаад тайруулсан. Ингээд Оюунгэрэл эгч уг үсийг тайрч дуусаад гаднаас орж ирсэн нэг эмэгтэй хүүхдийн үсийг засах гээд суулгасан чинь Л.Н “би засах ёстой” гэх асуудлаас болж маргаан эхэлсэн. Манай үсчний газар 3 суудалтай, ирсэн хүнээ ээлж дараалаад авдаг. Тухайн өдөр би хамаатныхаа үсийг засаад О эгчийг гуйж үс засуулсан. Гэтэл тэр хооронд Л.Н эгч 2 хүний үс засаад явуулсан, тийм болохоор гаднаас орж ирсэн хүний үсийг О эгч авах нь зөв байсан. Л.Н эгч О эгчийг хэд хэд цохиод авсан, энэ үед О эгч өөрөөсөө холдуулж түлхсэн. Гэтэл Л.Н эгч халтираад унасан, тэгээд л салсан. Тэгээд Н эгч босож ирээд цагдаа дуудсан. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/-р тал,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Х-гийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7434 дугаартай “...Л.Нын биед хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О-ийн өгсөн “...Тийм ээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч О-д холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч О нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.О “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР