Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0910/З |
Дугаар | 221/МА2024/0509 |
Огноо | 2024-07-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2024/0509
Б.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Г.Я
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн хурдан морины бай шагналыг Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Э-т олгохыг хариуцагч нарт даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 494 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Г.Я
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2022/0910/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдуулан “Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн хурдан морины бай шагналыг Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Э-т олгохыг хариуцагч нарт даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.6, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-аас гаргаан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн хурдан морины бай шагналыг Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Э-т олгохыг хариуцагч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайдад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэм”-ийн 2.5-д “Тухайн насны хурдан морины уралдааныг хариуцсан даамал нь гараа, бариаг зохион байгуулах, түрүүлсэн, айрагдсан морьдыг цоллуулах, уяач, уралдаанч хүүхэд, морины бай шагналыг олгох, уралдаантай холбоотой гарсан санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцна.” гэж заасны дагуу холбогдох албан тушаалтнууд тус тусын ажлыг хариуцан зохион байгуулж явуулсан.
Энэ хүрээндээ Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат П.Б-н Хурдан морины комисст гаргасан “Миний хонгор халзан үрээ айргийн тавд хурдалсан тул айргийн таван морьдыг шүдлэн хэмжиж дахин нягталж өгнө үү” гэсэн хүсэлтэд үндэслэн нэхэмжлэгч Б.Э-н соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн халтар үрээг шүдэлсэн. Тус соёолон насны морийг шүдлэх багийн ахлагч Д.З болон гишүүд Д.Д, Б.Э нар шүдлээд “Соёолон насанд уралдсан 452 дугаартай Б-н Э-н гал давхцах алх тамгатай халтар үрээг сүүн шүд бүрэн солигдоогүй бусад 2 настай адуу болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлтийг хийж, акт үйлдсэн нь хууль зөрчсөн асуудал бус харин ч шударга бус үйлдлийг таслан зогсоож, хууль ёсны зарчмыг баримталж, хангуулсан шийдвэр гаргуулсан гэж хурдан морины салбар хорооноос үзсэн.
Энэ утгаараа хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот хуульд нийцсэн тогтоол гарсан байхад шүүгч хууль зөрчиж шийдвэрлэсэн нь хууль бус үйлдлийг өөгшүүлсэн байна.
3.2. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.7-д “Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах үүрэг хүлээнэ:”, 14.7.1-д “хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;”, 14.7.2-т “эрх бүхий этгээдийн 4 хууль ёсны шаардлагыг биелүүлэх;”, 14.7.4-т “морийг насны өөр ангилал болон энэ хуулийн 10.13-т заасан шаардлага хангаагүй морийг Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй байх;”, 14.7.12-т “үндэсний хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх.” гэж заасантай нийцээгүй, дээрх зохицуулалтуудыг зөрсөн, мөн хуулийн 19.1-д “Энэ хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гадна зохион байгуулах хороо дараах хариуцлагыг хүлээлгэнэ:”, 19.1.1-д “Үндэсний их баяр наадмын тухайн үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, үндэсний сур болон шагайн харваанаас хасах;”, 19.1.2-т “тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;” гэж тус тус заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.Э-н халтар соёолонг баяр наадмын хурдан соёолон морины түрүү магнайгаас хассан хууль ёсны шийдвэрийг харгалзан үзэлгүй, насны ангилалгүй хуралдаж болох, болох болохдоо 2 насны доогуур насны морь уралдаж болох буруу жишгийг тогтоосон, хууль, дүрэм, журмаа сахин биелүүлээгүй уяачийг зөвтгөсөн, хууль бус үйлдлийг таслан зогсоож, таньж мэдсэн шүдлэх бүрэлдэхүүний болон салбар хорооны шийдвэрийг буруутгасан шүүгчийн шийдвэр нь өөрөө хууль бус болсон байна.
3.3. Шүүхийн үйл ажиллагаагаар тус адууг шүдлүүлэх насыг тогтоолгох шинжээч томилох шийдвэрийг гаргаж байсан хэдий ч, шинжээч томилогдолгүй 2 жилийн дараа шинжээч томилох боломжгүй байдлаар шүүх шийдвэрээсээ татгалзсан нь шүүхийн үйл ажиллагаа бүрэн хийгдээгүй, энэ талын нотлох баримтыг дутуу цуглуулж, үнэлсэн, анхан шатны шүүх дээр дуудагдан ирсэн гэрч нарын мэдүүлгээр тухайн морийг соёолон насных биш шүдлэн насны морь гэсэн шүүх хуралдаанд хэлсэн гэрчүүдийн мэдүүлгүүдийг авч үзэлгүй, дүгнэлгүй шийдвэрлэсэн нь тухайн шүүгчийн шийдвэрийг хууль бус, хэргийг олон талаас нь харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэж байна.
Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгөхийг эрхэм шүүгчээс хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Б.Э-аас “Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн хурдан морины бай шагналыг Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Э-т олгохыг хариуцагч нарт даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... хуулийн болон журмын эдгээр заалтуудаас үзвэл хариуцагч Хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар бүхий “Соёолон насны уралдаанд түрүүлж ирсэн морийг бай шагналаас хасах тухай” тогтоол нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээ чиг үүрэгт нийцээгүй, мөн захиргааны акт гаргах талаарх Захиргааны ерөнхий хуульд заасан “нөхцөл байдлыг тогтоох”, “оролцогчид мэдэгдэх, тайлбар гаргах” боломжийг олгоогүй хууль бус захиргааны акт, ... иргэн П.Б-н гаргасан “Соёолонгийн түрүү морь хязаалан үрээ байх тул ахин шүдэлж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн дахин шүдлэх ажиллагаа явуулсан, ийнхүү явуулахдаа уг морины эзэн Б.Э-ыг оролцуулаагүй, түүнчлэн дахин шүдлэх ажиллагааг нотлох баримтаар бэхжүүлээгүйгээс тухайн шүдлүүлсэн морь нь нэхэмжлэгчийн морь байсан эсэх нь нь ч тодорхойгүй байна, ... Хурдан морины салбар хороонд тухайн маргаан бүхий тогтоолыг гаргах, улмаар морийг уралдаанаас хасах, бай шагнал олгохгүй байх эрх хэмжээ олгогдоогүй, уг эрх хэмжээ нь Зохион байгуулах хороонд хадгалагдаж байхаас гадна нэгэнт уралдаад ирсэн морийг “уралдаанаас хассугай” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга найруулгын илэрхий алдаатай”, мөн хуулийн 47.1.6-д заасан “эрх хэмжээгүй захиргааны байгууллагын гаргасан” илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.3. Учир нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Үндэсний хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны ангиллаар зохион байгуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах үүрэг хүлээнэ, 14.7.1-д “хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх”, 14.7.3-д “энэ хуулийн 10.1-д заасан шаардлагыг хангасан байх”, 14.7.4-д “морийг насны өөр ангилал болон энэ хуулийн 10.13-т заасан шаардлага хангаагүй морийг Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй байх” үүрэгтэй гэж хуульчилжээ.
2.4. Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хурдан морины уралдааныг зохион байгуулах даамал, дэд даамал, морь шүдлэх ажлын хэсгийг томилсон бөгөөд Морь шүдлэх ажлын хэсгийн ахлагчаар Д.З, гишүүдээр Д., Д.Д, М.М нарыг томилсон бөгөөд уг морь шүдлэх ажлын хэсэг 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Соёолон насанд хурдалсан 452 дугаартай Б.Э-н гал давхар алх тамгатай халтар үрээг сүүн шүд бүрэн солигдоогүй буюу 2 настай адуу болохыг тодорхойлж акт үйлдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
2.5. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2900 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “... нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “... халтар үрээ нь соёолон эсхүл шүдлэн насны эсэх асуудал дээр маргаагүй...”[1] талаар дурдсан зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.Э нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан уяачийн үүргийг биелүүлээгүй буюу өөр насны ангилалд морио уралдуулсан байгаа энэ тохиолдолд Б.Э-н халтар үрээг уралдаанаас хассан Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоол хуульд нийцсэн гэж үзнэ.
2.6. Нөгөөтээгүүр, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Цолны чимэг, бай шагналыг зохион байгуулах хороо, салбар хороо олгоно”, мөн “Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэм”-ийн 2.5-д “Тухайн насны хурдан морины уралдааныг хариуцсан даамал нь гараа, бариаг зохион байгуулах, түрүүлсэн, айрагдсан морьдыг цоллуулах, уяач уралдаанч хүүхэд, морины бай шагналыг олгох, уралдаантай холбоотой гарсан санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцна”, 12.1-д “Хурдан морины уралдаантай холбогдон гарсан маргааныг Салбар хороо шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Хурдан морины салбар хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд уралдаантай холбоотой гарсан гомдлыг шийдвэрлэж, соёолон насны уралдаанд түрүүлж ирсэн морийг ийнхүү бай шагналаас хассан нь дээрх зохицуулалтад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.7, 14.7.1, 17.7.3, 14.7.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-н “Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн хурдан морины бай шагналыг Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Э-т олгохыг хариуцагч нарт даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] 2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар талд,