Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч Э.Баянтөр, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Баянтөрд холбогдох эрүүгийн 201625031433 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Мэргэд овогт Эрдэнийн Баянтөр: Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, "Жинлүүр их" ХХК-д механик ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 29 дүгээр гудамж 591 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /ТГ79022411/

 

Шүүгдэгч Э.Баянтөр /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 06 сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Аяз” нэртэй караокены гадаа иргэн Д.Болдбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодолдож улмаар түүний унаж явсан 43-47 УНГ улсын дугаартай “Хьюндай верна аксент” маркийн автомашины хойд, урд талын сахины шил, тээшний таг, капуд, зүүн хойд багана болон дээвэр зэрэг эд зүйлийг нь санаатайгаар эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Баянтөрөөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 06 сарын 28-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 29-591 тоотод оршин суух гэртээ өөрийн хамаатны ах Баярмагнай, хадам дүү Баттулга нарын хамт 2 литрийн савтай пиво 3-ыг хуваан уугаад, орой 22 цагийн орчимд байх Манай гэрээс зүүн тийш яваад 15-ны автобусны буудлын зүүн талд байрлах “Аяз” нэртэй караоке нэртэй баар луу явж ороход уг караокены нийтийн зааланд дүүрэн хүнтэй байхаар нь бармен болох эзэн залуугаас “хаана суух вэ” гэж асуухад баруун талын ширээн дээр нэг залуу сууж байсан бөгөөд тэр ширээлүү цуг шахаад суучих гэж хэлсэн юм. Тэгээд би текний орчимоос баруун тийшээ харахад караокены үүдний ширээний дэргэд үл таних 2 эмэгтэй 1 эрэгтэйн хамт сууж байсан бөгөөд эрэгтэй нь бид нарыг ширээн дээр суух байж байхад караокенаас гараад явахаар нь би хойноос нь дагаж гараад “эхнэрийн ширээн дээр сууж байсан залуутай үүдний хэсэгт чи хэн юм бэ” гэх байдлаар хэрүүл маргаан хийгээлд зууралдаад байж байхад караокены дэргэд машинтайгаа зогсож байсан залуу бууж ирээд намайг шанаадсан. Тэгэхээр нь би адилхан барьцалдаж заамдалцсан юм. Тэр хооронд уг баарнаас эхнэр нь гарч ирээд юу юугүй над руу дайраад газар хэвтэж байхад манай дүү Баттулга гарч ирээд миний дээр гарсан байсан залууг нь хойшоо татаж унагаагаад дотор байж байсан манай эхнэр болон баарны эзэн Буяа ах гарч ирээд зодоон, хэрүүл маргааныг салгах үед иргэн Болдбаатар нь машиндаа суугаад хөдлөөд яваад өгөхөөр нь араас нь очоод зогс гэж хэлээд зогсохгүй бол цонхыг чинь хагаллаа гэж хэлэхэд уг машиныг урагшаа явахаар нь гартаа атгасан байсан чулуугаар жолоочийн талын хойд дээд талын булан дээр нэг удаа цохисон юм. Тэгээд цаашаа явж байгаад цонх хагарсанаа мэдсэн бололтой буцаж эргэж замаа чөлөөлж зогсоод дотроос нь 3-4 хүн бууж ирээд байж байхад эргүүлийн автомашинтай цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн юм. Тэгээд доор байж байгаад бичиг баримтаа аваад ир гэж хэлэхээр нь буцаж очоод камерыг нь шүүж үзэх гэсэн боловч бид нарын зодолдсон буюу караокены камерын бичлэгт ороогүй байсан. Тэгээд буцаад гэртээ харьсан гэсэн мэдүүлэг /хх 51-52/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Д.Болдбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би ажлаа хийж яваад орой 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 15-ын автобусны буудал дээр байх "Аяз" караокеноос өөрийн эхнэр Мөнхчимэг, дүү Мөнх-Эрдэнэ нарыг авах гээд очсон юм. Тэгээд би уг караоке баарны гадаа өөрийн эзэмшлийн 43-47УНГ улсын дугаартай, автомашиндаа сууж байхад Мөнх-Эрдэнэ уг баарнаас гарч ирсэн, тэр үед араас нь үл таних залуу гарч ирээд манай дүүг боож унагаан, дээрээс нь гараараа цохихоор нь би гайхаад яваад очсон юм. Тэгээд би очоод салгах гэтэл над руу дайраад надтай зууралдаад авсан юм. Би тэр залууг ганц нэг цохисон, харин нөгөө залуу намайг мөн адил цохисон. Тэгээд манай дүү Мөнх-Эрдэнэ уг залууд хандаж чи буруу ойлгоод байна, танай эхнэрийг би танихгүй гэж хэлэхэд Мөнх-Эрдэнийг дахин цохиж авсан. Тэр үед намайг газар унагаад өшиглөөд цохисон юм. Би өөрийн хүүгээ аваад зугтаагаад машиндаа суугаад дүү Мөнх-Эрдэнийг машиндаа суулгаад хөдлөх үед араас Баянтөр гэх залуу чулуу бариад, бүх хаалга татаад, машины эд ангийг чулуугаар цохисон юм. Тухайн үед би аргаа бараад машинаа асаагаад зугтаах үед зам дээр машин тээглээд зогссон бөгөөд Баянтөр гэх залуу араас чулуу шидээд хагалсан, тэр үед Баянтөр өөрийн дүүгийн хамт миний урд ирээд, машины копут, урд шил зэрэг зуйлийг чулуугаар цохисон юм. Тэгээд би дахин цааш хөдөлж зугтаагаад цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг. /хх 19-20/

 

Гэрч Б.Мөнхчимэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай хамаатны дүү Цолмонтуяагийн төрсөн өдөр болоод Аяз караокед би түүний нөхөр Мөнх-Эрдэний хамт үлдсэн юм. Тэгээд пиво уугаад сууж байхад Мөнхзаяа, Дээгий 2 гаднаас орж ирсэн бөгөөд бид нар бие биенийгээ танидаг байсан болохоор бид нэг ширээнд хамт суусан юм. Тэгээд бид нар юм яриад сууж байхад Дээгий “яанаа манай нөхөр ороод ирлээ” гэж хэлсэн тухайн үед гаднаас 2-3 залуу орж ирсэн бөгөөд би нөхрийг нь харж үзээгүй болохоор таниагүй юм. Уг залуучууд бид нарын ширээний эсрэг талын ширээн дээр очоод суусан. Тэгээд манай хүргэн дүү гарчихаад орж ирэхдээ Болдоо ах ирчихсэн байна гээд орж ирээд Дээгий гэх эмэгтэйгийн хажууд түр суугаад гарсан юм. Би тухайн үед гараад байж бай би удахгүй гарлаа гэж хэлчихээд хэсэг хугацааны дараа гарахад Баянтөр гэх залуу манай нөхрийг заамдсан зогсож байсан бөгөөд би гараад “юу болоод байгаа юм бэ” гэхэд Мөнх-Эрдэнэ уг залууг намайг алах гэж байна. Намайг боогоод Болдоо ах байхгүй байсан бол үхчихсэн байх байлаа гэж хэлж байсан юм. Тэгээд тэнд бөөн хэл ам болоод Баянтөр, Дээгий гэх эмэгтэйгийн ар гэрийхэн болох Дээгийгийн ээж болох эмэгтэй, караокены хүмүүс гарч ирээд бид нарыг салгах гэж ирээд бид нар салсан юм. Тэр үед манай нөхөр өөрийн хүүгээ аваад машиндаа суусан, манай хүргэн араас нь очоод машинд хамт суугаад байж байхад замын эсрэг талд байсан машиныг хөдлөх гэж байхад араас нь чулуу юм уу тоосго мэт зүйлээр цохиод арын шилийг нь хагалсан, тэгээд манай нөхөр урагш хөдлөх үед араас нь Баянтөр дүүгийн хамт очоод машин тойроод, юугаар цохисон эсэхийг нь би мэдэхгүй байна, манай нөхрийн машины хойд арын шил хагарсан, урд салхины шил цуурсан, копут нь чулуугаар цохигдсон зураас гарсан, дээвэр болон багаажны хэсэгт чулуугаар цохисон байсан юм гэсэн мэдүүлэг /хх 25-26/

 

Гэрч Д.Баттулгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад өөрийн хүргэн ах Баянтөр, хөдөөнөөс ирсэн ах Баярмагнай нарын хамт бид 3 хашаан дотроо 3 том пиво уугаад, тэндээсээ орой 21 цагийн орчим гэрийнхээ доор байх Аяз караоке бааранд үйлчлүүлэхээр орсон юм. Тэр үед баарны үүдээр орж явахад Баянтөр ах хойно үлдэх шиг болсон бөгөөд би ах Баярмагнайгийн хамт ширээн дээр суугаад 5-10 минут болоод Баянтөрийг орж ирэхгүй болохоор нь гайхаад караокеноос гараад харахад гадаа үүдэн дээр зодоон болж байсан юм. Тэгэхээр нь үл таних 2 залуутай барьцалдаж авсан нэг залуу манай ахыг дээрээс нь дарчихсан зууралдаж байхаар очиж салгах гээд байж байхад намайг хойш нь түлхэж унагаасан юм. Тэр үед уг 2 залуу машиндаа суугаад цаашаа хөдлөх үед нь манай ах Баянтөр чулуу аваад машины арын цонхыг нь хагалсан. Тэгэхээр нь ахын хамт очоод машиных нь урд явуулахгүй гээд зогсоод цагдаа дуудъя гэж бодоод байхад нь Баянтөр машиных нь урд хойгуур ороод яваад байсан юм гэсэн мэдүүлэг /хх 28/

Гэрч Д.Баярдэлгэрээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 13 хороо Аяз караоке бааранд өөрийн найз Заяатай хамт орсон юм. Тэр үед караокед Заяагийн танил эмэгтэй Чимгээ нь хүргэн дүү болох залуутай сууж байхад Заяа танил эмэгтэй байна хамт ууя гээд нэг ширээнд суугаад байж байтал, 20-30 минутын дараа манай нөхөр Баянтөр гаднаас миний дүү Баттулга, Баярмагнай ах нарын хамт орж ирсэн юм. Тэгээд сууж байгаад нөхөр ирчихлээ явъя гэж бодоод гарах гэхэд манай нөхөр түрүүлээд гараад явчихсан юм. Тэгээд би хэсэг хугацаа өнгөрсний дараагаар тооцоогоо хийчихээд гараад ирэхэд манай нөхөр Баянтөрийг караокены гадаа 3-4 залуу дээр нь гарчихсан зодоод байж байхад намайг харчихаад манай нөхөр уг машины арын шилийг чулуугаар цохисон юм. Тэгээд замын цаана очоод дахин зодоон хэрүүл маргаан, үүсгээд байж байхад цагдаа нар хүрч ирээд манай нөхөр Баянтөрийг дүүгийн хамт аваад явсан юм гэсэн мэдүүлэг /хх 29/

 

Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх 33-35/, Шүүгдэгч Э.Баянтөрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 55/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56/, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 57/, хувийн байдлыг тогтоосон баримт /хх 58-59/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8, 16-17/, ВЕНДО ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 21-22/, хохирлын бэлэн мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх 24/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн ¹9476 дугаартай дүгнэлт /хх 38/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн ¹9471 дугаартай дүгнэлт /хх 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Э.Баянтөр нь 2016 оны 06 сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Аяз” нэртэй нийтийн караокены гадаа гэрч Ц.Мөнх-Эрдэнийг “миний эхнэртэй суудаг хэн бэ” гэж маргалдан, зодолдсон бөгөөд тэдний зодооныг салгахаар Ц.Мөнх-Эрдэний ах хохирогч Д.Болдбаатар очсон боловч тэд учир зүйгээ ололцоогүй байна. Гэрч Ц.Мөнх-Эрдэнэ, хохирогч Д.Болдбаатар нар машиндаа сууж зугтаахад, шүүгдэгч Э.Баянтөр нь араас очиж хохирогч Д.Болдбаатарын эзэмшлийн 43-47 УНГ улсын дугаартай “Хьюндай верна аксент” маркийн автомашины хойд, урд талын сахины шил, тээшний таг, капуд, зүүн хойд багана болон дээвэр зэрэг эд зүйлийг нь санаатайгаар чулуугаар эвдэж гэмтээсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас гэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Д.Болдбаатар нарын бие махбодид ямар нэгэн гэмтэл учраагүй, харин авто машинд 462.100 төгрөгийн эд зүйл эвдэрч гэмтсэн болох нь шинжээчийн дүгнэлтүүд, авто машин техникийн үнэлгээний тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Э.Баянтөрийг бусдыг эд зүйлийг нь санаатайгаар эвдэж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуудлах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Баянтөр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Э.Баянтөр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мэргэд овогт Эрдэнийн Баянтөрийг бусдын эд хөрөнгийг санатайгаар эвдэж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баянтөрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баянтөрд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Баянтөр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баянтөрд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Баянтөрд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР