Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/717

 

 

 

 

 

 

 

 

    2022         9             23                                      2022/ШЦТ/717

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /томилолтоор/

шүүгдэгч Э.И

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын **-нд Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг мэргэжилтэй, “Ремакс Флатинум ЛЛС”-д агент ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрхан 4 дүгээр гудамж ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** регистртэй, Х овогт Эийн И

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.И согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Голомт банкны 24 цагийн АТМ дотор хохирогч Ц.Эийн биед халдаж хамар яс, таславчийн хугарал, хамарт цус хуралт, тохой, тавхайд зулгаралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авах шаардлагагүй. Хохирогчид 500.000 төгрөг өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учир холбогдлыг ойлгож байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц-ын Э “... би 2022 оны 7 дугаар сарын 07-нд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 цагийн Голомт банкны АТМ-ны хамгаалагчийн үүргийг ямар нэгэн халдлагагүйгээр гүйцэтгэж байсан. Гэтэл 7 дугаар сарын 08-ны 01:00 цагийн үед үл таних, хар бараан өнгийн хувцастай, 30 гаруй насны эрэгтэй, бага зэргийн халамцуу, миний үүрэг гүйцэтгэж байгаа АТМ дотор орж ирсэн. Тухайн эрэгтэй АТМ-ийн дэлгэцийг гараараа цохихоор нь би яаж байна гэхэд би танай голомт банкны хэрэглэгч байна, та нар эвдэрхий АТМ байрлуулаад байхдаа яадаг юм, би мөнгөө авмаар байна гээд дэлгэц рүү цохисон. Би тэгэхээр нь би яаж мэдэх юм, би хамгаалагч болохоос энэ АТМ-ийн аюулгүй байдлын ажиллагааны талаар мэдэхгүй гэдгээ тайлбарлаад лавлахын дугаарыг өгөхөд ажиллахгүй байна гээд дахин нэг удаа дэлгэц цохихоор нь би эвтэйхэн хэлж байгаад АТМ-с гаргасан чинь удалгүй буцаж ирээд миний нүүр хэсэгт нэг удаа алгадсан. Тэгээд барьцалдаж аваад дээр доороо орж зөндөө зууралдсан. Улмаар босоход дахиад над руу дайрахаар нь би түлхэж холдуулсан. Энэ үед миний хамрын хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тухайн үед миний толгой дүүрээд ухаан санаа балартсан. Миний хамраас цус гараад цамцны энгэр хэсэг бохирлогдсон” /хх-н 11-12/ гэж,

гэрч Д-ын Б “... Голомт банкны аюулгүй байдлын хэлтсээс “Москва салбар дээр согтуу хүн байна” гэх дуудлага ирсний дагуу Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва салбар дээр яаралтай очсон. Тухайн үед цагдаагийн алба хаагчид ирчихсэн, хамгаалагч Ц.Э нь үл таних эрэгтэй хүнд зодуулсан байдалттай нүүр, амнаас нь цус гараад цамц нь мөн бохирлогдсон байсан. Тэр зодсон гэх залуу нь ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан” /хх-н 15-18/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Э-ийн И “... 7 дугаар сарын 7-оос 8-нд шилжих шөнө 01 цагийн үед хорооллын Москва их дэлгүүрийн Голомт банкны АТМ-ын гадна хамгаалагч гэх үл таних хөгшин настай эрэгтэй хүнтэй маргалдсан. Улмаар түүний хамар руу нэг удаа цохисон” /1хх-н 32-33/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Ц.Эийн биед хамар яс, таславчийн хугарал, хамар цус хуралт, тохой тавхайд зулгаралт гамтал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна гэсэн 9784 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 23-24/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Э.И-ын гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х овогт Э-ийн И-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.И-ын хувийн байдалтай холбоотой:

АСАП сангийн мэдээлэл /хх-н 40-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх-н 43/, Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 44/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч Э.И “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан байна. /хх-н 53/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Э.Ит оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

Харин шүүгдэгч Э.И цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Ц.Э “... эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй” /хх-н 54/ гэжээ.

 

Шүүгдэгч Э.И цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.И шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Х овогт Э-ийн И-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.И торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.И цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.И-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ