Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/727

 

 

 

 

 

 

 

 

    2022          9             30                                    2022/ШЦТ/727

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар

шүүгдэгч Г.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-нд Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, худалдааны зөвлөх мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Булагийн 9 дүгээр гудамж, 5 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 31 дүгээр гудамж, *** тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй,

*** дугаарын регистртэй, Б овогт Гийн О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.О нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Од групп ХХК”-ийн борлуулагч Ш.Оын 1 дүгээр сарын эхний цалин болох 400.000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 1 дүгээр сарын сүүлчийн цалин болох 1.035.572.18 төгрөг нийт 1.435.572.18 төгрөгийг тус компанийн ахлах нягтлан бодогч С.Э данс андуурч тус компанид 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хивэг ачигчийн албан тушаалд ажиллаж байсан Г.Оын ХААН банкны 59590725** тоот дансанд алдаатай гүйлгээ хийж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1.435.572.18 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Би компаний нягтлан бодогч Э-ын ХААН банк дахь 50212711** дугаартай данс руу 9 дүгээр сарын 16-нд 1.035.752 төгрөг шилжүүлсэн. Э над руу яриад мөнгө ороод ирлээ гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр амаржаад мөнгөний хэрэгцээ гарсан тул миний дансаар орж ирсэн мөнгийг аваад хэрэглэчихсэн юм. Мөн энэ зун 5 сараас хойш мөнгө хайж хөдөөгүүр байсан. Түүнээс биш оргон зайлаагүй.

Надад торгох ял оногдуулж өгнө үү. Би торгох ялыг биелүүлж чадна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С-ын Э “... 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манай байгууллага цалингаа олгосон бөгөөд хивэг савлагч Г.Оын 59590725** данс руу борлуулагч Ш.Оын цалин болох 400.000 төгрөгийг андуурч шилжүүлсэн. Тухайн үед борлуулагч Ш.О хөдөө ажлаар явж байгаад буцаж ирээд “миний цалин ороогүй байна” гэхээр нь би банкны гүйлгээгээ шүүж үзтэл Г.Оын данс руу андуурагдаж шилжүүлсэн байсан. Тэгээд борлуулагч Ш.От касснаас цалинг нь гаргаж өгөөд Г.Оын барьцааны 460.000 төгрөгнөөс суутгасан. Дараа нь 1 дүгээр сарын сүүлийн цалин олгохдоо мөн Г.Оын данс руу 1.035.572,18 төгрөгийг шилжүүлсэн байсан. Отай холбогдох гэсэн боловч бүртгэлтэй утас нь холбогдохгүй байхаар нь бүртгүүлсэн гэрийн хаягийг шалгахаар очиход буруу хаяг өгсөн байсан. Нэг холбогдоход эмэгтэй хүн утсыг нь аваад түр гарсан байна гэж хэлчихээд миний дугаарыг блок хийсэн байсан. Тэгээд би Г.Оын фейсбүүк рүү холбогдоход чатаа хараагүй. Г.Оын ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гарсан. Түүнээс өмнө 2022 оны 1 дүгээр сарын 06-нд нэг өдөр л дуудагдаж ажилласан. Тэрнээс хойшоо ажилдаа ирээгүй, тушаал нь гарсан бөгөөд манай үйлдвэр Оын 1 сард ажилласан цалин нь 22.714 төгрөгөөс хойш зогсонги бодогдсон бөгөөд тэр цалин нь ажилчдын тооцоод бодогдоод гарт олгох цалин байхгүй байсан. Г.О нь ажлаас гарахад 1.165 төгрөгийн (манайд) өглөгтэй гарсан. Сүүлийн нэг өдөр ажилласан цалин нь өмнөх шинэ жилийн суутгалд суутгагдаад 1.165 төгрөг дутуу үлдэж байна. 2021 оны 12 сар хүртэл манайх Худалдаа Хөгжлийн банкаар цалингаа олгодог байсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын цалинг ХААН банкнаар болж ХААН банк руу ажилчдынхаа цалинг татуулж олгосон. ХААН банк нь цалин олгохдоо овог, нэр, данс тохирч байвал шууд гүйлгээ хийгддэг байсан тул данс андуурагдаж гүйлгээ хийгдсэн байсан” /хх-н 12-13/ гэж,

гэрч Ш-гийн О “... би 2022 оны 1 дүгээр сарын цалингаа авалгүй байж байгаад 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Од” ХХК группээс нөхөж өгсөн. Би 2022 оны 1 дүгээр сарын эхний цалин орох үеэр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шийрт багт сүлжээгүй газар явж байсан тул цалин орсон, ороогүй эсэхийг мэдээгүй. Тэгээд 2022 оны 1 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотод ирэхэд миний 1 дүгээр сарын эхний цалин ороогүй байсан тул компанийн солигдсоноос болоод өмнөх нягтлан Эаас асуухад “банк нь ажиллаж байсан Г.Оын данс руу андуурагдаад хийгдсэн байна” гээд касснаас бэлнээр 400.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд 2022 оны 2 дугаар сарын 10, 11-ний үеэр манай байгууллагын 1 дүгээр сарын сүүлийн цалин буусан боловч мөн миний дансанд мөнгө ороогүй. Тухайн үед би бас хөдөө явж байсан болохоор ирээд цалингаа нягтлангаас асуухад дахиад Г.Оын данс руу андуурагдаж хийгдсэн байна, Г.О руу хийсэн мөнгө буцаж орж ирэхээр өгье гэсэн. Тэгээд 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр миний 1 дүгээр сард ажилласан цалин болох 1.035.572.18 төгрөгийн цалин орсон” /хх-н 18-19/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Г-ийн О “... 2022 оны 2 дугаар сард тэр компаний үйлдвэр зогсоод хэсэг хугацаанд ажиллахгүй байсан. Тэгээд манай эхнэр төрөх болоод ажлаасаа гарсан. Албан ёсоор халагдаж, гарсан зүйл байхгүй ээ. 2022 оны 1 болон 2 дугаар саруудад компани надад 1 дүгээр сард 22,714 мянган төгрөг, 2 дугаар сард 125,945 мянган төгрөгний цалин олгох ёстой байсан боловч энэ мөнгөө өгөөгүй, мөн миний цалингаас суутгаж аваад төлөгдөх ёстой 2021 оны 12 дугаар сарын 412,021 мянган төгрөг, 1 дүгээр сарын 5,678 төгрөг, 2 дугаар сарын 21,486 мянган төгрөгүүдийг нийгмийн даатгалын санд төлөлт хийгээгүй байсан. Намайг Хэнтий аймагт ирчихээд байхад 2022 оны 2 дугаар сарын 11-ны өдөр ХААН банкны, миний 59590725** тоот дансанд гэнэт 1.035.572 төгрөг “1 дүгээр сарын сүүл цалин Од групп ХХК” гэсэн утгатайгаар орж ирсэн. Би бодохдоо энэ мөнгийг 1-2 дугаар сарын цалин болон миний төлөх ёстой нийгмийн даатгалын мөнгө нь нийлээд ороод ирлээ гэж бодоод мөнгийг авч өөртөө зарцуулсан. Би энэ мөнгийг миний дансанд орж ирсэн талаар 2 дугаар сарын 13-ны өдөр л мэдсэн. Мөнгө 11-ний өдөр миний данс руу орсон байхад 13-ны өдрийг хүртэл яагаад компаниас над руу холбогдоогүйг ойлгохгүй байгаа. Үнэхээр л андуурч хийсэн бол 2 хоногийн хугацаанд холбогдоод хэлж ярих байсан байх. Би үнэхээр л миний үлдэгдэл цалин болон компаниас нийгмийн даатгал руу төлөх ёстой байсан мөнгийг эргүүлж над руу хийсэн л гэж бодож мөнгийг өөртөө зарцуулсан” /хх-н 31-32/ гэж мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн “Од Групп” ХХК-ний захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/111 дугаартай Г.Оыг ажилд томилох тухай тушаал, мөн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай Г.Оыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-н 38-39/,

О /СП98112119/-ын 59590725** тоот данс руу 1.035.572.18 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт /хх-н 41/,

Г.О, Ш.О нарын 2022 оны 1 дүгээр сарын цалингийн задаргааны хүснэгт /хх-н 42/,

“Од Групп” ХХК-ний харилцагчийн авлагын дэлгэрэнгүй /хх-н 45/,

Гийн Оын эзэмшлийн 39500125** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 54-55 / зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Гийн Оыг “Алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин хэргийн үйл баримтаас үзвэл алдаатай гүйлгээ хийсэн нь “Од Групп” ХХКомпани, хохирогч нь Шагдарсүрэнгийн О гэгч байхаар байна. Өөрөөр хэлбэл Шагдарсүрэнгийн Оын авах ёстой цалинг Гийн О хууль бусаар авчээ.

Гэвч тухайн компаний зүгээс эхний ээлжинд хохирогчоор тогтоогдох ёстой Шагдарсүрэнгийн Оын хохирол буюу цалинг нөхөн төлж, компанийн нягтлан бодогч С.Эыг хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

Шүүгдэгч Г.Оын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/, АСАП сангийн лавлагаа /хх-н 65-66/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч С.Э “... хохирол төлбөрөө барагдуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тайлбарыг шүүгчийн туслахад мэдэгдсэнээс гадна шүүгдэгч Г.О хохирол төлбөр төлсөн тухай баримтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгөв.

 

Шүүгдэгч нь нэгэнт бусдад төлөх төлбөргүй болсон тул 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр ХААН банк дахь Гийн О-ын эзэмшлийн, 59590725** тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласныг цуцлах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.От ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтласан болно.

Тухайлбал, шүүгдэгч Г.О одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, мөн “завших” гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаа “... эхнэр амаржаад мөнгөний хэрэгцээ гарч хэрэглэсэн” гэж байгаа нь шүүхээс түүнд торгох ял оногдуулахад зохистой биш гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, харин энэ төрлийн ял эдлэх хугацааг түүний хувийн байдлыг харгалзан хамгийн багаар буюу 240 цагийн хугацаагаар тогтоов.

 

Шүүгдэгч Г.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Гийн О-ыг “Алдаатай гүйлгээ, ... завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. ХААН банк дахь шүүгдэгч Г.Оын эзэмшлийн, 59590725** тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Шүүгдэгч Г.О цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.От урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ