Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1109

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ц.Батбямба,

хохирогч “М К” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Ч,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж,

шүүгдэгч  О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч  О.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаар 5 хавтас хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч  О.М нь 2020 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “М” ХХК-ийн хашаанд “М К” ХХК-ийн цементэд үнс хольж “М К” ХХК-ийн 50 кг ууттай цемент болон цементний уут, барааны тэмдэг ашиглан 132,250 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан, 128,000 тонн цемент тээвэрлэн, худалдсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдэж “М К” ХХК-д 8,409,711.4 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн хохирогч “U Г М Д” ХХК-д 60 тонн цемент худалдан 15,600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

“Э Э К” ХХК-д 68 тонн цемент худалдан 14,125,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч  О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2020 оны 5 сараас үнстэй цемент зарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. “М”-ийн цементийг “44” захаас худалдаж авдаг байсан. Хохирогч нар хана, шал хийж байгаад зам дээр асгасан гэж хэлж байсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч “М К” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед манай цементийн эрэлт их, нийлүүлэлт бага байсан. Манай цементийг хольцтой байна гэж хүмүүс манайд мэдэгдсэн. Цементийг шалгаж үзэхэд хольцтой байсан. Манай үйлдвэр 1 тонн тутамдаа 63,589 төгрөгийн ашигтай ажилладаг. Уут, логог ашиглаж хүмүүсийг хуурсан байдаг. 714,000 төгрөгийн ачилт хийсэн. 8,400,000 төгрөгийн хохирол учирсан. Бөөний болон жижиглэнгээр олон салбараар цементээ зардаг” гэв

Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч “Э Э К” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаярын “...2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн** дүгээр хорооны нутагт байрлах иргэн Б.Н-ын үйлчилгээ амины орон сууцны захиалгын дагуу барилгын ажил явагдсан. Тухайн үед цементийн нийлүүлэлтийн хомсдол үүсээд байсан. 2020 оны 6 дугаар сарын дундуур М гэгчээс “М” гэсэн бичигтэй 50 тонн цементийг тухайн үеийн ханшаар 220,000-230,000 төгрөгөөр худалдан авсан. Маас авсан “М”-ийн цементийг барилгын дотор засал, гадна талын талбай зэрэгт ашигласан. Уг цементүүдийн зарим нэг хэсэг нь чанарын шаардлага хангахгүй, барилгын засал чимэглэлд ашиглаж болохгүй, хийсэн шавар барьцалдахгүй байхаар нь барилгын гадна талбайд ашигласан. Дээрх ажлын материал болон ажиллах хүчний зардлыг гаргуулах шаардлагатай байна...

...Хятад бичигтэй цементийг 30 тонн авсан. Нийт 68 тонн цемент авсан тооцоо гарч байсан. Нийт 14,125,000 төгрөгийн цемент худалдаж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 243, 3 дахь хавтаст хэргийн 242, 4 дэх хавтаст хэргийн 215 дахь тал),

Хохирогч “U Г М Д” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-ийн: “...2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 60 тонн цементийг 15,600,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн цемент нь “М” гэсэн уут савалгаатай, гадна талаасаа ямар ч ялгаа байхгүй байсан. 2020.06.06-ны өдөр тухайн цементийг ашиглаад цутгалт хийхэд маргааш өдрөөс нь бетоны дээж авсан шоо бутраад унасан. Ингээд “юу болов, яасан юм бол” гэж үзэхэд уг цементээр хийсэн шоонууд нь цохих даралтын 04/01 хувь хүрэхгүйгээр бутарч унаж байсан. ...Манай байгууллагад 17,000,000 төгрөгийн хохирол төлөөд хохиролгүй болгосон.  О.М гэж хүнээс “М” цемент худалдан авна гэж тохирсон, итгээд авсан. Одоогоор ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 1-3, 4 дэх хавтаст хэргийн 218 дахь тал),

Хохирогч “М К” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Чын: “2020 оны 2 дугаар сараас манай компанид нэр бүхий иргэд “танай үйлдвэрлэсэн цемент чанарын шаардлага хангахгүй үүрч, бутарч унаад байна” гэсэн гомдол гаргасан. Уг иргэдийн худалдан авсан цементийг шинжилж үзэхэд манай үйлдвэрлэсэн цементийг үнстэй хольж савлан худалдан борлуулсан байсан. Тухайн цементийг үнстэй хольж савласан газар нь Сонгиохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан. Манай компанийн цементийн уут бүхий лого болох барааны тэмдгийг ашиглаж бусдад хохирол учруулж байгаа нь компанийн болон бүтээгдэхүүний нэр хүнд, борлуулалтад сөргөөр нөлөөлж байна. Дээрх хүмүүс манай компанийн гэрээт борлуулагч биш. 1,000,000 төгрөгийн бодит зардал гарсан. ...Манай ХХК 1 тонн цемент тутамдаа 63,589.05 төгрөгийн ашигтай ажилладаг. Манай компанийн нэр, лого, барааны тэмдэг, их хэмжээний цементийг хуурамчаар үйлдвэрлэн, борлуулж байгаа нь манай компанийн зарж ашиг олох ёстой байсан орлогоос бууруулж манайд тийм хэмжээний хохирол учруулсан гэж үзэхээр байна. Мөн хуурамч цементийг тээвэрлэсэн, ачуулсан, шинжилгээнд өгсний төлбөр болох нийт 714,900 төгрөгийн зардал бодитоор гарсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 7-11, 3 дахь хавтаст хэргийн 244 дэх тал),

Хэргийн газар үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах гадна талдаа “Мөр чамбой” ХХК гэсэн хаягтай блокон хашаанд үзлэг хийв. ...БНХАУ-д үйлдвэрлэсэн 50 кг саарал ууттай цемент 147 ширхэг, хажуу талын улаан өнгийн онгорхой контейнерт (40тн-20%) үнс мэт, зүүн талын улаан өнгийн хаалттай контейнерын гадна талд 23 ширхэг, “М” ХХК-ийн 50 кг савалгаатай цемент 62 ширхэг байсныг хураан авав. ...Цемент, үнсийг хольдог БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн холигч төхөөрөмж байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 26-40 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн: “...үнс цемент хольсон гэх газар нь ...чингэлэгийн хаалганаас гараашны хаалганы дунд хэсэгт цэнхэр өнгийн ямар нэгэн бичиглэлгүй цахилгаан төхөөрөмж байрлуулсан байв. Гараашийн дотор хэсэгт 5 см зузаантай үнсийг шалаар дэвссэн...гараашны баруун, хойд буланд их хэмжээний улаан өнгийн хоосон шуудай задалж овоолсон. Урд хана хэсэгт “М” EURO CEMENT гэсэн бичиглэлтэй шуудай дотор, үнс мэт нарийн тоосонцор зүйлийг хийж өрж байршуулсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 57-63 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн: “ЦЕГ-ын Хангалт, үйлчилгээний төвийн хашаанд байх цементэд үзлэг хийв. ... О.М нь Хятад улсын гэх үнстэй хольсон цемент энэ байна гэж зааж өгснийг гэрэл зургаар бэхжүүлэн авч, тоолж үзэхэд 147 ширхэг цемент байсныг “1” гэсэн дугаараар, шинжилгээнд зориулан 1 шуудайг хураан авав. “М” ХХК-ийн “Euro cement” гэсэн бичиглэлтэй нийт 85 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч, үнстэй хольсон гэх цемент 23 ширхэг, холиогүй цемент 62 ширхэг байв. Үнстэй хольсон гэх “Euro cement”-ээс 1 шуудайг шинжилгээнд зориулж хураан авч “2” гэсэн дугаараар дугаарлав. Үнстэй холиогүй гэх цементийг “3” гэсэн дугаараар дугаарлан шинжилгээнд 1 шуудайг хураан авав...” гэх тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал),    

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлтэд: “...2.б.1. Дээжүүдийг МNS 3091:2008 /Цемент. Техникийн ерөнхий шаардлага/ стандартын 7.5.1-д зааснаас өөр орчинд хадгалснаас стандарт зөрчигдөж тэдгээрийн бүхэлжсэн хэсгийн агууламж их байна. Үүнийг 02 дугаартай шигшүүрээр шигшиж авсан байна. Үүнд: 637/21КБЛ дугаартай шинжилгээний дүн болох БМ-Ц-2 дээж-63,8%, /Цагдаагийн дугаар №1/, 638/21КБЛ дугаартай шинжилгээний дүн болох БМ-Ц-3 дээж-19,8%, /Цагдаагийн дугаар №2/, 636/21 КБЛ дугаартай шинжилгээний дүн болох БМ-Ц-1 дээж-24,5%, /Цагдаагийн дугаар №3/ байна.

2.б.2. /Цагдаагийн дугаар №1/ БМ-Ц-2 гэж хаягласан хятад цемент гэх дээжинд хийсэн физик-механик шинжилгээний дүнгээр энэ дээж нь “хольцтой цемент” байна. Тухайн дээжинд хийгдсэн 10 үзүүлэлтийг тодорхойлох шинжилгээний 4 (цементийн чанарын үндсэн үзүүлэлт болох 3 хоногийн дараах гулзайлт болон шахалт мөн 28 хоногийн дараах гулзайлт болон шахалтын бат бэх) нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандартын шаардлага хангахгүй байна.

2.б.3. /Цагдаагийн дугаар №2/ Шинжилгээний үзүүлэлтээс харахад БМ-Ц-3 гэж хаягласан цемент болон хольц гэх дээжинд хийсэн физик-механик шинжилгээний дүнгээр энэ дээж нь “хольцтой цемент” байна. Тухайн дээжинд хийгдсэн 10 үзүүлэлтийг тодорхойлох шинжилгээний 4 (цементийн чанарын үндсэн үзүүлэлт болох 3 хоногийн дараах гулзайлт болон шахалт мөн 28 хоногийн дараах гулзайлт болон шахалтын бат бэх) нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандартын шаардлага хангахгүй байна.

2.б.4. /Цагдаагийн дугаар №3/ Шинжилгээний үзүүлэлтээс харахад БМ-Ц-1 гэж хаягласан үнс холиогүй цемент гэх дээжинд хийсэн физик-механик шинжилгээний дүнгээр энэ дээж “цемент” мөн. Тухайн дээжинд хийсэн шинжилгээний 10 үзүүлэлтийн утга нь манай оронд хүчин төгөлдөр мөрдөж буй стандартын шаардлага хангаж байна. /Хавсралт 2/, Бэлэн бүтээгдэхүүнээс орцны агууламж тодорхойлох боломжгүй болно. Хариулт 2.в Цагдаагийн дугаар №1 буюу 637/21 КБЛ дугаартай шинжилгээний дүн болох БМ-Ц-2 дээж дээрх стандартын шаардлага хангахгүй байна. Цагдаагийн дугаар №2 буюу 638/21КБЛ дугаартай шинжилгээний дүн болох БМ-Ц-3 дээж дээрх стандартын шаардлага хангахгүй байна. Цагдаагийн дугаар №3 буюу 636/21 КБЛ дугаартай шинжилгээний дүн болох БМ-Ц-1 дээж дээрх стандартын шаардлагын хангаж байна. 2.г.1. 636/21 КБЛ /Цагдаагийн дугаар №3/ дугаартай шинжилгээний дүн болох БМ-Ц-1 дээжийн 28 хоногийн дараах гулзайлт, шахалтын бат бэх нь 42.5 ангийн портландцементийн шаардлага хангаж байгаа тул тусгай зориулалтын бетон болон төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрлэлээс бусад барилга, зам, гүүрийн барилга угсралтын ажилд ашиглах боломжтой. 2.г.2. 637/21 КБЛ, 638/21 КБЛ дугаартай шинжилгээний дүн болох БМ-Ц-2 /Цагдаагийн дугаар №1/ болон БМ-Ц-3 /Цагдаагийн дугаар №2/ дээжийн 28 хоногийн дараах гулзайлт, шахалтын бат бэх нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул бүх төрлийн тусгай зориулалтын бетон болон төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрлэл, барилга, зам, гүүрийн барилга угсралтын ажилд ашиглах боломжгүй, Жич: Дээрх 3 дээжийн физик-механик шинжилгээг хийхдээ хариулт 2.6-д заасан бүхэлжсэн хэсгийг ялгаж авсаны дараа хийсэн байгааг анхаарах. Хариулт 2.д Шинжилгээний дүн болон 3 дугаартай БМ-Ц-1 гэж хаягласан 1 уут 50 кг үнс холиогүй цемент, 2 дугаартай БМ-Ц-3 гэж хаягласан 1 уут 50 кг үнс хольсон цемент гэх 2 уут дээжийн гадна байдал, бусад шинж чанарыг ажиглан дүгнэхэд: 2.д.1 Цагдаагийн 3 дугаартай БМ-Ц-1 гэж хаягласан 1 уут 50 кг дээжийг “Цемент” мөн гэсэн шалтгаан: -Дээжийн гадна талаасаа харагдах, гарт баригдах байдал, үйлдвэрээс гарсан сав баглаа болон үйлдвэрлэсэн огноо, ээлжийн дугаар бүгд тэмдэглэгдсэн байсан ба түүнд хамаарах шинжилгээний үр дүнд анализ хийхэд тухайн дээж нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа МNS 0974:2008 /Портландцемент. Техникийн шаардлага/ стандартын шаардлага хангасан. 2.д.2 Цагдаагийн 2 дугаартай БМ-Ц-3 гэж хаягласан 1 уут 50кг үнс хольсон гэх дээжийг хольцтой цемент гэсэн шалтгаан: -Дээжийн гадна талаасаа харагдах, гарт баригдах байдал, үйлдвэрээс гарсан сав баглаа нь манай оронд үйлдвэрлэгдэж байгаа 1 төрлийн цементтэй ижил боловч уутны амны наалт нь өөр, уутны өнгө үл мэдэг бүдэг байсан. -Түүнд хамаарах шинжилгээний үр дүнд анализ хийхэд тухайн дээжийн гол үзүүлэлт болох 3 болон 28 хоногийн дараах гулзайлт болон шахалтын бат бэх манай оронд хүчин төгөлдөр мөрдөж байгаа МNS 0974:2008 /Портландцемент. Техникийн шаардлага/ стандартын шаардлага хангахгүй байна. Цементийн үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн (бүх төрлийн цемент)-үүд нь чийггүй байх ёстой. Дээрх хэмжилт үзүүлэлтүүдийг нэгтгэхэд тухайн дээж нь ямар нэг төрлийн цементийг цементтэй гадна байдал (ширхэглэл болон харагдах, баригдах)-аараа ижил, тодорхой хэмжээний чийгтэй материал (өмнөх шинж чанартай ойролцоо материал нь нунтагласан үнс байж болно)-тай хольсон байна. Иймд энэ дээжийг хольцтой цемент гэж тодорхойлов...” гэжээ (4 дэх хавтаст хэргийн 197-199 дэх тал),

Шинжээч О.Лхагвадоржийн: “...Тухайн шинжилгээнд  ирүүлсэн цементийн дээжүүд нь Монгол Улсын “MNS 9742008” стандартын дагуу OPC 42,5 ангиллын эрдсийн нэмэлттэй цемент байна. Гэтэл тухайн цемент дээр дахин үнс хольсон байсан бөгөөд дээжинд хийсэн физик шинжилгээний үр дүнг стандартын шаардлагатай харьцуулахад /нягт, барьцалдах хугацаа нунтаглалт, 3 хоногийн дараа гулзайлтын бат бэх, 3 хоногийн дараах шахалтын бат бэх, 28 хоногийн дараах гулзайлтын бат бэх, 28 хоногийн дараах шахалтын бат бэх/ зэргээр чанарын шаардлага хангаагүй, энэ нь өөрөө цемент биш хольц гэж үзнэ. Энэ хольцоор барилгын ажилд хэрэглэх боломжгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал),

“Золач” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.04.06-ны өдрийн 01/21 дүгээр тайланд: ““М” ХХК-ийн үйлдвэрийн цементийн дундаж үнэ 1 тонн 285,000 төгрөг, 1 шуудай нь 14,250 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн цементийн дундаж үнэ 1 тонн 240,000 төгрөг, 1 шуудай нь 12,500 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 130-138 дахь тал),

Гэрч Б.Ж-ын: “ О.М-ны хуурамч цемент үйлдвэрлэж байгаа газрыг 2020 оны 7 дугаар сард шалгасан. ...Тухайн хуурамч цемент үйлдэл нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй байсан учир цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Цементэд үнс холих нь чанарт муугаар нөлөөлнө. Цементний үндсэн найрлагад үнс ордоггүй. Мөн хуурай хольцод үнс орох ёсгүй. Үнс нь цементтэй өнгө ижил учир бусдыг төөрөгдүүлэх зорилгоор явдаг. ...Нийслэлийн хэмжээнд цемент болон цемент савлах хууль ёсны 3 үйлдвэр байдаг. Налайх дүүрэгт “Налгар түшиг”, Сонгинохайрхан дүүрэгт “Эм Жи Эл цемент”, “Монцемент” гэх гурван үйлдвэр ажилладаг. М болон Хөтөл Нийслэлд савлагаатай оруулж ирдэг. 2 төрлийн стандартын цемент үйлдвэрлэгддэг. 42,5 марк, 32,5 марк гэдэг 2 төрөл иргэдэд ихэвчлэн ашигладаг. 52,5 маркыг захиалгаар үйлдвэрлэдэг. Уг маркын хаягийг үндэслэж бусад түүхий эдтэй хольж эцсийн бүтээгдэхүүн болох өрлөг, шавар, бетон зуурмаг, хуурай хольц /хар, цагаан замаск/ ашигладаг. Ямар маркын цемент вэ гэдгээс хамаараад хольцоо /элс, хайрга/ тохируулж, зуурмаг, болон шаврын маркаа тохируулж, өрлөг бусад зүйлсд ашиглахаа тооцдог. Тэгэхээр савлагаанд дээр байгаа хаяг чухал. Уг хаяг савлагааны цементэн бүтээгдэхүүнийг өөрчлөн доторх найрлагыг нэмж өөрчлөх байдлаар хуурамч бүтээгдэхүүн нь барилгын чанар байдалд нөлөөлнө...” гэх мэдүүлэг ( 1 дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал),

Гэрч Д.М-ын: “...Мягаагийн цемент хийж байсан хашаанаас цемент ачаад зарсан газар нь хүргэж өгч байсан. М, Мон цемент, хужаа цемент ирж байсан. Тэр хашаанд ажиллаж байсан хүмүүс контейнерт задгай цемент юм уу, үнс юм уу мэдэхгүй саарал юм байдаг, түүнийг савладаг, янз янзын уут байдаг, хужаа, М, Мон цементийн уутанд хийж байсан. Тэр ууталсан цементийг ачаад авна гэсэн хүнд нь аваачиж буулгадаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153 дахь тал),

Гэрч Т.Т-ийн: “...2019 оны сүүлээр байх Мийгаа гэх 20 гаруй насны залуу манай хашаанд цэнхэр өнгийн суурин төхөөрөмж авчирч тавьсан. Тэд нар цемент авчраад, буцаад ачаад гардаг. Цагаан өнгийн ачааны автомашинд үнс авчраад буулгаад явдаг, үнсээ заримдаа шөнө буулгаад явдаг. Би яг юу хийдэг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156-157 дахь тал),

Гэрч Ж.У-ын: “...М, О нарыг огт танихгүй. М гэж залуу надтай утсаар ярьж үнс авахаар тохирсон. ...нэг авахдаа 25-27 тонн үнс, 1 сая төгрөгөөр Мтай тохирчихсон. Тухайн 1 сая төгрөгийн 600,000 орчим төгрөгийг “Э” ХХК-ийн нэр дээр Үйлст гэх хүний дансанд хийдэг байсан. ...М цементэд үнс хольж зардаг байсан талаар сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал),

Гэрч Ц.Н-гийн: “...Дулаан, цахилгаан үйлдвэрлэх явцад нүүрс түлээд шаталтаас үүссэн хуурай үнсийг аж ахуйн нэгжүүд гэрээ байгаан 1 тонныг нь 16,500 төгрөгөөр худалдаалдаг. ...гэрээтүүд миний өгсөн хуваарийн дагуу ачилт хийж зарлагын баримтыг бичиж, түүнийг нь харуулд шалгуулж, хураалгаад үнсээ авч явдаг. Зарлагын баримтууд санхүүгээс өгсөн дугаар, тэмдэгтэй тулгалт хийж санхүүтэй тооцоо хийдэг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 183 дахь тал),

Гэрч Э.А-ийн: “М намайг Сонсголон дээр дуудаж ажиллуулдаг. Тухайн газар нь задгай болон шуудайтай цементийг хольж савалдаг газар байдаг юм. Би задгай болон шуудайтай цементийг холигч машин руу зөөж хийгээд хольж савлаад машинд ачаад миний ажил дуусдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 180 дахь тал),

Шүүгдэгч  О.М-ны яллагдагчаар өгсөн: “Б Э к ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх хүнд 15 сая төгрөгийн цементийг тухайн үеийн ханшаар 1 тонныг 220,000 төгрөгөөр буюу нийт 68 тонн цементийг худалдан борлуулсан. Үүнээс 8 орчим тонн цемент нь хятад улсад үйлдвэрлэсэн бичиглэлтэй цемент, үлдсэн 60 тонн “М” ХХК-ийн цемент гэж санаж байна. Харин “Г” ХХК-ийн ажилтан Я.О-д 60 тонн “М”-ийн цемент худалдан борлуулсан. Үүний төлбөр 16,000,000 төгрөг авсан. Тухайн хүмүүс миний цементийг муу цемент байна гэж гомдол гаргахаар нь буцаагаад 16 сая төгрөгийг шилжүүлж хохирлоо барагдуулсан. Тэр хашаанаас үнстэй холиогүй цемент М-ийн 60 орчим шуудай, М-ийн хольсон цемент 20 гаран шуудай, мөн 150 орчин хятад бичиглэлтэй шуудай нь үнстэй хольсон байсныг хураан авсан байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 32-35, 4 дэх хавтаст хэргийн 210-211 дэх тал),

Мөрдөгчийн “шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээч томилох” тухай тогтоол (1 дэх хавтас, 83-84 дэх тал), гэрч Б.Н-гийн мэдүүлэг (1 дэх хавтас, 159 дэх тал), гэрч П.Аын мэдүүлэг (1 дэх хавтас, 179 дэх тал), “М К” ХХК-ийн албан бичиг (4 дэх хавтас, 36, 47 дахь тал), Хаан банкны ...тоот дансны хуулга (2 дахь хавтас, 112-117), Хаан банкны ...тоот дансны хуулга (2 дахь хавтас, 90-91), Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилгын шинжилгээний дүн (4 дэх хавтас, 201, 202, 203 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч “Э Э К” ХХК-д хохирол төлсөн, “М К” ХХК-д хохирол төлөхөө илэрхийлсэн 2 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч  О.М нь 2020 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “М” ХХК-ийн хашаанд “М К” ХХК-ийн 50 кг ууттай цемент болон цементний уут, барааны тэмдэг ашиглан “М К” ХХК-ийн цементэд үнс хольж 132,250 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан, “Э “ ХХК-д 68 тонн, “U Г М Д” ХХК-д 60 тонн цемент тус тус тээвэрлэн, худалдсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдэж “М К” ХХК-д 6,304,849 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2020 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “М” ХХК- ийн хашаанд “М К” ХХК-ийн 50 кг ууттай цемент болон цементний уут, барааны тэмдэг ашиглан “М К” ХХК-ийн цементэд үнс хольж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн хохирогч “U Г М Д” ХХК-д 60 тонн цемент худалдан 15,600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, “Э Э К” ХХК-д 38 тонн цемент худалдан 14,125,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, “U” компанид учирсан 15,600,000 төгрөгийн, “Э Э К” компанид учирсан 14,125,000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Харин “М К” компанид 6,304,849 төгрөгийн хохирол учирсан. Гэвч энэ нь шүүгдэгч Мы үйлдсэн үйлдэл буюу уг компанийн цементийг тэдний шошго бүхий уутанд үнстэй хольж зарахад учирсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан шууд учирсан хохирол биш байна гэж үзсэн. Учир нь М К компани нэг талаас өөрийн цементийг худалдан борлуулж 1 тонн цемент тутмаас 63.589 төгрөгийн ашиг олсон. Зах зээлд борлуулах боломж байсан гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж учирсан буюу гэмт хэргийн үр дагаврыг хор уршигт тооцно гэж заасан байдаг. “М К” компанид хор уршиг учирсан юм уу гэхээр хохирогчийн хэлж байгаагаар эрэлт, нийлүүлэлтээ хүрч ажиллаж чадахгүй байсан гэсэн учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Х.Ч “Шүүгдэгч манай цементийг хуурамчаар үйлдвэрлэсэн, хохирогч “М” цемент гэж ойлгосон. Цемент чанаргүй байсан нь тогтоогдсон” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “5 сар хүрэхгүй хугацаанд үйлдсэн нь байнга тогтвортой үйлдсэн гэж үзэх эсэх талаар дүгнэлт хийх ёстой. Цементийг боломжтой байдлаар хохирогч нар ашигласан, үүнийг анхаарч үзнэ үү. Зүйлчлэлийн талаар маргахгүй...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч  О.М нь 2020 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “М” ХХК-ийн хашаанд “М К” ХХК-ийн цементэд үнс хольж “М К” ХХК-ийн 50 кг ууттай цемент болон цементний уут, барааны тэмдэг ашиглан 132,250 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан, 128,000 тонн цемент тээвэрлэн, худалдсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдэж “М К” ХХК-д 6,304,849 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн хохирогч “U Г М Д” ХХК-д 60 тонн цемент худалдан 15,600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

“Э “ ХХК-д 68 тонн цемент худалдан 14,125,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгоно” гэж заажээ.

Шүүгдэгч  О.М-ны үйлдсэн хэргийн тухайд “М К” ХХК-ийн 50 кг ууттай цемент болон цементний уут, барааны тэмдэг ашиглан “М К” ХХК-ийн цементэд үнс хольж 132,250 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан нь хохирогчийн төлөөлөгч  Х.Ч-ын “...манай “М” компанийн үйлдвэрлэсэн цементийг үнстэй хольж савлан иргэдэд худалдан борлуулсан байсан. Манай компанийн цементийн уут бүхий лого болох барааны тэмдгийг ашиглаж бусдад хохирол учруулж байгаа нь компанийн болон бүтээгдэхүүний нэр хүнд, борлуулалтад сөргөөр нөлөөлж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтас, 7-11), шинжээч О.Лхагвадоржийн “...Тухайн шинжилгээнд  ирүүлсэн цементийн дээжүүд нь Монгол Улсын “MNS 9742008” стандартын дагуу OPC 42,5 ангиллын эрдсийн нэмэлттэй цемент байна. Гэтэл тухайн цемент дээр дахин үнс хольсон байсан бөгөөд дээжинд хийсэн физик шинжилгээний үр дүнг стандартын шаардлагатай харьцуулахад /нягт, барьцалдах хугацаа нунтаглалт, 3 хоногийн дараа гулзайлтын бат бэх, 3 хоногийн дараах шахалтын бат бэх, 28 хоногийн дараах гулзайлтын бат бэх, 28 хоногийн дараах шахалтын бат бэх зэргээр чанарын шаардлага хангаагүй, энэ нь өөрөө цемент биш хольц гэж үзнэ ” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, 119-120) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Байнга тогтвортой үйлдсэн гэж энэ гэмт хэргийг үйлдвэрлэлийн шинжтэй, 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгох ба  О.М-ны хувьд 2020 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр “М К” ХХК-ийн 50 кг ууттай цемент, цементний уут, барааны тэмдэг ашиглан “М К” ХХК-ийн цементэд үнс хольж 132,250 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан, “Э “ ХХК-д 68 тонн цементийг 14,125,000 төгрөгөөр, “U Г М Д” ХХК-д 60 тонн цементийг 15,600,000 төгрөгөөр тус тус тээвэрлэн, худалдсан нь энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч  О.М-ны “М К” ХХК-ийн 50 кг ууттай цемент болон цементний уут, барааны тэмдэг ашиглан “М К” ХХК-ийн цементэд үнс хольж 132,250 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан, тухайн үйлдвэрлэсэн цементээ “Э Э К” ХХК-д 68 тонн цементийг 14,125,000 төгрөгөөр, “U Г М Д” ХХК-д 60 тонн цементийг 15,600,000 төгрөгөөр тус тус тээвэрлэн, худалдсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд эдгээр үйлдлийн аль нэгний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг гэмт хэрэг тул барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах гэдэг нь барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүй, лицензийн гэрээгүйгээр тэдний барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүтээгдэхүүний өөрийн бараа, сав баглаа, боодолд хэрэглэж бараагаа худалдах үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуульд зааснаар барааны тэмдэг хууль бусаар ашиглахыг хориглосон бөгөөд энэ асуудлыг Иргэний хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой хэдий ч бага бус буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсан. Барааны тэмдэг, аж ахуйн нэр нь тухайн хуулийн этгээдийн нэр хүнд, бизнесийн хүрээнд эзлэх байр суурь, ашигт ажиллагааны илэрхийлэл байдаг онцлогтой. Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан санал хүсэлт, дүгнэлтийг тус тус харгалзан дараах байдлаар тогтоосон болно.  

Гэмт хэргийн улмаас хохирогч “Э Э К” ХХК-д 68 тонн цемент буюу 14,125,000 төгрөг, “U Г М Д” ХХК-д 60 тонн цемент буюу 15,600,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол төлөгдсөн байх тул энэ тогтоолоор дээрх хохирогч хуулийн этгээдүүдэд төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч “М К” ХХК-д 6,304,849 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоолоо. Тухайлбал “М К” ХХК-ийн барааны тэмдгийг ашиглан хуурамчаар үйлдвэрлэсэн “М К” ХХК-ийн цементийг хохирогч “Э Э К” ХХК-д 38 тонн (тус хохирогчид 30 тонн Хятад улсад үйлдвэрлэсэн цемент зарсан нь тогтоогдсон тул нийт хуралдсан 68 тонноос хассан дүн), “U Г М Д” ХХК-д 60 тонныг худалдсан, мөн хэргийн газрын үзлэгээр хураагдсан “М К” ХХК-ийн барааны тэмдэг бүхий 23 шуудай цемент, нийт 99,150 кг цементийг 1 тонн цементийн хүү, татвар, элэгдлийн өмнөх ашиг гэх 63,589.5 төгрөгөөр тооцон 6,304,849 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт төлж барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч “Э Э К” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч  О.М-ны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж их, цементний хомсдол үүссэн, эрэлт их байгааг ашиглан шунахайн зорилгоор үйлдсэн, хохирогч А-ын хийсэн үйлчилгээ нураад байсан, дахиад хийсэн, 2 жил хохирол төлөөгүй, одоо төлж байгааг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эд мөрийн баримтаар хураагдсан ногоон холигч машиныг улсын орлого болгуулах, чанарын шаардлага хангахгүй болсон 85 шуудай “М К” ХХК-ийн, 147 шуудай хятад цементийг устгах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч 25 нас хүрч байгаа, 1 нас, 10 сартай хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээж байгаа, гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан 2 жилээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “М К” ХХК-ийн цемент, шуудай, барааны тэмдгийг ашиглан цементийг үнстэй хольж хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдсан, тээвэрлэсэн, улмаар бусдад бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт тодорхой үнийн дүн бүхий хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “М К” ХХК, “U Г М Д” ХХК “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх, “Э Э К” ХХК “Хор уршгаа нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилгүй, бага насны хүүхэдтэй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч  О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байх тул шүүгдэгч  О.М-ны гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний хадгалалт, хамгаалалтад байгаа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн холигч машин 1 ширхэг, Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа “М К” ХХК-ийн 62 шуудай (үнс холиогүй, шаардлага хангаж байгаа)-г тус тус хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, харин үнсний хольцтой, шаардлага хангахгүй 23 шуудай цементийг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.   

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  О.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт О-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч  О.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.М шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  О.М цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч “Э Э К” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа үнс хольсон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гэх 147 шуудай цемент, “М К” ХХК-ийн 23 ширхэг цементийг тус бүр устгахыг, үнс холиогүй “М К” ХХК-ийн 62 шуудай цемент, ногоон өнгийн холигч 1 ширхэг машиныг тус бүр хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч  О.Мд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  О.М-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР