Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00763

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00625 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 889 дүгээр магадлалтай,

 *******-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

*******-ийн эзэмшлийн ашигт малтмалын XV-0207740 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн Мөнх Оргил Трейд ХХК-ийн 2019.10.28-ны өдрийн 89/ш үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантөр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 1996 онд үүсгэн байгуулагдаж Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, тээврийн үйл ажиллагааг явуулж нийт 8 /найм/ хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2014.04.10-ны өдөр Г.Хоролсүрэн, Д.Буян нарын хооронд байгуулагдсан 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гүйцэтгэх захирал Ц.Дэлгэрмөрөн миний бие өөрийн дураар хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл авалгүй Батлан даалтын гэрээ гэх зүйлд гарын үсэг зурсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.16-ны өдрийн 101/ШШ2018/00914 тоот захирамжаар иргэн Г.Хоролсүрэн, *******-иас 500,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг төлбөртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа үндсэн зээлдэгчийн хөрөнгөнд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй атлаа гуравдагч этгээдийн хөрөнгө буюу ашигт малтмалын хайгуулын XV-020740 тоот тусгай зөвшөөрлийг хурааж, үнэлгээ тогтоож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн Мөнх Оргил трейд ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд ... Энэхүү ордын хувьд цаашид нарийвчлан судлах шаардлагатай, дээр нь тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2020.01.12-ны өдөр дуусахаар байгаа нь нилээд эрсдэлийг дагуулж байна... гэж үзэн 252,470,000 төгрөгөөр үнэлжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана... гэж тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх. гэж заасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулийн шаардлагыг хангаагүй тайланг ирүүлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байдаг. Гэтэл үнэлгээчин нь зөвхөн өртгийн үнэлгээг гаргаад орлогын болон жижиг үнийн аргыг хэрхэн яаж тодорхойлсон болохоо шүүх хуралдаанд тайлбарлаагүйгээс гадна газрын хэвлийгээс юу хайх гэж байгааг тодорхойлоогүй болох нь тогтоогдож байна. Уг ордыг социализмын үед хайгуул хийгдсэн байдаг бөгөөд үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Үнэлгээчин нь хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлэхэд мэргэжил, ур чадвар, тоо, тооцоо, онцлог зохицуулалт зэргийг мэдэхгүй байна. Ц.Дэлгэрмөрөн нь 2019.07.12-ны өдөр зүүн хөлний шагайны тулгуур яс хугарч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яс үений гэмтлийн 2 дугаар тасагт хагалгаанд орж, өнөөдрийг хүртэл хэвтрийн дэглэмтэй байна. Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөнг хэвтрийн дэглэмд байгаа гэдэгтэй хариуцагчийн төлөөлөгчийг маргахгүй байна гэж үзэж байна. Иймд 2019.10.28-ны өдрийн *******-ийн эзэмшлийн ашигт малтмалын XV-020740 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн Мөнх Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.03.16-ны өдрийн 914 дүгээр захирамжаар *******, Г.Хоролсүрэн нараас 501,445,162 төгрөгийг гаргуулж Д.Буянд олгохоор, *******-ийн эзэмшилд буй үндсэн ба эргэлтийн хөрөнгө, лиценз, тусгай зөвшөөрөл, бусад эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.06.19-ний өдрийн 18290753 дугаар тогтоолоор үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч *******-ийн өмчлөл, эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл бүртгэлтэй эсэхийг тодруулсан. Ингэхэд XV-020740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй нь тогтоогдсон мөн төлбөр төлөгч нарын харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлэхэд, данс эзэмшдэггүй болон, дансны үлдэгдэл хүрэлцэхгүй талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч *******, Г.Хоролсүрэн нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул төлбөр төлөгч *******-ийн эзэмшлийн XV-020740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019.01.24-ний өдрийн 18290753/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 18290753/03 тогтоолоор хурааж үнийн санал ирүүлэх тухай 2019.10.08-ны өдрийн 4/21492 дугаар мэдэгдлийг гардуулахад үнийн санал ирүүлээгүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Мөнх Оргил трейд ХХК-ийг томилоход, XV-020740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 252,470,000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2019.10.28-ны өдрийн 4/23627 дугаар албан бичгээр мэдэгдэж, хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдсэн. Ц.Дэлгэрмөрөн нь 2019.09.30-ны өдөр тэргэнцэртэй ирж байсан. *******-ийн гүйцэтгэх захирал Ц.Дэлгэрмөрөн нь хөлөө гэмтээсэн, гэртээ хэвтэж байгааг мэдэх боловч энэ нь гомдол гаргах хуулийн хугацаа хэтрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 101/ШШ2020/00625 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.03.16-ны өдрийн 101/ШШ2018/00914 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн *******-ийн эзэмшлийн ХV-020740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн Мөнх Оргил Трейд ХХК-ийн 2019.10.28-ны өдрийн №89/ш тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.17-ны өдрийн 889 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 101/ШШ2020/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус магадлалд анхан шатны шүүхийн шийдвэр гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэсэн зөв байна. гэж шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Дэлгэрмөрөн хөлний хүнд хагалгаанд орсон хэвтрийн дэглэмтэй тэргэнцэртэй байсныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй. Уг үйл баримтыг шалгаж үзэлгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн шийдвэр, магадлалтай санал нийлэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, ашигт малтмалын XV-020740 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн Мөнх Оргил Трейд ХХК-ийн 2019.10.28-ны өдрийн №89/ш үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан ... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.03.16-ны өдрийн 914 дүгээр захирамжаар *******, Г.Хоролсүрэн нараас 501,445,162 төгрөгийг гаргуулж иргэн Д.Буянд олгохоор, *******-ийн эзэмшилд буй үндсэн ба эргэлтийн хөрөнгө, лиценз, тусгай зөвшөөрөл, бусад эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. (хх-52-54)

Хариуцагч нар төлбөрийг 3 сарын дотор төлж барагдуулна гэж хэлэлцэн тохирч хугацаа заасан боловч биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж маргааны зүйл болох нэхэмжлэгчийн эзэмшлийн ашигт малтмалын XV-020740 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг битүүмжлэн, хурааж, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгосон байна.

Иргэний хуулийн 164 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийн эрх нь барьцааны зүйл мөн боловч ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах, түүнээс үүргийн гүйцэтгэл хангуулах журам дарааллыг Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан зохицуулсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар барьцаалж болох боловч тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй талаар, мөн зүйлийн 51.2-т тусгай зөвшөөрлийг барьцаалсан бол холбогдох бичиг баримтын хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэхийг, 51.7-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэйг тус тус зохицуулжээ.

Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж болохыг хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлэн авч байгаа этгээд түүнийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгааг нотлох баримтыг гаргахыг хуулийн 52.1.5-д заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд барьцаанд буй ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэл хангуулах арга хэлбэр нь барьцааны бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл гаргуулахаас өөрөөр зохицуулагджээ.

 Иймд хуулиар тогтоосон журам баримтлаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон ашигт малтмалын XV-020740 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцааны зүйл болох хайгуулын тусгай зөвшөөрлөөс үүргийн гүйцэтгэл хангах ажиллагааг холбогдох хуульд нийцүүлэн явуулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 889 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00625 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******-ийн эзэмшлийн ХV-020740 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлсэн Мөнх Оргил Трейд ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №89/ш тоот үнэлгээг хүчингүй болгосугай. гэж,

-шийдвэрийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн гэж шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧИД                                                        П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ