Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0511

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Н.У-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” А/313 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын өөрт хамаарах буюу 1 дэх хэсгийн “Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмчийн сангийн хойд автобусны буудал 9 ТҮЦ”-д холбогдох хэсэг, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/137 дугаартай захирамжийн хавсралтын өөрт хамаарагдах 1 дэх хэсэгт “25 дугаар эмийн сангийн автобусны буудал /замын ард/ 6”-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0900/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.У-ээс Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” А/313 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын өөрт хамаарах буюу 1 дэх хэсгийн “Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмчийн сангийн хойд автобусны буудал 9 ТҮЦ”-д холбогдох хэсэг, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/137 дугаартай захирамжийн хавсралтын өөрт хамаарагдах 1 дэх хэсэгт “25 дугаар эмийн сангийн автобусны буудал /замын ард/ 6”-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.У-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Төлөөлүүлэгч Н.У нь ам бүл 5-уулаа бөгөөд 2014 оноос эхлэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэд Түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулан амьдарч байна. Тус ТҮЦ-ийг 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр №540/05 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 6 200 000 төгрөгөөр 2800мм*4000мм талбайтай байхаар захиалан “Э ш ө” ХХК-иар хийлгэсэн. 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Д-тай “Зээлийн гэрээ” байгуулж 8 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буцаан төлөхөөр тохиролцож дээрх “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрийг төлсөн. Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №457 дугаартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээг авсан.

2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/313 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх” зорилгоор гэсэн байсан. Би ТҮЦ ажиллуулах хугацаандаа эргэн тойрны хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хөндөж байсан удаагүй болно. Мөн 2014 оноос өнөөдрийг хүртэл Цахилгаан эрчим хүчээр хангах 5.08.086 дугаар гэрээг Улаанбаатар төмөр зам ус хангамжийн 1 дүгээр ангийн даргатай байгуулж цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр, хогны мөнгө гэх мэт төлбөрийг цаг тухай бүрд нь өгдөг байсан.

Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №457 дугаартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээг олгосон хэр нь тодорхой шалтгаангүйгээр хөөж, нүүлгэн шилжүүлэх болсонд гомдож байна. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт миний бие 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргаж тус гомдлын хариу гарсан гэж 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр утсаар мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дугаар зүйлд заасан урьдчилан хэлэлцүүлэх ажиллагааг явуулсан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06/6409 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хэрэгт цугларсан баримтуудыг ач холбогдолтой талаас нь дүгнээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” хэмээн хуульчилсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Н.У-ээс “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” А/313 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын өөрт хамаарах буюу 1 дэх хэсгийн “Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмчийн сангийн хойд автобусны буудал 9 ТҮЦ”-д холбогдох хэсэг, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/137 дугаартай захирамжийн хавсралтын өөрт хамаарагдах 1 дэх хэсэгт “25 дугаар эмийн сангийн автобусны буудал /замын ард/ 6”-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний бие 2014 оноос эхлэн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэд түргэн үйлчилгээний цэг ажиллуулан амьдарч байна, ... түргэн үйлчилгээний цэгийг 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 6 200 000 төгрөгөөр захиалах хийлгэсэн, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Д-тай зээлийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буцаан төлөхөөр тохиролцож дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлсөн, ... Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 457 дугаартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээг авсан, ... түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хугацаандаа эргэн тойрны хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хөндөж байсан удаагүй, 2014 оноос өнөөдрийг хүртэл цахилгаан эрчим хүчнээр хангаж 5008086 дугаар гэрээг Улаанбаатар төмөр зам ус хангамжийн 1 дүгээр ангийн даргатай байгуулж цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр, хогны мөнгө гэх мэт төлбөрийг цаг тухай бүр төлдөг байсан” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/313, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/137 дугаар захирамжуудаар дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, газар ашиглалтыг сайжруулах, дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр хурлын шийдвэрийн биелэлтийг хангаж зорилгоор, мөн гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд төв зам дагуу, нийтийн тээврийн зогсоолоос 50 метр зай дотор байршсан, удаан хугацаагаар ажиллаагүй, шинээр байршуулсан түргэн үйлчилгээний цэг, Үйлчилгээ эрхлэх цахим бүртгэлийн хуудасгүй улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, харааны бэрхшээлтэй хүний хөтөч хавтан дээр байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх ажлыг зохион байгуулж, нүүлгэн шилжүүлэх түргэн үйлчилгээний цэгүүдийн байршлыг хавсралтаар тус тус баталсны дотор Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн хойд автобусны буудал дээр байрлах 9, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр байрлах 6 түргэн үйлчилгээний цэгүүд тус тус багтсан байна.

2.3. Хэдийгээр нэхэмжлэгч Н.У-ийн  хувьд өөрийн ажиллуулдаг Түргэн үйлчилгээний цэгийг ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “Э” ХХК-иар бариулж, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулж цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр, хогны мөнгө зэргийг төлдөг байсан боловч маргаан бүхий Түргэн үйлчилгээний цэг байрлаж буй газрын газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр ийнхүү түргэн үйлчилгээний цэгийг байршуулж үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

2.4. Түүнчлэн нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээтэй талаараа нэхэмжлэлдээ дурдах боловч дээрх гэрчилгээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд түргэн үйлчилгээний цэгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу бариулсан, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулж, төлбөр төлсөн гэх үйл баримтууд нь автобусны буудал дээр байрлуулсан түргэн үйлчилгээний цэгийн доорх газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг аливаа байдлаар үүсгэх үндэслэл биш юм.

2.5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус хуульчилсан байна.

2.6. Нэгэнт нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй буюу эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар аливаа шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байгаа энэ тохиолдолд дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, газар ашиглалтыг сайжруулах, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд төв зам дагуу, нийтийн тээврийн зогсоолоос 50 метр зай дотор байршсан, удаан хугацаагаар ажиллаагүй, шинээр байршуулсан түргэн үйлчилгээний цэг, Үйлчилгээ эрхлэх цахим бүртгэлийн хуудасгүй улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, харааны бэрхшээлтэй хүний хөтөч хавтан дээр байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхээр шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/313, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/137 дугаар захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

 

                      ШҮҮГЧ                                                             З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН