Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 98

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар O.Болормаа,

улсын яллагч Н.Алтантүлхүүр,

гэрч Ш.Түмэнжаргал, Д.Төрмөнх, Г.Бүрэнмэнд

шүүгдэгчС.Загдсүрэнгийн өмгөөлөгч С.Ариунцацрал /¹0169/,

шүүгдэгч З.Наранбаатарын өмгөөлөгч Б.Өлзийхишиг /№1686/,

шүүгдэгч С.Загдсүрэн, З.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар С.Загдсүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар З.Наранбаатар нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525031525 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 47А байрны 39 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жарангийнхан овгийн Сэдбазарын Загдсүрэн /РД:ЙЕ74010312/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 76-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржгин овгийн Занахүүгийн Наранбаатар /РД:ЙЕ75012217/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллаглагч З.Наранбаатар нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 24-ний өглөөний 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анжел" зочид буудлын гадна согтуугаар "С.Загдсүрэнг ангийн найз Н.Ганболдыг зодлоо" гэж өмөөрч, хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Загдсүрэнгийн нүүрэн тус газар нэг удаа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

С.Загдсүрэн нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 24-ний өглөөний 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анжел" зочид буудлын гадна "З.Наранбаатарыг өөрийг нь цохилоо" гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас З.Наранбаатарын нүүр тус газар нь гараараа цохиж, газар унасан байхад нь баруун шанаа орчим нь хөлөөрөө өшиглөж, эрүүгий нь хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Загдсүрэн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Наранбаатар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Түмэнжаргал мэдүүлэхдээ: 2015 оны 11 сар нилээд гарсан байсан. Чингэлтэй нэг буудалд ороод хоёр шил архи уусан. Өглөө 6 цагийн үед цувраад гарч ирсэн. Би нилээн сүүлд нь гарч ирсэн. Намайг гараад ирэхэд Д.Төрмөнх, С.Загдсүрэн хоёрнаашаа ирж явсан. З.Наранбаатар цаашаа явж байсан. Би яасан бэ гэхэд З.Наранбаатар, С.Загдсүрэн хоёр давхарлаж оочоод л гэж надад хэлсэн. Тэгээд тухайн үед би ч гэсэн ажилтай байсан болохоор салцгаасан. Зодолдож, маргасан зүйлийг нь би сайн мэдэхгүй. Би яасан гэж Д.Төрмөнхөөс асуусан. Энэ хоёр давхарлаж унасан гэж л хэлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Төрмөнх мэдүүлэхдээ: С.Загдсүрэн бид хоёрыг зогсож байхад З.Наранбаатар гүйж ирээд С.Загдсүрэнг нүүрэн тус газар нь цохиод зам руу зугтсан. Тэгэхээр нь С.Загдсүрэн араас нь очоод хоёулаа давхарлаад унасан. Тэгээд би салгасан. З.Наранбаатар доор нь ороод С.Загдсүрэн дээр нь гарч унасан. Унасан газар нь цемент байсан. Эхлээд С.Загдсүрэнг татаж автал З.Наранбаатар босоод зам хөндлөн гараад явсан. Дараа энэ хоёр дахиж уулзаж зодолдох боломжгүй тэр чигтээ салаад явсан. Энэ хоёрыг салгасан талаараа мэдүүлэг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг гэрч Г.Бүрэнмэнд мэдүүлэхдээ: Бид нар нийлсэн. Тэгээд ажилтай байсан болохоор би яваад өгсөн. Намайг явсны дараагаар энэ хоёр муудалцсан гэж сонссон. Хоорондоо муудалцсан гэж л сонссон. Өөр нарийн юм сонсоогүй. Д.Мөнхтөр хажууд нь байж байгаад татаж авсан гэж сонссон. С.Загдсүрэн бид хоёр нэг ангийн хүүхдүүд, бид хоёр нэг З.Наранбаатар төгсөлтийн хүүхдүүд. Нэг төгсөлтийн хүүхдүүд уулзалдсан. Ш.Түмэнжаргал, Д.Төрмөнх, З.Наранбаатар гурав нэг анги, С.Загдсүрэн бид хоёр нэг анги гэв.

Хохирогч С.Загдсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би газар унах үедээ савхан ясаа хугалсан энэ гэмтлийг Наранбаатар санаатай учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/

Хохирогч Н.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...буудлын гадаа зогсож байсан чинь Загдсүрэн гарч ирээд миний нүүр лүү гараар нэг удаа цохисон би газар унасан тэгсэн миний цээж рүү 2-3 удаа өшиглөж байгаад буудал руугаа яваад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/

Гэрч Ш.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Загдсүрэн, Наранбаатар хоёр зодолдсон бололтой Мөнхтөр дундуур нь ороод салгасан бололтой байсан. Тэгээд Мөнхтөрөөс юу болсон талаар асуусан чинь Мөнхтөр Наранбаатар нь Ганболдыг өмөөрөөд Загдсүрэнг цохиод зугтаасан юм байна. Загдсүрэн нь Наранбаатарын араас нь очоод цохиод унагасан юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/

Гэрч Д.Төрмөнхийн "...Загдсүрэн миний өөдөөс хараад зогсож байсан чинь Наранбаатар гарч ирээд Загдсүрэнгийн нүүр лүү нь гараараа нэг л удаа цохичихоод зугтаасан тэгсэн Загдсүрэн хойноос нь элдэж хөөгөөд барьж аваад хоёулаа давхаралдаад засмал дээр унахаар нь салгах гээд очиж явтал Загдсүрэн Наранбаатарыг цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/

Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Иргэн С.Загдсүрэнгийн доод уруулд 7 ширхэг оёдол бүхий 1.7x0.2 см-ийн хэмжээтэй шарх, баруун, зүүн, нүдний доод зовхинд тархмал гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарагдана. Харин хэвлийн зүүн хэсэгт 2,2 см-ийн 3 ширхэг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хх-ийн 89-90 шинжээчийг дахин байцаасан тэмдэглэл/...Тухайн баруун сарвууны 3 дугаар хурууны алганы шивнүүрийн хугарал нь хүний гараар ямар нэг зүйл цохих үед үүсэх боломжгүй юм .Харин ямар нэг зүйлд унасан үед үүссэн байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 40х/

Гэрч Н.Ядармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...буудлын үүдэнд Загдсүрэн, Түмэнжаргал, Төрмөнх, Наранбаатар нар хажуу талаар нь тараад зогсчихсон харин Ганболдын толгойноос цус гарчихсан, толгойгоо бариад газар сууж байхаар нь Ганболдоос "яасан бэ хэн чамайг цохичихсон юм бэ юу болов" гэсэн чинь Ганболд нилээд согтуу тасарчихсан байдалтай дуугарахгүй байсан...Түмэнжаргал, Төрмөнх, Загдсүрэн бид дөрөв "хүүхнүүд бүгдээрээ алга байна, хаачсан юм болоо" гээд юм яриад зогсож байсан чинь гэнэтхэн Наранбаатар Загдсүрэнгийн хацар шанаа хавьд нэг удаа цохичихоод зам дагуу гүйгээд зугатаачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136х/

Хохирогч З.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "...Манай Өвөрхангай ангийн Бүрд сумын 8 жилийн сургуулийн ангийн хүүхдүүд маань уулзалт зохион байгуулсан юм. Тэгээд бид нар бөөнөөрөө 2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хараа нэртэй зочид буудалд...орсон. Тэгээд бид нар 0,75 граммын "Соёрхол" нэртэй архи мөн лаазтай пиво хропоор нь авчихсан байсан би бол уугаагүй унтаад өгсөн. Унтаад маргааш өглөө 05 цагийн орчим сэрэхэд зарим нь унтчихсан зарим нь архи уугаад сууж байсан. Намайг цохидог манай нөгөө ангийн Загдсүрэн Мөнхтөр нар архи уугаад сууж байсан нэг мэдсэн Загдсүрэн Ганболд нар алга болчихсон байсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа Загдсүрэн орж ирээд Ганболдыг цагдаа дуудах гээд байна нуугдах газар байна уу гээд байхаар нь та нар нэг ангийн хүүхдүүд байж учраа ол гээд гаргасан...би буудлаас гараад Загдсүрэн дээр очоод чи яахаараа нэгийгээ ингэж байдаг юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ бүгдийг чинь ална шүү гэхээр нь би орхиод цаашаа цагдаа дуудахаар явж байсан чинь Загдсүрэн ... /xx-ийн 7х/ миний араас гүйж ирээд намайг эргээд харах үед нүүр лүү гараараа цохиж газар унагаасан бөгөөд намайг газар унасан байхад миний баруун талын шанаа руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгж байхад Мөнхтөр ирээд салгасан... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 6х/

Гэрч Ш.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо байдаг би яг нэрийг нь мэдэхгүй байна. Наранбаатар, Загдсүрэн...биднар буудалд орсон. Тэгээд бид нар буудалд ороод 0,75 граммын Чингэс нэртэй архи 2 ширхэгийг аваад шөнөжингөө архиа хувааж уунгаа юм яриад сууцгаасан тэр үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Наранбаатар бол шөнө унтаад өглөө сэрсэн... гэр лүүгээ харих гээд буудлаас гарч ирсэн чинь буудлаас ертөнцийн зүгээр хойд талынх замын урд талд нь 3 эрэгтэй залуу зогсож байхаар нь яваад очсон чинь Загдсүрэн, Наранбаатар 2 зодолдсон бололтой Мөнхтөр дундуур нь ороод салгасан бололтой байсан тэгээд би Мөнхтөрөөс юу болсон талаар асуусан чинь Мөнхтөр Наранбаатар нь Ганболдыг өмөөрөөд Загдсүрэн цохиод зугтаасан юм байна. Загдсүрэн Наранбаатарыг араас нь очоод цохиод унагасан юм шиг байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/

Гэрч Д.Төрмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр нь мэдэхгүй байна зочид буудалд Наранбаатар, Ганболд, Түмэнжаргал, манай эхнэр Наранхүү, Үүрийнцолмон, Бямбасүрэн, Должинжав, Ядармаа, Загдсүрэн бид нар орсон... Тэгээд маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өглөө ...бөөнөөрөө хоолонд орохоор цувраад гарцгаасан. Тэгээд буудлаас гараад төв зам дээр Загдсүрэн миний өөдөөс хараад зогсож байсан Наранбаатар гарч ирээд Загдсүрэнгийн нүүр лүү нь нэг л удаа цохичихоод зугтаасан тэгсэн Загдсүрэн... /хх-ийн 22х/ араас очоод гараараа цохиод хоёулаа газар давхаралдаад унахаар нь би очоод Загдсүрэнг дээрээс татаад авсан чинь уруулынх нь дээд талд язарчихсан хамраас нь цус гарчихсан байсан... Намайг очоод татаад авах хооронд Загдсүрэн Наранбаатарыг нэг удаа цохисон Наранбаатар бол цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23х/

Гэрч Б.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Анжел зочид буудалд ресепшинээр ажилладаг...би cap өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Намайг 10 сарын сүүлээр ээлжинд гарч байхад ямар ч байсан нэг ангийнхан гээд хэдэн хүмүүс ирж үйлчлүүлсэн юм. Тэгээд тэд нар гарч ороод маргалдаад байсан бөгөөд би яг зодооны талаар бол хараагүй тухайн үед ээлж хүлээлцэж байсан. Зодоон болсон гээд байггаа газар нь зочид буудлаас урд замын дэргэд болсон юм шиг байна лээ... Нэг туранхай эрэгтэй хүн эрүүгээ барьчихсан миний эрүүг хугалчихлаа гэж хэлээд буцаж орж ирж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88х/

 

Яллагдагч С.Загдсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу орж ирсэн юм. Тэгтэл арван жилийн ангийн найзууд болох Түмэнжаргал, Ядармаа, Төрмөнх, Наранхүү, Үүрийнцолмон, Бүрэнмэнд, Наранбаатар, Ганболд, Бямбасүрэн нар уулзаж байна хүрээд ир гэж дуудсан тэгээд би шууд өглөөний 5-н цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Анжел зочид буудалд Ядармаагийн хамт очисон. Тэнд очиход тэд нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Тэгээд бид нар Анжел зочид буудалд орж нэг өрөө захиалаад архи уугаад сууцгааж байсан. Би тэр үед машинтай явж байсан учираас тэнд эрүүл очисон ба би тэд нарт нэг шил 0.75 граммын архи,  нийт 15-н пиво авч өгөөд нийлээд ууцгаасан. Тэгтэл Ганболд Наранбаатарт агсам тавьж маргалдаад эхэлсэн юм. Наранбаатар нь гартаа барьсан байсан пивыг Ганболд руу шидээд харин Ганболд нь гартаа барьсан байсан пивыг зөрүүлээд Наранбаатар луу шидэж байгаад өрөөнөөс гараад явсан юм. Тэр хоёрын араас гарч явсан хүнбайхгүй хэрүүлийг нь тоохгүй байсан. Өрөөнд байсан хүмүүс хоол идэх гээд гарах үед Ганболднь буудлын үүдэнд хамраас нь цус гарсан байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад намайг хэн цохисон юм бэ? гээд хэнд зодуулсанаа мэдэхгүй байдалтай байсан.Тэр үед надтай хамт Төрмөнх, Ядармаа нар байсан. Тэгээд би буудлаас гараад замын хажууд зогсож байхад миний араас Наранбаатар хүрч ирээд нүүрлүү цохих үед би газар унасан бөгөөд унах үедээ Замын хашлага цохиод баруун талын гарын савхан ясыг хугалсан. Тэгээд би босч ирээд Наранбаатарыг араас нь хөөж байгаад зөрүүлээд араас нь цохиход бид хоёр давхралдаад унасан. Тэр үед Төрмөнх ирээд бид хоёрыг салгаад зодооныг болиулаад бид хоёр тийшээ салаад явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59х/

 

Яллагдагч З.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны орой Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн ангийн хүмүүс уулзалт зохион байгуулаад бид нар бөөнөөрөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модерн номадасын зүүн талын ресторанд орж сууцагаасан Тэгээд бид нар байж байтал ресторан нь хаах болоод бөөнөөрөө гарцагаасан тэндээсээ шууд тарах гэж байтал манай нөгөө ангийн Загдсүрэн ирж байна хүлээж бай гээд хүлээж байтал Загдсүрэн ирсэн яг хэдэн цагт ирсэнийг нь санахгүй байна шөнө л ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд ороод хоёр өрөө авсан. Би буудлын нэрийг нь мэдэхгүй байна бид нар бүгд архи уучихсан байсан харин Загдсүрэн, Ядармаа хоёр эрүүл архи уугаагүй би ороод хэсэг байж байгаад унтаад өгсөн. Тэгээд маргааш нь өглөө нь буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өглөө гэгээ орчихсон байхад сэрсэн чинь Загдсүрэн, Ядармаа, Түмэнжаргал, Төрмөнх, Наранхүү, нар сэрчихсэн байсан Ганболд харагдахгүй байсан нөгөө өрөөнд хүүхнүүд байж байсан байх би тийшээ орж хараагүй. Би Загдсүрэнг хэзээ гараад явсан гэдгийг нь санахгүй байна Загдсүрэн гаднаас орж ирээд би Ганболдыг цохичихлоо нуугдаад гүйгээд байсан тэгсэнээ надаас 10,000 төгрөг өгчихүүл яах бол гээд түрийвчнээсээ 10,000 төгрөг аваад гараад явсан тэр үед яг хэн хэн байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд байж байтал гаднаас Загдсүрэн орж ирээд тарахаар болоод буудлаас гарсан чинь Ганболд буудлын үүдэнд нүүр ам нь цус болчихсон сууж байсан тэгсэн Ганболд Загдсүрэн хоёр иргээд маргалдаад эхэлсэн Ганболд чи намайг ингэж цохиод байхдаа яадын би чамайг яасын гээд байсан тэгэхээр нь би дундуур нь ороод Загдсүрэнд чи 40 гарчихсан хүн байж яахаараа ингэж зодож байхдаа яадын гэсэн чинь Загдсүрэн чи муу юу юм бэ? гээд байхаар нь би чамтай зодолдохгүй ээ? цагдаа дуудаж өгнө гээд хойшоо төв замруу уруудаад явж байтал Загдсүрэн араас гүйгээд хүрээд ирэхээр нь иргээд харсан чинь миний зүүн нүдрүү цохиод газар унагасан намайг газар уначихсан байхад миний баруун талын шанаа хэсэгрүү өшиглөсөн чинь эрүү янк гээд явчихсан юм дугарч болохгүй эвгүй болчихсон өвдөөд байсан тэгсэн Төрмөнх Загдсүрэн салгаад цаашаа аваад явж байхаар нь би босоод доошоо цагдаа дуудах гээд явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56х/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №15526 актын дүгнэлтэд: "Наранбаатарын биед эрүү ясны далд хугарал, эрүүнд баруун хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Шинжээч эмч Т.Чимэд-Очир..." гэжээ. /хх-ийн 37х/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71х, 72х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч З.Наранбаатар нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөөний 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анжел" зочид буудлын гадна хохирогч С.Загдсүрэнг “ангийн найз Н.Ганболдыг зодлоо" гэж өмөөрч, хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Загдсүрэнгийн нүүрэн тус газар нэг удаа цохиж, бие махбодид нь доод уруулд 7 ширхэг оёдол бүхий 1.7x0.2 см-ийн хэмжээтэй шарх, баруун, зүүн, нүдний доод зовхинд тархмал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 13х/ өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10х/, гэрч Д.Төрмөнх /хх-ийн 21-23х/, Ш.Түмэнжаргал /хх-ийн 15-16х/ нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Н.Ядармаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 135-136х/, шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 40х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч С.Загдсүрэн нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 24-ний өглөөний 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анжел" зочид буудлын гадна "З.Наранбаатарыг өөрийг нь цохилоо" гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч З.Наранбаатарыг зодож бие махбодид нь эрүү ясны далд хугарал, эрүүнд баруун хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун даланд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 54-56х/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 6х/ өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Түмэнжаргал /хх-ийн 15-16х/, Д.Төрмөнх /хх-ийн 21-23х/ нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Сарантуяагийн мөрдөн байцаалтад /хх-ийн 87-88х/ өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №15526 тоот дүгнэлт /хх-ийн 37х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  З.Наранбаатар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэдий ч түүний 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

С.Загдсүрэн нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

З.Наранбаатар нь гэм хорын хохиролд С.Загдсүрэнгээс 700.000 төгрөг авсан болох нь тогтоогдож байх бөгөөд З.Наранбаатар, С.Загдсүрэн нар нь хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэний улмаас, гэм хорын хохихролд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

С.Загдсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэх шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзав.  

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Жарангийнхан овгийн Сэдбазарын Загдсүрэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Боржгин овгийн Занахүүгийн Наранбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар З.Наранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар С.Загдсүрэнд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Загдсүрэнгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.С.Загдсүрэн, З.Наранбаатар нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан С.Загдсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Загдсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ