Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1136

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Э нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр,** тоот гэртээ 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу хохирогч Б.С-тай  хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж толгойд хуванцар сандлаар цохиж тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Торгох ял өгнө үү” гэв

Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.С-ийн: “...2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэртээ нөхөр П.Э, хоёр бага хүүхэдтэйгээ байсан. 22 цагийн орчимд том өрөөнд нөхөр бид хоёр эрүүл, “намайг хайрлаж, халамжилдаггүй” гэх мэтээр ярилцаж байхад гэнэт П.Э уурлаад хүүхдийн хуванцар сандлаар миний толгойн зүүн хэсэг рүү хоёр удаа цохисон. Толгойноос их хэмжээний цус гараад хувцас хунар битүү цус болсон. П.Э намайг дахиж зодох гээд байсан. “Намайг ямар сүртэй юм бэ, наад цусаа угаа, ямар бааштай юм бэ” гээд байсан. Би толгойгоо угаасан ч цус тогтохгүй байсан. Надад алчуур норгож өгөөд толгой дээрээ тавь гэж хэлсэн. Толгой хагарснаас хойш 2 цаг орчим болж байгаад нөхөр гараад явахаар нь би эмнэлгийн байгууллагад хандсан. Маргааш нь цагдаад өргөдөл өгсөн. Намайг өмнө нь цохиж зодон торгуулж байсан, мөн цохиж зодон цагдаад хэд хэдэн удаа хандаж байсан. Тухайн үедээ гуйгаад байсан учраас би гомдолгүй гээд торгуулаад өнгөрч байсан. Би зодуулсандаа гомдолтой байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 9 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.23-ны өдрийн 8875 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.С-ийн биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2022.06.18-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Э.Н-ын: “2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ...жижиг өрөөнд зурагт үзэж байхад аав Э, ээж Б.С нар том өрөөнд юм яриад сууж байсан. Гэнэт ээж уйлахаар нь би том өрөөнд очтол ээжийн толгойноос цус гарч байсан. Аав дүүгийн улбар шар өнгийн хуванцар сандлыг гартаа барьсан байснаа газар тавьсан. Аав ээж рүү “би чамайг юугаар дутаасан юм” гээд уурлаад байсан, ахиж хоорондоо зодолдоогүй, хэсэг байж байгаад аав гараад явсан. Аав хааяа ээж рүү уурлаад цохиж байсан хэзээ гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Гэрч Б.О-ын: “Миний төрсөн эгчийн охин Б.С 2022 оны 6 дугаар сарын 19-ний 13 цагийн орчимд над руу утсаар холбогдоод “нөхөр Этай урьд шөнө гэртээ хоорондоо юм ярьж байгаад гэнэт уурлаад хүүхдийн хуванцар сандлаар цохиж миний толгойг хагалсан. Миний толгойд 7 оёдол тавьсан” гэхээр нь “хаана байгаа юм” гэж асуухад “шүүх эмнэлэгт үзүүлээд явж байна” гэсэн. С 3 хүүхэдтэйгээ манай гэрт ирсэн байсан. Миний мэдэхээр Э нь Сг цохиж зодож байсан. Ихэнхдээ цагдаад мэдэгдэхгүй өнгөрүүлдэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

Шүүгдэгч П.Э-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт байсан. Эхнэртэйгээ маргалдсан би бухимдаад Б.С руу хүүхдийн хуванцар сандал авч шидсэн. Уг сандал нь хананд оноод буцаж Б.С-ийн толгойг оноод толгойноос нь цус гарсан. Өөр маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-27), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-50), эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа (хх-28), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-29), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-30), “Мөнх хас цамхаг” ХХК”-ийн “П.Э нь мужаанаар ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-32), дансны хуулга (хх-33-39), АСАП сангийн лавлагаа (хх-41-49), шийтгэх тогтоолын хуулбар (хх-54-57), Аюулын зэргийн үнэлгээ (хх-65), ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022.08.04-ний өдрийн 04-01/1040 дугаар “П.Э нь ...700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг биелүүлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.05.08-ны өдөр дуусгавар болгосон байна” гэх албан бичиг (хх-79) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.Э нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.С-тай  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгойд сандалаар цохиж тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Э нь Сонгинохайрхан дүүргийн** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот гэртээ 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу хохирогч Б.С-тай  хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж толгойд хуванцар сандлаар цохиж тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.С-ийн “...бид хоёр эрүүл, “намайг хайрлаж, халамжилдаггүй” гэх мэтээр хоорондоо ярилцаж байхад гэнэт П.Э уурлаад хүүхдийн хуванцар сандлаар миний толгойн зүүн хэсэг рүү хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-6), шүүх эмнэлгийн 8875 дугаар “1. Б.С-ийн биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-21-22), насанд хүрээгүй гэрч Э.Н-ын “...гэнэт ээж уйлахаар нь би том өрөөнд очтол ээжийн толгойноос цус гарч байсан. Аав дүүгийн улбар шар өнгийн хуванцар сандлыг гартаа барьсан байснаа газар тавьсан...” гэх мэдүүлэг (хх-16), шүүгдэгч П.Э-ын “...эхнэртэйгээ маргалдсан ба бухимдаад Б.С руу хүүхдийн хуванцар сандал авч шидсэн. Уг сандал нь хананд оноод буцаж Б.С-ийн толгойг оносон...” гэх мэдүүлэг (хх-73) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Э-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу хохирогч Б.С-ийн толгойд хуванцар сандлаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-17)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч гэр бүлийн таарамжгүй харилцаанаас эхнэртэйгээ маргалдаж хохирогчийн эрх, эрх чөлөөнд толгойд хуванцар сандлаар цохиж /хана руу шидсэн сандал хохирогчийн толйгойг оносон гэх үйл баримт тогтоогдоогүй/ халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, ар гэрийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Харин шүүгдэгч П.Э-ын хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Зөрчлийн тухай хуулиар 2 удаа шалгагдсан буюу удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, танхайрсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцэхгүй байх тул шүүх шүүгдэгч П.Э-т торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт П-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг 700 (долоон зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР