Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1137

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Х.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Ч-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Ч согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн** дугаар хороо, Хайрханы ** дүгээр гудамж, *** тоот гэртээ хохирогч Ц.Г-ийг “намайг яах гээд гэрт авч ирээд байгаа юм бэ” гэх шалтгаанаар цээжинд хутгалж эрүүл мэндэд нь “цээжинд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Х.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийг таньж мэднэ. Тухайн үед би согтуу байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлж байсан. Гэмшиж байна. Хохирогчид 200,000 төгрөг өгсөн. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Гийн: “2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед гэрийнхээ ойролцоо найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байгаад манайхтай ойролцоо байдаг таньдаг ах Ч архи уусан явж байхаар нь “Ахаа одоо гэртээ харьж амрахгүй юм уу” гэсэн чинь Ч ах “архи уугаад явж байна” гээд харих дургүй байхаар нь би Ч ахыг гэр лүү нь оруулаад хэвтүүлсэн чинь Ч ах “намайг яах гээд гэрт авч ирээд байгаа юм бэ” гээд уурлаад байсан. Тэгээд Ч ах босож ирээд шүүгээнээсээ улаан өнгийн иштэй хутга аваад миний цээж хэсгийг зүсчихсэн. Эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ, үйлчилгээ авсан зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.20-ны өдрийн 9967 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Гийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Шүүгдэгч Х.Ч-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед гэрийнхээ ойролцоо гудамжинд хамт ажилладаг байсан хүнтэй архи ууж байтал хажуу айлын Г ирээд намайг “та одоо архиа болиочээ, харьж унт ахаа” гээд намайг гэрт аваачсан. Г намайг “гэртээ унт ахаа” гээд байсан. Би тухайн үед архи уусан байсан, уур хүрээд /уур хүрсэн шалтгаан нь намайг найзуудтай архи ууж байхад гэрт аваад ирсэн/ байсан тул шүүгээнээс улаан өнгийн лентээр ороосон иштэй хутга аваад Гийн цээж хэсгийг зүсчихсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Хутганд үзлэг хийсэн: “Нийт урт 24 см урт, ажлын хэсгийн урт 12 см, бариул хэсгийн урт 12 см, хар өнгийн бариултай, бариулын гадна талаар улаан өнгийн лентээр бэхэлсэн хутга байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-12),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-6), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-28), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-32), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-34), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-35), “Э” ХХК-ийн “Х.Ч нь харуул хамгаалалтын ажилтнаар ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-36), дансны хуулга (хх-37-44) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Х.Ч согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хайрханы ** дүгээр гудамж, ** тоотод хохирогч Ц.Г-ийг “намайг яах гээд гэрт авч ирээд байгаа юм бэ” гэх шалтгааны улмаас хутгаар цээжин тус газарт нь зүсэж эрүүл мэндэд нь “цээжинд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, нас, ажилтай байдал, гэм буруу зэргийг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Ч согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хайрханы ** дүгээр гудамж, ** тоот гэртээ хохирогч Ц.Г-ийг “намайг яах гээд гэрт авч ирээд байгаа юм бэ” гэх шалтгаанаар цээжинд хутгалж эрүүл мэндэд нь “цээжинд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Гийн “...Ч ах согтууруулах ундааны зүйлээр ихээр хэрэглэсэн явж байхаар нь гэрт нь хүргэсэн. Ч ах “намайг яах гээд гэрт авч ирээд байгаа юм бэ” гээд уурлаад байсан. Тэгээд шүүгээнээсээ улаан өнгийн иштэй хутга аваад миний цээж хэсгийг зүсчихсэн...” гэх мэдүүлэг (хх-17), шүүх эмнэлгийн 9967 дугаар “1. Ц.Гийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-24-25), шүүгдэгч Х.Ч-ын “...Г намайг “гэртээ унт ахаа” гээд байсан. Би тухайн үед архи уусан байсан, уур хүрээд /уур хүрсэн шалтгаан нь намайг найзуудтай архи ууж байхад гэрт аваад ирсэн/ байсан тул шүүгээнээс улаан өнгийн лентээр ороосон иштэй хутга аваад Гийн цээж хэсгийг зүсчихсэн...” гэх мэдүүлэг (хх-52-53) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Ч-ын согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Гийн цээжинд хутгалж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 200,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-17)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед нь гэрт оруулж өгсөн хажуу айлын хүн болох хохирогчийг “намайг яах гээд гэрт авч ирээд байгаа юм бэ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрх, эрх чөлөөнд хутга хэрэглэн халдаж цээжинд гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 200,000 төгрөг төлсөн гэх, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, 57 настай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Э” ХХК-д ажилладаг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Х.Ч-ыг 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт урт 24 см, ажлын хэсгийн урт 12 см, бариул хэсгийн урт 12 см, хар өнгийн бариултай, бариулын гадна талаар улаан өнгийн лентээр бэхэлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Х-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-ыг 800,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “нийт урт 24 см, ажлын хэсгийн урт 12 см, бариул хэсгийн урт 12 см, хар өнгийн бариултай, бариулын гадна талаар улаан өнгийн лентээр бэхэлсэн” 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР