| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/02108/И |
| Дугаар | 183/ШШ2018/02042 |
| Огноо | 2018-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2018/02042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жаргалант овогтой, Ц.Д нэхэмжлэлтэй,
/Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 37 дугаар байр, 66 тоотод оршин суух /
Хариуцагч: Боржигон овогтой, Б.Д холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морин 6 гудамж, 261 тоотод оршин суух, /
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.122.734 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр надаас 1.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед Б.Д нь хүүхдийн хадгаламжийг банкинд барьцаалаад зээл аваад өгчих, би төлнө гэсэн тул би Хас банкнаас хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалан 2.200.000 төгрөг зээлсэн бөгөөд үүнээс 1.000.000 төгрөгийг Б.Дд зээлдүүлсэн. Одоо би 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс банкинд сар бүр зээлийн хүүд 462.000 төлж байгаа. Иймээс Б.Дгээс Хас банкинд төлөгдөх 3.122.734 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Дгээс зээлээ нэхэхэд “хөдөө явж байна очоод өгнө” гэдэг бөгөөд сүүлдээ утас ч болохгүй холбогдох боломжгүй болсон гэв.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Дгийн нэхэмжлэлтэй, Б.Дд холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.122.734 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Д “...Б.Д нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед Б.Д нь хүүхдийн хадгаламжийг банкинд барьцаалаад зээл аваад өгчих, би төлнө гэсэн тул би Хас банкнаас хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалан 2.200.000 төгрөг зээлсэн бөгөөд үүнээс 1.000.000 төгрөгийг Б.Дд зээлдүүлсэн тул Хас банкинд төлөгдөх 3.122.734 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ.
Б.Д, Ц.Д нар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулан, уг гэрээгээр зээлдүүлэгч Ц.Д нь 1.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдэгч Б.Дд зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан гэрээгээр нотлогдож байна.
Уг гэрээний дагуу зээлдэгч Б.Д нь зээл 1.000.000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 960.000 төгрөгийг зээлдүүлэгч Ц.Дд буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Дгээс дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 1.000.000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 960.000 төгрөг, нийт 1.960.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.162.734 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.
Харин нэхэмжлэгчийн “...Хас банкинд төлөгдөх зээл, хүүг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь Хас банк, Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1480021503 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ц.Дд шилжүүлсэн, дээрх гэрээний үндсэн зээл 2.200.000 төгрөг, зээлийн хүү 922.734 төгрөг, нийт 3.122.734 төгрөгийг Ц.Д хариуцан төлөх талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.
Түүнчлэн, хариуцагч Б.Д, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарт хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Дгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.960.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.162.734 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 64.914 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 46.310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД