| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0787/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/816 |
| Огноо | 2022-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/816
2022 08 15 2022/ШЦТ/816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Г.Түвшинбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Д-гийн З-д холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оын 00 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ............. аймгийн .......... сум .... дугаар баг ..... гудамж ...... тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц овогт Д-ийн З /РД:НН00000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, фантам дээр “...хүүхдийн хажууд тамхи татахаа боль тамхины цэг дээр очиж тат ...” гэсэн шаардлага тавьсан хохирогч Т.Утай хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжилж, улмаар барьж явсан цүнхээрээ цохих, үсдэх зэргээр биед халдаж эрүүл мэндэд тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хүүхэдтэй эгчийн хажууд очоод тамхи татсан гэхдээ хоосон суудал дээр суугаад татсан учраас тухайн хүүхэдтэй эгчийг анзаараагүй. Би тухайн үед ууртай, стресстэй байсан учраас тийм үйлдэл гаргасан. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
НЭГ. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, фантам дээр “...хүүхдийн хажууд тамхи татахаа боль тамхины цэг дээр очиж тат ...” гэсэн шаардлага тавьсан хохирогч Т.Утай хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжилж, улмаар барьж явсан цүнхээрээ цохих, үсдэх зэргээр биед халдаж эрүүл мэндэд тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Уын өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 16-ний 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, усан оргилуурын талбай дээр хүүхдээ салхилуулаад сандал дээр сууж байхад миний охины хажууд 20 гаран насны эмэгтэй ирж суугаад тамхи татаж эхэлсэн ...би “...тамхины цэг рүү явж татаач...” гэсэн чинь нөгөө охин ямар яршигтай авгай вэ намайг тамхины цэг дээр тамхи татуулдаг чи хэн бэ гэж хэлснээ татаж байсан тамхиа миний нүүр рүү нясалсан... би яаж байгаа юм бэ гэж хэлээд босоход тэр охин барьж явсан гар цүнхээрээ шууд миний толгой руу цохисон ...цүнхээрээ намайг хэд хэдэн удаа цохисон ... тэгээд намайг хэл амаар доромжилж... намайг үсдэж доошоо дарсан тэгэхээр нь зөрүүлээд би үснээс нь үсэдсэн тэгээд цаанаас нэг хүүхэдтэй хүн ирээд миний охиныг аваад холдсон ба хоёр танихгүй банди ирээд бид хоёрыг салгасан тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7244 дугаартай “...Т.Уын биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №7244 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч ******* нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Т.Уыг цүнхээрээ цохих, үсдэх зэргээр биед нь халдаж цохиж, зодсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.
Иймд, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс торгох ял шийтгэж өгнө үү гэх саналыг гаргажээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Хохирогч Т.Ут шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч *******ын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, торгуулийн ялыг хөрөнгийн ямар эх үүсвэрээс хэрхэн төлж барагдуулах зэрэг нь ойлгомжгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.
Өөрөөр хэлбэл эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгийн эх үүсвэргүй хүнд торгох шийтгэл оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Д-ийн З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 240 /Хоёр зуун дөч/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР