Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1143/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1160 |
Огноо | 2022-09-20 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1160
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Д-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны гадна байсан хохирогч Б.Э-ийн *** ДАА улсын дугаартай BMW 750 LI маркын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хутгаар хагалж устгасан, мөн копут, хаалга, крыло зэргийг хутгаар зүсэж гэмтээж нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг төлсөн. Гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байгаа. Сард 230,000 төгрөгийн тэтгэмж авдаг, өөр орлого байхгүй. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан” гэв.
Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Э-ийн: “...2022 оны 8 дугаар сард BMW 750 маркын *** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдаас худалдаж авсан. Байрны зүүн талын задгай зогсоолд машинаа байрлуулчихаад унтаж байтал манай баз хүргэн Оюунболд коридор хэсэгт чимээ гарахаар нь гартал миний тээврийн хэрэгслийн 4 дугуйны хий гарч дуусаагүй, хажуу байрны хөл муутай, 25 орчим насны эрэгтэй хутга барьчихсан явж байсан гэсэн. Улмаар надад хэлж цагдаа дуудсан. Гомдолтой байна, эд зүйлээ төлүүлж авмаар байна. Дугуйгаа харахад шууд хутгаар зоосон шинж тэмдэг харагдаж байсан. Би гарч харахад машиныг энд тэнд нь хутгаар зүсэж, зурсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 17 дахь тал),
“Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.07.30-ны өдрийн 840 дугаар тайланд: “BMW 750 LI маркын тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,500,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 30 дахь тал),
Гэрч О.О-ын: “2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр эхнэрийн дүү Т машиныг нь манай хөрш айлын хөл муутай залуугийн нохой зурсан асуудлаас болж хэрэлдэж байхыг би сонссон. Тухайн үед ямар нэгэн сүртэй асуудал болоогүй. 2022 оны 7 дугаар сарын 30-ны шөнө 1 цагийн үед би гэртээ унтаагүй утсаа оролдоод хэвтэж байтал машины дугуйн хий гарч байгаа чимээ сонсогдохоор нь “нохой хазаад хагалчихна гэж баймааргүй юм” гэж бодоод гартал хөрш айлын Д зөрөөд гэр лүүгээ орж байгаад юм унахаар нь хартал шар иштэй төмөр хутга байхаар нь би Д-д “Чи ямар өөдгүй залуу вэ, өдөр хэрэлдсэн гээд хагалчихаж байгаа юм уу” гэхэд “би тэгдэг хүн биш” гэхээр нь машины дугуйнд гараа хүргэж үзэхэд хий гарч байхаар нь Э, Т нарыг дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
Гэрч Б.Т-гийн: “...2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед тухайн байрны гадаа тавьсан байсан нөхөр Э-ийн машины копут хэсгийг маажсан байхаар нь тухайн байрны 5 тоотод амьдардаг нохойны эзэн залууд хэлтэл “Надад ямар хамаатай юм, шийддэг газраараа шийдүүл, та нар юу олж долоох юм” гээд хэрүүл хийгээд салсан. Орой нь унтаж байтал хүргэн ах Оюунболд нөхөр бид хоёрыг сэрээгээд “хөрш айлын залуу машины чинь 4 дугуйг хутгаар зоогоод хагалсан байна” гэхээр нь гараад хартал машины 4 дугуй хагарсан байдалтай хөрш айлын залуу үүдэнд сууж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Гэрч Б.М-ын: “Д нь 2021 оны 10 дугаар сар хүртэл ээжтэй амьдарч байгаад ээж нас барснаар ганцаараа амьдрах болсон. Дүү маань төрөлхийн хөл муутай, хөдөлмөрийн чадвар алдалтын 70%-тай группт байдаг ч хувиараа гагнуур хийдэг. 2022 оны 7 дугаар сарын 31-нд хөрш айлынхаа хашаанд тавьсан байсан автомашины дугуйг тухайн айлын эмэгтэйтэй хэрэлдсэн уурандаа хутгаар хагалсан гэдгээ надад хэлсэн. Тухайн машины дугуйг нь шинээр авч өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
Шүүгдэгч Б.Д-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 29-ний өглөө манай хөрш айлын хамаатан гэх эмэгтэй намайг дуудаад “танай нохой манай машиныг зурчихсан байна, намайг албаар зуруулчихсан байна, төлүүлнэ” гээд хэрүүл хийгээд байхаар нь “би нохойг яаж ийхийг яаж мэддэг юм, төлж чадахгүй” гэж хэлээд салсан. Орой нь 23 цагийн үед 1 лааз пиво уучихаад гэртээ ирчихээд өдөр хэрэлдсэн уурандаа гэрт байсан шар иштэй хутгаа авч гараад хашаанд тулгаж тавьсан байсан машиных нь 4 дугуйг хутгаараа хагалчихаад, мөн зарим хэсгээр хутгаараа зурж гэмтээчихээд гэр лүүгээ орж байхдаа хөрш айлынхаа залуутай таарсан. Би гаргасан үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна, би өөрийн учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байгаа....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...хий гарсан баруун урд дугуйнаас эхлэн хийхэд 1,7см урттай зүсэгдсэн, баруун хойд дугуй 1,3 см, 1,2 см урттай нийт 2 зүсэгдсэн, зүүн урд дугуй 1,5 см урттай зүсэгдсэн, зүүн хойд дугуй 2 см, 1,5 см, 2 см урттай нийт 3 удаа зүсэгдсэн байсныг бэхжүүлэн авав...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-6),
Эд мөрийн баримтаар: “бариул нь 12 см урттай, ажлын хэсэг нь 13 см урттай, нийт 20 см урттай хутга...” тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-9),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), дуудлагын лавлагааны хуудас (хх-2), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-35), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-52), бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар (хх-54), дансны хуулга (хх-55-59), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хх-62), хохирогчийн “Хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-65) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн*** дүгээр хороо, ** дүгээр байрны гадна байсан хохирогч Б.Э-ийн *** ДАА улсын дугаартай BMW 750 LI маркын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй руу хутгаар хатгаж устгасан, мөн копут, хаалга, крыло зэргийг хутгаар зүсэж гэмтээн нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан эд хөрөнгийг гэмтээсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Д нь 2022 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна байсан хохирогч Б.Э-ийн *** ДАА улсын дугаартай BMW 750 LI маркын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хутгаар хагалж устгасан, копут, хаалга, крыло зэргийг хутгаар зүсэж гэмтээн нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Э-ийн “...чимээ гарахаар нь гартал миний тээврийн хэрэгслийн 4 дугуйны хий гарч дуусаагүй, хажуу байрны хөл муутай, 25 орчим насны эрэгтэй хутга барьчихсан явж байсан гэсэн...” гэх мэдүүлэг (хх-13-14), “Хас Үнэлгээ” ХХК-ийн “BMW 750 LI маркын тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,500,000 төгрөг” гэх тайлан (хх-30), гэрч О.О-ын “...2022 оны 7 дугаар сарын 30-ны шөнө 1 цагийн үед машины дугуйнаас хий нь гарч байгаа чимээ сонсогдохоор нь гартал хөрш айлын хөл муутай Д зөрөөд гэр лүүгээ орж байгаад юм унахаар нь хартал шар иштэй төмөр хутга байсан...” гэх мэдүүлэг (хх-21), гэрч Б.Т-ийн “...хүргэн ах О нөхөр бид хоёрыг сэрээгээд “хөрш айлын залуу машины чинь 4 дугуйг хутгаар зоогоод хагалсан байна” гэхээр нь гараад хартал 4 дугуй хагарсан, хөрш айлын залуу үүдэнд сууж байсан...” гэх мэдүүлэг (хх-23-24), гэрч Б.М-ын “...2022 оны 7 дугаар сарын 31-нд хөрш айлынхаа хашаанд тавьсан байсан автомашины дугуйг тухайн айлын эмэгтэйтэй хэрэлдсэн уурандаа хутгаар хагалсан гэдгээ надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-26), шүүгдэгч Б.Дын “...гэрт байсан шар иштэй хутгаа авч гараад хашаанд тулгаж тавьсан байсан машиных нь 4 дугуйг хутгаараа зоож хагалчихаад, машиных нь зарим хэсгээр хутгаараа зурж гэмтээчихээд гэр лүүгээ орж байхдаа хөрш айлынхаа залуутай таарсан...” гэх мэдүүлэг (хх-44-45) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Дын хохирогч Б.Э-ийн эзэмшлийн **** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хутгаар хагалж устгасан, копут, хаалга, крыло зэргийг хутгаар зүсэж гэмтээн нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн тээврийн хэрэгсэлд нийт 1,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол бүрэн төлөгдсөн, хохирогчийн “Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-65), шүүгдэгчийн “Өөрийн учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг (хх-45)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч урьдын таарамжгүй харилцааны улмаас байрны гадна талын тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулсан байсан хохирогчийн тээврийн хэрэгслийн 4 дөрвөн дугуйг хутгаар хагалж, копут, хаалга, крыло зэргийг хутгаар зүсэж гэмтээн хохирогчийн эд хөрөнгийн эрхэд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 1,500,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа гагнуур хийдэг гэх, тодорхой орлоготой, хөдөлмөрийн чадвараа 79% алдсан, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хөдөлмөрийн чадвар 79% алдагдсан, тэтгэвэр авдаг, хувиараа гагнуур хийдэг гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Б.Д-ыг 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бариул нь 12 см урттай, ажлын хэсэг нь 13 см урттай, нийт 20 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 450,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бариул нь 12 см урттай, ажлын хэсэг нь 13 см урттай, нийт 20 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-ыг авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР