| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0779/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/820 |
| Огноо | 2022-08-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/820
2022 08 17 2022/ШЦТ/820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Б.Амармөрөн,
Шүүгдэгч М.М түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт М-гийн М-д холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, химийн инженер мэргэжилтэй, ............. ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Урьд,
2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, А овгийн М-ийн М, /РД:НН0000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч М.М нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк буюу олон нийтийн сүлжээнд “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Б.Нтэй холбогдон жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж Б.Нийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 250.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,
Цахим орчинд буюу фэйсбүүкт “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан, бодит байдлыг нуух замаар, хохирогч Р.С-ыг төөрөгдөлд оруулан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Р.С-ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............ багийн .... дугаар байрны ... тоотод байхад нь жолооны үнэмлэхийн төлбөр хэмээн 500.000 төгрөгийг өөрийн ХААН банкин дахь 00000000 дугаарын данс руу шилжүүлэн авч, залилсан,
Мөн цахим орчинд буюу фэйсбүүкт “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж бодит байдлыг нуух замаар хохирогч Б.М-ийг төөрөгдөлд оруулан, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.М-ийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн орчимд явж байхад нь жолооны үнэмлэхийн төлбөр хэмээн 400.000 төгрөгийг өөрийн ХААН банкин дахь 00000000 дугаарын данс руу шилжүүлэн авч, залилж бусдад нийт 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би зуучилж өгөх бодолтой байсан бөгөөд зөвхөн хүмүүсийн материалуудыг зуучилсан. Би тухайн үед Багануур дүүргийн шинэ жилийг зохион байгуулж байсан тул их хэмжээний мөнгө миний данс руу орж байсан. Өөрийн хайхрамжгүй алдаанаас болж ийм асуудалд орооцолдсон ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол төлбөрөө бүгдийг төлж дуусгасан. Мөн миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 450.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулж 3-6 сарын хооронд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
НЭГ. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.М нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк буюу олон нийтийн сүлжээнд “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Б.Нтэй холбогдон жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж Б.Нийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 250.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,
Цахим орчинд буюу фэйсбүүкт “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан, бодит байдлыг нуух замаар, хохирогч Р.С-ыг төөрөгдөлд оруулан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Р.С-ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .......... багийн 00 дугаар байрны 0000 тоотод байхад нь жолооны үнэмлэхийн төлбөр хэмээн 500.000 төгрөгийг өөрийн ХААН банкин дахь 00000000 дугаарын данс руу шилжүүлэн авч, залилсан,
Мөн цахим орчинд буюу фэйсбүүкт “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж бодит байдлыг нуух замаар хохирогч Б.М-ийг төөрөгдөлд оруулан, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.М-ийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн орчимд явж байхад нь жолооны үнэмлэхийн төлбөр хэмээн 400.000 төгрөгийг өөрийн ХААН банкин дахь 00000000 дугаарын данс руу шилжүүлэн авч, залилж бусдад нийт 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Нийн өгсөн “...Би 2021 оны 11 сард фейсбүүкээр жолооны үнэмлэх шалгалтгүйгээр гаргаж өгнө гэсэн зарын дагуу жолооны курс гэсэн фейсбүүк хаягтай цахимаар харьцаж, үнэмлэх захиалж М-ийн М гэсэн данс руу 250,000 төгрөгийг өөрийн төрийн банкны 00000000 гэсэн данснаас М- ийн 00000000 гэсэн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/-р тал,
М.Мийн Хаан банкны 00000000 дугаартай дансны “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Н-ээс шилжүүлсэн 250.000 төгрөг орлого орсон хуулга” /хх-ийн 24/-р тал,
Хохирогч Р.С-ыг залилсан үйлдлийн нотлох баримтууд,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.С-ын өгсөн “...2021 оны 11 сарын 17-ны өдөр фейсбүүк Говь-Алтай аймгийн зарын групп дээр жолооны үнэмлэх гаргана гэсэн зарын дагуу жолооны курс гэсэн хаягтай хүнтэй чат бичиж харьцахад эрхээ хасуулсан нэг хүн гэхэд болно гэж хэлсэн. тэгээд би 2021 оны 11 сарын 19-ний өдөр өөрийн ХААН банкны 00000000 дугаарын данснаас ХААН банкны 00000000 гэсэн М- гэсэн данс руу 500.000 төгрөгийг “R.S une” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэг хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45/-р тал,
Р.С-ын Хаан банкны 00000000 дугаартай дансны хуулгаар М.Мийн Хаан банкны 00000000 дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн” гэх хуулга /хх-ийн 46/-р тал,
Хохирогч Р.С-ын М.Мтой хоорондоо харилцсан чатны хуулбар /хх-ийн 47-56/-р тал,
Хохирогч Б.М-ийг залилсан үйлдлийн нотлох баримтууд
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М-ийн өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Багшийн дээдийн орчимд явж байхдаа фейсбүүкээр жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн зарын хараад Жолооны курс гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй чатлаж байгаад жолооны үнэмлэх захиалахаар болж М гэдэг хүний 00000000 дугаарын данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78/-р тал,
М.Мийн Хаан банкны 00000000 дугаартай дансны “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.М-ээс шилжүүлсэн 400.000 төгрөг орлого орсон хуулга” /хх-ийн 25/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч М.Мийн зүгээс өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд мараагүй бөгөөд өөрийн гэм бурууг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсний дээр түүний гэм буруутай үйлдэл нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд, шүүгдэгч М.Мийг цахим хэрэгсэл ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол төлбөрийг төлж дуусгасан. Иймд, миний үйлчлүүлэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд тус зүйл хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж, 3-6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгчийн зүгээс “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч М.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч М.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч М.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт М-гийн М-ийг “Цахим хэрэгсэл ашиглан үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР