Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1128/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1157 |
Огноо | 2022-09-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1157
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Н-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаар хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Н согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Сансарын ** дугаар гудамж, ** тоотод хохирогч Д.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи ууж байснаа санаж байгаа. Бусад асуудлыг сайн санахгүй байгаа. Гэм буруугаа болон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.О-ны: “...Найз Б-ны гэрт Н, Б нарын хамт архи ууж байгаад маргалдаад гал тогооны шүүгээн дээр байсан бор өнгийн иштэй хутгаар Н миний зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа хутгалсан. Миний судас таарсан юм шиг байна, Гэмтлийн эмнэлэгт хэвтэхээр болсон, өөр маргаан зодоон болоогүй. Бид хоёр согтсондоо биенийхээ үгийг дааж чадаагүйн улмаас л маргалдаж муудалцсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.24-ний өдрийн 11477 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.О-ны зүүн бугалганд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгаж, зүсэх үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үед үүссэн байна” гэжээ (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Гэрч Н.Б-ы: “...Манай гэрт О, Н гэж дууддаг залуу ирсэн. Бид гурав 0,75 литрийн архи 2 шилийг ууж байгаад юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна, гал тогооны шүүгээн дээр байсан бор өнгийн иштэй хутга Н гэх залуу аваад О-ны гарын бугалга хэсэгт хатгасан. Нэг удаа л хутгаар хатгаж гэмтээсэн. Өөр маргаан зодоон болоогүй, түргэн ирээд Оыг авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
Гэрч Н.О-ийн: “...16 цагийн үед аав Н гэртээ гүйж орж ирээд “би хүн хутгалчихлаа” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, хэнийг хутгалсан юм” гэхэд “О ахыг нь хутгалчихлаа” гэсэн. “Хаана байгаа юм” гэхэд “Б ахын чинь гэрт байгаа” гэж хэлсэн. Б ахын гэр лүү гүйгээд очтол О хашаанаас гараад ирсэн. Тэгэхээр нь би түргэн дуудсан. Би юу болсон талаар асуухад “аав Н чинь намайг ийм болгочихлоо, яаж байгаа юм бэ” гэж байсан. Аавын хувцас, гар цус болсон байсан. Мөн баруун шанааны хэсэгт цусны толбо байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Шүүгдэгч А.Н-ийн: “...2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр айлд ажил хийх гэж байгаад ажил нь цуцлагдаад архи хувааж уучихаад гараад 16 цагийн үед найз Б-ы гэрт ортол Д.О тэр хоёр архи уусан байдалтай сууж байсан. Тэгээд бид хэд сууж байгаад би нэлээн согтчихсон байсан болохоор яг юунаас болж хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь найз Д.Оы гараас цус гарч байхаар нь сэргэх шиг болсон. Тэгсэн би гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан, хутга нилээн цус болсон байсан. Би Д.Оы гарыг харахад зүүн гарын шуу дагаад нилээн цус гарчихсан байхаар нь гэр лүүгээ гүйж охиндоо хэлээд түргэн тусламж дуудсан. Түргэн удалгүй ирээд Д.О-д анхан шатны тусламж үзүүлээд Гэмтэл рүү аваад явсан. Би дараа нь сонсоод шалихгүй юмнаас болоод маргалдаж, муудалцсан юм байна лээ. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-33), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-58), “С” ХХК-ийн “А.Н тус компанид туслах ажилчнаар ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-34), дансны хуулга (хх-35-39), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-40), жолоочийн лавлагаа (хх-41), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-43), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-44), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-77, 78), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-82), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-83) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Н согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сансарын ** дугаар гудамж,**тоотод хохирогч Д.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугалганд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Оы “...архи ууж байгаад маргалдаад гал тогооны шүүгээн дээр байсан бор өнгийн иштэй хутгаар Н миний зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг (хх-15), шүүх эмнэлгийн 11477 дугаар “1. Д.Оы зүүн бугалганд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-27-28), гэрч Н.О-ийн “..аав Н гэртээ гүйж орж ирээд “би хүн хутгалчихлаа” гэхээр нь би “хэнийг хутгалсан юм” гэхэд О ахыг нь хутгалчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг (хх-23-24), гэрч Н.Б-ны “...гал тогооны шүүгээн дээр байсан бор өнгийн иштэй хутга Нандиа гэх залуу аваад Оы гарын бугалга хэсэгт хатгасан...” гэх мэдүүлэг (хх-9), шүүгдэгч А.Н-ийн “...би нэлээн согтчихсон байсан, ...нэг мэдсэн чинь Д.Оы гараас цус гарч байхаар нь сэргэх шиг болсон. Тэгсэн чинь би гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан, хутга нилээн цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хх-66-67) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Н-ийн согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Оы зүүн гарын бугалганд нэг удаа хутгалж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Оы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-77)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Н согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сансарын ** дугаар гудамж,** тоотод хохирогч Д.О-той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил, орлоготойг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “600,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч А.Н нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогчийн эрх, эрх чөлөөнд хутгаар халдан зүүн гарын бугалганд гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Нандин-Эрдэнийн 2022.09.16-ны өдрөөс 2022.09.20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцон 60,000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж, нийт торгох ялын хэмжээг 540,000 (таван зуун дөчин мянга) төгрөгөөр тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт 26 см урттай, хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нандин-Эрдэнийн цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож 60,000 төгрөгийг хасч, түүний эдлэх нийт торгох ялын хэмжээг 540,000 (таван зуун дөчин мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийг 540,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт 26 см урттай, хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч А.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР