Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0194/Э |
Дугаар | 2022/ШЦТ/618 |
Огноо | 2022-06-08 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/618
2022 06 08 2022/ШЦТ/618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Ш.Сувд-Эрдэнэ;
Шүүгдэгч: Б.Т;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Сувд-Эрдэнэ;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Шүүгдэгч Б.Т: Монгол Улсын иргэн, 19.. оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .. настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, дүү нарын хамт оршин суух, урьд:
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 capын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 cap 8 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Б.Т нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““ сүлжээ дэлгүүр дотор иргэн Г.Цгийн эзэмшлийн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14/, хохирогч Г.Бгийн мэдүүлэг /хх-ийн 17-18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-38/, Б.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41, 51/, Б.Т-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-79/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн Б.Т-ын өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““ сүлжээ дэлгүүр дотор иргэн Г.Бгийн эзэмшлийн 900.000 төгрөгийн үнэ бүхий “I phone Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Бгийн /хх-ийн 17-18/: “...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ““ нэртэй худалдааны газарт ажиллаж байхад 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр менежерийн өрөөнийхөө ширээний доор “Айфоне Х” загварын гар утсаа цэнэглээд үлдээчихээд цаашаа агуулах руу орсон. Тэгэхэд нүдэнд бүрэлзэх шиг болсон. Тэгтэл ногоон малгайтай, хөх саарал цамцтай залуу утас аваад халаасандаа хийсэн. Тэгэхээр нь би “хүүе” гээд гараад ирэхэд согтуу хүн байсан. Тэгээд миний утсыг бариад зогсож байхаар нь гар утсаа шүүрээд авсан. Тэгээд явах гэхээр нь хашиж зогсож байгаад хамгаалагч дуудаад цагдаа дуудсан,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар (хх-ийн 17-19),
Б.Т-ын яллагдагчаар мэдүүлсэн (xx-ийн 77-79): “...Би тухайн үед барилга дээр хамт ажиллаж байсан Номт гэх найзындаа очиж хувцсаа авах гэж очоод тэндээс гарч ““ дэлгүүрт орж дэлгүүрийн хэсэгт онгорхой хаалган дотор утас байхаар нь, мөн эзэнгүй байхаар нь ороод гар утас авсан. Тэгээд гарах гэж байтал дэлгүүрийн ажилтан цаанаас гарч ирээд намайг барьж авсан. Тухайн үед би авсан гар утсаа буцааж өгсөн...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-38/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.Т-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нь шүүгдэгч эд зүйлийг нь хулгайлахыг завдсаныг, шүүгдэгч нь иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах явцад түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу хохирогчийн үйлдлийн улмаас гэмт хэрэг таслан зогсоогдсоныг өөрөө мэдүүлсэн, түүний хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэл камерын бичлэгт бичигдэж үлдсэн, хохирогчид учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.Т нь Г.Бгийн эд хөрөнгийг хулгайлахыг завдсаныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авахыг завдсан Б.Т-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Харин шүүгдэгчийн хувийн байдал нь ялын бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий эрүүгийн хариуцлагын төрөл, эдлэх хэлбэрийг тогтооход хамааралтай байх тул үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 11 (арван нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ