Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 167/2019/0118/Э |
Дугаар | 2019/ДШМ/62 |
Огноо | 2019-08-05 |
Зүйл хэсэг | 13.6.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2019/ДШМ/62
2019 08 05 2019/ДШМ/62
А.Д-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Шинэбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Д-т холбогдох эрүүгийн ............... дугаартай, 1 хавтас, 97 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ............. аймагт төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ................ ажилтай, ...................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт А.Д /РД:/-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч А.Д хүний халдашгүй чөлөөтэй байх жам ёсны эрхээс үүдэлтэй хуулиар баталгаажсан, хэн боловч хөндлөнгөөс дур мэдэн халдаж үл болох Монгол Улсын соёрхон баталсан Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо, халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч ...орон байранд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Иргэний ...орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан эрхийг зөрчиж 2019 оны 05-р сарын 06-ны өдөр хохирогч Ч.Э-ийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдардаг .......... сумын ............ байранд нэвтэрч хохирогч Ч.Э-гийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нотлохоор заасан байна. Гэтэл шүүгдэгч А.Д-т холбогдох хэрэгт дээр дурдсан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоож, нотлоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдахгүй байна. А.Д-т холбогдох хэрэгт гэмт хэргийн объектив тал болон субъектив тал хангагдсан байж уг этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ. Хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох гэж байгаа бол гэмт хэргийн объектив тал /үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас хөндөгдсөн эрх ашиг, хор уршиг, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо/, субъектив тал /гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл, хор уршигтаа хандсан байдал, гэм буруу, гэмт санаа, зорилго, сэдэлт зэргийг ойлгоно/ анхааран үзэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдээс үйлдэл, эс үйлдэхүй болон хор уршигтаа хэрхэн хандсан сэтгэхүйн харьцаа буюу үйлдэл, эс үйлдэхүйн дотоод эх сурвалжийг тогтоох шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байдалд халдаж дураар авирласан үйлдэл, түүнийг хэрэгжүүлэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагддаг. А.Д-ийн үйлдлийн гэмт хэргийн шинжийг авч үзвэл А.Д нь сургуулийн дотуур байрны нэг өрөөнд амьдардаг хохирогч Ч.Эгийн өрөөнд нэвтрэн орсон үйлдэл гаргасан. А.Д нь тухайн өрөөнд ороод дураараа авирласан ямар нэгэн үйлдэл гаргасан талаар хавтаст хэргээс харагддаггүй. Тухайн өрөөнд ороод эд зүйлийг эвдэлж хэмхлээгүй, ямар нэгэн эд зүйлд хүрээгүй, дураараа авирласан ямар нэгэн үйлдэл гаргаагүй. А.Д нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байдалд халдаж дураар авирласан үйлдлийг гаргасан байж энэ зүйлд заасан гэмт хэргийн объектив тал хангагдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэж байж гэмт хэргийн субъектив талын шинж хангагддаг. Гэтэл А.Д-ийн үйлдлийг харахад өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, оюун ухаанаар жолоодогдоогүй, түр зуурын хөөрлийн үедээ гаргасан, өөрийн үйлдлээ гэмт хэрэг гэж бодоогүй гэм буруугийн андуурал үүссэн. А.Д-ийн гаргасан үйлдлийн зорилго нь захирал болох хохирогч Ч.Э-г өөрийнх нь гаргаж буй үйлдлийг хараад хичээлийн бус цагаар давтлага хийлгэх нэг өрөө гаргаж өгөх байх гэдгийг л хүсч гаргасан үйлдэл болохоос түүний орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах сэдэлт, зорилго агуулаагүй байдаг. Эдгээрээс дүгнэхэд А.Д-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байх тул шүүгдэгч А.Д-ийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 28-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Д-ийг цагаатгаж өгнө үү гэв.
Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс А.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Энэ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан, давж заалдсан гомдолдоо шүүгдэгч А.Д-ийг гэмт хэрэг үйлдээгүй, сэдэлт, санаа зорилго тогтоогдохгүй байна, энэ хэргийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй байна гэсэн асуудлуудыг ярьдаг боловч Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал мөн Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Эрүүгийн хуулиар орон байрны чөлөөтэй халдашгүй байх эрхийг хамгаалж, хуулиар зохицуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч А.Д-ийн хувьд сэдэлт, санаа зорилго тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Тухайн үед захиралтайгаа маргалдсан, захиралдаа давтлага хийлгэх байр гаргаж өгөөч гэдэг талаар маргасан байдаг. Захирлын хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас нийгмийн ухааны хичээлийг оруулахыг хориглосон учраас давтлага хийх боломжгүй боловч музейн өрөөнд ор гэж зөвшөөрсөн байдаг. Зөвшөөрсний дараа музейн өрөө учраас хүүхдүүд орж гарахдаа юм хум эвдэж, сүйтгэнэ гэж бодоод тэр өрөөнд орох боломжгүй байна гэдгийг хэлдэг. Ингэж хэлснийх нь төлөө шүүгдэгч А.Д дураараа авирлаж, захиралтайгаа муудалцаж, хэрэлдэж улмаар та өөрөө дотуур байранд амьдардаг байж давтлага хийх өрөө гаргаж өгсөнгүй гэдэг байдлаар муудалцсан. Дотуур байрны өрөө болгон нэг түлхүүрээр нээгддэг талаар мэдээд жижүүр дээрээс түлхүүрийг авч захирлын амьдардаг өрөөг өөрөө түлхүүрээр нээж орон сурагчдыг дуудаж, өөрийнхөө утсан дээр бичлэг хийж байгаа байдлаар захирал оюутны байранд хэдэн жил амьдарч байна гэдэг асуултыг тавьсан байдаг. Энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэг зэргээр тогтоогддог. Энэ үйлдлийг авч үзэхэд А.Д-ийн хувьд идэвхитэй, ухамсартай, шууд санаатай үйлдлээр захирлынхаа амьдардаг өрөөний хаалгыг нээж орж байгааг дүгнэх боломжтой нь харагддаг. Хамгийн гол нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр өөрийнх нь амьдардаг орон байранд нэвтэрч байгаа үйлдлээрээ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа. Иймд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтуудыг дүгнэж, энэ гэмт хэрэг нотлогдож байна гэж үзэж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байгаа нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт “Хүний халдашгүй, чөлөөтэй байх” эрхийн эсрэг гэмт хэргийн талаар тодорхойлсон байх ба хэрэв “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол” энэхүү үйлдлийг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялын аль нэгийг оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13-14/, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15-16/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-18, 21-22/ зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд:
Хохирогч Ч.Э-гийн түр амьдарч байсан орон байр буюу .......... байрны ........ тоотод шүүгдэгч А.Д түүний зөвшөөрөлгүйгээр, түлхүүр тааруулан нэвтэрч орсон улмаар уг дотуур байранд амьдардаг хүүхдүүдийг тус өрөө рүү дуудсан, хүүхдүүдийг очиход утсаараа бичлэг хийж байхын зэрэгцээ тэднээс “захирал Ч.Э”-г энэ байранд хир удаан амьдарч байгаа талаар асуусан зэрэг үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгчийг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Д хүний халдашгүй чөлөөтэй байх жам ёсны эрхээс үүдэлтэй хуулиар баталгаажсан, хэн боловч хөндлөнгөөс дур мэдэн халдаж үл болох Монгол Улсын соёрхон баталсан Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйлд заасан “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, Иргэний …орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасныг тус тус зөрчиж, хохирогч Ч.Э-гийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдардаг орон байранд хууль бусаар нэвтрэн орж, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт тогтоогджээ.
Түүнчлэн шүүгдэгч А.Д-ийн “зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрснийг, мөн байранд хүүхдүүдийг дуудахдаа гар утсаараа бичлэг хийж байсан зэрэг нөхцөл байдлыг “дур зоргоороо аашилсан” буюу Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дураараа авирласан” шинжийг бүрэн илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “...гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэж байж гэмт хэргийн шинж хангагддаг, тэр санаатай үйлдээгүй, өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, түр зуурын хөөрлийн үедээ гаргасан, өөрийн үйлдлээ гэмт хэрэг гэж бодоогүй гэм буруугийн андуурал үүссэн” гэж үзэх нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдсонгүй.
Харин хохирогч Ч.Э-гийн “...2019 оны 05-р сарын 08-ны өдөр сургуулийн жижүүр дээрээс миний амьдардаг 10 тоот өрөөнд таарах түлхүүрийг хайрцагнаас нь ямар нэгэн зөвшөөрөлгүй аваад миний өрөөнд нууцаар ороод буцаж гараад дотуур байранд байдаг 5 дугаар ангийн...И, ...Ц.Н гэх хүүхдүүд оруулж байгаад дахиад 11-р ангийн...Ш.Э гээд охиныг оруулж байгаа бичлэг сургуулийн дотуур байрны камерт бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/, насанд хүрээгүй гэрч Ц.Н-н “...2019 оны 05 сарын эхээр...15 цагийн үед...тасагтаа байхад нийгмийн ухааны....А.Д багш орж ирээд...дуудсан...дагуулаад...сургуулийн захирал амьдардаг өрөөнд ороод...гар утсаараа бичлэг хийгээд багш нь нэг юм хийж байгаа юмаа гээд ...А.Д багш надаас захирал энд амьдраад хэр удаж байна гэж асуусан ба 2 жил болж байгаа байхаа гэж хариулсан... А.Д багш захирлын гэр дотор ороод утсаараа эргэн тойрныг нь бичээд байх шиг байсан...том ангийн хүүхдүүд наагуур чинь байна уу байвал дагуулаад ир ...гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-15/, насанд хүрээгүй гэрч Б.П-н “...5 дугаар ангийн ...Ц.Н гээд охин ирээд таныг ...А.Д багш захирлын гэрт дуудаж байна гэсэн юм...хурдал гэж байна гэсэн юм...А.Д багш гар утсаараа өрөөний дотор талын бичлэгийг хийгээд байсан...энэ сургуулийн захирлын өрөө мөн үү гэхлээр нь би мөн гэсэн тэгээд захирал энд хэдэн жил амьдарч байна гэж асуухлаар нь би өөрөө 2 жил дотуур байранд амьдарч байгаа захирал мөн 2 жил болж байгаа байх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-16/, гэрч Б.Б-н “...А.Д багш жижүүрийн хажууд байх түлхүүр хийдэг хайрцагнаас нэг түлхүүр авч байгаа бичлэг бичигдсэн байсан...захирлын гэрлүү орж байгаа бичлэг болон хүүхэд дуудуулаад авчирч байгаа бичлэг бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-17/, гэрч Э.Ч-н “...2019 оны 05-р сарын эхээр гэж санаж байна. Намайг ажил дээрээ жижүүртэй байхад багцаагаар 14 цагийн үед болов уу гэж бодож байна, жижүүрийн ширээн дээрээ сууж байхад гаднаас А.Д багш орж ирээд жижүүрийн ширээнээс баруун тийш байх хананд байдаг түлхүүр хийдэг хайрцагнаас А.Д багш түлхүүр авч байгаа харагдсан юм. ...сургуулийн захирлын гэрийнх нь хаалга нээлттэй үүдэнд нь А.Д багш зогсож байсан. Тэгээд би Б.Б багшид захирлын гэр нь нээлттэй байна, А.Д багш үүдэн дээр нь зогсож байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал А.Д багш ирээд Б.Б-д хандаад би захирлын гэр рүү орсон шүү, бичлэг хийсэн, чи захиралд орж хэл гэж байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус А.Д “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөлтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан” үйлдэл хийсэн байх буюу гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр нотлогдож, тогтоогдсон байна. Хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй болно.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Энэ талаарх анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Д-ийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Н.БОЛОРМАА