Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0531

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202201289 дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтын дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хэрэгжүүлж, “Худалдах худалдан авах гэрээ” байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, өмгөөлөгч Э.Т

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 119/2024/0013/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202201289 дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтын дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хэрэгжүүлж, “Худалдах худалдан авах гэрээ” байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005.12.01/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “М” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Анхан шатны шүүх ЭҮТӨҮГ/202201289 дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтын дагуу гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хэрэгжүүлж, гэрээ байгуулахыг даалгах үндэслэлээ ...тендерийн хүчинтэй байх хугацаанд захиалагчийн хүргүүлсэн гэрээний саналыг “М” ХХК нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, захиалагч талаас гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүдийн зарим нь гарын үсэг зурсан байгаагаас дүгнэхэд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн захирлын эрх үүргийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад захирал нь үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж заасан байдаг. Иймээс үйлдвэрийн газар байгуулж буй гэрээг ерөнхий захирал баталгаажуулан, гэрээний төсөлд зааснаар хуулийн хэлтэст бүртгүүлсэн өдрөөс гэрээ байгуулагдсан гэж тооцдог бөгөөд эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрт “...захиалагч талаас гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүдийн зарим нь гарын үсэг зурсан байгаагаас дүгнэхэд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дурдсан бөгөөд гэрээний төсөлд гарын үсэг зурсан үйлдвэрийн газрын зарим ажилтнууд үйлдвэрийн газрыг төлөөлөн гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд биш зөвхөн тус гэрээний төслийг хянах чиг үүрэг бүхий ажилтнууд юм. Мөн тендер шалгаруулалт зохион байгуулагдаж байх үед мөрдөгдөж байсан хуулиар гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг шаарддаг бөгөөд, шүүхийн шийдвэрт заасан гэрээ байгуулагдсан, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бол хуульд заасан гүйцэтгэлийн баталгааг байршуулсан байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талаас гүйцэтгэлийн баталгаа байршуулсан тухай тайлбар эсхүл байршуулсан эсэх талаар нэг ч баримт ирүүлээгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 42 дугаар зүйлийн 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж тус тус заан тендер шалгаруулалтыг багтаан явуулах дээд хугацааг зааж өгсөн.

Мөн тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” хэлнэ гэж тодорхойлсон.

Захиалагчид хуулиар дагаж мөрдөхөөр зааж өгсөн тендер шалгаруулалт явуулах хугацаанд тус тендерийг зохион байгуулсан нарийн бичгийн дарга эрүүгийн гэмт хэрэгт холбогдож шалгагдсан учир тендер шалгаруулалттай холбоотой материалыг хураан авч хэргийн материалд хавсаргасан учир гэрээ байгуулах боломжгүй болж дууссан.

Захиалагчийн зүгээс хуульд заасан тендер шалгаруулалт зохион байгуулах боломжит хугацаа дууссан учир гэрээ байгуулах боломжгүй болсон бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь захиалагчаас үл шалтгаалах буюу хуулийн байгууллагын хяналт шалгалтын ажиллагаатай холбоотой.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202201289 дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтын дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хэрэгжүүлж, “Худалдах худалдан авах гэрээ” байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/202201289 дугаар бүхий “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт зарласан бөгөөд уг тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “М” ХХК-иас ирүүлсэн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарч захиалагчаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ДҮ-112-12/533 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.

2.3. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж хуульчилсан боловч уг тендер сонгон шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хороонд орж ажилласан ажилтныг Авлигатай тэмцэх газраас шалгаж, улмаар уг тендертэй холбоотой материалыг нотлох баримтаар татан авсантай холбоотойгоор захиалагчаас тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаж нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж чадаагүй гэж хариуцагч тайлбарлажээ.

2.4. Улмаар захиалагчаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131/211 дүгээр албан бичгээр “... ЭҮТӨҮГ/202201289 дугаартай “Уурхай төлөвлөлтийн программ хангамж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй байх хугацаа 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дууссан бөгөөд ... тендер хүчинтэй байх хугацаа дууссаны дараа талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн зохицуулалттай байх тул гэрээ байгуулах боломжгүй...” талаар нэхэмжлэгч компанид мэдэгджээ. Нэхэмжлэгч компани нь тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй захиалагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан тухайн үед маргаж байгаагүй байна.

2.5. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан энэ тохиолдолд гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

2.6. Гэтэл анхан шатны шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202201289 дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендерийн хүчинтэй хугацаа 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусах байсан талаар дүгнэсэн атлаа ЭҮТӨҮГ/202201289 дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” худалдах, худалдан авах гэрээг “М” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

2.7 Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ:”, 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж заасан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэгэнт тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул шүүхээс захиалагчийг хууль зөрчиж, нэхэмжлэгч компанитай хүчин төгөлдөр бус гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202201289 дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтын дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хэрэгжүүлж, “Худалдах худалдан авах гэрээ” байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-н давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

              ШҮҮГЧ                                                       З.ГАНЗОРИГ

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН