| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1131/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1172 |
| Огноо | 2022-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1172
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн** дугаар хороо, Хадтай худгийн хажуу талд хохирогч Х.С луу чулуу шидэн оносноос болж маргалдан толгойд гараараа цохиж, нүүр лүү өшиглөж хамрын нуруу, цох, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тоглоомоор чулуу шидтэл санаандгүй оносон. “Яаж байна ах аа” гэхээр нь санаандгүй оночихлоо гэсэн чинь маргалдаад намайг мөргөхөөр нь би цохисон, өшиглөсөн. Миний хийсэн үйлдэл буруу, гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Х.С-ын: “2022 оны 07 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хадтай худгийн урд найз Билгүүнбаатарыг хүлээж байтал нарийн гудамжнаас зүс таних Г, Э бас нэг үл таних эмэгтэй гарч ирснээ Г газраас чулуу аван ямар нэгэн шалтгаангүйгээр шидээд миний цээжинд онохоор нь би “Яагаад байгаа юм бэ ахаа” гэтэл “яасан бэ ахын дүү” гээд хажууд ирж зогсоод миний нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохихоор нь би сууж байсан газраасаа босоод түлхсэн. Э миний толгойг баруун гараараа уургалаад доош дарсан чинь Г миний нүүр лүү 3-4 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн чинь Э намайг тавьсан. Тэр үед намайг босох үед Г, Э, нөгөө үл таних эмэгтэй явчихсан. Манай найз Б ирчихсэн зогсож байсан. Би эмтэрсэн шүдээ янзлуулмаар байна, өөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.18-ны өдрийн 9722 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.С-ын биед хамрын нуруу, цох, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 7. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. 8. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. 9. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-42), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-26), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-35), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-39), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-40), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-41) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Г нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хадтай худгийн хажуу талд хохирогч Х.С луу чулуу шидэн оносноос болж маргалдан толгойд гараараа цохиж, нүүр лүү өшиглөж хамрын нуруу, цох, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.С-ын “...Г газраас чулуу аван ямар нэгэн шалтгаангүйгээр шидээд миний цээжинд онохоор нь би “Яагаад байгаа юм бэ ахаа” гэтэл “яасан бэ ахын дүү” гээд хажууд ирээд миний нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохихоор нь, ...миний нүүр лүү 3-4 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-9), шүүх эмнэлгийн 9722 дугаар “1. Х.С-ын биед хамрын нуруу, цох, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-22-23) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Г-гийн хохирогч Х.С луу чулуу шидэн оносноос болж маргалдан толгой руу гараараа цохиж, нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Эмтэрсэн шүдээ янзлуулмаар байна, өөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-9)-ийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, хадтай худгийн хажуу талд хохирогч Х.С-тай “чулуу шидлээ” гэх шалтгаанаар маргалдан толгойн хэсэгт нь гараараа цохиж, өшиглөж хамрын нуруу, цох, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хохирогч руу чулуу шидэж улмаар толгойд нэг удаа цохиж, нүүр лүү хэд хэдэн удаагийн өшиглөх үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Эмтэрсэн шүдээ янзлуулмаар байна, өөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (У сантехникч ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Т.Г-г 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-г 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР