Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1130/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1183 |
Огноо | 2022-09-23 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1183
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Баруун ард аюушийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Шандын ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ын Г (РД:********).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Шандын **тоотод хохирогч Л.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэнд гараар цохих, бие рүү өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “эрүү ясны ооч дайрсан, зүүн талын хүзүү хэсгийн хоёрлосон хугарал, эрүү, зовхи, нуруу, шилбэнд цус хуралт, өвдөг, дух, тохой, нуруу, дал, ташаанд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 6 дугаар сарын 29-нд гэртээ очиход Б, А нар архи ууж байсан. Би 1 шил архитай очиж уусан, маргалдсан. Б намайг эхэлж цохисон. Би уурандаа зөрүүлээд 1 цохисон л асуудал болсон. “Чи ахынх руугаа дагуулж явж 2 сар зарсан” гээд өдөөд байсан. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Л.Б-ийн: “2022 оны 6 дугаар сарын 29-ний өглөө 07 цагт Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Эмээлт дээр ажиллаж байгаад Гын гэрт очсон. Гын эхнэр Ц, А, Ц гэх 80 орчим насны эмэгтэй бид нар 0,75 граммын архи 5 шилийг уусан. Би согтоод тасарчихсан байсан. Тэр хугацаанд намайг Г гэрийнхээ гадаа зодож байсан. Би Гад зодуулж байхдаа ухаан орж сэргэсэн. Г нь гараараа, хөлөөрөө өшиглөж цохиж зодсон. Яг аль гар, хөлөөрөө хэдэн удаа цохиж зодсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.05-ны өдрийн 9442 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Л.Бийн биед эрүү ясны ооч дайрсан, зүүн талын хүзүү хэсгийн хоёрлосон хугарал, эрүү, зовхи, нуруу, шилбэнд цус хуралт, өвдөг, дух, тохой, нуруу, дал, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
Гэрч Ш.Ц-ийн: “...2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг өнгөрөөд нөхрийн хамт зуслангийн байшиндаа очтол нөхрийн найз Б, А 2 архи уугаад сууж байсан. Нөхөр Г найз маань ирсэн юм чинь 1 шил архи авч өгнө гээд архи аваад Б, А, нөхөр Г хажуу айлын хөгшин бид 5 ууж байтал Б сууж байснаа босч ирээд манай нөхрийн нүд рүү 1 удаа цохисон чинь манай нөхөр “чи яагаад байгаа юм, би чамд ямар гэм хийсэн юм” гэтэл Б “чи муу юу гээд байгаа юм” гээд нөхрийн хамар луу цохиод цус гаргачихсан. Нөхөр уурлаад Бийг гэрээс чирж гаргаад үүдэнд аваачаад 1 удаа эрүү орчим хэсэг рүү нь гараараа цохисон чинь Б миний эрүү хугарчих шиг боллоо гэхээр нь би Гэмтэл орж үзүүлэх үү гэтэл Б гэрээс гараад яваад өгсөн. Буцаад орж ирэхгүй байхаар нь нөхөр гараад хартал Б хашааны үзүүрт хэвтэж байхаар нь босгоод гэр лүү авч ирээд орон дээр хэвтүүлээд унтуулсан. Өглөө босоод байж байтал Бийн дүү гэх залуу ирчихсэн ”ахыгаа авна, манай ах гэмгүй хүн, би хайгаад байсан чинь энд байсан юм уу” гээд би Бийн бүх зүйлийг өгөөд явуулсан. 07 сарын 01-ний өдөр би Б руу “хаана байгаа юм” гээд ярьтал Гэмтлийн эмнэлгээр явж байна гэхээр нь очтол уулзаж чадаагүй. Утсаар нь залгатал авахгүй алга болчихсон. Хэд хоногийн дараа манай нөхөр лүү залгаад “би чамайг цагдаад өгчихсөн байгаа, миний эрүү хугарсан” гэж ярьсан байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
Шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), дуудлагын лавлагааны хуудас (хх-3), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-21), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-15), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-23), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-24), дансны хуулга (хх-25-29), хохирлын баримтууд (хх-52-69) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн 1 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Шандын ** тоот гэртээ хохирогч Л.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “эрүү ясны ооч дайрсан, зүүн талын хүзүү хэсгийн хоёрлосон хугарал, эрүү, зовхи, нуруу, шилбэнд цус хуралт, өвдөг, дух, тохой, нуруу, дал, ташаанд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Л.Б-ийн “...Бид нар 0,75 граммын архи 5 шилийг уусан. Би Г-д зодуулж байхдаа ухаан орж сэргэсэн. Г гараараа, хөлөөрөө өшиглөж цохиж зодсон...” гэх мэдүүлэг (хх-7), шүүх эмнэлгийн 9442 дугаар “1.Л.Бийн биед эрүү ясны ооч дайрсан, зүүн талын хүзүү хэсгийн хоёрлосон хугарал, эрүү, зовхи, нуруу, шилбэнд цус хуралт, өвдөг, тух, тохой, нуруу, дал, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-11-12), гэрч Ш.Ц-ийн “...Б “чи муу юу гээд байгаа юм” гээд манай нөхрийн хамар луу цохиод цус гаргачихсан. Нөхөр уурлаад Бийг гэрээс чирж гаргаад үүдэнд аваачаад 1 удаа эрүү орчим хэсэг рүү нь гараараа цохисон чинь эрүү хугарчих шиг боллоо гэсэн...” гэх мэдүүлэг (хх-43-44), шүүгдэгч Б.Г-ын “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-39) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ын согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч Л.Бийн нүүрэнд гараараа цохиж, өшиглөж хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 1,149,130 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 1,145,371 төгрөг төлөгдсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Шандын ** тоотод хамт архи уусан хохирогч Л.Б-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “эрүү ясны ооч дайрсан, зүүн талын хүзүү хэсгийн хоёрлосон хугарал, эрүү, зовхи, нуруу, шилбэнд цус хуралт, өвдөг, тух, тохой, нуруу, дал, ташаанд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай... гэж,
шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архи хэтрүүлэн хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, шүүгдэгч нь хохирогчийн нүүрэнд хэд хэдэн удаа цохиж, өшиглөх үйлдлээр эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын 1,149,130 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 1,45,371 төгрөг төлөгдсөн), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, эрхэлсэн ажилгүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 280 (хоёр зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР