Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/489

 

  

 

 

 

 

 

 

2022       05             09                                   2022/ШЦТ/489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс:...

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц. Шагдар,

Шүүгдэгч Т.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эд холбогдох эрүүгийн “22090…......” дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны 10 дугаар сарын 28-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ам бүл 4 аав, ээж, эхнэр хүүхдийн хамт Дээд боловсролтой, Бизнес удирдлага мэргэжилтэй, ...  үл хөдлөх хөрөнгө зуучлалын ХХК-д ажилтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Т.Э  нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С-” зочид буудалд “зочид буудалд өөр эмэгтэй хүнтэй орж ирлээ” гэж хэлсний улмаас иргэн И.Атай маргаан үүсгэж улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

“С-” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-21-р хуудас/,

 Хохирогч И.Аы өгсөн мөрдөн шөлгөх ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би найз Ттэй хамт С- зочид буудал руу үүрээр 05 цагийн үед орж Тгийн гар утсыг цэнэглэхээр, бас найз Дийг хүлээх гэж дулаан газар руу орсон. Тэгээд би өөрийн Айфоне-11 Про загварын гар утсаараа интернэт орж байхад манай ээжийн талын ойрын хамаатан Э гэх нэртэй ах үл таних нэг эмэгтэй хүнтэй хамт зочид буудалд орж ирсэн. Тэгээд би Э ахаас “Та эхнэр хүүхдээ яасан болоод, одоо ингээд өөр хүнтэй яваад байгаа юм бэ, Саяхан cap шинийн баяраар хүүхдээ эмнэлэгт үзүүлж чадахгүй байна, гэж хэлээд ээжээс мөнгө авсан биз дээ одоо тэр мөнгөөрөө архи уугаад яваад байдаг юм уу” гэж хэлж уурласан. Уурлаж байх үеэр би өөрийн гар утсаа куртикний баруун талын гадна халаасанд хийсэн Э нь хариуд нь надад нэг юм хэлж улмаар намайг хараагаад байсан. Юу гэж хэлж байсан талаар би одоо санахгүй байна. Тэгээд Э миний толгойн зүүн шанаа болон зүүн чихний дээд хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Дараа нь миний нүүрний зүүн хацар луу олон удаа алгадсан. Бас дараа нь миний баруун хацар луу хэд хэдэн удаа алгагдсан. Дараа нь надтай хамт явж байсан Т Эыг болиулах гэж ирсэн боловч Э өөрийн хоёр гарын тохойгоороо ээлжлээд Тий нуруу луу нь олон удаа цохисон. Тэгээд би зочид буудлын коридорт уйлаад сууж байхад зочид буудлын эрэгтэй ажилтан ирээд Эыг боль гэхэд Э нь зочид буудлын ажилтанд “Энэ чинь миний дүү, яаж зодохоо би мэднэ” гэж хэлсэн. Миний найз Тий нуруу, толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон... би өөрийн гар утсаа яг хаана алдсан талаараа тодорхой хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 25-29-р тал/

Гэрч Э.Мын өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үүрээр 05 цагийн үед намайг С- зочид буудалд ажлаа хийж байхад А нэг залуутай өрөө авах гэж орж ирсэн. Удалгүй араас нь Э гэх залуу нэг эмэгтэйтэй хамт өрөө асууж орж ирсэн. Тэгээд А болон Э хоёрын хооронд энд юу хийж яваа юм гэх маргаан үүсэж Э нь Аыг толгой руу хэд хэдэн удаа алгадсан. Мөн Атай хамт явж байсан залуугийн нүүр рүү нь хоёр гурван удаа шанаадсан, бас бие рүү нь хэд хэд элэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 41-43-р тал/

Гэрч У.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би найз Аы хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах С- зочид буудлын тэр хавьд уулзахаар тохирсны дагуу уулзаж 05 цагийн үед дулаацахаар уг зочид буудал руу орж текний дэргэдэх буйдан дээр суусан. Удалгүй Аы хамаатны ах гэх Э нэг үл таних эмэгтэйтэй орж ирэхэд А нь “Та ямар явдалтай юм бэ, ингэж явдаг байсан юм уу...” гэх мэт зүйл ярьж улмаар маргалдаж Э нь Аы хүзүүнээс барьж байгаад боож текний хажууд дарж унагасан, Аы хацар руу хоёр удаа гараараа алгадсан. Би салгах гэж дундуур нь ороход миний нуруу руу гараараа хоёр гурван удаа цохьсон... миний биед бэртэл гэмтэл байхгүй... би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 46-48-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3856 дугаартай “...И.Аы биед зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-н 52-53-р тал/

Яллагдагч Т.Эын “...тогтоолыг уншиж танилцлаа хүлээн зөвшөөр байна. Асууж тодруулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-н 68-69-р тал/ зэрэг нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 тал/
  • Шүүгдэгч Т. Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 тал/
  • Шүүгдэгч Т. Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 60 тал/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 59 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгчийн хүмүүжил, зан төлөвшил зэрэг нөхцөл байдлууд нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Т.Э  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь  хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Т.Э  нь И.Аы биед зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Т.Эын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч И.А нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн хүсэлтийг ирүүлсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хавтаст хэргийн 45 талд авагдсан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Э г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Э   нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 450 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Т.Э  450 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ